Нийгмийн

Хэнэггүй аав, ээжийн “хөөрхийлөлтэй” үрс

Бид хүүхэд хохирсон болон амь насаа алдсан гэмт хэргүүдийн шалтгаан, хэрхэн бууруулах талаар холбогдох салбарын мэргэжилтнүүдээс дараах мэдээллийг авлаа. Ялангуяа сүүлийн үед зам тээврийн осол, хүүхэд эндсэн харамсалтай хэрэг шил шилээ даран гарсаар байгаа нь эмзэглэмээр.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ҮҮДЭЛТЭЙ ХҮҮХЭД НАС БАРСАН, ГЭМТСЭН ТОХИОЛДЛУУД

Он гарсаар эхний гурван сарын хугацаанд иргэдээс зам тээврийн ослын 13 мянга 183 дуудлага ирснээс 5170-ыг нь тээврийн цагдаагийн албанд бүртгэсэн байна. Зам тээврийн ослоор 71 хүн нас барсны долоо нь бага насны хүүхэд. Ердөө гуравхан сарын хугацаанд 69 хүүхэд хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтэж, долоон бяцхан зүрх эргэж ирэхгүйгээр тэнгэрт одов.

Хүүхэд нас барсан тохиолдлын шалтгаан нөхцлийг судлаад үзэхээр нөгөө л хүүхдээ зориулалтын бус тээвэрлэсэн, орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, хашаан дотроо ухарч байхдаа эцэг эх нь хүүхдээ дайрч амь насыг нь хөнөөсөн золгүй явдлууд эзэлнэ.

ХҮҮХЭД ХОХИРСОН ГЭМТ ХЭРГИЙН ДИЙЛЭНХ НЬ ЭЦЭГ ЭХИЙН ХАРАА ХЯНАЛТГҮЙ БАЙДЛААС ҮҮДЭН ГАРДАГ

Сошиал ертөнцөөр олны шүүмжлэлийг дагуулсан хэргүүдээс жишээ татвал, сар шинийн баярын өдрүүдэд буюу өнгөрөгч хоёрдугаар сарын 23,25-нд Дорнод аймгийн Баян-Уул болон Матад сумуудад гэрийнхээ хашаанд тоглож байсан хоёр, болон таван настай хүүхдүүдийг дайрч амь насыг нь хөнөөсөн явдлууд байв. Үрээ алдсан хүний зовлонг бид бичгээр үл илэрхийлж барна. Гэвч эцэг эхчүүд хэдхэн минутын анхаарал болгоомжгүй үйлдлээсээ болж энхрий үрсээ эргэж ирэхгүй алдаж буйд нь харамсаад баршгүй.

Гадаа урин дулаан айлчилж, энхрий үрс эцэг эхтэйгээ агаар амьсгалахаар байгалийн сайхныг зорьдог. Энэ нь сайшаалтай боловч, хүүхдийг хэрхэн аюулгүй тээвэрлэхийг хэзээд мартах ёсгүй. Учир нь өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд Сүхбаатар аймагт шороон замд зорчиж явахдаа арын хаалгыг түгжээгүй, хүүхдийг хамгаалалтын суудалд суулгаагүйгээс хоёр настай балчир үр арын хаалгаар унаж, амь насаа алдсан.

ХҮҮХДИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУС ТЭЭВЭРЛЭСНЭЭС АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА

Мөн жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийг буруу тээвэрлэсэн, цаашлаад хурд хэтрүүлснээс болж бага насны хүүхэд түлхүү амь эрсдэж байгааг ТЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат хэлэв:

Сургууль, цэцэрлэг амарсантай холбоотойгоор замын хөдөлгөөн шингэрч, ослын дуудлага харьцангуй багассан. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол улсын хэмжээнд 18.5, нийслэлийн хэмжээнд 44.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Гэвч бид санаа амрах болоогүй.

