Төсвийг төр биш ААН-үүд бүрдүүлдэг, хүнд үед тэдний татварын дарамтыг БАГАСГАЯ
Хөдөлгөөн дагаж, мөнгөний урсгал сэлгэгддэг. Дэлхий нийтээр түгшүүрт автаж, хөл хорио тогтоолт ихсэж буй ийм үед улс орнуудын эдийн засгийн мөнгөн урсгалын хөдөлгөөн багассаар байна. Улс орнуудыг чирдэг том салбарууд хязгаарт орох тусам жижгүүд рүүгээ нөлөөллөө тэлдэг.
Энэ жишгээр манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт саарснаар массаараа мөнгөн урсгал багасч, ажил олгогчид томоохон сорилтын өмнө ирцгээв. Төрөөс татвараа таслахгүй төлөх, ажилтнуудаа цалинтайгаар гэрийн нөхцөлд ажиллуулах зэргээр уриалга гаргаж буй.
Гэвч яг татвар бүрдүүлэгч ААН-үүд рүү чиглэсэн дорвитой арга хэмжээ авч чадахгүй хэвээр байна. Түрээсийн төлбөрөө буулгахыг төрөөс уриалсан ч хувийн хэвшил дэх түрээслэгч эздийн хүслээс хамаарах асуудал тул бодьтой үр дүнгүй.
Зээлийн хүү буулгах асуудлыг судалж, Төв банк бодлогын хүүгээ нэг нэгжээр буурууллаа. Монголын банкны холбооныхон ямар зөвшилцөлд хүрч, зээлийн хүү бууруулах чиглэл дээр хэрхэн шийдвэр гаргахыг хүлээх үлдлээ. Мэдээж зээлийн хүү их, бага хэмжээгээр буурах нь зээлдэгчдэд маш чухал. Шууд байдлаар эерэг нөлөөлөл үзүүлэх нь ч тодорхой.
Нөгөө талд сонгуульд зориулж, 2.1 их наядын хөрөнгө оруулалт төсөвлөсөн төсвөө тодотгож, ААН-үүдийн татварын ачааг түр хугацаанд хөнгөлөх зохицуулалт үгүйлэгдэж байна. Жижигхэн зах зээлтэй, банкинд өргүй ч татварууддаа түүртдэг асар олон ААН-үүд бий. Тэдэнд үе энэ хамгийн хүнд тусч, татварын өрөө бөөгнүүлж, ажилчдын цалингаа таслах бодит эрсдэл тулгараад байна.
Өнөөдөр 10 ажилтан цалинжуулдаг ААН-ийг жижигт тооцоод татварын дарамтаар сөхрүүлэх үү. Богино хугацааны арга хэмжээ авч, цаашаа явах нөхцөл бүрдүүлж өгөх үү гэдгийг төр шийдэж чадна. Бодлогын хүүгийн бууралттай зэрэгцүүлж, төсвийн зардлаа танан, эрсдлийн үеийн богино хугацааны татварын зохицуулалт хийх зайлшгүй гарч ирлээ.
Гол нь ААН-үүд татвар төлөхгүй гэж хэлэхгүй. Эрсдэлтэй үеэ даван гарахад тэдэнд түр хугацааны чөлөөлөлт, бууруулалт хийж өгөх нь л чухал байна. Баян орнууд зээлийн хүүгээ тэглэж, томоохон зээлийн төлөлтүүдийг хөнгөлж байна. Бид боломжийн хүрээнд ААН-үүдээ дэмжих богно хугацааны арга хэмжээ авч болохгүй гэж.
Татварыг төр биш ААН-үүд бүрдүүлдэг. Хүнд үед тэднийг бодлогоор дэмжихийг уриалж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.