НИЙГЭМЯРИЛЦЛАГА

Г.Батзаяа: Үхэл ямар ойрхон байдгийг ойлгосон цагт амьдралын мөч бүрийг хайрлаж эхэлдэг юм билээ

“Надад уйлах мянган шалтгаан байхад

Буцаад инээх ердөө ганцыг өгөөч

Надад шантрах мянган шалтгаан байхад

Босоод чангарах ердөө ганцыг өгөөч

Намайг муулах мянган бацаан байхад

Намайг хайрлах хүн ганцхан байвал болно

Надад ганцхан шалтгаан байхад амьсгаа аваад зогсох болно

Ганцхан чемодан байсан ч би амьдралаа аваад босгох болно

Ганцхан чадах юм байсан ч би хичээж хүмүүст сонсгох болно

Ганцаархнаа байсан ч би хэзээ ч унтрахгүйгээр асах болно

Ээж минь надад итгэж байхад

Найз минь хажууд зүтгэж байхад

Нийгэм намайг ширтэж байхад

Хүүхдүүд намайг шүтэж байхад

Хүмүүс тэнчээ өвдөж байхад

Шөнө бүр сэрүүн хэвтэж байхад

Бууж өгч яасан ч чадахгүй”.

Энэ бол залуу уран бүтээлч Thunder, А.Хишигдалай нарын хамтран дуулсан “Ганцхан шалтгаан” дууны үгийн нэгээхэн хэсэг нь. Тэд эл уран бүтээлээ цусны хорт хавдар туссан ч өвчнөө өөдрөгөөр сөрөн зогсож, олон хүнд итгэл найдвар бэлэглэн, үлгэрлэж яваа Г.Батзаяад зориулсан юм.

 Хорт хавдар туссандаа сэтгэлээр унах бус харин ч эсрэгээрээ бодит байдалтай эвлэрч, эрэлхэгээр нүүр тулан “Би сугалаагаар хорт хавдар хожсон. Харин шагнал нь мянга мянган хүний итгэл найдвар байсан юм” хэмээн өгүүлж буй Г.Батзаяатай цахим хуудсаар нь холбогдон ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Бие нь гайгүй юу. Одоо ямар эмнэлэгт эмчлүүлж байгаа вэ?

-Бие сайн байгаа (инээв). Өвдөж байсан ч үргэлж сайн байна, сайхан болно гэж хэлдэг юм. Амны бэлгэ шүү дээ. Би БНХАУ-н зөвхөн цусны хорт хавдраар дагнасан “He bie yanda” эмнэлэгт эмчлүүлж байна.

-Зовиур нь хэр байна. Хэчнээн төрлийн эмчилгээ хийлгэж байна вэ?

-Химийн дусал тариа өдөрт 40-50 ширхэгээр хийлгэхээр нүүр хөөгөөд, усан хавантаад бөөрөнхий болоод байдаг юм байна. З”овиур гайгүй ээ. Өвдөхөөрөө “Ийм хүнд эмчилгээ хийлгэж байгаа юм чинь энэ зэргийн зовиур байлгүй дээ” гэж өөрийгөө тайвшруулдаг.

“ГАНЦХАН ШАЛТГААН” ДУУ ХОЛ ДЭЭРЭЭ БОСОХ ДАХИН НЭГ ШАЛТГААН НАДАД ӨГСӨН

Хэд хоногийн өмнө дуучин Thunder, Хишигдалай хоёр танд зориулж хийсэн уран бүтээл олон хүнд итгэл найдвар бэлэглэн, Батзаяа гэдэг ийм мундаг залуу эрүүл болохын төлөө өөдрөгөөр тэмцэж буйг монгол түмэнд улам тодоор таниуллаа. Thunder та хоёр хэрхэн холбоо барьсан бэ?

-Би Thunder-ын уран бүтээлүүдийг сонсох дуртай, дууны үг бичих тал дээр лаг авьяастай гэж боддог. Дуугаараа дамжуулан хэлэх гээд байгаа санаа нь үнэхээр гоё байдаг. Thunder-тай холбоо барьсан минь ийм учиртай. Би Эта гэдэг нэртэй, ясны хорт хавдартайгаа өөдрөгөөр тэмцэж буй залуутай хамтарч подкаст хийх гээд. Тэгээд хүмүүс бид хоёрын подкастыг сонсохоор орохдоо “Хорт хавдартай энэ хоёр нөхөр үнэн гунигийн юм бичсэн байх даа” гэхэд нь “Үгүй дээ хонгорууд минь. Бид хоёр гуниглаагүй шүү. Амьдрал бол бэлэг, байгаа зүйлээ хайрла” гэсэн утгатай, бусдад урам өгсөн гоё дуугаар эхлээсэй гэж бодсон юм.

Хавдартай ч гэсэн амьдралд бууж өгөхгүй шүү, эрч хүч аваасай гэж хүсээд Thunder-тай фэйсбүүкээр холбоо барьсан юм. Тэгээд л энэ супер дуу маань бэлэн болсон юм даа. Гэхдээ Эта бид хоёрын бие, сэтгэл бэлэн болдоггүй (инээв). Удахгүй подкастаа бичиж, энэхүү дуугаараа эхлүүлнэ гэж зориод л байна даа.

