НИЙГЭМСПОРТ

Насаараа хүлгийн нуруун дээр хийморио сэргээж яваа гавьяат

Юунаас ч үл шантрах хатан зориг, эмнэг хангалыг эвээр номхруулдаг хосгүй чадвараараа монголчууд бидний бахархал, бахдлыг төрүүлж явсан эрхэм бол морин спортын ууган гавьяат тамирчин Төмөржаагийн Цэрмаа гуай. “Гэзэгтэй эр хүн” хэмээн хочлуулж явсан түүнийг Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн ээж гэдгийг моринд хорхойтой хүн бүр андахгүй.

Монгол даяар алдартай уяач аавынхаа эрдмийг өвлөж, таван настайгаасаа хурдан морь унасан тэрбээр 13-тайдаа сонгомол морин спортын тамирчин болсон. Морин спортын түүхэнд эрчүүдээс спортын мастерын болзол анх биелүүлсэн тамирчин түүний төрсөн ах Т.Даваадорж, эмэгтэйчүүдийн анхдагч нь Т.Цэрмаа. Түүгээр ч үл барам түүний эрдэм ухааныг отгон хүү Х.Батболд нь өвлөж, спортын мастер цол хүртсэн юм. Морин дэл дээр дарцаг шиг хийсэж явсан тэрбээр дөрвөн хүүхэдтэй. Анхны охиноо тээж байхдаа хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлж, сарын дараа төрсөн гэхээр энэ хүний тэвчээрийн илрэл болов уу.

Хүүхдээ төрүүлснийхээ дараа гам барих учиртай 45 хоногийг ч гүйцээлгүй ажилдаа орж, бэлтгэлдээ шамдаж байсан гэдэг. Өдгөө 72 настай тэрбээр олон ач зээгийхээ зулайг үнэрлэж, гэрийн цэцэрлэг байгуулах шахсан эмээ болжээ.

ТАВАН НАСТАЙДАА УЛСЫН НААДАМД МОРЬ УНАЖЭЭ

Т.Цэрмаа гуай залуудаа моринд эрэмгий, ямар ч хангал догшныг эвээр номхруулдаг байсан гэдэг. Эмнэг сургана гэдэг эмэгтэй хүн байтугай хэр баргийн аавын хүүд ахдам ажил. Түүний аав, Төв аймгийн Баянзүрх нэгдлийн малчин, сумын заан Төмөржаа халх даяар алдартай адуучин, уяач хүн байсан юм билээ. Т.Цэрмаа гуай дээрээ гурван ахтай, айлын том охин. Багаасаа аав, ах нараа даган морьтой ойр өссөн тэрбээр таван настайдаа морь унаж сурчээ. Түүний ээж “Ийм балчраасаа морин дэл дээр дэрвэхийг нь харах сайхан юм аа. Гэхдээ мориноосоо унан, бэртэж гэмтэх вий. Нялх юм шүү дээ” хэмээн санаа алдахад нь “Адуу ухаантай амьтан. Эзнээ барагтай л бол унагадаггүй юм” гэж аав нь тайвшруулдаг байсан гэдэг.

Т.Цэрмаа гуай морь унаж сурсан жилээ буюу таван настайдаа улсын наадамд анх “Сожоо” нэртэй хүрэн морь унажээ. Тэгж явахдаа аавынхаа хэлснийг буруугаар ойлгосны улмаас баян ходоод болсон гэнэ. Учир нь уралдааны үеэр аав нь түүнийг “Хүрээд ир” хэмээн даллаж байх шиг харагдаж. Мориныхоо амыг татан, аав руугаа очтол буруудах нь тэр. “Чигээр нь явуул” гэсэн дохиог буруу ойлгочихож. Ааваасаа хатуу үг сонсон, олон морины араас нулимс бөмбөрүүлсээр эргэн давхиснаа үргэлж дурсах дуртай, санаанаас нь ер гардаггүй гэнэ.

“НИЙГМИЙН ХОНГОР”-ыг ХҮРТЭЛ УНАЖ Ю.ЦЭДЭНБАЛ, ДАРГААС ШАГНАЛ ХҮРТСЭН УДААТАЙ

Т.Цэрмаа гуай аавынхаа төдийгүй өрөөлийн сойсон олон хурдан хүлгийг унаж, улс, аймгийн наадамд түрүүлж, айрагдуулан, даагаар шагнуулжээ. Тэгж явахад аав нь “Миний охин бараг азарга адуутай болох нь” хэмээн өхөөрддөг байжээ. Тэрбээр Монгол даяар алдартай Галшарын хүрэн азарга, Нийгмийн хонгорыг хүртэл унаж, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх даргаас шагнал хүртэж явсан удаатай. Ингэж явсаар 13 настайдаа хурдан мориноос “зодог тайлжээ”.

