Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Долоон жилийн төлөвлөлтөөс төрсөн үзэсгэлэнт “ИВЭЭЛ” брэндийн түүх

Долоодугаар ангиасаа хойш л ажил хийн, амьдралын төлөө зүтгэж эхэлсэн Ивээл брэндийн үүсгэн байгуулагч Зоригтсайханы Рэгзэдмааг бид энэ удаа онцоллоо. Эмээ өвөө дээрээ өссөн охин загварын ертөнцөд өөрийн мөрийг гаргах мөрөөдлөө бяцхан зүрхэндээ хав даран урагшилжээ. Тэр Анагаахын их сургуульд эмийн чиглэлээр элсэн орж, улаан дипломтой төгслөө. Энэ хооронд амьдралаа босгохын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, өглөөнөөс орой болтол сурах, ажиллах, бизнес эхлүүлэх чиглэлд бүх цаг нараа зарцуулав. Загварын мэдрэмжтэй байдал нь түүнийг анхны бизнесээ босгох суурь болж “Абийгейл жийнс” франчайзинг бизнесээ 2009 онд эхлүүллээ. Тэр аав, ээж, ах дүү, хамаатан саднаасаа 50 төгрөг ч авч үзэлгүйгээр өөрийн анхны бизнесийг босгосон нь тэр байв.

“Би өглөөнөөс орой хүртэл цуцалтгүй хөдөлмөрлөж, төлөвлөж байж үүнийг босгосон” гэж З.Рэгзэдмаа ярив.

Харин 2013 оноос энэ дэлгүүрээ албан ёсны болгож Турк, Солонгос улсын алдартай брэндүүдтэй франчайзинг гэрээ хийж, өөрийн гэсэн брэнд дэлгүүрүүдтэй олон улсын бизнес эрхлэгчидтэй уулзаж, ярилцах болов. Түүний ажигласнаар брэндийн бизнес эрхэлдэг олон газрын үйлдвэрлэгч залуус ихэвчлэн аав ээжийнхээ эсвэл эмээ өвөөгийнхөө үйлдвэрийг өвлөн авч, амжилттай үргэлжлүүлж байгаа нь харагдав. Үүнээс үүдэж тэр франчайзинг хийх нь үнэ цэнийг бүтээдэггүй юм байна, өөрийн гэсэн үнэ цэнийг бүтээх ёстой гэдгийг ухамсарлажээ. Энэ нь “Ивээл” брэндийг үүсгэн байгуулах үндсэн суурь нь болжээ.

Ингээд тэр судалгаа хийж эхэллээ. Брэндээ хурдхан гаргах нь түүний гол зорилго биш байв. Түүний гол зорилго бол үндэсний хувцсаа өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх, урт хугацааны стратеги төлөвлөлтийн дагуу Монгол брэндийг дэлхийн хэмжээнд гаргах байв. Тэр 2010 онд бичиж эхэлсэн төслөө боловсруулан, судалгаан дээрээ тун нухацтай хандаж, 2017 он гэхэд өөрийн брэндийг бий болгох үндсэн ганц зорилготойгоор урагшиллаа.

“Бид үнэ цэнээ мэддэггүй юм шиг санагддаг. Дэлхий маш хурдтай даяарчлагдаж буй энэ үед бид хэтэрхий цөөдөөд байгаа юм шиг санагддаг. Гуравхан сая. Энд тэнд очиж үзэхэд үндэсний хувцасны үнэ цэнэ маш өндөрт байдаг. Хамгийн сайхан баяр ёслол, хамгийн үнэтэй арга хэмжээнд Европ ч бай, Ази ч бай залуус үндэсний хувцсаа л өмсөж байгааг би ажигласан. Анх үндэсний хувцсаараа брэндинг болгоно гэхэд “Юу гэж л хөдөөнийхөн өмсдөг хувцас брэндинг болох билээ гэж дооглосон, доромжилсон өнгө аястайгаар хүмүүс хандаж байсан. Гэхдээ бид асар нарийн төлөвлөлт, хөдөлмөрийн үр дүнд үүнийг хийж чадсан” гэж ярилаа.

