НийгмийнСПОРТСурвалжилга, Нийтлэл

Дэлхийн дэвжээнд түрүүлсэн Монголын анхны эмэгтэй бөх

Монголчууд бөхийн спортын төрлөөр анхны эмэгтэй дэлхийн аваргаа 1990 онд өлгийдсөн түүхтэй. Монгол бүсгүйчүүд бөхийн төрлөөр дэлхийн аварга болж чадахыг анх баталсан эл бахдам амжилтын эзэн бол Гавьяат тамирчин Лхамаасүрэнгийн Бадамсүрэн билээ. 18 насандаа самбо бөхийн ДАШТ-д анх удаа зодоглоод түрүүлсэн тэрбээр дэлхийн дэвжээнээс алтан медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй тамирчин. Түүнээс өмнө байт харвааны төрөлд Д.Дэмбэрэл ДАШТ-д Төрийн дууллаа эгшиглүүлснийг нь спортын хүрээнийхэн сайн мэднэ.

ДАШТ-д ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН ХОЁР ДАХЬ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН

“ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй тамирчин хэн бэ” гэж асуувал уншигчид дуу нэгтэйгээр Дэмбэрэл (байт харваа) хэмээн хариулах нь дамжиггүй. Тэгвэл хоёр дахь нь хэн бэ гэвэл шууд хариулах нь хэд бол. Үүнд Л.Бадамсүрэн гавьяатаас үл шалтгаалах хэд хэдэн зүйл бий. Хийсэн, бүтээснээ дөвийлгөх дургүй, даруухан амьдрахыг чухалдаг түүний унаган зан. Ямар сайндаа “Энд, тэндээс ярилцлага авах санал тавихаар нь би зугтчихдаг. Ойр дотнынхон маань “Хүмүүс мартагдааас айдаг. Зарим нь хэвлэлд ярилцлага өгье гэж гуйдаг гэнэ лээ. Хэний ч өмнө нүүр бардам ярих амжилттай мөртлөө яах гэж зугтдаг юм бэ” гэж намайг загнадаг” гээд инээмсэглэх вэ дээ.

Үүний сацуу “Википедиа”-д тавигдсан ДАШТ-ээс медаль хүртсэн монгол самбочдын тухай нийтлэлд түүний нэр нь байдаггүй нь хачирхалтай. Самбогийн төдийгүй бөхийн төрлийн ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй бөхийнхөө амжилтыг ингэж үл тоон, үнэгүйдүүлж болмооргүй сэн.

Самбогоор олон улсын ганц ч тэмцээнд өрсөлдөж үзээгүй байхдаа ДАШТ-д анх зодоглоод л монгол бүсгүйчүүд бөхийн төрлөөр барилдан, түүгээр ч үл барам дэлхийн аварга болж чадахыг баталсан нь яахын аргагүй бахдам амжилт.

Эмэгтэй хүн бөх барилдахыг төдийлөн таашаадаггүй, эсэргүүцдэг байсан цаг үед эл амжилтыг гаргаж, олонд үлгэрлэсэн тэрбээр 19-хөн насандаа Гавьяат цол хүртсэн юм. Үүний сацуу анхны гэх тодотгол бүхий олон амжилт түүнийх. Жүдогоор хичээллэсэн, олимпын болон Азийн дэвжээнд зодоглосон, олон улсын тэмцээнээс төдийгүй Азийн АШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчдын нэг Л.Бадамсүрэн 1990-ээд онд ёстой од болон гялалзаж явсан нэгэн. 

Тухайн үед Монголын хамгийн алдартай тамирчны нэг нь тэр байв. Харамсалтай нь, зах зээлийн ороо бусгаа үе түүнийг ч бас тойроогүй. Амжилтаа батлах, дэлхийн хошой аварга болох, олимпоос медаль хүртэх гээд олон зорилго тавин зүтгэсэн ч амьдрахын эрхэнд 24 насандаа спортоос хөндийрөн, харийн орныг зорьжээ. Улмаар 2007 онд эх орондоо ирсэн юм.

МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЖҮДОЧДЫН НЭГ

Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат түүний аав аймгийн арслан, авга ах, “Уран гараат” хэмээх Г.Баттогтох нь улсын начин цолтой. Л.Бадамсүрэн эхээс зургуулаа, гурван ах, хоёр эмэгтэй дүүтэй. Багадаа мод хагалах, усанд явахаас авхуулаад хар бор ажил хийж өссөн нь түүнд биеийн хүчний бэлтгэл болдог байж. Тэрбээр жүдогийн спортод хорхойссоор 1988 оны дөрөвдүгээр сард найз Баярмаатайгаа хамт Спортын төв ордонд очжээ. Жүдогийн шигшээ багийн танхим руу орон “Эмэгтэйчүүд жүдогоор хичээллэдэг үү. Бэлтгэл хийх гэсэн юм” хэмээхэд Ш.Баясгалан багш Ч.Машбат дасгалжуулагчтай уулзахыг зөвлөв. Тэгээд самбогийн танхимд  жүдогоор барилдах хүсэлтэйгээ хэлэхэд нь Ч.Машбат агсан “Монголд жүдогоор эмэгтэй хүн барилддаггүй. Би шинээр хөгжүүлэх гэж байгаа. Та хоёр 10-аад хоногийн дараа ирээрэй” гэжээ. Тэгж есдүгээр ангид сурч байхдаа жүдогоор хичээллэж эхэлсэн юм, Л.Бадамсүрэн гавьяат.