Ослын шалтгаан нөхцөл, тэр дундаа бага насны хүүхэд амь эрсдэж буй хэргийн дийлэнх хувийг эцэг эхийн хараа хяналтгүй байдал, хүүхдийг тээврийн хэрэгсэлд буруу тээвэрлэсэн асуудлууд эзэлж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байж, зорчих үеийн аюулгүй байдлыг шалгаж, хэрэгжүүлсний дараа тээврийн хэрэгслийг хөдөлгөж байх нь чухал.

АХУЙН ХҮРЭЭНД БАГА НАСНЫ ХҮҮХЭД БЭРТСЭН, ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН, НАС БАРСАН ТОХИОЛДЛУУД

Ялангуяа улсад хөл хорио тогтоож сургууль, цэцэрлэгийг амрааснаар бага насны хүүхдүүд ахуйн хүрээний осолд өртөх, хүчирхийлүүлэх, амь эрсдэх тохиолдлууд их буй нь ГССҮТ-ийн тоон үзүүлэлт болон цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээс харагдана.

2019 оны байдлаар гэмт хэргийн улмаас 996 хүүхэд хохирсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 132 нэгжээр буюу 11,7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Харин он гарсаар хоёр сарын хугацаанд 155 хүүхэд хохирчээ.

ГССҮТ-ийн 2019 оны тоон үзүүлэлтээр тус эмнэлэгт үйлчилгээ авсан, осолд өртсөн гурван хүн тутмын нэг 0-15 насны хүүхэд байх бөгөөд, тэдгээрээс 5 хүртэлх насны хүүхэд хамгийн их байна. Тэдгээрээс бага насны хүүхэд ихэвчлэн ахуйн түлэгдэлт, тархины гэмтэл, хүчирхийлэлд өртөх зэргээр хохирох нь их аж.

ОСОЛД ӨРТСӨН ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГИЙГ БАГА НАСНЫ ХҮҮХЭД ЭЗЭЛЖ БАЙНА

Харамсалтай нэг жишээ дурдахад, өнгөрсөн хоёрдугаар сард бага насны хоёр хүүхэд харгалзах хүнгүй үлдсэний улмаас гэртэйгээ цуг шатаж нас барсан. Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэг настай М, гэртээ байсан 40см бүхий устай хувинд толгойгоороо унаж нас барсан хэргүүд тус тус гарч байв.

Энэ мэт золгүй хэргийн тухай бичвэл цаг, цаас нэлээд орно. Үүнээс илүү энэ бүхэнд эрдэнэт хүний амь үрэгдэх, тэр дундаа балчир үрс хохирч буй нь харамсмаар.

НЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун

Эцэг эх, асран хамгаалагчид өөрийн гэлтгүй хүүхэд өртөх, гэмтэх өндөр магадлалтай ахуйн болон бусад эрсдэлийг анзаарч, түүнийг арилгахад онцгой анхаарах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл,  хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулиараа тухайн хүн хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс бүрэн хамгаалах үүрэгтэй хэмээн заасан байдаг. 

ЭЦЭГ ЭХИЙН ХАРАА ХЯНАЛТГҮЙГЭЭС ХҮҮХЭД АМЬ ЭРСЭДСЭН БОЛ НЭГ ЖИЛЭЭС ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ

16.11 дүгээр зүйл: Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх

  • Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  • Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ДҮГНЭЛТ

Эцэг эх, асран хамгаалагч гэлтгүй ажил олгогч байгууллагууд ч мөн адил хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг тэргүүн эгнээнд тавьж ажиллах цаг ирээд буйг эдгээр золгүй хэргүүд батална. Ялангуяа эцэг эхчүүдийн хувьд төрүүлж, өсгөсөн үрээ түрхэн зуурын анхааралгүй байдлаасаа болж алдах нь даанч харамсалтай. Эдгээр харамсалтай эрсдэлээс энхрий үрсээ хамгаалахын тулд зам тээврийн дүрмээ баримталж, үр хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button