-Өөртөө зориулсан уран бүтээлээ үзэхэд танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Үнэхээр гоё байсан. Миний өвдсөн энэ цаг хугацаа утга учиртай юм шиг санагдаж эхэлсэн. Энэ уран бүтээл надад босох дахиад нэг шалтгаан өгсөн.

НАМАЙГ АСАРЧ, ХАЖУУД БАЙГАА ЭЭЖИД МИНЬ Л ХАМГИЙН ХЭЦҮҮ БАЙДАГ

-“Ганцхан шалтгаан” дууны аль хэсэг танд хамгийн их таалагдсан бэ?

-“Ээж минь намайг харж байхад” гээд үглэдэг хэсэг нь. Ээж минь бас тэр хэсгийг сонсоод уйлаад л байсан. Миний босох шалтгаан өөрийгөө гэдгийг мэддэг болохоороо. Намайг ээж минь асарч, хамт байдаг. Өвдсөн хүн бол яах вэ “Тэгээд болох ёстой зүйл жамаараа болно доо” гээд сэтгэл санаагаа бэлдчихдэг. Хажууд байгаа ээжид минь хамгийн хэцүү байгаа. Хүү минь биш би оронд нь өвдчихгүй яав даа гэсэн бодол нь мэдрэгдээд байдаг юм.

-Батзаяаг төрүүлсэн, бие хүн болгон төлөвшүүлсэн ээжийн тань талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Ээж тань өдгөө хүүгээ, асарч, түшиж явна. Ямар зан аашаас нь үлгэрлэдэг вэ?

Ээж минь юмыг их хурдан хийдэг, сэргэлэн нь дэндсэн хүн. Би ер нь ээжтэйгээ ингэж удаан хамт байгаагүй 10 жил болчихож. Оюутан болсноосоо хойш хотод ганцаараа амьдраад, утсаар л ярихаас хэтрээгүй. Сайншандад гэртээ очвол хамгийн удаандаа долоо л хонодог. Тэгсэн чинь ээж минь их аймхай болчихож, арьс нь хөгшрөөд эхэлчиж. Яг юуг нь онцолж бахархдаг гэдгээ хэлж чадахгүй нь. Нуусандаа бус тулгамдаад байна л даа. Миний дэргэд байгаа нь л миний жаргал шүү дээ. Хайрлуулах л эрхтэй хүн, ээж минь.

ЯГ ТЭРИЙГ ХАРААД МИНИЙ ЗҮРХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭЭС ИЛҮҮ ӨВДДӨГ

Та ээжийнхээ тухай нийтлэл бичих дуртай. Хайртай, амьдралын тань утга учир гэдгийг мэдрүүлэх, өөрийгөө илэрхийлэх том боломж олгодог байх.

-Тэгэлгүй яах вэ. Ээж өөрийнх нь тухай бичсэн миний нийтлэлүүдийг уншихаараа уйлаад байдаг. Нөгөө үс нь буурал болчихож гээд нийтлэл байсан даа.  Тэрийг уншчихаад хошуу нь өмөлзөөд шөнөжин уйлсан. Би ээжийнхээ тухай үргэлж бичдэг шалтгаан нь ачийг нь хариулах хүслийн минь нэгээхэн хэсэг нь юм шүү. Зарим зүйл хэрвээ муугаар эргэвэл миний бичсэн зүйл үлдэж, намайг сануулж, хайртайг минь хэлж байг гээд. Гэхдээ энэ муухай үг байна. Ийм зүйл болохгүй ээ. Ээж минь үнэхээр хөөрхөн.

Би багаасаа ээжээрээ огт хүнд юм өргүүлдэггүй байсан. Даанч энэ эмчилгээний үеэр би гадагшаа гарч болохгүй. Бас аймар сульдаа гэх үү хүч чадалгүй болчихсон.

Эмнэлэг дэлгүүр хоёр жаахан зайтай. Гурилны 10 кг-ын савлагаатай нь илүү хямд байдаг юм гэсээр ээж үүрсээр ороод ирдэг. Энийг нь харах эмчилгээнээс илүү зүрх өвтгөдөг дөө. Нэг их юу ч болоогүй юм шиг хроп ус энэ тэр барьчихсан ороод ирдэг. Тийм үед би уйлахгүйг их хичээдэг. Нөгөө уйлхаар хавдрын эс хоёр дахин үрждэг гэдгийг сонсноосоо хойш юу ч болсон уруулаа инээж байгаа хэлбэрт оруулдаг болчихоод байгаа.

ҮХЭЛТЭЙ НЬ БИШ, ҮЗҮҮЛЭЭД ӨГЬЕ Л БОДОГДООД БАЙДАГ ЮМ

-Та цусны хорт хавдар туссанаа өнгөрсөн оны есдүгээр сард мэдсэн юм билээ. Олонх хүн хүнд өвчин туссанаа мэдээд сэтгэлээр унадаг, амиа хорлох нь ч бий. Харин та энэ бүхнийг өөдрөгөөр хүлээн авч, бодит байдалтай шууд эвлэрсэн. Үүнд таны тэмцэгч, гэгээлэг зан нөлөөлсөн үү?