Кимоно нүдний гэм тул биеийн тамирын хувцастай бэлтгэл хийнэ. Ч.Машбат агсан Монголд анх удаа эмэгтэйчүүдийг жүдогоор барилдуулах суурийг тэгж тавьж, бэлтгэл хийлгэхэд 10-аад тамирчин бүртгүүлсний нэг нь тэр. Монголд эмэгтэй жүдо хөгжөөд удаагүй байсан тул эхэндээ аав, ээждээ хэлж зүрхлэлгүй нуужээ. Нэг удаа асуухаар нь “Сагсан бөмбөгийн дугуйланд явж байгаа” хэмээсэн гэдэг. Нууцаар гурван сар гаруй хугацаанд жүдогийн бэлтгэл хийсний эцэст үнэнээ хэлжээ.

ОЛНЫ ЭСЭРГҮҮЦЛИЙГ ДАВСАН ЭМЭГТЭЙ ЖҮДОЧДЫН ХАМТЫН ХҮЧ

Эмэгтэй жүдочдыг анхандаа улсаас их эсэргүүцсэн гэдэг. Эрэгтэй жүдочид хүртэл “Эмэгтэй хүн дэвжээн дээр гаргахгүй. Сүлд хийморь доройтно” гээд дургүйцсэн юм билээ. Сүүлдээ бүр тэднийг Спортын төв ордонд бэлтгэл хийхийг, жүдогоор барилдахыг хориглосон удаатай. Ч.Машбат багш “Улсаас биднийг тарахыг шаардлаа” гэсэн гэнэ лээ.

Энэ тухай Л.Бадамсүрэн гавьяат “Бид бууж өгөхийг хүсээгүй, энд тэндхийн спорт танхим гуйн бэлтгэл хийсээр байв. Үнэхээр болгоё, бүтээе гээд хоёргүй сэтгэлээр зүтгэвэл зорьсондоо хүрдэг юм билээ. Ч.Машбат багш жүдог хөгжүүлье гэсэн үнэнхүү сэтгэлийнхээ хүчээр л тэр бүхний ард гарсан. Эмэгтэйчүүд жүдогоор барилдаж болдог гэдгийг олон нийтэд ойлгуулахын тулд бид томоохон арга хэмжээний нээлтэд үзүүлэх тоглолт хийдэг байв. Барилдахгүй, мэх, техникийг нь түлхүү сонирхуулна. Тэр бүхэн эмэгтэйчүүд жүдо барилдаж чадахыг бусдад ойлгуулахад их нөлөөлсөн.

Одоо бодох нь ээ, багш минь үнэхээр алсын хараатай, холч ухаантай хүн байжээ. Дараа жил нь нэрэмжит тэмцээн зохион байгуулж, биднийг Хөх хотын жүдочидтой хамтарсан бэлтгэл хийлгэн, олон улсын дэвжээнд зодоглосон нь амжилтад их дэм болсон. Жүдогийн үзүүлэх тоглолтыг олноор хийн, нэлээд сурталчилсан тул монголчууд сайхан хүлээж авсан. Тухайн үед “Эмэгтэй хүн барилдаж болох юм байна” гэх бодол хүмүүст төрсөн байх. Тэмцээний үеэр бид өрсөлдөхдөө олны сонирхлыг татах, аль болох сонирхолтой, үзүүштэй мэх хийхийг хичээсэн” гэж дурсав.

БӨХИЙН СПОРТООР ХОЁРХОН ЖИЛ ХИЧЭЭЛЛЭЭД, 18 НАСАНДАА ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН

Гавьяат тамирчин Л.Бадамсүрэн бөхийн спортоор хоёрхон жил хичээллээд дэлхийн аварга болсноор нь бахархахгүй байхын аргагүй. Самбогоор олон улсын ямар нэгэн тэмцээнд оролцоогүй байхдаа, 1990 оны ДАШТ-д анх удаа зодоглоод Төрийн дууллаа эгшиглүүлснээр нь өдгөө ч монгол түмэн бахархдаг. Л.Бадамсүрэн жүдогоор Хөх хотод хамтарсан бэлтгэл хийн, гадаадын бөхчүүдтэй барилдаад үзчихсэн, Азийн наадамд Монголоос Х.Эрдэнэт-Од, С.Дашдулам, Ч.Оюунтунгалаг нарын хамт өрсөлдөхдөө медаль аваагүй ч их туршлага хуримтлуулсан гэнэ. Тэгээд л 1990 онд ОХУ-ын Москва хотод болсон самбогийн ДАШТ-д Монголоос 10-уулаа оролцжээ. Манай улсын эмэгтэй самбочид дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдсөн нь тэр.

