Холбооны шүүгч Трампын цагаачлалын шүүхүүд дээрх баривчилгааны бодлогыг түдгэлзүүлжээ
Калифорни мужийн холбооны шүүгч мягмар гарагт Трампын засаг захиргааны цагаачлалын шүүхүүд дээрх баривчилгаа явуулах бодлогыг улс даяар түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, олон нийтийн анхаарлыг ихээр татав.
Өнгөрсөн жил АНУ-ын Цагаачлал, гаалийн алба улс даяарх шүүхийн байрны хонгилуудад цагаачдыг саатуулж эхэлсэн бөгөөд зарим тохиолдолд тэд өөрсдийн хэргээ шүүхэд тайлбарлан мэдүүлсний дараахан баривчлагдаж байв. Энэ арга хэмжээ нь өмгөөлөгчид болон хүний эрхийн төлөөх байгууллагуудын дунд түгшүүр төрүүлсэн юм. Тэдний үзэж буйгаар ийм ажиллагаа нь цагаачлалын шүүхийг хууль ёсны журмаар асуудлаа шийдвэрлүүлэх газар бус, айдас төрүүлдэг бүс болгон хувиргаж, дүрэм журмыг дагаж шүүхэд ирсэн хүмүүсийг шийтгэж байна гэж шүүмжилсэн.
Мягмар гарагт гаргасан энэхүү шийдвэр нь Трампын засаг захиргаанд томоохон цохилт болов. Учир нь тус засаг захиргаа өмнө нь мөрдөгдөж байсан шүүхийн байр болон түүний ойролцоо цагаачлалын албаны ажиллагаа явуулахыг хязгаарласан олон жилийн удирдамжийг хүчингүй болгосон юм. Трампын албаныхан өмнөх журам нь цагаачлалын албаныхныг аюултай этгээдүүдийг баривчлах боломжийг хязгаарлаж байсан гэж тайлбарлаж байсан удаатай.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.