-Тэгсэн. Надад нэг тийм тэмцэгч чанар байгаад байх шиг байдаг юм. Надад “За тоглоом эхэллээ. Одоо цусны хорт хавдрыг яаж амархан давж болохыг үзүүлээд өгье” гэж л бодогдсон. Мэдээж заримдаа хүн л болсон хойно хямарна аа. Тэр даруйд “За хямраад юу ч өөрчлөгдөхгүй юм чинь өөр гоё юм бодъё” гээд бодлоо цэгцэлчихдэг.

-Хорт хавдар туссанаа мэдсэнийхээ орой найзуудтайгаа уулзан, хөгжилтэй байснаа та тэмдэглэлдээ бичсэн. Ер нь та хэр өөдрөг хүн бэ. Ийм гоё итгэлийг, өөдрөг байх эрч хүчийг та юунаас авдаг вэ?

-Үхэлтэй нь биш дээ. Үзүүлээд өгье л гэж бодогдоод байдаг юм.

ЧӨМӨГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ДОНОР НАДАД ОЛДСОН

-Яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийх шаардлагатай байгаа юм билээ. Донор олдсон уу?

-Хятадын донорын сангаас олдсон, би их азтай хүн. Яг одоо энд коронавирусээс болоод чөмөг шилжүүлэх мэс засал маань хойшилчхоод л байна. Донор бид хоёрын дархлааг бүүр нойл дээр аваачаад шинээр ургуулдаг учир бусад халдвар авах эрсдэл өндөр болохоор гэж эмч тайлбарласан.

-Мэс засал хийлгэхэд 70 сая төгрөг шаардлагатай байгаа юм билээ. Одоо ер нь хэдэн төгрөг дутуу бгаа вэ?

-Одоо 20 орчим сая төгрөг.  Бүх зүйл сайхан болно гэдэгт өдөр бүр итгэж байна.

ИЙМ ХАЙРЫГ ДААХ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙДЭЭ ӨӨРӨӨСӨӨ ИЧДЭГ

WHO IS ZAYA? #Ankhnyam #5

WHO IS ZAYA? #Ankhnyam #5Өөрийн гэсэн ертөнцтэй…#SaveZaya #FuckCancer #ShitHappens#Хандивын данс:Хаанбанк: 5035247726 БатзаяаГоломтбанк: 2015129245 БатзаяаХудалдаа хөгжлийн банк: 465004868 БатзаяаCandy шилжүүлэг: 99929339

Posted by SaveZaya #SaveZaya on Saturday, November 23, 2019

-Монгол түмэн танд сэтгэлийн дэм өргөн, тусалсаар байгаа. Олны хэлсэн хамгийн сайхан урмын үг юу байв. Юунаас хамгийн их эрч хүч, урам зориг авдаг вэ?

-Монгол хүний сайхан сэтгэл, итгэл, хайрыг биеэрээ мэдэрч байна даа. Зөндөө жишээ хэлж чадна. Гудамжинд тараг зардаг эмээ эгчид маань 20 мянган төгрөг өгснөө “Дүүд нь эрүүл энхийг хүсье” гэсэн.

Нэгдүгээр ангийн хүүхдүүд надад хандив өргөснийг сонсоод би хэлэх үгээ олдоггүй. Заримдаа би ийм их хайрыг даах юу ч хийгээгүй дээ ичдэг. Надад маш том хариуцлага бий. Надад одоо эдгэчхээд хийх олон бодол байгаа. Би одоо ингэнэ, тэгнэ гэж улс төрчид шиг амлалт өгмөөргүй байна. Бодлуудаа заавал бодит болгоод харуулна аа.

-Таны бага насны тань тухай ярилцъя. Ийм гоё өөдрөг, хүсэл мөрөөдөлтэй, тууштай болоход багийн тань хүмүүжил хэр их нөлөөлөв?

-Өвөөгийн маань суран бүс миний хүмүүжлийн суурийг сайн тавьсан гэж боддог (инээв). Мэдэхгүй ээ. Би хичээлдээ тийм ч сайн биш, тийм ч муу биш. Яг дундаж л нөхөр байсан даа. Урлаг, спорт гээд бүх юмны дөртэй нөгөө би чадна гэдэг шиг л (инээв).

ХОЖИМ ХАРАМСАЖ СУУХЫГ ХҮСЭЭГҮЙ УЧРААС СУРГУУЛИА СОЛЬСОН

-Хуулийн сургууль төгссөн ч гэр бүлдээ хэлэлгүйгээр урлагийн сургууль төгссөн юм билээ. Та Ардын жүжигчин Жигжидсүрэн гуайн шавь. Сургуулиа солиход нь юу нөлөөлөв?

-Хуулийн сургуулийг төгсөж чадаагүй ээ. Дөрвөн жил сурсан ч миний байх ёстой газар биш санагдсан юм. Зарим хүмүүс дургүй зүйлээ тэвчиж хийгээд, амьдраад байдаг шүү дээ. Би тэгж харамсдаг нэгэн байхыг хүсээгүй. Зориг дутвал ухаан дутна. Хүн зарим үед зоригтой, шийдэмгий байхгүй бол харамсаж амьдрахад хүний амьдрал хэтэрхий хайран гэж боддог юм.