Өөрийн гэсэн брэндийн бизнесээ эхлүүлэхдээ тэр уртаашаа 300 гаруй сая төгрөгтэй байлаа. Энэ нь түүний найм, есөн жилийн хуримтлал. 30 нас ч хүрээгүй бүсгүй хамаг залуу насаа зориулан байж цуглуулсан мөнгөө тун эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулахаар шийдсэн  нь энэ. Эргэн тойрныхон нь түүнийг “Нойр хоолгүй явж олсон мөнгөө ийм зүйлд зориулж болж байгаа юм уу, ахин сайн бодоод үзээч” гэж ятгасаар л байв. Улирал харгалздаг бизнес, тэр дундаа дээл нь тухайн үедээ өнөөдрийнх шиг эрэлт хэрэгцээтэй хувцас биш байсан нь тэднийг ийн эргэлзэхэд хүргэсэн аж. Гэвч тэр өөрийн судалгаа, шинжилгээ, урт хугацааны төлөвлөлтдөө итгэсээр л байв.

ДӨРВӨН ЖИЛД ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖЛАА 1.8 ЖИЛИЙН ХУГАЦААНД БИЕЛҮҮЛЭВ

2015 оны төгсгөлөөр өөрийн оюун санаандаа боловсруулан консептоо буулгаж, анхны дээл үйлдвэрлэлээ эхлүүлэв. Гэвч үүнийгээ худалдаанд гаргасангүй. Ойр тойрныхон, найз нөхдөдөө үнэгүй өгч, хүний биед хэрхэн сууж, тав тухыг хэрхэн хангаж чадаж байна гэдгийг ажиглаж эхлэв. Энэ хугацааны зардал өндөр гарч байсан ч яах аргагүй төлөвлөлтийн нэг хэсэг тул шүд зуун тэсэв. Ингээд хоёр жилийн дараа бүх туршилт дуусаж олон жилийн төлөвлөгөөний дагуу явсан бүтээгдэхүүн зах зээл дээр гарч эхлэв. 2017 онд анхны загваруудаа гаргахад эхний сараасаа шууд амжилт дагуулав. Сар бүр гаргасан коллекцууд нэг ч үлдэгдэлгүйгээр борлуулагдаж эхлэх нь тэр.

-2017 онд үүсгэн байгуулагдаж, хоёр жил хүрэхгүй хугацаанд ийм амжилтад хүрсэн гол нууц юу вэ?  

-Маш олон жилийн төлөвлөлтийн дүн дээр үүсэн учир тэр. Бид уг төлөвлөгөөгөө 2019 онд сольж, шинэчилсэн. Учир нь би дөрвөн жилд хийнэ гэж төлөвлөсөн ажлаа 1.8 сарын хугацаанд хийчихсэн байсан. Ингээд 2019 оны сүүлээр стратеги төлөвлөгөө бүрэн өөрчилж, олон ч шинэ төслүүдийг санаачилж эхлүүлээ.

Үүнд, Гоо Ивээл, Ивээлтэй Монгол, Ээлтэй Монгол төслүүдийг эхлүүлж, төслүүд ч бидэнд өгөөжөө өгч, төслийн хүрээнд ажлын байр илүү их нэмэгдэж байна. Үйлдвэрийн баруун буланд Ээлтэй Ивээл төслийн баг ажиллаж эхэллээ. Анх манайд хог хаягдал маш ихээр гардаг байлаа. Өдөрт хэдий чинээ их ажиллана, төдий чинээ хог гардаг. Монгол дээл эсгүүр, оёдлын хувьд маш том материал ордог, өөдөс их ордог.

Тиймээс бид Ээлтэй Ивээл төслийг хэрэгжүүлж, үүнээс хойш манай үйлдвэрийн хог хаягдал 38 хувиар буурсан байна. Мөн уг төслийн хүрээнд өнгөрсөн сард ганцхан ажилтантай байсан бол энэ сард зургаан ажилтантай болж өргөжин бүхэл бүтэн тасаг болж ажиллаж байна. Энд импортыг орлох жижиг сажиг бүтээгдэхүүнүүдийг Монголдоо маш хямд зардлаар хийх боломжтой болсон. Тухайлбал, даавуун торнууд, үсний боолт, цүнх зэрэг байна. Эдгээр бүтээдэхүүнүүд зах зээлд маш эрэлттэй байгаа бөгөөд үнийн хувьд ч хямд.