МОНГОЛЫН МОРИН СПОРТЫН АНХНЫ ХОЁР ЭМЭГТЭЙ ТАМИРЧНЫ НЭГ НЬ

Хурдан хүлгийн нуруун дээрээс буусан Т.Цэрмаа гуай тэр жилээ сонгомол морин спорттой амьдралаа холбожээ. Төмөржаа агсан охиноо эл спортоор хичээллэхийг зөвлөн, улсын шигшээ багийн тамирчин болгосон юм. Тухайн үед Монголд хоёрхон эмэгтэй тамирчин байсны нэг болсон нь тэр. Т.Цэрмаа гуайн ах, дүү нарын зургаа нь сонгомол морин спортоор хичээллэж, Гавьяат, ОУХМ цолтон тус бүр нэг, спортын мастер хоёр төрсөн.

ЗАЛУУ БАЙХАД НЬ ТҮҮНИЙГ “ГЭЗЭГТЭЙ ХАР ХҮН” ГЭЖ ХОЧИЛДОГ БАЙСАН

Т.Цэрмээ гуай одоо ч эршүүд хэвээрээ. Ямар сайндаа залуу байхад нь түүнийг “Гэзэгтэй хар хүн” гэж хожилдог байж. Эмнэг морьдыг баруун солгойгүй булгиулж, явдал дундаа янз бүрийн үзүүлбэр хийх амаргүй. Багаасаа моринд дөртэй байсан болоод ч тэр үү, санасныг бодоход хурдан сурсан аж.

Т.Цэрмаа гуай Пионер сурагчдын хоёрдугаар чуулганы үеэр зохиогдсон морин спортын тэмцээний өндөр саадан дээгүүр морьтой харайх төрөлд 13 насандаа түрүүлж, алтан медаль хүртжээ. Тэгэхдээ “Шижир алтаар цутгасан медаль авчихлаа” хэмээн итгэж, их баярлажээ. Тэр медаль их булган сүүлтэй. Учир нь Морин спортын хөгжилд оруулсан түүний хөдөлмөрийг төр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтангадас одонгоор тус бүр хоёр удаа, Гавьяат цолоор шагнасны сацуу 200 гаруй тэмцээнээс медаль хүртсэн юм.

Тэднийх дөрвөн хүүхэдтэй. Хоёр том хүү нь багадаа морь төдийлөн сонирхдоггүй байж. Харин отгон хүү Х.Батболд нь багаасаа моринд хорхойссон гэнэ. Т.Цэрмаа гуай хүү Батболдыгоо сонгомол морин тамирчин болгоё гэж зорьсоор байгаад санасандаа хүрчээ.

АМАРЖХААСАА 20-иод ХОНОГИЙН ӨМНӨ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОН, ТҮРҮҮЛЖЭЭ

Т.Цэрмаа гуай анхны хүүхдээ тээж байхдаа Улаанбаатар хотын АШТ-д оролцон, бүр түрүүлж, 20-иод хоногийн дараа амаржсан гэдэг. “Мориноос унавал хүүхдээ эндээх эрсдэлтэй” гээд гэрийнхэн нь хориглоно хэмээн хаширласандаа тэдэндээ хэлээгүй юм билээ. Тухайн үед 25 настай байсан түүнийг гэр бүлийнхэн, дасгалжуулагч нь их эсэргүүцжээ. Энэ тухайгаа тэрбээр “Би тэр тэмцээний өмнөх бэлтгэлээ нууцаар хийсэн. Мориноос унахгүй гэх баталгаа байхгүй ч чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Одоо бодох нь ээ, их зоригтой байжээ. Гэрийнхэн тэмцээнд оролцсоны дараа л мэдсэн. Нэлээд зэмлэсэн ч “Бие сайтай, зүтгэлтэй шүү” гээд надаар бахархаж буйгаа илэрхийлсэн.

Би ер нь морин дэл дээр хийсэж, бэлтгэлээ базааж байгаад л дөрвөн хүүхдээ төрүүлсэн хүн. Том охиноо мэндэлсний дараа энгэртээ наан, хөхүүлэхэд даахиных нь үнэр сэнгэнээд сэтгэл их хөдөлсөн шүү. Тэр үед ижийгээ их үгүйлж билээ” гэж дурсав. Т.Цэрмаа гуай амаржсаныхаа дараа гам барих учиртай 45 хоногоо ч гүйцээлгүй ажилдаа орж, бэлтгэл хийдэг байжээ.