-Та цахим хуудсандаа тогтмол тэмдэглэл бичин, бусадтай хуваалцдаг. Ихэвчлэн ямар үед пост оруулдаг вэ?

 -Бие гайгүй үед л. Энэ өвчин эмчилгээний үед ч бодож сэтгэх тал дээр асуудалгүй болохоор их аятайхан байгаа.

ЭНЭ БОЛ БУРХНААС ЧАМД ӨГСӨН АМРАЛТ ГЭЖ БОДДОГ

-Олон цагаар эмнэлгийн орон дээр хэвтэхэд юм юм л бодогддог байх. Заримдаа шантармаар, бууж өгмөөр санагддаг уу?

-Аймаар уйтгартай байдаг. Би зүгээр хэвтэж, ажилгүй байж чаддаггүй хүн гэдгээ ойлгосон. Одоо супер хийцгүй хэвтэж сураад байгаа (инээв). Энэ цаг хугацаагаа эмнэлгийн орон дээр хүнд эмчилгээ хийлгэж байгаа гэж хархаас илүү “Энэ бол Заяа чамд бурхнаас өгсөн амралт. Зүгээр сайхан амралт гэж бодоод, 100 хувь эрүүл болоод алаад өг” гэж өөртэйгээ ярьдаг юм.

-Эмчилгээгүй үедээ ихэвчлэн юу хийдэг вэ?

-Бичихэд зориулж байна. Надад кино хийх мөрөөдөл гэх үү, миний амьдралын зорилго гэх үү. Одоо энэ цаг хугацаагаа үүнд л зориулж байна.

БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ КИНОНЫ БИЧЭЭД ДУУСГАЧИХСАН ЗОХИОЛ НАДАД БИЙ

Ямар сэдвээр зохиол бичиж, кино хийхийг хүсдэг вэ?

-Би жаахан гэмгүй царайтай байхгүй юу (инээв). Хүмүүс намайг ямар ч хор шар гүй, бас кино хийвэл романс, инээдэм энэ тэрт сонирхолтой байх гэж бодоод байдаг юм. Би яг эсэргээрээ хүн. Надад нэг бичээд дуусчихсан бүрэн хэмжээний кино зохиол байгаа. Жанар нь гэмт хэрэг драм. Би ер нь жаахан трайллер , гэмт хэрэг талдаа зүйл бичих илүү сонирхолтой.

-Та зүүдэлдэг үү. Ихэвчлэн өөрийгөө ямар байгаагаар зүүдэлдэг вэ?

ЭДГЭРЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.

WHO IS ZAYA? #ARIGUN ЭДГЭРЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.ЭЭЖ ААВДАА ХАЙРТАЙ, МИНИЙ МУУХАЙ ААШТАЙ МУНДАГ НАЙЗ.#SaveZaya #FuckCancer #ShitHappens#Хандивын данс:Хаанбанк: 5035247726 БатзаяаГоломтбанк: 2015129245 БатзаяаХудалдаа хөгжлийн банк: 465004868 БатзаяаCandy шилжүүлэг: 99929339

Posted by SaveZaya #SaveZaya on Wednesday, October 30, 2019

 -Би сүүлийн үед зүүдэндээ ямар ч асуудалд орсон тэмцэж байна гэж зүүдлээд байх болсон. Зомби нар гарч ирсэн ч зугтахгүй үзэлцээд байгаа юм. Энэ магадгүй миний бүх эд эс, сэтгэл зүй энэ өвчинтэй тэмцэхэд бэлэн байгааг харуулж байгаа болов уу.

-Ямар ном унших дуртай вэ. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

 -Дэлхийн сонгодог өгүүллэгүүд унших дуртай, богино зүйлд том утга байхад илүү дуртай. Тууж, романы хэмжээ нь урт санагдаад уншихдаа жаахан муу. Бас би англи хэлэндээ жаахан тааруу л даа. Тиймээс Х.Хатанбаатар ахын “Ой тогтоолтын аргаар гадаад үг цээжлэх нь” гэдгийг л сүүлд хараад байгаа. Ер нь хэлгүй байх хэцүүг эмнэлэгт ирээд аймаар мэдэрч байна.

-Өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Хүн ер нь алсын зорилгоо тодорхойлсон бол түүндээ шаардлагатай чадварыг өөртөө заавал хөгжүүлэх ёстой гэж боддог. Би бас чадах чинээгээрээ эрүүл хооллож, хөдөлгөөн хийхийг хичээдэг байсан. Даан ч Монголд зөв хооллолоо ч хүнс нь аюултай, алхмаар байв ч утаатай гээд л хэцүү. Асуудал их л дээ.

ХҮНИЙ ИТГЭЛИЙГ АЛДАХААС ҮНЭХЭЭР ИХ АЙДАГ

Өнгөрсөн хугацаанд шантарч, өвдөг сөхөрмөөр үед танд цөөнгүй байсан. Хамгийн хүнд байсан үе тань хэзээ вэ?