Л.Бадамсүрэн дэлхийн аварга болсон тухайгаа “Мэдээж амжилт гаргаж чадна л гэж бодсон. Би мундаг, авьяастайдаа бус, багш бэлтгэлийг минь үнэхээр сайн хийлгэсний ачаар түрүүлсэн шүү дээ. Тэр жил би ерөнхий боловсролын сургууль төгссөн. МУБИС-ийн түүх, философийн ангид элсэх зорилготой байсан ч чадаагүй. Дээд сургуульд элсэлгүй, бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулав. Бэлтгэлээ өдөрт хоёр удаа хийнэ. Манай дугуйлангийн ихэнх тамирчин үдээс өмнө хичээлдээ явдаг болохоор надтай бэлтгэл хийх хүн ховор. Багшаас гуйж байгаад бэлтгэлээ Сарангоо, Алтантуяа хоёртой хамт хийх болов. Тэднийхээ тусыг би хэзээ ч мартахгүй. Тэгж миний бэлтгэлийг хангалцсан нь дэлхийн аварга болоход их нэмэр болсон.

Би ДАШТ-д эмэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн. Манай жинд ес бил үү, 10 бөх зодоглосон юм. Тухайн үед дэлхийн дэвжээнд анх удаа оролцож байна, ийм мундаг, тийм амжилттай бөхтэй учраа таарлаа гэх бодол надад огт төрөөгүй. Эхний тойргуудад Франц, Итали, Чехийн бөхийг ялсан. Аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын бөхийн 10:2-оор өвдөг шороодуулан, 18 насандаа дэлхийн аварга болж билээ. 

Ээж, аав хоёр миний тухай радиогоор сонссон гэсэн. Хурдан харьж, гэр бүлийнхэнтэйгээ уулзан, баярт мөчөө хуваалцах сан гэж хэчнээн яарсан гэж санана. Биеийн тамир, спортын газрын 40 жилийн ойгоор би дэлхийн аварга болсон юм билээ. Эх орондоо ирэнгүүтээ баярын хуралд оролцохыг үүрэгдсэн. Онгоцноос буугаад л гэртээ ч орж амжилгүй очсон юм. Аав, ээж хоёр намайг ДАШТ-д түрүүлсэн гэхэд итгэж ядсан. Тэр онд Эрдэнэт хотод болсон олон улсын тэмцээнд түрүүлж, дараа жил нь Гавьяат тамирчин цол хүртсэн” гэлээ.

19 НАСАНДАА ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТСЭН

Л.Бадамсүрэн дэлхийн аварга болсныхоо дараа жил, 19 насандаа гавьяат тамирчин цол хүртсэн. 1990-ээд онд од болон гялалзаж явсан түүнийг хамаг томоохон арга хэмжээнд урин, хэвлэл мэдээллийнхэн жил гаруй онцолж, ярилцлага авч, нийтлэл бичжээ.

АЗИЙН АШТ-ий МЕДАЛЬТ МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЖУДОЧДЫН НЭГ

Л.Бадамсүрэн Азийн АШТ-ээс төдийгүй олон улсын тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдочдын нэг. Тэрбээр 1991 онд болсон Азийн АШТ-ээс С.Дашдулам, Х.Эрдэнэт-Од нарын хамт хүрэл медаль хүртэн, анхдагч болсон түүхтэй.

ОЛИМПОД ЗОДОГЛОСОН МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЖҮДОЧДЫН НЭГ

Олимпийн дэвжээнд зодоглосон Монголын анхны эмэгтэй жүдочдын нэг тэр. Тэрбээр “Барселона-1992” олимпод Х.Эрдэнэт-Од, Р.Дэчинмаа нарын хамт барилдан, анхдагч болсон түүхтэй. Олимпоос хэдхэн сарын өмнө Л.Бадамсүрэнгийн хөл бэртэн, мэс засалд оржээ. Яалт ч үгүй “Барселона-1992”-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд түүний нэр байсан болохоор хүч сорихоос өөр арга байгаагүй гэнэ.