ФОТО: Ээлтэй Ивээл төслийн үйлдвэрлэлийн явц:

-Таны брэндийн үндсэн зорилго юу вэ?

-Манай брэндийн зорилго бол үндсэн элемэнт, загварыг нь өөрчлөхгүйгээр брэндинг болгох боломжтой. Би эмээ өвөөгийн хүүхэд. Тэд миний төсөөлөлд дандаа л монгол дээлтэйгээ, сайхан үнэр ханхлуулж буйгаар үлдсэн. Миний энэ дурсамж ахуй дээр суурилсан, бага зэргийн өөрчлөлт хийсэн брэндинг үүсгэх суурь болсон байх. Түүнээс биш зах залгаад л дээл гэсэн ойлголтыг аль болох халахыг хүсдэг. Үндсэн хийцийг нь өөрчлөхгүйгээр брэндинг болгох боломжтой гэсэн агуулга барьж байгаа.

ИВЭЭЛ БРЭНД – ИВЭЭЛ ОХИНТОЙ НАС ЧАЦУУ

Олон жил төлөвлөсөн брэндээ зах зээлд гаргахын өмнөхөн тэд нэрний талаар огт бодоогүйгээ санажээ. Зөвхөн нарийн төлөвлөгөө, стратеги гэж гүйсээр ямар логотой, ямар нэртэй болох тухай нэг ч зөвлөж байсангүй.

Анхны бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаас хэдхэн сарын өмнө Рэгзэдмаа амаржиж охинтой боллоо. Бага охиноо өлгийдөн авсан хосууд түүндээ Ивээл нэрийг хайрлажээ. Амьдрал тэдэнд ивээл хайраа харамгүй өгч байна гэж бэлгэдэн нэрийдсэн нь тэр. Шинэ брэндийнхээ нэрийг ч удаан хайсангүй. Нөхрийнх нь хүсэлтээр бүхий л сайн сайхны бэлгэдэсэн “шинэ хүн”-ийхээ нэрээр шинэ брэндээ “Ивээл”  хэмээн нэрийдлээ. Одоо Ивээл охин гурван настай.  

З.РэгзэдмааҮнэхээр ч оновчтой нэр байсан. Брэндинг хөгжихийн гол суурь нь худалдан авагчид байдаг. Тэднээс маш их магтаал сайшал хүртэж, бидний бий болгосон брэнд бидэнд “Ивээлээ” өгч байна гэж боддог. Нөгөөтээгүүр, Ээлтэй Ивээл, Ивээлтэй Монгол гээд төслүүд маань ч маш амжилттай явах болсны нэг шалтгаан нь нэртэйгээ холбоотой байж ч болох юм” хэмээн инээлээ.  

МОНГОЛ ДЭЭЛИЙГ ЕВРОПУУД МАШ ИХЭЭР АВЧ ӨМСӨХ БОЛОВ

2017 онд гурван оёдлын машин, таван ажилтантайгаар брэнд бий болгоно гэх асар өндөр амбицтайгаар эхлүүлсэн бизнес тухайн үедээ өдөртөө 20-25 дээл гаргах хүчин чадалтай байв. Харин одоо тэд 100 ажилтантайгаар, өдөртөө хүссэн хэмжээгээрээ зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болж өсжээ.

ФОТО: Үйлдвэрлэлийн явц

Борлуулалт ч сар бүр өсөлттэй болж, цаашид бүтээгдэхүүнээ албан ёсоор экспортод гаргах чиглэлд ажиллаж эхлэв. Европ хувцсыг орлох үндэсний хувцас урлахын сацуу монгол хүн бүр ядаж нэг ээлжийн европ хувцасныхаа оронд монгол дээл, цамцаа өмсдөг байх хэвшлийг хэрэгжүүлэхээр тэр зорьж эхлэв. Монголоор зогсохгүй европ хүмүүс ч өдөр тутамдаа манай монгол хувцсыг өмсдөг болох боломжтой гэж тэд харж байгаа. Энэ нь сүүлийн жилүүдэд монгол дээл, хувцсыг европ хүмүүс маш их авч өмсөх болсонтой холбоотой.