-Хүн надад сайн зүйл хийсэн бол маш их талархаж, өөрөө хүнийг гомдоосон бол маш их шаналдаг байхгүй юу, би. Шантарч байсан гэхээсээ илүү хүний итгэлийг алдаад шаналсан цаг хугацаа надад их бий. Хүний  итгэлийг алдахаас үнэхээр их айдаг. Үргэлж л хамгийн сайнаараа юмыг болгох гэж хичээсээр л байгаа. Өндөр хэмжээний амжилт гаргаагүй болохоор аймаар шантарсан үе байхгүй. Би юм хум хийж дампуурхаараа “Гоё сургамж авлаа шүү. Өөрөөр дайраад үзье” гэдэг хүн л дээ (инээв).

ЭДГЭРСНИЙХЭЭ ДАРАА ХАМГИЙН ТҮРҮҮНД БОР ТАЛХ ИДЭН, СҮҮ УУХЫГ ХҮСДЭГ

-Эдгэрээд хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?

 -Зүгээр бор талх идэнгээ хүйтэн суу уугаад, салхийг мэдрээд гудамжинд суумаар байна. Тэгээд лааз өшиглөн, гудамжаар алхаад л.

-Ойрын хэдэн жилийн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Харуулна аа (инээв). Дараагийн удаа өвдсөн залуу биш зорилгоо биелүүлж амжилттай яваа Батзаяагаараа ярилцлага өгөхдөө энэ байсан юм гээд хэлнэ ээ.

 -Эх орноо, гэрээ хэр их санадаг вэ. Ойрын хугацаанд Монголдоо ирэх үү?

#SaveZaya

WHO IS ZAYA? #3 #EdutvЦУСНЫ ХОРТ ХАВДАРтайгаа тэмцэж буй 28-хан настай залуу..Түүнд мөрөөдөл бий..- ӨӨРИЙНХӨӨ ТЭР ГАЙХАЛТАЙ ЭРЧ ХҮЧ, УРАМ ЗОРИГИЙГ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ АЛДААРАЙ.#SaveZaya #FuckCancer #ShitHappens#Хандивын данс:Хаанбанк: 5035247726 БатзаяаГоломтбанк: 2015129245 БатзаяаХудалдаа хөгжлийн банк: 465004868 БатзаяаCandy шилжүүлэг: 99929339

Posted by SaveZaya #SaveZaya on Wednesday, September 25, 2019

-Одоогоор чөмөг шилжүүлэх мэс засал түүний дараах эмчилгээ гээд зургадугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй л байна. Хурдан очиж хийх юм их байна. Үүнд л их яарч байна.

Та ярих зүйлээ сайтар бодож, төлөвлөе гэсэн. Ярилцлагаараа дамжуулан хүмүүст юу хэлэхийг хамгийн их хүсэж байна вэ?

-Харин тийм ээ. Миний хүүхэд насанд зарим талаараа гунигтай зүйлс их байсан юм. Би өвдсөнөөс өөр гийгүүлсэн юмгүй болохоор хүнд зааж, сургаад байх юу ч байхгүй хүн шүү дээ. Тийм болохоор зарим үгээ залгиад байна аа (инээв). Эдгэж очоод д харуулчихаад, юм ярих хэмжээний хүн болчихоод ярих зүйлс их байгаа гэж бодоод энэ удаа илүү хөнгөн, энгийн зүйлийн талаар ярилцсан нь дээр байх.

АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ ЯГ ОДОО БАЙГАА ЗҮЙЛЭЭ НАНДИГНАХ

Мөнгө, эрх мэдэл хоосон чанарын зүйл. Үхэлтэй, өвчин, зовлонтой нүүр тулахад тэр бүхэн юу ч биш байсныг хүн ухаардаг гэдэг. Таны бодлоор амьдралын утга учир, үнэ цэнэ юу вэ?

-Яг одоо байгаа зүйлээ нандигнах юм болов уу. Үхэл гэдэг маш ойрхон гэдгийг ойлгосон цагт, амьд байгаа мөч бүрээ хайрлаж эхэлдэг юм билээ. Одоогоороо амьдрах хамгийн сайхан.

Ийм гэгээлэг бодолтой, зоригтой байгаагаар тань бахархаж байна. Итгэл найдвараа битгий алдаарай.

-Гунигтай байгаад юу ч дээрдэхгүй болохоор, өөртөө өөдрөг байх сонголтыг хийгээд байгаа юм (инээв). Зүгээр л бүх зүйлээс сайн талыг нь олж харах гэж хичээгээд, инээмсэглэхэд л болно. Би итгэл найдвараа алдах тухай ер бодож байгаагүй. Хэрэггүй зүйлийн талаар эргэцүүлэх дургүй. Тэрний оронд гоё амттай хоол бодож байсан нь дээр (инээв).

Түүний бичсэн зарим тэмдэглэл.

