Ж.Акурксүмбэ: Үлдсэн насаа тамхины иш түүхэд зориулах учраас нэрээ "Акурксүмбэ" болгосон
2022 онд "Би цэвэрлэгч болох мөрөөдөлтэй. Яагаад гэвэл дөнгөж төрсөн хүүхдүүд, өндөр настай хүмүүсийг цэвэр орчинд амьдруулмаар байна. Өвөрхангай аймгийн Сант сумын сургуулийн 5а ангийн сурагч Г.Анхбаяр" гэсэн захиа иргэн Ж.Бямбасүрэнд иржээ. Тэр цагаас хойш Ж.Бямбасүрэн тамхинаас гарч, хүүхдүүдийг эрүүл орчинд амьдруулахын тулд өөрийн хувь нэмрээ оруулах учиртай хэмээн ухамсарласан байна. Улмаар тамхины иш түүх ажилдаа орж одоог хүртэл энэ ажлаа хийсээр байгаа аж.
Түүнчлэн Ж.Бямбасүрэн өөрийн нэрээ Ж.Акурксүмбэ болгон өөрчилж Улаанбаатар хотыг тамхины ишгүй болгохын төлөө тэмцсээр, түүсээр байгаа юм. Мөн 2022 онд "Бөмбөрцөгийн сүмбээ" ТББ үүсгэн байгуулж хүүхдийн төлөө ажиллаж буй түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
Видео:
-Уншигчид таны түүхийг мэдээсэй гэж хүсэж байна. 2022 он гэхээр тамхины иш түүгээд дөрвөн жил болсон байх нь?
-Би гэдэг хүн олигтой их дээд сургуульд сурч, бусад шиг боловсрол эзэмшээгүй. Хувиараа цайны газар ажиллуулах гэх мэт багахан бизнес хийж байсан ухаантай. Нэг өдөр хүүхдүүд юу хүсэж мөрөөддөг юм бол гэж санаад багш дүүтэйгээ холбогдож шавь нараар нь зохион бичлэг бичүүлж авлаа. Танил дүү маань Өвөрхангай аймгийн Сант суманд багшаар ажилдаг юм. Гэтэл тэр дунд нэг сурагч "Би цэвэрлэгч болох мөрөөдөлтэй. Яагаад гэвэл дөнгөж төрсөн хүүхдүүд, өндөр настай хүмүүсийг цэвэр орчинд амьдруулмаар байна. 5А анги Г.Анхбаяр" гэсэн захиа ирсэн нь тухайн үеийн надад маш их цочрол өгсөн. Тэр үед би хогийг зөвхөн хаях ёстой гэж ойлгож байснаас биш цэвэрлэх хэрэгтэй гэж санаагүй явсан байгаа юм. Тэр цагаас эхлээд л хүүхдүүдийг эрүүл орчинд амьдруулахын тулд бага ч атугай хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж ухамсарласан.
-Тэгээд шууд л ТББ үүсгэн байгуулсан юм уу. Сурагчдын дунд тамхины иш түүх уралдаан зарлаж нэг аймгаас 300 кг иш ирж байсан гэж сонссон?
-Тэгсэн хэрэг. 2022 оны наймдугаар сарын 16-наас есдүгээр сарын 16 хүртэл нэг сарын хугацаанд "Аюулыг авдарлая" аяны хүрээнд тамхины иш түүх уралдаан зарлахад Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баянговь, Баянхонгор сум нийлж 300 кг тамхины иш цуглуулсан. Больё гэвэл болдог л юм байна лээ.
-Эцэг эхээс өгсөн нэр тань Ж.Бямбасүрэн. Харин одоо надтай ярилцаж буй та бол Ж.Акурксүмбэ. Яагаад нэрээ хүртэл солих болов?
-Үлдсэн насандаа жижигхэн ч атугай ганц зүйлийг үр дүнд хүргэх сэн л гэж бодсон. Хамгийн түгээмэл агаад ойрын асуудал тамхины иш байж таарсан. Нэг ёсондоо өөрийн сайн дураар "тамхины байцаагч" болж байгаа юм уу даа. Нэрээ хүртэл өөрчилж тууштай тэмцэж байна. Монголын ард түмэн ойлгож, татсан ишээ хогийн саванд хийж дадах байх гэж найдаад байгаа.
-Тамхины иш түүхээс өөр ажил хийдэггүй гэж ойлголоо. Дөрвөн жил түүсэн гэхээр залхах ч юм уу, больё гэсэн бодол төрж байсан уу?