Тэрбээр “Олны танил, алдартай эрхмүүд гаднын брэндийг үнэ цохиж 2-3 саяар төгрөгөөр худалдан авалт хийдэг. Гэтэл тэр брэндүүд биднийг байгаа үгүйг ч мэддэггүй. Худалдан авагчид л худалдан авалт хийж байж тухайн брэндийн цаашдын ирээдүй шалтгаалдаг. Тиймээс залуусыг үндэсний брэндингээ дэмжээч ээ гэж уриалмаар байна. Гаднын олон зуун жилийн түүхтэй брэндүүд бол алдаж, онох үеэ даваад гарчихсан. Гэвч бид нэг өдрийн өмнө ч гэсэн Монголынхоо оёмол, гар урлалын бүтээгдэхүүнүүдийг дэмжиж байж дэлхийн брэндийг төрүүлнэ шүү дээ.  

Бид ч үндэсний дээл хувцсаа өдөр тутамдаа нэвтрүүлье гэж байгаа учир бага зардлаар борлуулах шаардлагатай. 500 мянган төгрөгийн дээл гаргачхаад өдөр тутмынхаа хувцсыг болго гэвэл үндсэн зорилгоосоо гажна. Хүмүүс хятад цамцыг 25-30 мянга, Турк даашинзыг 80 мянган төгрөгөөр авч өмсдөг. Энэ бүтээгдэхүүнүүдтэй үнийн хувьд маш сайн өрсөлдөх ёстой. Харин чанарын хувьд бид чадна. Үнийн хувьд л өрсөлдөх чухал. Тиймээс бага зардлаар бүтээгдэхүүнээ гарган, борлуулахын тулд хичээж байна” гэв.

ИЖИЛ ТӨРЛИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД МИНИЙ ӨРСӨЛДӨГЧ БИШ

Хотын гудмаар дээлтэй явахад зөрж өнгөрсөн хүн бүр гайхан, шоолон, шоглон эргэж хардаг тэр үед “Ивээл” брэнд “Дээл бол гоёмсог хувцас юм” гэдгийг батлан харуулав. Тэдний араас дээлийг орчин үеийн уур амьсгалтай сүлсэн консепт бүхий брэндүүд шил шилээ даран “төрөх” болов. Үндсэндээ дээл гэдэг зөвхөн хөдөө гадаа өмсдөг хувцас биш өдөр тутмын хэрэглээ, гоёл болоод зогсохгүй шинэ жилээр ч даашинзны  хэрэглээг халах шинэ соёл болон хэвшив.

З.Рэгзэдмаа “Манай консептыг аваад араас гарч ирсэн маш олон брэнд бий. Би үүнд маш их баяртай байгаа. Үндэсний үйлдвэрлэл ингэж л хөгжих ёстой, бид чадах чадахаараа л урагшлах хэрэгтэй. Бид эдгээр олон брэндүүдийг хэзээ ч өрсөлдөгчөө гэж хардаггүй. Учир нь бид хамтдаа байж л дээл хувцсыг дагасан ажлын байрыг үүсгэж, дотооддоо мөнгөний урсгалыг барьж байна” гэлээ.

“Ивээл” брэнд одоо ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй зарим брэндтэй холбогдон цаашид хамтдаа юу бүтээж чадах вэ гэдэгт төвлөрөн ажиллаж байна. Тухайлбал, “Urban jeans”, “Exclusive” зэрэг брэндүүдтэй хамтран үндэсний үйлдвэрлэлээ нэгдсэн байдлаар хөгжүүлж, хамтдаа эв нэгдэлтэйгээр урагшилж байж Хятадын зах зээлийг, томоохон түүхтэй брэндүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөх хэмжээнд очно гэдгээ ухамсарлав. Ганц мод гал болохгүй гэдгийг бизнес эрхлэгч бүсгүйчүүл хэдийнээ ойлгожээ.

-Хэдийгээр бүх зүйлийг нарийн төлөвлөж, түүнийхээ төлөө цаг наргүй хөдөлмөрлөх ч алдаа оноо үргэлж амжилтыг дагаж явдаг шиг. Та юун дээр алдаж байв?  