Тэмдэглэл: Ээж минь шат налчихсан эхэр татаад уйлж байсан…

Залуу хүний хувьд ажлын төлөө адуу мал шиг л зүтгэхийг хүсдэг, хичээдэг байлаа. Тийм дээ ч Монголын хамгийн шилдэг компани Юнителын creative багт тэнцэж гурван сарын туршилтын хугацаагаа даваад жинхлээд гурав хонож байлаа. Өмнөх ажил маань Монголын томоохон кино компани Orange entertainment бөгөөд дэндүү их зүйлийг энэ газраас сурсан даа…

Амьдралдаа шинэ алхам хийж ажлаасаа гарахаар шийдчихсэн байсан үед бие ядраад байдаг болчихсон байсан юм. Яалт үгүй л ажлын цагаар толгойд “Яи ядарч байна унт” гэсэн үг л эргэлдээд буйдан руу гүйчихдэг байлаа. Харин Юнителд бол унтах ч завгүй ажилладаг жинхэнэ маркетинг мангасуудын дунд орсон болохоор ядрахаа мартаад гурван сар явсны дараа ханиад хүрсэн чинь дэлхий дайвалзаад болдоггүй. Дуртай ажлаа хиймээр байдаг алхахаар уначих гээд аргаа ядаад Дорноговиос ээжийгээ дуудсан чинь шууд л вагонд суучихлаа, маргааш эмнэлэгт үзүүлье гэв. Би ер нь ээждээ өвдөж байна гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Тийм болохоор ийм үг амнаас нь гардаггүй хүүхэд хэллээ гээд ээж минь шууд вагонд суусан гэсэн. Ээж намайг хараад шоконд орсон бөгөөд яагаад гэхээр би хоёр сарын дотор 12 кг турчихсан загвар өмсөгч шахуу л зогсож байлаа хэхэ…

Бандгар залуус яг модонд орох гээд байхад яаж ч хоол идсэн тураад байсан болохоор би өөрөө ч гайхаад байлаа. Бас улам цагаараад л, нүдний цагаан нь гэрэлтээд л.. Би ер нь өөрийгөө мэдрэлийн ядаргаанд орчихлоо гэж бодоод зарим найзууд руугаа утсаар залгаж онгироод л “би энэ амьдралын төлөө мэдрэлийн ядаргаанд ортлоо зүтгэж байна хэхэ” гээд л. Тэгсэн эмч наадах чинь яав ч мэдрэлийн ядаргаа биш, явж цусны шинжилгээ өг гэхэд нь дотроо бол миний онош зөвдөө л гэж бодсоор л.
Тэгээд шинжилгээ өгчихөөд хариугаа бариад очсон чинь яасан сонин тоонууд вэ Нэгдүгээр эмнэлэг яаралтай яв гэж байна. Манай ээж ч угийн сэргэлэн нь дэндсэн хүн болохоор картын барааны үед ашигладаг арга тактикаа ашиглаж оочер дайраад эмч рүү орсон. Биохими шинжилгээ өг гэхээр нь эмчээ нөгөөдөр өгчих үү одоо ажилтай гэсэн чамд тэгээд байх хугацаа байхгүй гэдэг юм.

За тэгээд нэг л эвгүй юм болоод байгааг ойлгосон ч ээж хүү хоёр юу л байв гэж бодоод шинжилгээгээ өгчихөөд инээд алдаад, ойрд ээжтэйгээ уулзаагүйг ч хэлэх үү эрхлэлдээд гэртээ харьсан юм. Орой 2 цагийн үед 00 орчихоод гараад ирсэн ээж унтаагүй юм бодоод хэвтэж байсан.

Харин би 2019 оны 09 сарын 13-ны өглөөг хэзээч мартахгүй…

Өглөөний 9 цагт ээж аав хүү гурав хэлхэлдээд Нэгдүгээр эмнэлгийн шинэ өргөтгөлийн 5 давхарт байрлах цусны тасагт очоод эмчид биохими хариугаа үзүүлсэн юм. Эмч маань “би ер нь шудрага шууд үнэнг ярихыг хичээдэг хамгийн анх над дээр барьж ирсэн материал дээр л тодорхой байсан одоо бүүр ойлгомжтой. Энэ бол цусны хорт хавдар, одоо та хэд яаралтай гадагшаа явж генийн шинжэлгээ хийлгэ төрсөн ах эгч бий биз дээ чөмөг шилжих байх” гэв. Ээж жаахан сонсож байснаа эмчээ уучлаарай гадаа манай нөхөр байгаа би дуудаад ирье гээд гарлаа удалгүй аав ороод ирэхээр нь угаасаа надад эмч юу тайлбарлаад байгааг би ойлгохгүй байсан болохоор өрөөнөөс гараад шат руу явтал ээж тэнд шат налчихсан эхэр татаад уйлж байсан…. Одоо ч бодсон сэтгэл өмөрч байна. Тэр уйлж байсан төрхийг нь би хэзээ ч мартахгүй. Энэ хэсгийг миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн өдөр гэж тэмдэглэх нь зүйтэй байх.

Тэмдэглэл дугаар 4:
 Сая сая доллар хожоод амьдрал нь орвонгоороо эргэн, дампуурсан олон жишээг сонсож байлаа.. Миний хувьд доллар биш! 100 мянгад нэг тохиох “Цусны хорт хавдар хожсон юм” гунигтайгаар хэлж байна гэж битгий төсөөлж уншаарай… Энэ үгийг би инээмсэглэн хэлж байгаа.