Түүний хань А.Хадбаасан тээврийн жолооч байсан тул гэртээ байх нь ховор. Ихэвчлэн сар гаруйн хугацаагаар тээвэрт явна. Тэр бүхэнд Т.Цэрмаа гуай гадаа гарч эр, гэрт орж эм болж явсаар дөрвөн хүүхдээ өсгөжээ.

ХҮҮ Х.БАТ-ЭРДЭНИЙГЭЭ УЯАЧ БОЛОХОД НЬ ИХ БАЯРЛАЖЭЭ

Т.Цэрмаа гуай тод манлай уяач Х.Бат-Эрдэнийг бага байхад нь бөх болгох сонирхолтой байжээ. Х.Бат-Эрдэнийг бага байхад хөгшчүүд “Бөхийн шинж агуулсан, сайн бөх болох хүү байна” гэж магтдаг байсан гэнэ. Т.Цэрмаа гуайн тал бөхийн удамтай. Аав нь сумын заан, хоёр ах нь улсын начин, харцага цолтой. Хүүгээ бөх болгохоор зорьж, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шавь оруулан, эрдэм ухаанаас нь суралцуулсан удаатай.

Х.Бат-Эрдэнэ улсын наадмын өсвөрийн барилдаанаас шонхор цол хүртэж, ирээдүйд шаггүй бөх болохоо баталсан юм. Гэвч компаниа байгуулан, бэлтгэл хийх завгүй явсаар байгаад бөхөөс хөндийрчээ.

Харин морь уяхаар шийдсэнийг нь анх сонсоод “Өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэн, дутууг нь гүйцээж, дундуурыг дүүргэх нь” гээд их баярлажээ, ээж нь. Түүний аав Төмөржаа агсныг амьд сэрүүн байх үед нь өнөөгийнх шиг гавьяа, цол олгодог байсан бол лав Манлай уяач болох байсан хэмээн ахмад настай хүмүүс ярьдаг.

Т.Цэрмаа гуайгаас “Та морь уяж байсан уу. Хүүдээ заавар, зөвлөгөө өгдөг үү” гэж асуухад “Би морь уядаг бус, сургадаг эрдэмтэй хүн. Уяа сойлго нь хэр байна гэж ажиглахаас биш тэг, ингэ гэж хэлэх дургүй. Энэ морь наадамд сайн уралдах юм байна, тэр нь сонгомол морин спортоор амжилт гаргах юм байна гэдгийг нь хараад мэднэ. Гэхдээ өв уламжлал, ёс заншил талаас нь бодсон ч морь уях лав эмэгтэй хүний хийх ажил биш. Аав минь ч бас надад тэгж сурган, эмэгтэй хүн морины уяа руу дөхөхийг цээрлэдэг байсан” гэв.

ЭЗЭН, ХҮЛЭГ ХОЁР

Т.Цэрмаа гуайг морин спортгүйгээр, “Чандага” нэртэй шарга морьгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Саадан дээгүүр морьтай харайх төрлийн улсын дээд амжилтыг дөрвөн удаа шинэчилсэн тэрбээр Монголын морин спортын ууган гавьяат тамирчин, спортын мастер цолны болзол хангасан анхны эмэгтэй тамирчин. Яруу найрагч У.Баярсайхан Т.Цэрмаа гуайд зориулан нэгэн шүлэг бичсэнд нь СТА Н.Баасандоржийн ая хийн, “Эрэмгий” нэртэй дууг 2017 онд бүтээсэн юм.

Ээжийнхээ авьяасыг өвлөж, үргэлжлэл нь болж яваа, отгон хүү Х.Батболд нь спортын мастер цолтой. Т.Цэрмаа гуай зодог тайлахдаа хүүдээ эмээл, хазаартай морь бэлэглэсэн юм.

Т.Цэрмаа гуай өдгөө 72 настай ч эрэмгий, хөнгөн шингэн хэвээрээ. Улсын наадмын нээлтэд морьтой давхин, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлдэг. Өдий насандаа ингэж хүлгийн нуруунаа нийсэж, хийморио сэргээж явна гэдэг яах аргагүй бахдам зүйл. Магад түүнээс өөр ямар ч эмэгтэй ингэж чадахгүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-03-31 09:28

Luibarchidaa turuus hulgailsan munguu tul luibarchin huugee olj ir

Urvagch
Urvagch
2020-03-31 09:36

Iim zahialgat pyaldaga um gargaha boli. Luivarchin hulgaich zulbasaga usgusun teneg avgai bn. Harah carainii shunaliin div bn

Зочин
Зочин
2020-03-31 10:39

Хулгайч аа олж ирж улсад тушаа

Зочин
Зочин
2020-03-31 11:05

darvaisan har altai avgai bn daa

Холбоотой мэдээ

Back to top button