УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Нэг хүнд ногдох өр 25 сая төгрөгт ХҮРЧЭЭ

-МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР 30.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРСЭН-

Монгол Улсын нийт гадаадын өрийн хэмжээ өндөр эрсдэлтэй төвшинд хүрснийг ОУВС-гаас анхааруулсаар буй. Улмаар гадаад өр дэлхийн дунджаас тав дахин өндөр болоод байгаа.

Монгол Улсын гадаад өр өнөөдөр 30.6 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл нэг монгол хүнд 9.2 мянган ам.доллар буюу 25 сая төгрөг ногдож буй гэсэн үг юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сард ажлаа авах үедээ “Монгол Улсын нэг иргэнд 21 сая төгрөгийн өр ногдож байгаа” гэж мэдээлж байв.

Ингэхээр гурван жилийн дотор нэг монгол хүнд ногдох өр даруй ДӨРВӨН сая төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм.

Монгол улсын нийт гадаад өрийн 7.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр эзэлж байна. Одоогоос 12 жилийн өмнө манай улсын гадаад өрийн хэмжээ 2.2 тэрбум ам.долларт хүрч, “өрөнд баригдлаа” гэгдэж байв. Гэтэл энэ тоон үзүүлэлт эдүгээ 15 дахин өсчихөөд байна.

-ХЯТАДЫН СПОВ ХЭЛЦЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 30 МЯНГАН ХОНИНЫ ТУСЛАМЖ СУНГАЖ ЧАДАХ УУ-

Гадаад өрөөс одоо анхаарал татах нэг зүйл нь асуудал бол Монголбанкны зээл 1.9 тэрбум, дээр нь БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцэл.

Энэ нь ойролцоогоор ЗУРГААН ИХ НАЯД буюу 2.1 тэрбум ам.доллар.

Эл мөнгийг төлөх хугацаа хэзээ мөдгүй ойртчихлоо. Гэвч энэ мөнгийг төлөх эдийн засгийн нөөц, боломж БАЙХГҮЙ. Харин дахин сунгахаас өөр гарц манайд үгүй.

Сангийн яам, Монголбанк БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн хугацааг сунгана гэж тооцоод зөвхөн зээлийн хүүд төлбөрийг төсөвт суулгасан. Хэрэв Хятадын тал своп хэлцлийн хугацааг сунгахаас татгалзвал Монгол Улс их өрөнд унана.

Саяхан Монгол Улсын тэргүүн коронавирусийн халдварын голомт болж хүнд хэцүү цаг нүүрлээд буй өмнөд хөршид айлчлаад ирсэн. Ингэхдээ сэтгэлийн хандив болгож 30 мянган хонь бэлэглэхээр болсон. Тэрийн тэргүүний эл үйлдэл Хятадын своп хэлцлийг сунгах нүүр болно гэж үзэж буй.

-2020 ОНООС ТОМООХОН ӨРҮҮДЭЭ ЭРГҮҮЛЖ ТӨЛЖ ЭХЛЭХ УЧИРТАЙ, ГЭВЧ ӨР ТӨЛӨХ СТРАТЕГИ АЛГА-

Нийт өрийн тал хувийг буюу 14 тэрбум ам.долларыг 2020-2024 онд эргүүлж төлнө. 2021 оноос эхлэн манай Засгийн газар гадаад өрөө төлж эхэлнэ гэдгийг бүгд мэднэ.

Тухайлбал, 2021 онд “Мазаалай бонд” 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис бонд” нэг сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ бонд” 800 сая ам.доллар, 2024 онд төлөгдөх “Хуралдай бонд” 600 сая ам.доллар тус тус төлөхөөр байгаа.

Эдгээр бонд, зээлийг богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөх төслүүдэд зарцуулаагүй учир одоо эргэн төлөлт хийхэд хүндрэл тулгарах нь нэгэнт тодорхой болсныг бодлого тодорхойлогчид ярьсаар. Өнөөдрийнхөөр бол гарц бүрхэг байгаа юм.

-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ЗЭЭЛЭЭР ШИЙДДЭГ АСУУДАЛ МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛСААР БАЙНА-

Түүнчлэн 2020 онд нийтдээ 115 төслийг 1.2 их наяд төгрөгийн гадны зээлээр, 40 төслийг 150.3 тэрбум төгрөгийн тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөгөө гаргажээ.

Хэдийгээр бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь сайхан хэмээн алгаа ташиж болох ч төсөв нь царцаж, үргүй зардал нь нэмэгдэж, төсөвт өртөг нь жилээс жилд өсдөг.

Саяхан гэхэд л Тэнгэрийн зам нэртэй 13м гүүрийг 800 сая ам.долларын зээлээр, 4.9км дүүжин замыг еврогийн зээлээр барихаа зарласан.

Төр баригчид зээлээс зээлийн хооронд бүтээн байгуулалт нэртэй мөнгө угаалтаар Монгол Улсыг өрийн тойрогт оруулсаар байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button