Та анзаарсан бол тэмдэглэл 1,2-ын үргэлжлэл оройноос эхлэх ёстой хэхэ
Би тэр орой шоудсан юм хайртай найзуудаа дуудаад гоё газар суусан. Найзуудын ихэнх хэлж байсан үг нь чи ёстой тэнэг өөдрөг хог юм аа уйлаад сууж байгаа байх гээд энэ газрын гадаа сэтгэлээ бэлдээд орж ирж байхад, инээчихсэн найрлачихсан сууж байдаг…

Миний хувьд угаасаа хэзээ ахиж эд нартай маазрах нь тодорхойгүй, тэглээч хавдартайгаа маргааш нь л мэдсэн биз яадаг юм бэ гэж төсөөлөөд тэр оройг зугаатай өнгөрүүлсэн ч үнэндээ би үхтлээ айж байсан…. Солонгос сериал дээр цусны хорт хавдартай болохоор л бүгд айж сандраад туссан гол дүр нь үхчихдэг гунигт драмууд л толгойд буугаад байсан хэрэг л дээ. За тэр ч яахав.

Намайг өвчтэй гэдгийг мэдээд л ээж аав байгаа үл хөдлөх хөрөнгүүдээ зарахаар зар тавьсан ч тийм амар борлогдохгүй бололтой гээд хямарч байх үед Unitel-ын маркетингийн мундаг хамт олны маань хандив, мөн ээжийн минь гадаадад байдаг хэдэн сайхан эгч нарийхан хандив орж ирснээр чөмгөндөө шинжилгээ хийлгэх мөнгө бүрдсэн болохоор ёстой л юу л болбол болог гэсээр Бээжинг зорьсон юм.

Бээжин хүртэл миний толгойд юу ч бодогдоогүй эсвэл хэтэрхий их бодолдоо дарагдаад гөлийгөөд байсан уу мэдэхгүй юм… Зүгээр л хүмүүсийн инээмсэглэлийг, байгалийн сайхныг, үүлний дүрсийг анзаарсаар байгаад л энд ирчихсэн байсан. Тэгээд шинжилгээний хариун цагаан эсийн цочмог хорт хавдар гэсэн хариу гарснаар бид хоёрыг маргаашаас нь эхлээд шууд эмчилгээгээ эхэл гэсэн, гэхдээ эмчилгээ эхлэхийн тулд 50 мянган юань хэрэгтэй мөнгө байршуулахгүй бол эмчилгээ эхлэх боломжгүй гэсэн.. Монгол буцах гэхээр хэзээ унаад өгөхөө мэдэхгүй, эмчилгээгээ эхлэх гэхээр мөнгө байхгүй ээж минь надаас нууцаар уйлаад л хүмүүс рүү залгаад байсан гунигтай шүү! Цагаа тулахад мөнгө ёстой л олддоггүй юм бил ээ.. Оройн би ээжийн хажууд нь хэвтээд “за яахав дээ ээжээ хоёулаа маргааш мөнгө олж чадахгүй юм чинь нэгдэх өдөр хүртэл хүлээе, тэр болтол хотын байр зарагдчих байх” гэсэн ээж миний толгойг илээд “Юунд ч битгий санаа зовоо миний хүү унт унт ” гээд толгойг минь илсэн…

Би ээжийнхээ хөлийг барьж өгөх дуртай, тэгээд хааяа тоглоно Миний ээжийн хөл чинь Хятад, Дорноговь хоёрын найрамдалт харилцааг бэхжүүлж Дорноговийн залуусыг жинсэн өмдөөр хангасан хөл шүү! гэхээр учиргүй баярлаад инээнэ ээ… Үнэндээ л 20 жил бараа зөөсөн ээжийн эрээнд буудаг буудлыг нэрийг нөхөрлөл гэдэг юм…

Би ч мөнгө олдохгүйд эвлэрээд унтаад өгсөн. Тэгсэн ээж 6 цагт гэнэт огил харайж боссоноо нэг хүн лүү залгасан утсаа нөгөө хүн нь шууд тасалчихсан… 20 секунд ч бололгүй буцаж залгаснаа дансанд мөнгө байнаа ав ав гэсэн.. Ээжийн тэр нүд ямар сүрлэг бадрангуй байсан гээч ххэ хамгийн сонин нь тэр мөнгө өгсөн хүн нь ээжийн 20 жил буусан нөхөрлөл буудлын хятад хүн байсан бөгөөд дансанд нь байсан мөнгө нь хэнийн мэдэхгүй Монгол наймаачны мөнгө байсан юм билээ.. Ингээд миний эмчилгээ хувь тавилан ч гэмээр сонин, яс үндэстнээр ялгаварлаагүй нөхөрлөл, намайг л эмчлүүлэх гэсэн юм шиг дансанд нь мөнгөө хадгалуулсан Монгол хүний мөнгөөр эмчилгээ эхэлсэн юм ☺️
Манай найзууд миний төлөө хандивын аян эхлүүлэхээр өдөр шөнөгүй бэлдэж байхад би юу хийх ээ мэдэхгүй хэвтэж байлаа.. Үнэндээ миний эмчилгээний зардал дэндүү өндөр, гэхдээ би бууж өгч болохгүй шдээ гэж бодсоор тэмдэглэл нэгээ бичсэн…
Тэр өдрөөс эхлээд би гайхалтай зүйлсийг мэдэрсэн юм…. Монгол хүмүүсийн сэтгэлийг хичнээн Сайханыг, танихгүй зочин ирэхэд ч идээгээ бариад угтдаг сэтгэл нь хэвээрээ байгааг мэдсэн гэхдээ бид үнэндээ ихэнх л ядуу, дундаж орлоготой байгаа шүү дээ, харин сэтгэл нь дүүр нээрээ байгаа юм билээ…

