Нийгмийн

“Тусгай замын автобус (brt)” төслийн удирдах хорооны анхдугаар хуралдаан боллоо

Улаанбаатар хотод Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намьянжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд хэрэгжүүлэх “Тусгай замын автобус (BRT)” төслийн Удирдах хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр боллоо. 

Нийслэлийн Засаг даргын А/226 дугаар захирамжаар байгуулагдсан тус удирдах хороог Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахалж байна. Хорооны бүрэлдэхүүнд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга Б.Ганзориг, Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Нансалмаа болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл багтаж хуралд цахимаар оролцов.  

Хуралдааны үеэр “Тусгай замын автобус (BRT)” төслийн ерөнхий танилцуулгыг хийж, улмаар 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэн санал солилцсон. Түүнчлэн төслийн Удирдах хорооны дотоод журмыг танилцуулж, цаашид төслийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулахтай холбоотой асуудлаар ярилцлаа.

Тус хороо нь төслийн хэрэгжилтийг салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулах, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар хангах үүрэгтэй юм.

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 323/а дугаар тогтоолоор баталсан зээлийн төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй “Хотын тээврийг сайжруулах замаар түгжрэлийг бууруулах төсөл”-ийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсруулж, Зам, тээврийн яамны дэргэдэх Автотээврийн салбарын Шинжлэх ухаан, техникийн дэд зөвлөл 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хэлэлцэн дэмжсэн байна. Үүний зэрэгцээ, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн төслийн удирдлагын газар болон Азийн хөгжлийн банк хооронд төслийг хэрэгжүүлэх хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. 

Уг санамж бичгийн дагуу Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд төслийн зээлийн болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрүүдийг байгуулж, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын 168 дугаар захирамжаар хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгогдож, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр холбогдох талууд хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Түүнчлэн, төслийн зээлийн хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн дүгнэлт 2026 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн дүгнэлт 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус тус гарсан.

Улаанбаатар хотод автобусны тусгай замын төсөл (BRT) хэрэгжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд, найдвартай байдал нэмэгдэж, замын түгжрэл буурч, иргэдийн зорчих хугацаа багасахын зэрэгцээ агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Төсөл хэрэгжсэнээр өдөрт тээвэрлэх зорчигч 140,000-180,000 байх бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлэх тооцоолол гарсан юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button