-Яг зөв. Төлөвлөж бичсэний 40 хувийг л барьдаг юм байна гэдгийг би хожмоо ойлгосон. 40 хувийн биелэлт 60 хувийн алдаанаас үүссэн. Одоо уншихад “Үгүй ээ, мөн их тэнгэрийн юм бичиж байж ээ” гэж боддог. Гэхдээ тийм өндөр зорилгыг урдаа тавьсны хүчинд түүнд хүрэх гэж хичээсэн. Төлөвлөсөн тулдаа хурдтай байна, маш их алдсан тулдаа хурдан сайжирсан. Өдөр бүр зуу, зуун алдаа гаргадаг. Гэхдээ тэр алдаагаа цаг тутамд засаж сайжруулаад явах ёстой. Би үйлдвэрийн дарга болон менежертээ үйлдвэр, худалдаа, чанарын тал дээр ямар ч жижиг алдаа гарсан яг тэр үед нь засаад явах ёстой гэх шаардлага тавьдаг. Хэрэв алдааг жаахан юм гээд л зүгээр өнгөрүүлж, даамжруулбал салаалаад л томоохон алдаанд хүргэдэг.

Би тухайлбал, сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдэд маш их хөрөнгө оруулсан. Анхны 300 сая ч бай, одоогийн хөрөнгө оруулалтуудад Монголд байхгүй төхөөрөмжийг нутагшуулъя гэхээр хэвийн ажиллагаа алдагдаж, зөөврийн үед ч маш их цаг хугацаа алддаг. Эхний үед тун сайхан ажиллана. Ингээд л найм дахь хоногоос Монголын тогны хэлбэлзэл, ажиллаж буй боловсон хүчний мэргэшээгүй байдал, амралтын горим зэргээс шалтгаалаад үнэтэй авсан тоног төхөөрөмж ажиллагаагүй болдог. Засварлахын тулд зайлшгүй гаднаас хүмүүс урьж авч ирэх шаардлага гардаг. Монголд ер нь шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэн ажиллах тун төвөгтэй.

-Боловсон хүчин гэснээс оёдлын салбар хүний нөөцийн асуудал ихтэй. Та бүхэнд энэ асуудлаа хэрхэн даван гарч байна?  

-Тийм шүү. Хүний нөөцийг урт хугацаанд тогтвортой байлгахын тулд тэдний ахуй амьдралыг яах аргагүй дэмжих ёстой. Тэд 700 мянган төгрөгийн цалин авчхаад 400 мянгыг нь түрээсэнд өгчихвөл үлдсэнээр нь яаж амьдрах юм бэ. Орон нутгаас манайд ажиллахаар ирдэг ганц бие ээжүүд, өнчин өрөөсөн хүүхдүүдийг бид зардал багатайгаар амьдруулахын тулд ядаж орон гэрнийх нь асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Тиймээс үйлдвэрлэл явуулж байгаа байрныхаа нэг орцны эхний гурван давхрыг худалдаж аваад ажилчдаа хямд үнээр байрлуулах болсон. Улаанбаатар хотод хажуу өрөө 250-300 мянган төгрөгийн өртөгтэй байдаг. Бид ажилчдадаа 50 хувийн хөнгөлөлттэйгөөр түрээслүүлдэг. Нөгөөтээгүүр, байр түрээсэлье гэхээр заавал эхний зургаан сарыг нь өг гэх шаардлага нь хүмүүст хүнд тусдаг. Бидний хувьд цалингаас нь л авдаг. Мөн ажлынхаа яг хажууд амьдрахад өдрийн хоолонд мөнгө үрэхгүйн дээр, гэртээ ороод өөрсдөө эрүүл хоолоо хийгээд идчихдэг. Автобусанд мөнгө үрэхгүйн дээр цаг хугацаагаа хэмнэнэ. Ингэж л бид бие биедээ өгөөжтэй байж, нэг зүйлийн төлөө санаа амар хөдөлмөрлөдөг.

Би өөрөө өмнө олон газарт ажиллаж, олон ажил олгогчтой харилцаж явсан тул өөрөө ажил болгогч болохын цагт хүмүүсээ сайн мэдрэх сэн, тэдэнд юу хэрэгтэй вэ гэдгийг ойлгох сон гэж хүсэж зорьдог. Би эдэндээ нэг нэг байр аваад өгч чадахгүйгээс хойш өөрийн чадах хэмжээгээр л дэм болж буй минь энэ. Тэдний санаа амар амьдрах нь сайн ажиллах суурь болно. Тиймээс л бид хамтдаа олон бэрхшээлийг туулж, алгуурхнаар урагшилна.