Өнөөдрийг хүртэл хандиваар 130 гаруй сая төгрөг цугларсан надад амьдрал бэлэглэж байгаа хүн бүрт баярлалаа… Энэ сонин, гайхалтай мэдрэмжийг яаж илэрхийлэх ээ би олохгүй байгаа… Үг хүртэл багадаад байгаа юм.

Би сугалаагаар хорт хавдар хожсон, харин шагнал нь мянга мянган хүний итгэл найдвар байсан юм…

Нээрээ: Сайншанд маань нефтийн үйлдвэр барьж эхлээд 2 дугаар Эрдэнэт хот шиг хөгжиж байгаа болохоор манай зарах гэж байгаа объект ыг сонирхоод үзээрэй  зарагдчихвал уул нь хамаг юм жигдрэх гээд л хэхэ тэмдэглэл дундаа зар оруулсан болохоор сайхан #Share лээд өгөөрэй  99929339, 99091986

#SaveZaya #FuckCancer #ShitHappens
Хандивын данс:
Хаанбанк: 5035247726 Батзаяа
Голомтбанк: 2015129245 Батзаяа
Худалдаа хөгжлийн банк: 465004868 Батзаяа
Candy шилжүүлэг: 99929339
https://m.facebook.com/nt/screen/…

Таг

Холбоотой мэдээ

9
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
8 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Яасан мундаг өөдрөг сэтгэлтэй залуу вэ. Баргийн хүнд байхгүй тэвчээр байнаа. Ийм хүн ийг бурхан ивээнээ

123
123

сайхан өөдрөг залуу байна,манай тэрбүмтангуудаас нэг нь ч гэсэн энэ залууд тусалчих хоншоор гарахгүй л дээ,тиймээс ард түмэн чамайг босгоно оо тэвчээртэй цоглог байгаарай

mgl
mgl

Aaw eej 2 r ni baharhaj bainaa iim teswer tewcheertei uhaantai zuw humuujiltei huu usgun humuujuuljee .Zaawal yalan bosno shuu duu min. Aaw eejiihee achiig hariul daa. Ard tumen ni baharhanaa chamaar

Тулгаа
Тулгаа

Мундаг залуу байна заавал хөл дээрээ босно оо

Ахын зөвлөгөө
Ахын зөвлөгөө

Er n hunii darhlaa muudahaar havdar tusdag. Darhlaag sain bailgadag 2 huchin ziul baidag. Ene bol noir, hool. Zaluu hun hangalttai noir avch, ulsuhgui yavahad havdar tsaashaa. Bi ene zuvluguug Oros, Americ jiriin humuus yalangya hugshun humuusees sonsoj baisan. Ted amidralaaraa uuniig oilgoson bdag. Zaluus min udurt dor hayaj 8 tsag untaj bai, hooloo hetruulehgui ch sain idej bai. Tagvel havdar tusahgui shuu. Havdar tussan oir toirnii humuusee sain ajaaraai. Yamar neg shaltgaanaar noir, hooloo orhison baidag um shuu. Aa tiim, noir hoolgui PC toglovol hojmiin udur havdar tusna shuu. Za eruul enhiig husie.

Уншигч
Уншигч

Эцэг эхдээ хайртай, энэрэнгүй өөдрөг сэтгэлтэй сайн хүү байна. Түргэн эдгээрэй. хүмүүст их зүйлийг ойлгуулах, мэдрүүлэх тэмлэглэл.

Г.Алтантогос
Г.Алтантогос

Чи чадна. харуулаад өгөөрэй.

Амьдралын хамгийн утга учиртай хэсэг. Яг л кино шиг
Амьдралын хамгийн утга учиртай хэсэг. Яг л кино шиг

Мундаг сэтгэлтэй залуу юмаа. Итгэл зориг, хичээл зүтгэл дээр нь үнэхээр хүч хайрлаж, энэ залууг бүү хэл хүмүүсийн сэтгэлд хүрсэн, олон хүнийг нийгмийн сайн, сайхан руу чиглүүлж дуу бүтээж дуулсан реппер Thunder-т баярлаж байна. Мөн мундаг ээжид нь сэтгэлийн тэвчээртэй хүлээж байгаарай. Хүү нь удахгүй хөл дээрээ босно оо. Бүх зүйл сайн сайхнаар эргэх болно оо.

muugii
muugii

ystoi teswer hatuujiltai zaluu shvv, zaawal edgereh bolnoo.Holboo barij bgad tsusaa ogoh yumsan.yg taarah bvleg yum bn.

Back to top button