Ярилцлага

Ханхүү Харригийн эхнэрийн даашинзаас эхлээд Оскарын оддын гоёлыг урласан бүсгүй

Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж яваа олон сайхан уран бүтээлчид бий. Тэдний нэг болох “Stella McCartney”-ийн оёдлын технологич, “Enka Couture”-ийн загвар зохион бүтээгч Д.Энхцэцэг юм. 1998 онд Англи улсын Лондон хотод улсад хөл тавьснаас хойш олон алдартны  хувцасыг урлаж, Лондоны загварын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн тэрбээр өдгөө өөрийн нэрийн брэндтэй болжээ. Ийнхүү Лондон хотод ажиллаж, амьдардаг авьяаслаг бүсгүйтэй цахимаар хэдэн хором ярилцлаа.

ЯМАР БҮТЭЭЛ ГАРАХ НЬ ОЁДОЛЧНЫ УР ЧАДВАРААС ХАМААРНА

-Та хэзээнээс хувцас загварыг сонирхож эхлэв. Яагаад сонирхох болсон бэ?

-Социализмын үед хүмүүс өөрсдөө хувцасаа хийж өмсдөг байлаа шүү дээ. Манай том эгч Д.Энхтуул өөртөө болон бага эгч бид хоёрт хувцас хийгээд өмсгөдөг байлаа.Тэр үедээ их л гангандаа ордог байв. Магадгүй тэр үеэс юм оёх, загварын хувцас зурах сэдэл төрсөн байх.

- Та хамгийн анх ямар бүтээл урлаж байв?

-Би 43-р дунд сургуульд найман жил сураад Киргиз улсын Бишкек хотын Оёдлын сургуулийн Эмэгтэй хувцасны ангийг гурван жил суралцаад төгссөн. Хамгийн анх 17 насандаа Киргиз улсад сурч байхдаа өөртөө бариу хар юбка оёж байсан. Үүндээ үнэхээр сэтгэл хангалуун байсан. Орос багш нар маань ч их магтаж билээ.

 -Та багаасаа энэ мэргэжлийг сонгоно гэж бодож байв уу?

-Бага байхдаа мөрдөн байцаагч болохыг хүсдэг байлаа шүү дээ. (инээв) Их адал явдалд дуртай хүүхэд байсан. Социализмын үед хүссэн мэргэжлээ сонгоно гэдэг хэцүү байлаа. Тэр үед загвар зохион бүтээгч, оёдолчин болно гэж огт төсөөлж ч байсангүй. Гадагшаа л явж сурахын хүслэн. Тэгээд л Киргизийн оёдлын сургуулийн хуваарийг сонгож байсан даа.

-Англи улсыг зорих шалтгаан юу байв. Таны мэргэжилтэй шууд холбоотой юу?

 -Анх 1998 онд англи хэл сурахаар Лондон хотод ирж байлаа. Хэлний бэлтгэлээ дуусгаад хэсэг ажил хийж байгаад “University of Art London college of fashion“ сургуульд элсэн орж загвар зохион бүтээгчээр төгссөн. Тэр үед сурахын хажуугаар ажил хийж сургалтын төлбөр болон амьжиргааны мөнгөө олдог байлаа. Одоо Лондон хотод нөхөр, гурван хүүхдийн хамт амьдарч байна даа.

ХАНХҮҮ ХАРРИГИЙН ЭХНЭРИЙН ХУРИМЫН ДААШИНЗЫГ ОЁСОН

-Та одоо хаана, ямар ажил хийдэг вэ?

Миний хийдэг ажил зүгээр л оёх, өөрөөр хэлбэл үйлдвэрийн дамжлагад ажиллах, эсвэл хаа ч байдаг хувцас гараас гаргахаас арай өөр. Би “Stella McCartney”-д оёдлын мастераар ажилладаг оёдлын технологич хүн. Хувцас урлал гэдэг нь хамтын бүтээл юм. Дэлхийн алдартай хүмүүсийн хувцсыг гурван хүний бүрэлдэхүүнтэй баг хийдэг, нэг зохион бүтээгч нэг эсгүүрчин нэг оёдолчин, би зохион бүтээгчийн гаргасан загвар, эсгэсэн хувцасыг нь оёж амиллуулдаг. Дизайнерийн гаргасан санаа, шийдлээр эсгүүрчин эсгэнэ. Энэ нь тансаг бүтээл болох уу, эсвэл хэн ч тоохооргүй материалын цуглуулга болох уу гэдэг нь оёдолчны ур чадвараас хамаардаг.

-Та алдартай жүжигчин, моделиудын хувцсыг урлаж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

-Би Лондонд сургуулиа төгсөөд агентлагаар дамжиж загварын том нэртэй брэндуудэд цагаар ажиллах боломж олдож байлаа. Ингэж яваад  одоогийн ажиллаж буй “Stella McCartney” брэндэд цагаар ажилладаг болсон юм л даа. Тэгээд надад бүтэн цагийн ажилтан болооч гэсэн санал тавьсан. “Stella McCartney” бол домогт “Beatles” хамтлагийн Пол Маккартнийн охин Стеллагийн үүсгэн байгуулсан брэнд юм. Мэдээж оддын хувцас оёх амаргүй л дээ. Зөвхөн Англи биш Америкийн болон бусад нэртэй алдартнууд ирж хувцас хийлгэдэг. Хувцас нь өөрөө асар үнэтэй байдаг болохоор маш өндөр түвшинд, их хариуцлагатай хийх шаардлагатай. Мөн Лондон болон Францын загварын шоунд багаараа явж ажилладаг.