Ер нь ажлын ярилцлагад орж байгаа ихэнх залуусын мөрөөдөл Монгол биш болжээ. Үйлдвэр гэдэг тэдний хувьд түр зогсоол шиг л. Би Солонгосын, АНУ-ын виз гартал энд ажиллана гэж тэд хэлдэг. Монголд олон брэнд бий болох тусам эдгээр залуус эх орондоо үлдэж ажиллах боломж, итгэл дүүрэн болно гэж найдах юм.

ТҮҮНИЙ ЦАГ ЗАВАА ХЭМНЭХ БАС НЭГ АРГА БОЛ МИНИМАЛИСТ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

Одоо тэр гурван ч том салбар дэлгүүртэй, өөрийн гэсэн үйлдвэрийн байр, ажилчдын байр, зураг авалтын студитэй, 100 гаруй ажилтантай үндэсний брэндийн үүсгэн байгуулагч болжээ. Хэний ч тусламжийг авалгүй ганцаар шүд зуун босгосон брэнд нь түүний үнэ цэнэ хэдийнэ болчихсон.

Загвар дизайн, үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн технологи, төлөвлөлт, стратеги, дэлгүүрүүд, ажилчдын байрны тог цахилгаанаас эхлээд түүнд санаа зовох зүйлс мундахгүй. Гэвч үүний хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргах нь хойшлуулж болохгүй чухал ажил. Ахуйн ажлуудаа хэрхэн зохицуулж, хүүхдүүдээ хэр их цаг зав гаргаж байна даа гэж асуухад тэр Би 10 дахь жилдээ бизнес эрхэлж байна. Анхны жилүүдэд өглөөний 07 цагаас оройн 23-24 цаг хүртэл ажилладаг байв. Ганц бие, амьдрал зохиогоогүй байсан учир боломжтой цаг хугацаагаа тултал ашиглаж, хөдөлмөрлөж чадсан гэж өөрийгөө тоодог. Одоо харин гэр бүл, хоёр хүүхэдтэй эмэгтэй. Тиймээс ажиллах цаг минь багассан. Гэхдээ багасна гэдэг нь үйлдвэрийн орчинд өнгөрүүлэх цаг минь л багасаж байгаа юм. Гэрээ оффис болгож ашиглана. Хоолоо тавих хоорондоо и-мэйлээ шалгана. Угаалгын машинд юмаа хийчхээд сошиалаар ажлаа явуулна. Миний ажил яг одоо миний л гарт бий. Утас болон лэйптопоороо бүх ажлаа явуулдаг учраас цагийн хязгааргүй ажиллах боломжтой. Үүнээс гадна би маш сайн хадам аав ээжтэй. Хүүхдүүдийн сургууль амарч байхад нөхөр бид хоёрыг ажил хийх боломжийг тэд маань л олгодог” гэв.

Түүний цаг заваа хэмнэх бас нэг арга бол минималист амьдралын хэв маяг. Загварын ертөнц мөрөөдөл нь байсан залуу насандаа тэр гангалж гоёж, цалингийнхаа хамаг ихийг гоё хувцасанд зориулдаг байж. Харин одоо энгийнийг чухалчлах болж. Тэр гурван ээлжийн гутал, гурван ээлжийн хувцастай. Шаардлагатай арга хэмжээнд брэндийнхэээ дээлээ өмсчихнө. “Материаллаг хүслээ даваа ирэхээр илүү их алсыг хардаг болчихдог, ийм үед айхтар үнэтэй дэлхийн брэндүүдэд мөнгөө зарцуулах ч шаардлагагүй болдог. Одоо надад байдаг ганц нэг дэлхийн брэндийн эд зүйлс найз нөхдийн минь бэлэглэсэн зүйлс л байдаг” гэж тэр ярив.

