УЛС ТӨР

Д.Энхтөр: Энэ онд 194 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхийн тулд газрыг чөлөөлж дахин төлөвлөлтөд оруулах ажил байдаг.  Эл ажлыг өнөөдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийнхэн гүйцэтгэж буй юм.

Нийслэлийн хэмжээнд энэ онд 194 байршилд газар чөлөөлөх ажил хийх юм байна. Үүнээс 35 ажил он дамжин хийгдэж байна. Үлдсэн хэсэг нь 2020 онд шинээр хийгдэхээр төлөвлөгджээ. Үүнд дэд төвүүд барих, сургууль цэцэрлэгийн талбай зэрэг олон байршил орж байгаа аж. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж газрын үнэлгээг зах зээлийн үнээр тогтоож байгааг албаныхан хэлж байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Д.Энхтөртэй ярилцлаа.

-ЭНЭ ОНД 100 ГАРУЙ БАЙРШИЛД ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ХИЙГДЭНЭ-

-Энэ жил Нийслэлд хичнээн байршилд газар чөлөөлөх төлөвлөгөө тусгагдсан байна. Хаана ямар байршлуудад газар чөлөөлөх вэ?

-2019 оны НИТХ-ын хуралдаанаар 2020 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байдаг. Энэ төлөвлөгөөнд нийт 194 ажил төлөвлөгдсөн. Үүнээс он дамжин хэрэгжиж байгаа 35 ажил, бусад нь шинээр хийгдэх ажлууд юм. Хамгийн эхэнд дэд төвийн дөрвөн ажил бий. Үүний хоёр нь он дамжин хэрэгжиж байгаа. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөх ажил 2015 оноос эхэлсэн ч, энэ жил дуусах шатандаа ороод байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 1000 гаруй иргэдийн газрыг чөлөөлөөд дуусаж байна. Энэ жил шинээр Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвийн ажил хэрэгжиж эхлэх гэж байгаа. Зураг төсөл нь хийгдэж байна.

Хороо болон өрхийн эмнэлгийн есөн ажил, инженерийн шугам сүлжээний найман газар чөлөөлөлтийн ажил хийгдэнэ. Мөн сургууль, цэцэрлэгийн 31 газар чөлөөлөх ажил газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Үүнээс арав нь он дамжин хийгдэж байгаа ажил юм. Одоогийн байдлаар ЕС НЬ 100 хувь хийгдэж дууссан бол нэг нь иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна. Шинээр 21 сургуулийн газар чөлөөлөлтийн ажил хийгдэх төлөвлөгдсөн. Хөрөнгө мөнгө нь төсөвт тусгагдсан 11 газрын чөлөөлт хийгдээд явж байна.

-Сургуулийн газар чөлөөлөлтийн ажил тухайлбал ямар байршлуудад хийгдэж байгаа вэ?  

-Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 8, 16-р хороод, Сонгинохайрхан дүүргийн 22, 10, 28, 34 дүгээр хороодод сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байна.

-Энэ жилийн газар чөлөөлөлтөөр автозам бүтээн байгуулалтын ажил хэр хийгдэх вэ?

-Энэ онд 142 автозамын ажил хийгдэхээр төлөвлөгөөнд тусгагдсан. Үүнээс 15 нь он дамжин хэрэгжсэнээс 14 нь бүрэн дуусаад байна. Шинээр төлөвлөгдсөн 127 ажил бий. Төсөв хөрөнгө, зураг төсөл нь тодорхой болчихсон газруудын газар чөлөөлөлтийг хийгээд явж байна. Суурин болон хээрийн судалгаа, газрын үнэлгээ хийгдээд явж байна.

-ИРГЭДИЙН ӨМЧИЛСӨН ГАЗРЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮНЭЭР ҮНЭЛЖ АВДАГ-

-Үнэлгээгээг хэрхэн хийдэг вэ. Өмчлөх, эзэмших, ашиглах зөвшөөрлөөс хамаарч өөр өөрөөр үнэлэгдэх үү?