24 НАСАНДАА БАРИЛДАХАА БОЛЬСОНД НЬ СПОРТЫН ХҮРЭЭНИЙХЭН ӨДГӨӨ Ч ХАРАМСДАГ

Зах зээлийн шуурганд өртөн, спортоо орхисон Монголын олон тамирчны нэг нь Л.Бадамсүрэн гавьяат. Ер нь 1992 оноос Монголын спортын салбар уналтад орон, тамирчид тэмцээнд хувийн зардлаар оролцох болсон. Томоохон албан байгууллага, бизнесмэнээс дэмжлэг хүснэ, үүдийг нь сахидаг байсан гэдэг. Тэгж явсан тамирчдын нэг нь тэр.

Энэ тухай тэрбээр “1994 оны ДАШТ-д хувийн зардлаар оролцон, дараа жил нь оюутны дэлхийн наадамд зодоглохоор төлөвлөтөл зардал олддоггүй ээ. Гүйсээр байгаад Монголоос Японд очих зардлаа олоод өрсөлдсөн. Буцах зардалгүй тул тэнд хоёр сар ажиллан мөнгө олоод ирж билээ. Тэр хэрээр бидний амжилт буурсан, спортын хөгжил уруудсан.

Тэмцээнд оролцох бүрт санхүүгийн хүндрэлтэй нүүр тулна. Спортдоо үнэнч үлдэн, зорилгодоо хүрэхийн төлөө хэчнээн зүтгэсэн ч санаснаар болоогүй. Амьдрахын эрхэнд 1996 онд БНСУ-ыг зорьсон. 24-хөн насандаа барилдахаа болих хэцүү юм билээ. Амьдралдаа гаргасан хамгийн хэцүү шийдвэр маань тэр” гэлээ.

ТАРИАН ТҮРҮҮ ӨНДӨР УРГАХ ТУСМАА БӨХИЙДӨГ ГЭДЭГ ҮГНИЙ ҮЛГЭРЛЭЛ БОЛСОН ГАВЬЯАТ

Түүний тухай нийтлэл бичих гээд судлахад хэвлэлд өгсөн ярилцлага, нийтлэл бараг олдсонгүй. “Википедиа”-д тавигдсан, ДАШТ-ээс медаль хүртсэн самбочдын тухай нийтлэлд ч түүнийг дурдаагүй, нэр нь алга байна билээ.

Өнөөгийн залуус таны тухай төдийлөн мэдэхгүй, цагийн эргэлтэд мартаж буйд нь гомддог уу гэж түүнээс асуухад “Үгүй ээ, юу гэж тэгэх вэ. Түүх түүхээрээ л үлддэг. Хэн ч амжилтыг минь үгүйсгэж, баллуурдаж чадахгүй. Зах зээлийн хүнд үед монгол бүсгүйчүүд бөхийн төрлөөр дэлхийн аварга болж чадахыг баталснаараа, амжилт минь булган сүүлтэй байж чөлөөт бөх, жүдо, самбогоос олон шилдэг төрж, ДАШТ-д түрүүлсэнд бахархдаг. 

Энэ бүхний эхлэл, суурийг бид Ч.Машбат багштайгаа хамт тавьсандаа олзуурхдаг. Түүнээс биш өнөөдөр намайг хүн бүхэн таньж, дурсаж, магтах чухал биш. Би өөрийгөө дөвийлгөх дургүй. ДАШТ, олимпод, Азийн АШТ-д надтай хамт оролцсон, Монголын эмэгтэй жүдочдын анхдагч болсон тамирчдаараа бахархдаг. Би дэлхийн аварга болсон, Гавьяат тамирчин цол хүртсэн нь тэдний л гавьяа” гэж даруухан өгүүлсэн.

Гаргасан амжилт, бүтээсэн гавьяа нь Монголын спортын салбар  тодоос тод мөр үлдээн, жин дарах анхны тодотголтой олон амжилтыг гаргасан ийм нэгэн алдартан бидний дунд даруухан амьдарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мб
мб
2020-02-17 12:31

Даруухан сайн хүүхэд шүү. Мартах нэг нь мартаа л биз өвөө нь мартаагүй ээ.

Зочин
Зочин
2020-02-17 19:20

tiim shdee.nohor n buudlagiin dasgaljuulagch Undralbat bizdee

отгоо
отгоо
2020-02-17 21:35

бадмаа эгч минь мундаг шүү надад маш олон юмыг зааж зөвөлдөг мундаг эгч шүү

ds
ds
2020-02-18 20:36

Ene l nuguu baatar gedgiigavah yostoi huuhed ym . daanch daruu n dendej araas n demjih hungui bolhoor yah ch bileedee . er n Dashdulam nariin anhnii hed bugd gaviyatai shuu!!!

зочин
зочин
2020-02-21 17:58

ямар ч илүү дутуу аашгүй сайхан төлөв хүмүүжилтэй мундаг хүүхэн шүү,хайр татам

Холбоотой мэдээ

Back to top button