-Манай хөдөөгийнхөн сайн мэднэ аргал түүхийг. Араг савар бариад аргал түүгээд явахад хэзээ ч хүн уйдаж залхдаггүй. Тамхины иш түүх нь үүнтэй л ижил хөдөлмөр гэж ойлгож болно. Нэг ширхэг иш олоод дараагийнхаа хайдаг олсон бол дараагийнх руугаа гэх мэтээр. Жишээ нь би автобусны буудал орчмоор тамхины иш түүж байхдаа автобус ирээд явсан, тэр хавиар хүн холхиж байгаа зэргийг огт анзаардаггүй. Орчны нөлөөнөөс тасарчихдаг гэсэн үг. Харин залууст бол "Pudg Mobile" тоглоом тоглохтой ижил гэж зүйрлэвэл ойлгогдох байх. Иш түүх манай уралдаанд орж байсан нэг ухаантай хүн "Модны нүх рүү хүмүүс тамхины ишээ их шийддэг юм байна. Тэр бүхнийг түүж байхдаа би аз жаргалыг мэдэрлээ" гэж хэлж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Мод амьтай, амьтай бүхэн настай гэдэг шиг модны амь аварсан нь тэр хүнд аз жаргалыг мэдрүүлсэн байх.
-Танай гэрт таны түүсэн тамхины иш бий юу. Тамхины ишийг ахин ашиглах боломжтой байдаг юм уу?
-Одоо манай гэрт 100 кг гаруй тамхины иш байгаа.Тамхины ишийг халаах юм бол хуванцар гарч ирдэг. Түүгээр нь хутга хийж болно. Сүүлд тамхины ишийг олноор нь цуглуулж чадвал гэрийн шал хийх боломжтой. Тамхины иш нь хатуулга сайтай учраас даац болж өгдөг. Сайтар шатаагаад монгол гэрийн шал хийх бүрэн боломжтой гэхдээ их хэмжээний тамхины иш шаардагдана.
-Авто замаар явж машиныхаа цонхоор тамхины ишээ шидсэн хүмүүст хариуцлага тооцоод яваад байгаа харагдсан. Түүнийгээ цахим сүлжээнд тавьсан байсан, хүмүүс хэрхэн хүлээж авч байна?
-Нэгэнт л зорьсон бол сэтгэл шулуудах учиртай. Хүмүүс сайн муугаар хэлж л байна лээ. Эцсийн дүндээ байгаль орчин, хүүхэд томчууд бид бүхний эрүүл мэндийн төлөө ажил учраас аль болох үр дүн гаргахын төлөө хичээж байна. Гэхдээ жолооч бүхэн цонхоороо татсан ишээ хаяхгүй байгаа нь сайшаалтай. Хаяж байгаад таарах аваас Акурксүмбэ хариуцлага тооцно шүү гэж хэлмээр байна. Тамхиа явж татдаг хүмүүс бас бий. Тэд нарын ишийг түүхэд хүндрэлтэй. Угтаа алхаж тамхи татах нь эрүү мэндэд сөрөг нөлөөтэй. Тамхи татах үед хүний биед хүчилтөрөгч дутагдаж зүрх тодорхой хэмжээгээр савлаж байх үед хөдөлгөөн хийх нь сайн зүйл биш. Тиймээс эрүүл мэндээ бодсон ч орчны бохирдлоо бодсон ч алхаж тамхи татахгүй байхыг уриалмаар байна.
-Хүмүүсийг тамхины ишээ ил задгай хаяхгүй байх дадал суулгаж чадвал миний зорилго биеллээ гэсэн үг-

-Та хэдэн наснаасаа хэд хүртэл тамхи татсан юм. Хэрхэн тамхинаас гарав?
-18 настайгаасаа 45 хүртэл тамхи татсан. Эрүүл мэндийн хувьд ч тэр өөрөө иш түүгээд тэмцээд явж байгаа учир тамхиа хаяхагүй бол болохгүй гэж бодсон. 2022 онд надад ирсэн Г.Анхбаяр хүүг багшаа гэж санаж, захиа нь намайг сэрээсэн гэж боддог. Г.Анхбаярынхаа хүслийн төлөө явахын тулд тамхинаасаа салсан даа.
-Тамхинаас гарах амар биш гэж сонссон?
