Өнгөрсөн долоон хоногт Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.19-2026.10.25) нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 64 суманд аюулт үзэгдэл, ослын 166 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 147 иргэнийг гаргажээ.
Нийт дуудлагын 112 нь обьектын гал түймэр, 19 нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, хоёр нь хүчтэй салхи шуурга, 32 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд ахуйн гал түймрийн нийт 12 дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, дуудлагын дагуу алба хаагчид ажиллажээ. Нийт дуудлагын 8 буюу 66 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Тодруулбал, гэр, хашаа, байшин шатаж байна гэсэн дуудлага зонхилжээ.
Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна. Түүнчлэн угаарын хийн мэдрэгчийг тогтмол хянаж шалган аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.