Гадаад мэдээДЭЛХИЙ

Австрали: Хүүхдүүдийг сошиал платформоос хориглосон ч ихэнх нь ашигласаар байна

Австралийн интернэтийн зохицуулагч байгууллага шинэ судалгааны тайлангаа танилцуулжээ. Судалгаагаар 16-аас доош насны хүүхдүүдийн 10 хүн тутмын наймаас илүү нь цахим платформуудыг ашигласаар байгаа нь тогтоогдсон байна. Австрали улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн 16-гаас доош насны хүүхдүүдийг сошиал платформууд ашиглахыг хориглосон юм.

Судалгаагаар юу тогтоов

Австралийн цахим аюулгүй байдлын байгууллага болох “eSafety” мэдээлснээр, хориг хэрэгжиж эхэлсэн ч хүүхдүүдийн ихэнх нь сошиал сүлжээгээ орхиогүй байна. 10-15 насны хүүхдүүдийн дийлэнх нь энэ оны гуравдугаар сард ч хоригийн өмнөх шиг сошиал сүлжээ ашиглаж байжээ.

“eSafety”-гийн тайланд "Хориг хэрэгжихээс өмнө сошиал хаягтай байсан 16-аас доош насныхны ихэнх нь хаягаа хадгалж үлдсэн эсвэл шинээр бүртгэл үүсгэж чадсан. Үүний гол шалтгаан нь платформууд нас баталгаажуулах үр дүнтэй арга хэмжээ хангалттай хэрэгжүүлээгүйтэй холбоотой" гэж бичсэн байна.

Хүүхдүүд дунд санал асуулга явуулахад тэдний тал орчим нь платформууд насыг нь огт шалгаагүй гэж хариулжээ. Энэ нь тэднийг хаягаа үргэлжлүүлэн ашиглах хамгийн түгээмэл шалтгаан болсон аж. Харин бусад хүүхэд бүртгэлдээ 16-гаас дээш настай гэж оруулсан эсвэл нас шалгах систем андуурч өөрсдийг нь насанд хүрсэн гэж тогтоосон гэжээ.

Хориг хэрэгжихээс өмнө судалгаанд оролцсон хүүхдүүдийн бараг 86 хувь нь насны хязгаарлалттай дор хаяж нэг сошиал платформ ашигладаг байжээ. Харин гурван сарын дараа энэ үзүүлэлт 81 хувь байсан аж.

Арванхоёрдугаар сараас хойш өдөр бүр сошиал сүлжээ ашигладаг өсвөр насныхны эзлэх хувь ч бараг өөрчлөгдөөгүй байна. Хоригийн өмнө энэ үзүүлэлт 60 хувь байсан бол дараа нь 58 хувь болжээ.

Мөн хүүхдүүдийн өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй байна. Тодруулбал спорт, урлаг, хөгжмийн дугуйланд хамрагдах, гэр бүл, найз нөхөдтэйгөө цаг өнгөрүүлэх, олон нийтийн арга хэмжээнд оролцох байдал өмнөхтэй адил хэвээр байжээ.

Сошиал платформуудыг хориглосон шинэ хууль хэрэгжиж эхлэх үед мэргэжилтнүүд уг хуулийг мөрдүүлэхэд хүндрэлтэй байхыг анхааруулж байсан юм. "Generation Connected: How to Parent in a Digital World" номын зохиогч, цахим орчин судлаач Жоанна Орландо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Al Jazeera” агентлагт хэлэхдээ "Технологийн мэдлэгтэй өсвөр насныхан VPN ашиглаж, төрсөн он сар өдрөө хуурамчаар бүртгүүлэх эсвэл Lemon8 зэрэг өөр платформ руу шилжиж байна. Зарим нь бүр хоригт хамрагдаагүй видео тоглоомын платформ ашиглаж байгаа. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх маш хэцүү" гэсэн байна

Зургийн эх сурвалж: CPO Magazine

Австралийн Засгийн газар судалгааны үр дүнд ямар хариу үзүүлэв

Австралийн Бүтээмж, өрсөлдөөн, буяны байгууллага болон Сангийн яам хариуцсан туслах сайд Эндрю Ли шинэ хуулийг хамгаалжээ. Тэрбээр энэ хууль нь хүүхдийн сошиал хэрэглээний талаар улс даяар өрнөж буй хэлэлцүүлгийг өөрчилсөн гэж үзэж байна.

