Улсын нүүрсний экспорт 40.9 хувиар өссөн ч "Эрдэнэс Тавантолгой"-нх сар бүр буурчээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн сарын нүүрсний экспорт дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй буурч, есдүгээр сард 1.9 сая тонн болжээ. Энэ нь долдугаар сарынхаас 34 хувиар, нэгдүгээр сарынхаас бараг хоёр дахин бага. Гэтэл улсын нүүрсний экспорт энэ оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 40.9 хувиар өссөн байна.
Инфографик
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нүүрсний экспорт бууралтыг Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай холбон тайлбарлав. Түүний хэлснээр боомтод ажил явагдаж буй учир хилээр нэвтрүүлэх нүүрсний хэмжээ багассан байна. Улмаар долдугаар сард 3 сая тонн орчим байсан сарын экспорт одоо дунджаар 1.9 сая тонн болжээ.
Гашуунсухайт–Ганцмодоор хил нэвтэрсэн ачааны машины тоо ч гуравдугаар улиралд цөөрчээ. Ухаа худагийн уурхайг ажиллуулдаг "Энержи Ресурс" ХХК-ийн толгой компани Mongolian Mining Corporation улирлын тайландаа энэ хугацаанд нүүрс ачсан машин ажлын өдөрт дунджаар 897 удаа хил нэвтэрсэн гэжээ. Энэ нь хоёрдугаар улирлын 1,366-гаас 34 хувиар бага. Тус компани гуравдугаар улиралд 1.997 сая тонн угаасан коксжих нүүрс борлуулсан нь өмнөх улирлынхаас 26, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувиар бага байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2026 оны эхний есөн сард Монгол Улс 82.3 сая тонн нүүрс экспортолж, 5.9 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь Монголбанкны 2026.10.27-ны ханшаар 21.2 их наяд төгрөг юм.
Улсын нүүрсний экспортын гуравны нэг орчмыг "Эрдэнэс Тавантолгой" ХК бүрдүүлж байна. Тус компани эхний есөн сард 26.9 сая тонн нүүрс экспортолжээ. Өнгөрсөн онд 40 сая тонн экспортлохоор төлөвлөж, 40.8 сая тонныг гаргаж байв.
Экспортын хэмжээ буурсан ч компанийн орлого төлөвлөгөөнөөс давсан гэж Б.Чагнаадорж мэдэгдэв. Түүний тайлбарласнаар БНХАУ-ын Шаньси мужид уурхайн дэлбэрэлт гарсны дараа нүүрсний үнэ тонн тутамдаа 130 ам.доллараас 205 ам.доллар хүртэл өсөж, компани энэ үед нүүрсээ борлуулжээ. Эхний есөн сард тус компани биржээр 246 удаа арилжаа хийж, 15.9 сая тонн нүүрсийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5.4 их наяд төгрөгөөр худалдсан байна.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.