-Хамгийн анх хэн гэдэг алдартны хувцсыг урлаж байсан бэ. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв?

-Хамгийн анх жүжигчин Johny Deep-ийн хуучин эхнэр Amber Heard-ийн хуримын даашинзыг оёж байсан. Тэрнээс хойш оддын хувцас оёх болгонд дуудагддаг болсон доо. Энд ажиллавал одуудтай ажиллах юм байна даа гэж бодож байлаа. (инээв) Оёсон даашинзаа хараад үнэхээр өөрөөрөө бахархаж байсан шүү.

-Цаашлаад олон л алдартны хувцас урлаж өгсөн биз дээ. Хэн хэний хувцасыг оёж байв. Сонирхуулаач?

-Ханхүү Харригийн эхнэр Меганий хуримын даашинз, жүжигчин Жулиа Роберт, Эмма Уотсон, Лаура Дарн, Кара Делевин, Оливиа Колман, Деми Мур, Жүди Комер, Жорж Клунийн гэргий Амаль Клуни, телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри, дуучин Кэти Пэрри, Элли Голдинг, Эд Шираны эхнэрийн хуримын даашинз, топ модель Кэйт Мосс болон “Vogue” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Анна Винтор нарын хувцасыг урласан.

-Энэ оны Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналт жүжигчин Оливиа Колманын өмссөн даашинз таны бүтээл гэж сонссон. Оскарын тайзнаас өөрийнхөө урласан бүтээлийг хараад ямар мэдрэмж төрөв?

-Оскарын тайзнаас өөрийн бүтээлээ харах үнэхээр сайхан байсан. Өөрөөрөө үнэхээр бахархаж байсан шүү.

-Алдартай хүмүүстэй хамтарч ажиллахад ямар байдаг вэ. Ажлын бусад үеийнхээс юугаараа ялгаатай вэ?

-Алдартай байх тусмаа шаардлага өндөртэй байдаг. Гэхдээ миний оёсон хувцасыг дэлхийд алдартай хүмүүс өмссөн байхыг харах хамгийн гоё байдаг. Мөн алдартнуудтай биеэрээ уулзах сайхан шүү. Заримдаа зохион бүтээгчийн маань гаргасан загварыг оёход даавууны бэрхшээл гардаг. Жишээлбэл, даавуу загвар хоёр хоорондоо зохицохгүй, эсвэл ямар аргаар яаж оёх гэх зэрэг ухаан шаардсан зүйл их гардаг. Шинэ содон өвөрмөц загварыг зурагнаас харах нэг өөр, амилуулж оёх нэг өөр байдаг. Тиймдээ ч хүндрэл багагүй гардаг.

ENKA COUTURE”-ИЙН ГОЛ ОНЦЛОГ ЭЛЕГАНТ СТИЛЬ

-Алдартнуудын хувцасыг урлах нь өөр хувцас урлахаас юугаараа ялгаатай вэ?

-Би алдартнуудын хувцаснаас гадна загварын шоуны хувцас урладаг. Алдартай хүмүүсийн хувцасыг тухайн хүний биед нь зохицуулж хийдэг. Харин шоуны хувцас нь илүү загварлаг, гар ажиллагаа ихтэй байдгаараа онцлогтой. Нэг нь хүнтэй илүү ажилладаг бол нөгөөх нь загвартайгаа илүү ажилладаг гэсэн үг л дээ.

- Таныг өөрийн гэсэн брэндээ гаргасан гэж сонссон. Таны брэндийн онцлог юу вэ?

-Өөрийн “Enka Couture” гэсэн брэндээ гаргаад гурван сар болж байна. Манай брэндийн онцлог бол элегант стиль, оёдлын өндөр технологиор цөөн тоогоор хийх. Энэхүү брэндээ монголд төдийгүй дэлхийд танигдах брэнд болгон хөгжүүлэх бодолтой байгаа. Одоогоор ажил ихтэй болохоор өөрийнхөө брэндэд анхаарлаа төдийлөн хандуулж амжихгүй байна. Цаашдаа өөрийн урлангаа энд болон монголдоо нээх бодолтой байна.

-Таны бодлоор монголын хувцас загварын хөгжил аль шатанд явж байна вэ?

-Манай монголчууд дээлийг орчин үетэй хослуулж энгийн болон загварын дээлнүүд гаргадаг болсон байна лээ. Өнгө болон дизайны хувьд их загварлаг болсон байсан шүү. Гэхдээ монголын оёдлын технологи нь хоцрогдсон, зарим даавууны чанар тааруу харагддаг. Энэ талаа илүү анхаарч, сайжруулаасай гэж боддог.

-Эх орондоо ирж ажиллах бодол бий юу?

-Эх орноо болон ээж, найз нөхөдөө маш их үгүйлдэг. Анх Англид ирээд сайхан ирээдүйн төлөө маш их хөдөлмөрлөж сурч амьдарч байсан. Шантрах үе олон байсан ч тэр үед миний нөхөр, том охин маань сэтгэл санаагаар үргэлж дэмжсээр ирсэн. Эх орондоо очих бодол мэдээж бий. Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад бэлэн байдаг.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Mongold busgui
Mongold busgui
2020-03-18 13:57

Amjilt husei busgui mine taniar daashinz oyulj umsuhiin Eruul tavii da? Bayartai uulzana aa

Холбоотой мэдээ

Back to top button