Ж.Ганбаатар: Нийт 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцсэн

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2020.02.07/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2019 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар болон ажлын албаны холбогдох албан тушаалтнууд оролцов.
Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, хуулийн гурван төсөл, Улсын Их Хурлын тогтоолын есөн төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээрийн зургаан төслийг тус тус хэлэлцэж, 33 санал, дүгнэлт, хоёр танилцуулга, 46 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.

Тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, “Байнгын хорооны хуралдаанаар албан тушаалтныг томилох, чөлөөлөх таван асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан. Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх зорилгоор Байнгын хорооны 14 тогтоол баталсан байна. Байнгын хорооны есөн ажлын хэсэг байгуулан 31 удаа хуралдаж, дөрвөн танилцуулга, санал, дүгнэлтийг бэлтгэж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Эдийн засгийн байнгын хорооны ажлын албанаас Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл хоёр, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн захиалгаар боловсруулсан хууль, тогтоолын төсөл хоёр, байнгын хорооны даргын оролцсон арван удаагийн уулзалт, ярилцлага зохион байгуулсан” гэж онцоллоо.
Түүнчлэн тус байнгын хороогоор:
- Хууль тогтоох үйл ажиллагаа, Байнгын хороо нь эрхлэх асуудлын хүрээнд эдийн засгийн бодлогын чиглэлээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолууд зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
- Салбарын зохицуулалтын үр ашгийг сайжруулах чиглэлээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуулийн төслийг хэлэлцсэн.
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон гадаад зээлтэй холбогдсон нийт зургаан хэлэлцээрийн төслүүдээр санал, дүгнэлт гарган холбогдох Байнгын хороодод хүргүүлжээ.
- Авто замын тухай хуулийн хэрэгжилт болон Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тус тус ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан талаар Байнгын хорооны дарга мэдээлсэн. Энэ хугацаанд Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэнээс тус байнгын хороонд ирүүлсэн 86 албан бичиг, 168 өргөдлийн хариуг тухай бүр нь шийдвэрлэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.