100 ХҮН ГАРААД ТАЛБАЙ ДЭЭР ОЧООД ЖАГСАХААСАА ИЛҮҮТЭЙ, ЭНЭ ҮЙЛДВЭРТЭЭ СУУГААД АЖИЛЛАХ НЬ ИЛҮҮ САЙН ТЭМЦЭЛ БОЛНО

Нөхөртэйгөө ханилан, нэг гэрт ороод удаагүй байхдаа ажлаасаа гэртээ ирээд зурагт үзэж суугаа нөхрөө “Чи яагаад зүгээр суугаад байгаа юм бэ” гэж их гайхан, уурлаж байсан тухайгаа инээмсэглэн дурсав. Тэгэхэд нөхөр нь хүмүүс орой 18 цагт ажлаа тарж, гэртээ ирээд амардаг тухай энгийн ойлголтыг тайлбарлаж өгсөн нь түүний хувьд хүлээн зөвшөөрч чадамгүй, шинэ зүйл байв. Хүмүүсийн энгийн амьдралын хэв маягийг ойлгохгүй хэмжээнд хүртэл бага наснаас өдийг хүртэл хөдөлмөрлөсөн нь түүний амжилтын нэг хэсэг байжээ.

-Бизнес хийж эхэлсэн 10 жилийн хугацаанд та өөртөө ямар шаардлага тавьж, урагшилсан бэ?

-Амьдрал угаас хатуу. Энэ дунд адилхан хатуу байж л үүнийг давж гарах ёстой шиг санагддаг. Вирус гарлаа, улс төр ийм байна гээд бид боож үхэх билүү. Үгүй шүү дээ, бид оршин байгаа яг энэ цаг үедээ чаддаг чаддагаа хийж л тэмцэх хэрэгтэй. Манай үйлдвэрийн 100 хүн гараад талбай дээр очоод жагсахаасаа илүүтэй, энэ үйлдвэртээ суугаад ажиллах нь илүү сайн тэмцэл болно. Бидний тэмцэл бол хийж буй ажлаа төгс хийх. Хөдөлмөрлөх тусам амьдрал өгөөжөө өгдөг гэдэгт би итгэдэг. Харин залхуу хүнд маш дургүй. Хөдөлмөрлө. Гэхдээ эрүүл мэндээ, гэр бүлээ хаяхгүйгээр маш зөв хөдөлмөрлө. Төлөвлөлттэйгөөр, бодит тооцоотойгоор хөдөлмөрлө. Тэгвэл цаг хугацаа маш их хэмнэнэ. Би том машин, том байр хүсдэггүй. Харин үр хүүхдэдээ үнэ цэнтэй бизнес үлдээх, үндэсний хувцсаа брэндинг болгох, урт хугацааны төлөвлөлт хийснийхээ дагуу ажлаа явуулахыг л зорьж урагшилж байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Сар шинийн баяр ойртож буйтай холбоотойгоор Ивээл брэндийн Ээлтэй Ивээл төсөл үйлдвэрийн хаягдал материалыг ашиглан хямд боловч хүний хэрэгцээнд 100 хувь нийцэх оёмол бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн гаргаж байна. 300-3000 төгрөгт худалдан авах боломжтой тор, цүнх, үсний боолт зэрэг бүтээгдэхүүнийг та бүхэн IVEEL брэндийн дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
555
555
2020-02-03 20:33

Хөдөлмөрч бүсгүй юм аа. Харин тэр Абигэйлд зарагддаг бараа бол юун брэнд, арай л муухай чанаргүй шүү!!! Анхаарна биздээ!

Зочин
Зочин
2020-02-04 12:21

arai l muuhai hyamdhan chanargvi huwtsasnuudtai

Зочин
Зочин
2020-05-15 12:52

Утасаа өгнө үү?

zovre lioptor
zovre lioptor
2021-07-26 03:59

F*ckin’ amazing things here. I am very glad to see your post. Thanks a lot and i am looking forward to contact you. Will you please drop me a e-mail?

zovrelioptor
zovrelioptor
2021-08-09 01:06

When I originally commented I clicked the -Notify me when new comments are added- checkbox and now each time a comment is added I get four emails with the same comment. Is there any way you can remove me from that service? Thanks!

Сэтгүүлчид
Сэтгүүлчид
2021-09-08 12:53

Сэтгүүлчээ үгийн сонголт, найруулгаа анхаараа. Уртаашаа 300 сая төгрөгтэй гэдэг өгүүлбэр чинь арай бишээ хэхэхэх

Холбоотой мэдээ

Back to top button