НийгмийнФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД

ЖҮЖИГ №7: "Хүний дуу хоолой” - сюрреалист моно драм

EGUUR.MN сайт “BLACK BOX” театрын жүжгүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр цувралаар хүргэж байгаа. Тус театр нь 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жүжиг тавьсан байдаг. Өнгөрсөн удаад бид Нобелийн шагналт зохиолч Самуэль Бэкэтийн “Годог хүлээсэн нь” , Нобелийн шагналт Щвейцарийн зохиолч Фредрих Дюренматтын “Хатагтайн айлчлал”, Японы нэрт зохиолч Р.Акутагавагийн Ширэнгэнд, Абсурд театрын хамгийн том төлөөллүүдийн нэг Эжен Ионескогийн “Хирс”, “Сандлууд”, зохиолч Сара Кэйний “Солиорол 4:48” моно жүжгийг тайлбар, ярилцлага, нэвтрүүлгийн хамтаар нийтэлж байв.

Харин энэ удаа бид та бүхэндээ Жан Кохтогийн “Хүний дуу хоолой” жүжгийг хүргэж байна.


Жүжгийн үргэлжлэх хугацаа: 01:04:23

ХҮНИЙ ДУУ ХООЛОЙ ГЭЖ ХЭНИЙ ДУУ ХООЛОЙ ЮМ БОЛ

“Black box theatre”-ийн жүжигчдийн чансааг харуулсан моно драмын ээлжит давалгаа Жан Кохтогийн “Хүний дуу хоолой” жүжиг. Өчигдөр хүмүүс юунд уйлдаг байсан, харин өнөөдөр хүмүүс юунд уйлдаг болчихов? гэсэн асуултыг дахин давтъя. Хүмүүс зөвхөн уулзаж байж л ярилцдаг байсан цаг үгүй болж өөрсдийнхөө бүтээсэн төмөр утсаар дуу хоолойгоо сонсдог болов. Тэгээд тэр төмөр утастайгаа ярьж, түүндээ уурлаж, түүнрүүгээ хашгичина. Бид өөрчлөгдчихжээ.       

Францын уран бүтээлч Анри Бергсон, Германы Вильгельм Дильтей, Австрийн Зигмунд Фройд нарын сэтгэлзүйн онолд тулгуурласан сюрреализм нь зүүд зөн, айдас, солиорол, хийрхэл зэрэг хүний ухамсарт захирагдахгүй сэтгэцийн үзэгдлүүдийг дүрслэнэ. Ерөөсөө л сэтгэцийн хувьд зогсонги байдалд орсон хүмүүст цочрол өгөх тийм хурц бүтээлүүдийг сюрреалистууд бүтээдэг.

Бид өөрсдийгөө хэрхэн өөрчлөгдөж байгааг бүтэн цагийн турш үзэгчдийг суудлаас нь босголгүй барьж чадсан жүжигчин бүсгүй, таазнаас дүүжилсэн харилцуур хоёроос харъя. Түүнийг амьдралтай холбож байгаа ганц утас тасарвал амьдрал дуусна гэсэн санаашрал, зовнил, гэмшил, айдас, түгшүүр гэсэн хүний сэтгэлийн модусууд өөрөө иррациональ байдлыг үүсгэнэ. Бид техник технологоос хэтэрхий их хамааралтай болчихсон юм биш биз?  гэдгийг жүжгийн тайз харуулна. Хаашаа ч гарч боломжгүй сүлжилдсэн олон утас чамайг тойроод амьгүй мөртлөө чамаас ямар нэг зүйл асууж, чамайг инээлгэж баярлуулж, уйлуулж гомдооно. Тэгээд тэр утас чиний энэ хорвоогоос халих шалтгаан чинь болно гэж бодвол... Руссо[1] “Соёл болоод нийгэм нь хүн төрөлхтөний амьдралд сайнаар биш муугаар нөлөөлдөг, муу гэдгийг батлахын тулд одоогийн энэ нийгмийг харахад л хангалттай”  гэсэн. Нээрэн бидний хөгжил бидний үхлийн шалтгаан, бид бие биенээ үзэн ядах үүтгэл болж байгаа нь үнэн гэж үү?  гэх сюрреалист асуулт. Тэгээд мөнөөх амьд харилцаа, амьсгал, хүний бараа хаачсан тухай?  Хүнийг, хүний сэтгэлийг техник технологи орлож чадах уу? гэх шинжлэх ухаанч асуултууд хөврөнө.   

Үргэлж л сайн, сайхныг дүрсэлдэг байсан урлаг одоо арьс дүрслэхээс татгалзаж түүний субъектив байдлыг чухалчлах болжээ. “Бүсгүй маш их айж байлаа” гэхийн оронд “айдас гэж юу юм? санаашрал гэж юу юм?” гэх одоогоор хариултгүй асуултуудыг тавьж эхэллээ. Айдас бол рефлекс гэдэг. Бүсгүйн айдас бол рефлекс, утас дугарах тоолонд “тэр биш бол яана, залгахгүй байхвий, худал хэлэхвий” гэсэн айдсууд үнэндээ эцсийн цэгт зөвхөн “ЭГО” дээр гацчихна. Эцсийн эцэст хүн хэн нэгний төлөө биш харин өөрийнхөө айдас, зовлонгийн шалтгаанаар өөрийнхөө төлөө өөрийгөө үгүй хийдэг санж.

      Өөртөө үнэнч байх явдал нь цэвэр урлагийн гол шинж, урлагийн төлөө урлаг гэдэг. Шашин, үзэл суртал, улс төр, эдийн засаг, мухар сүсгээс ангид, зөвхөн чи юу хүсч байна вэ? гэдэг л чухал. Шопенхауэр[2] нэгэнтээ: “Юу хүсэхийг хүсч байгаагаа хүсч чадах уу?” гэсэн асуултыг биднээс асуужээ. Өөртөө үнэнч гэж бодсон ч арай шашны, төр засгийн, мөнгөний, мухар сүсгийн боол болж жинхэнэ урлагтай нүүр тулж чадаагүй юм биш биз? гэсэн асуулт. Одоо л бид  чөлөөт театртай нүүр тулж, чөлөөт уран бүтээлчдийн чөлөөт бүтээлүүдтэй танилцаж байна гэсэн хариулт. Хар хайрцаг өөртөө үнэнч хүмүүсийг дуудаж өөрийн жүжигтээ дүр бүтээхийг урьсаар л, учир нь тэнд үзэгч гэж байхгүй дүр гэж бий, танд үзэгчийн суудал бус харин дүрийн суудал л оногдоно. Тэгээд хар хайрцаг дүрүүдийнхээ дурсамжийг “системтэйгээр хадгалж” үлдэнэ. Учир нь бид үгүй болоход “Хар хайрцаг” л үлдэх шүү дээ.

УРАН БҮТЭЭЛЧИД:

Найруулагч: М.Боролдой

Жүжигчин: Д.Оюунзул


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button