-Манайх тусгай эрхтэй үнэлгээний компаниудыг нээлттэй сонгон шалгаруулдаг. Энэ жил үнэлгээ хийх эрхтэй таван компани шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Гэрээ хийсэн компаниуд үнэлгээний тухай хуулийн дагуу өмчилсөн газрыг зах зээлийн үнээр, эзэмшлийн газрыг Засгийн газрын 222 дугаар тогтоолын дагуу суурь үнээр нь үнэлдэг. Мэдээж бүс болон талбайн хэмжээнээсээ хамааран үнэлэгдэнэ. Үл хөдлөх хөрөнгийг Барилга хот байгуулалтын яамны 203 дугаар тогтоолоор элэгдэл хорогдол, тооцох аргачлалаар үнэлдэг.

-Иргэд газраа чөлөөлж өгөхөд үнэлгээний үнийг хүлээн зөвшөөрдөггүй асуудал тулгамддаг уу. Хямд үнэлснээс газраа өгөхгүй гэсэн маргаан гардаг уу?

-Харьцангуй гайгүй шүү. Иргэд төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг хүндэлдэг, хотын бүтээн байгуулалтыг дэмждэг болсон байна. Үнэлгээ нь ч гэсэн зах зээлийн үнээр үнэлэгддэг болсон. Нөгөө талаас ойлгохгүй хэсэг бүлэг иргэд байна. Өндөр үнэ нэхээд, зөвшилцөлд хүрдэггүй. Зөвшөөрөхгүй байгаа нэг иргэнээс болж бүхэл бүтэн төлөвлөгөөнд өөрчлөлт орон өөр газар судалж, ажилд хүндрэл үүсгэх тохиолдол ч бий. Иргэдийн газрыг чөлөөлөхөд Газрын тухай хуульд тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд чөлөөлнө гээд заачихсан байдаг учраас газар чөлөөлөлтийн ажил хүлээгддэг. Харин иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд дөрөвдүгээр сард газраа чөлөөлүүлье гэвэл чөлөөлж байгаа.

-ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖИЛ ХИЙХЭД ЭРХЗҮЙН ОРЧИН ДУТМАГ БАЙНА-

-Энэ онд Нийслэлийн газрын албанд хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэдэн төгрөг төсөвлөгдсөн бэ?

-Өнгөрсөн онд НИТХ-аар төсөв хэлэлцэн батлахдаа Нийслэлийн газрын албанд улсын төсвийн болон, нийслэлийн төсвөөр хийгдэх 20 тэрбум төгрөг төсөвлөсөн.

-Газар чөлөөлөлт хийхэд ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Газар чөлөөлөлтийн ажил хийхэд эрх зүйн орчин хамгийн хүндрэлтэй байна. Хууль эрхзүйн орчин нь тодорхойгүйгээс болоод ойлгомжгүй асуудал маш их гарч ирдэг. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэж газрыг нөхөн олговортойгоор эргүүлж авах хуулийн төсөлд манай албанаас санал өгсөн. Энэ нь Засгийн газрын хуралдаанаар ороод хэлэлцэгдэх шатанд явж байгаа юм билээ.

-ӨНГӨРӨГЧ 2019 ОНД 5000 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 7500 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗРЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ-

Өнгөрсөн онд манайх нийт 171 ажил төлөвлөсөн байсан. Үүнээс газар чөлөөлөлтийг 98 хувийн гүйцэтгэлтэй хийсэн. Газар чөлөөлөх хэлтэс 2019 онд 1047 иргэний газрыг 26 тэрбум төгрөгийн нөхөн олговортойгоор, 600 нэгж талбарыг нөхөн олговоргүйгээр чөлөөлжээ. Ингэснээр 5000 гаруй хүүхдийн сургууль, 7500 гаруй хүүхдийн цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн 17,5км автозамын нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудыг чөлөөлж, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх бололцоогоор хангаж ажилласан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button