Д.Бат-Эрдэнэ: Санал тоолох төхөөрөмжийн шинэчлэлд шаардлагатай 41.7 тэрбум төгрөгийн 70 хувь нь шийдэгдээгүй
Бидний нэрлэж заншсанаар "хар машин" буюу сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан бөгөөд төхөөрөмжийн шинэчлэлд 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Хэрэв энэ оны төсөвт сууж амжихгүй 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг гараар тоолох эрсдэл үүсээд байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл төсөв хөрөнгийн шийдвэрлэлт хэр явцтай байгаар талаар СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Сонгуулийн санал тоолох “хар машин”-ы хугацаа дууссан асуудал хөндөгдөөд удлаа. Төхөөрөмжийн шинэчлэлд шаардлагатай 40 гаруй тэрбум төгрөг энэ оны төсөвт суусан уу. Энэ ажил ямар явцтай байна вэ?
-Анх 2012 онд анх 2500 ширхэг төхөөрөмж худалдан авсан. Хүн ам, сонгогчийн тооны өсөлттэй уялдуулан 507 төхөөрөмжийн нөхөн бүрдүүлэлтийг 2023 онд хийгээд байна. СЕХ-ны 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд 3000 ширхэг сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах ICP2 загварын төхөөрөмж, түүний дагалдах хэрэгслийг худалдан авахаар хүргүүлсэн. Нийт шаардлагатай байгаа 41.7 тэрбум төгрөгөөс 30 хувь нь буюу 12.5 тэрбум төгрөг батлагдсан.
Бидний хувьд сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийг нөхөн бүрдүүлэхэд шаардлагатай үлдэгдэл 29,2 тэрбум төгрөгийг 2026 ондоо багтаан шийдвэрлэх талаар өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард албан бичгээр Сангийн сайдад хандаад буй. Мөн нөхцөл байдлын талаар ТББХ-ны хуралдаанд танилцуулсан.
-Хэрэв энэ оны төсөвт сууж амжихгүй, эсвэл тал хувь нь суувал ямар асуудал үүсэх вэ?
-Энэ ондоо шийдэхгүй бол эрсдэлтэй. 2027 оны төсөвт үлдэгдэл хөрөнгө оруулалт тусгагдлаа ч сонгуулиас өмнө төхөөрөмжүүдээ авч, сонгуульд бэлтгэхэд цаг хугацааны хувьд боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа юм. Учир нь, уг санал тоолох төхөөрөмж бэлэн байдаггүй тул үйлдвэрлэх, тээвэрлэх болон нэг бүрчлэн шалгаж сонгуульд бэлтгэхэд хугацаа шаардлагатай.
Энэ төхөөрөмж өөрөө санал хураалтын үед ямар нэгэн сүлжээнд холбогддоггүй. Зөвхөн дүнгээ тоолж гаргаж ажиглагч нарт цаасаар өгч танилцуулсны дараа тэрхүү дүнгээ дамжуулдаг бөгөөд дамжиж ирсэн дүнг тухай бүр нь хэсэгт ажиллаж байгаа бүх ажиглагчид тулгаж байдаг. Мөн маш олон баримтыг үлдээдэг, уг баримтыг үндэслэн санал хураалт үнэн зөв явагдсан эсэхийг сонгуульд оролцогч бүх талууд нээлттэй шалгах, нягтлан боломжтой байдгаараа давуу талтай юм.
Үндсэндээ Монгол улс 2012 оноос хойш энэхүү төхөөрөмжийг хэрэглэж байгаа ч давхар гараар тоолдог хуультай. Энэ нь аль нэг хэлбэрийг дангаар хэрэглэхээс илүү үр дүнтэй, хяналттай байдлыг бүрдүүлдэг давуу талтай юм. Тийм учир иргэд төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох ардчилсан үйл явцыг шударга, үнэн зөв зохион байгуулахад одоо хэрэглэж буй хосолсон энэ арга хамгийн чухал юм.
-Одоо байгаа төхөөрөмжүүд ирэх сард болох нөхөн сонгуульд хүрэлцээтэй юү?
-Энэ жил нийт 47 мандатад нөхөн сонгууль товлон зарласан. Тодруулбал, аймгийн ИТХ-ын ес , сумын ИТХ-ын 38 мандат. Нийт 16 аймгийн 43 сумын 72 хэсэгт зохион байгуулагдана. Тухайн хэсгийн хүн амын тооноос хамаарч 1-2 санал тоолох төхөөрөмж хүргүүлдэг учраас нөхөн сонгуулийг зохион байгуулахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй, хангалттай хүрэлцэнэ.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 тэрбумыг харамлаж байхаар сонгуулийнхоо найдвартай байдлыг бодох хэрэгтэй
Гараар тоолбол маргаан дахиад л дуусахгүй дээ
Хар машин муу гэж олон жил ярьсан ч эцэстээ хамгийн хяналттай арга нь юм байна
Сонгуулийн системээ шинэчлэх мөнгө олдохгүй байна гэдэг эмгэнэлтэй
Төсөв батлахдаа шоунаас илүү чухал зүйлдээ мөнгө гаргамаар юм
Давхар гараар тоолдог юм бол айх зүйлгүй шүү дээ
2027 оны сонгуулийн өмнө ингэж сандарч байхаар эртхэн шийдчихгүй дээ
Төхөөрөмж шинэчлэхгүй бол сонгуулийн будилаан улам их яригдана
Хүмүүс хар машинд биш улс төрчдөд итгэхээ больсон байх
29 тэрбумыг шийдэж чадахгүй улс байж болохгүй байлгүй
Гараар тоолбол хэд хоног маргалдах бол доо
Саналын хуудсаа хамгаалж чаддаг системээ л авч үлдэх хэрэгтэй
Хугацаа нь дууссан төхөөрөмжөөр сонгууль явуулна гэдэг эрсдэлтэй юм байна
Иргэдийн итгэлийг алдахгүй байхад энэ хөрөнгө оруулалт чухал
Сонгуулийн шударга байдал дээр мөнгө хэмнэж болохгүй
Har mashin baihgui bol buun heruul bolno doo
40 terbumaar ardchilalaa hamgaalj baival haramsah munguu bish
Songuuli bol togloom bish shuu
2027 onoos umnu shiidej amjih heregtei yum bn
Олон сая сонгогчтой биш хуудсаа гараараа л тоолчих л доо