Ли телевизэд ярилцлага өгөх үедээ "Эцэг эхчүүдийн хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Энэ бол том ахиц" гэж хэлжээ. Мөн "Бид сая сая хэрэглэгчийн бүртгэлийг хаасан. Энэ хуулийг хүн бүр 100 хувь мөрдөнө гэж бид хэзээ ч бодоогүй. Архи хэрэглэх насны хязгаар ч мөн адил бүрэн мөрдөгддөггүй. Гэхдээ ийм хуультай байх нь зөв" гэж нэмж хэлсэн байна.

Цахим платформууд хүүхдэд хортой юу?

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар цахим сүлжээ нь худал мэдээлэл, үзэн ядалтыг өдөөсөн нийтлэл, хүүхдэд тохиромжгүй контентыг түгээх эрсдэлтэй хэвээр байна. Харин хиймэл оюун ухаанаар бүтээсэн контент олширсон нь энэ эрсдэлийг улам нэмэгдүүлжээ.

Америкийн Сэтгэл судлалын холбоо өнгөрсөн онд гаргасан зөвлөмждөө хиймэл оюун ухаан хүчирхийлэл болон бэлгийн агуулгатай контентыг илүү өргөн хүрээнд түгээх боломжтой гэж анхааруулсан юм

Мөн өсвөр насныхан хиймэл оюун ухаанаар бүтээсэн мэдээллийг насанд хүрэгчдээс илүү амархан үнэн гэж итгэх хандлагатай гэжээ. Хүүхдүүд хиймэл оюун ухааны өгсөн зөвлөгөө, мэдээлэл ямар зорилготой, буруу эсэхийг сайн ялгаж чаддаггүйг Америкийн Сэтгэл судлалын холбоо онцолсон байна.

“UNICEF”-ийн 2025 онд хийсэн судалгаагаар дэлхийн олон орны хүүхдүүд хиймэл оюун ухааныг ашиглан хүүхдийн бэлгийн мөлжлөгийн материал болон дийпфэйкээр хийсэн хуурамч зураг, бичлэг бүтээж байгаад хамгийн их санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Өөр ямар улс цахим платформуудыг хориглохоор төлөвлөж байна вэ

Австрали 16-гаас доош насны хүүхдүүдийн цахим платформуудын хэрэглээг хязгаарласан хууль баталсны дараа хэд хэдэн улс үүнтэй төстэй арга хэмжээ авахаар хэлэлцэж эхэлжээ. Их Британийн Засгийн газар 2027 оны хавраас эхлэн “TikTok”, “Snapchat”, “Instagram” зэрэг платформыг 16-гаас доош насныханд хориглохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

Харин “WhatsApp”, “Signal” зэрэг мессежийн аппликейшн, боловсролын платформууд, цахим худалдаа болон хөгжмийн стриминг үйлчилгээнүүдэд энэхүү хориг үйлчлэхгүй.

2025 оны арваннэгдүгээр сард Данийн парламент 15-аас доош насны хүүхдүүдийг сошиал сүлжээ ашиглахыг хориглох хуулийн төслийг дэмжсэн юм. Уг хоригийг энэ оны сүүлээр хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Мөн Малайз энэ оноос эхлэн 16-гаас доош насныханд цахим платформын хаяг нээхийг хориглохоор болсноо зарласан юм.

Харин Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис дөрөвдүгээр сард 15-аас доош насны хүүхдүүдийн сошиал платформын хэрэглээг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хязгаарлах төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Эх сурвалж: Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button