-Тэгэлгүй яах вэ. Амар биш. Тамхи татдаггүй хүмүүс хэзээ ч битгий татаж сураасай гэж чин сэтгэлээсээ гуймаар байна. Харин татаж байгаа хүмүүст хэлэхэд тархиа хуурч болдог. Тамхи байхгүй гэхээр л хүний бухимдал төрөөд байдаг учраас эргээд татахад хүрдэг. Харин тамхи байгаа гэртээ орохдоо машиндаа орхичих хэрэгтэй. Гэртээ ороод хоолоо идчихээд, гараа угаачхаад, нэг ажил амжуулчхаад тамхи руугаа явна гээд хойшлуулаад байх л юм бол нэг мэдэхэд татахаа мартаад унтчихна. Янз бүрийн тамхинаас гаргадаг наалт, эм бэлдмэлийг би ууж үзсэн. Ямар ч үр дүн байдаггүй юм байна лээ. Зөвхөн өөрөө л өөртэйгөө ажиллаж тархиа хуурч байж л бүр мөсөн гарч чадна. Хэрэв чадахгүй тамхиа бодоод л байвал хаяж чадахгүй улам бүх бухимдахын л нэр.
-Ихэвчлэн ямар газраас тамхины иш түгээмэл байх уу?
-Манай монголчууд бас их муухай, соёлгүй байна. Хүүхдийн тоглоомын талбай, эмнэлгийн саравчаар их тамхины иш олдог. Хамгийн эрүүл орчин байх ёстой атал тэр хэсгээр тамхины иш, шүлс их байдаг нь харамсалтай. Жишээ нь захын нэг саравч ороод эш түүхэд л 0.5 литр ундааны сав амархан дүүрнэ шүү.
-Цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгээс нь үзэхэд зам дээр тамхины и шээ хаясан хүмүүсээс ₮500 нэхэж байгаа харагдсан. Хүмүүс өгч байна уу, яаж хүлээж авч байна?
-Зам дээр тамхины ишээ хаясан буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээж чадаж байгаа эсэхийг л шалгаж буй нь тэр. Бусдаар бол тэр хүний ₮500 надаа хэрэг байхгүй. Гэхдээ тэр ₮500 надад биш манай ТББ-ын санхүү болж өөр олон тамхины иш түүсэн хүүхдүүдэд шагнал болж очно. Хүмүүсийн 30 хувь нь эсэргүүцнэ. Үл ойлголцол үүснэ. Видео бичлэг хийхээсээ өмнө нэлээд хэдэн өдөр замаар явсан. Хаясан ишийг цонхоор нь шидэх юм бол уурлаж, зодоон үүсэх ч асуудал гарна. Тиймээс аль болох эвээр, гуйх маягтай харьцахгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгосон.
-Хүмүүс ₮500 өгч байна уу?
-Залуус бол асуудалгүй өгч байна. Харин настай хүмүүс эсрэгээрээ өгөхгүй. Олон жил хаяад сурчихсан болохоор хүндээр хүлээж авч уурладаг юм байна. Тэгэхээр одоогоос хүмүүсийг тамхины ишээ ил задгай хаяхгүй байх дадал суулгаж чадвал миний зорилго биелнэ гэсэн үг.
-Эцсийн дүндээ таны хүрэхийг зорьж буй зорилго юу байна. Мэдээж хүмүүс татсан тамхиныхаа ишийг хогийн саванд хийж дадахаас эхлэх байх?
-Бодоод байхад би их сургуульд сурч, том бизнес хийж чадаагүй ер нь олон зүйлийг амжаагүй юм шиг байна лээ. Одоо үлдсэн насандаа ядаж ганц зүйл хийж амжуулъя гэж хүсэж байгаа. Бүх хүмүүс татсан тамхины ишээ хогийн саванд хийж сурахгүй юм аа гэхэд тэн хагас нь хийгээд сурчихвал болох нь тэр.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хүмүүс л нийгэмд хэрэгтэй байдаг даа
Нэрээ хүртэл сольж зорилгынхоо төлөө явж байгаа нь үнэхээр тууштай юм
Тамхины иш жижигхэн мэт боловч хамгийн их харагддаг хог шүү
Хот цэвэр байхад хүн бүрийн оролцоо хэрэгтэй
Хүүхдийн тоглоомын талбайд тамхины иш хаядаг хүмүүс ичээсэй
Хүүхдийн захиа хүний амьдралыг ингэж өөрчилнө гэж бодсонгүй
Тамхи татдаг хүмүүс ядаж ишээ хогийн саванд хийчих хэрэгтэй
Сайхан санаачилга байна амжилт хүсье
Ганцаараа ч гэсэн өөрчлөлт хийж болдгийг харуулж байна
Тамхинаас гарсан нь бас бахархмаар зүйл байна
Neree hurtel solij zorilgodoo unench yavna gedeg mundag hereg
Tamhinii ish bol hotiin hamgiin ih haragddag bohirdol
Neg huuhdiin zahia iim tom oorchlolt avchirchjee
Tamhia tataj bolno harin ishee bitgii hay
Hotiin gudamj iluu tsever boloh boltugai