ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

БНХАУ халдварын ТООГОО эцсээ хүртэл НУУСААР байна уу

АНУ-ын тагнуулын ажилтнууд БНХАУ коронавирусийн дэгдэлтийн бодит цар хүрээг нуун дарагдуулсан хэмээн мэдээлсэн байна. Энэхүү нууц тайланг Цагаан ордонд танилцуулсан бөгөөд БНХАУ COVID-19-ийн халдвар авсан болон нас барсан хүний тоог зориудаар бүрэн бус мэдээлж байна гэжээ.

ЧАНДАР ХАДГАДАХ ГАЗАРТ ХҮМҮҮСИЙН УРТ ДАРААЛАЛ ҮҮСЖЭЭ

Арванхоёрдугаар сард Ухань хотод дэгдэлт гарч, голомтот бүс нутаг байсан БНХАУ-д лхагва гарагийн байдлаар /2020.04.01/ халдварын 83,000 тохиолдол бүртгэгдэж, 3,300 орчим хүн нас баржээ. Энэ нь АНУ-аас даруй 200,000, Италиас 110,000, Испаниас 102,000-аар бага үзүүлэлт юм.

Сүүлийн хэдэн долоо хоногт Ухань хотод хэдэн өдөр дарааллан шинэ тохиолдол гараагүй бөгөөд хоёрдугаар сарын дунд үеэс гуравдугаар сарын эхэн хүртэл өдөр бүр мянгаас дээш халдварын тохиолдол бүртгэгдэж байсан юм.

Дэлхийн даяар БНХАУ-ын тоонд итгэж байсан. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт оршуулгын газар ойр дотнын хүмүүсийнхээ чандарыг авахыг хүлээсэн урт дараалал бүхий хүмүүс энэ асуудлыг хөндөх сэжүүр болоод буй.

БНХАУ-ын коронавирусийн талаарх албан ёсны тооллогын үнэн зөв байдалд бусад улс орнууд байтугай Ухань хотын оршин суугчид эргэлзэж байна. Ухань хотод албан ёсоор амиа алдсан хүмүүсийн тоо 2531-т хүрч байгаа нь "зөв байж чадахгүй байна” гэж тус хотын нэгэн оршин суугч "Free Asia” радиогоор ярьжээ. Тэрээр “Шатаах зуухны ажилчид бүтэн өдрийн турш ажилладаг байсан тул яаж ийм цөөн хүн үхэх билээ? Гуравдугаар сарын 18-22-ны хооронд Ухань хотод нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдээлсэн. Гэвч шинжилгээний дагуу тус тоо нь эргэлзээ төрүүлж байгаа” гэжээ.

21 САЯ ГАР УТАС, 840 МЯНГАН СУУРИН УТАС ХААГДСАН БАЙНА

Түүнчлэн Хятадын гар утасны операторууд COVID-19-ийн дэгдэлтийн улмаас 21 сая захиалагчаа алджээ. Бээжингийн эрх баригчид гуравдугаар сарын 19-ний байдлаар 21 сая гар утасны дансыг цуцлав гэж мэдэгдсэн бол сүүлийн гурван сарын хугацаанд Хятадад 840,000 суурин утас хаагдсан байна.

Энэ талаар цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр COVID-19-ийн улмаас нас барсан хүмүүстэй холбоотой гэсэн мэдээллүүд гараад буй аж.

AP агентлагийн мэдээлж буйгаар "Гар утас хэрэглэгчдийн тоо буурч байгаа нь коронавирусаар халдварласны дараа амиа алдсан хүмүүсийн тоотой холбоогүй. Хятадад үйл ажиллагаа явуулж буй томоохон гар утасны тээвэрлэгчид дэгдэлтийн үеэр зарим үйлчилгээг цуцалж, олон утасны дугаартай хүмүүст нөлөөлжээ. Энэ нь голчлон COVID-19-ийн дэгдэлтээс үүдэлтэй бизнес, нийгмийн үйл ажиллагаа буурсантай холбоотой. Хятад дахь олон үйлчлүүлэгчид олон тооны SIM карттай байдаг. Эдгээр үйл ажиллагааг хийхэд үндсэн бус SIM картуудыг ашигладаг” гэжээ.

Харин "Epoch Times” сонинд "Тус улсад хүмүүс COVID-19-ээр нас барсны улмаас гар утасны данс хаагдахад ихээхэн хувь нэмэр оруулсан байж болзошгүй” гэж бичжээ.

АНУ-д төвлөрсөн Хятад улс дахь үйл явдлын тоймч Тан Жиньюань "БНХАУ дижиталчлалын маш өндөр түвшинтэй орон. Хүмүүс гар утасгүйгээр амьдрах боломжгүй. Тэтгэвэр, нийгмийн даатгалын асуудлаар засгийн газартай харьцах, галт тэрэгний билет худалдаж авах зэрэг хүмүүс юу хийхийг хүсч байгаагаас үл хамааран гар утас ашиглах шаардлагатай болдог. Мөн Хятадын дэглэм нь бүх хятадууд гар утсаа ашиглан эрүүл мэндийн код авахыг шаарддаг. Зөвхөн эрүүл мэндийн ногоон код бүхий хүмүүс тус улс руу шилжин амьдрахыг зөвшөөрдөг. Хүн гар утсаа амархан цуцалж чадахгүй” гэсэн байна.

Хэрэв тус улсад 21 сая хүн нас барсныг нотолж байгаа нь үнэн бол албан ёсны тооноос хамаагүй их үзүүлэлт юм.

БАТЛАГДСАН ТОХИОЛДЛООС ОЛОН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ БАЙЖЭЭ

Харин Сингапурын Үндэсний их сургуулийн халдварт өвчний хөтөлбөрийг удирдаж буй Ху Ли Ян "БНХАУ, Итали, АНУ-аас гаргаж буй  тоо нь бүгд үнэн зөв тоо биш гэдгийг ойлгох нь чухал. Халдварын бүх тохиолдлыг тоолох боломжгүй юм. COVID-19-ийн тохиолдлыг тогтоох нь нас баралтыг тоолохоос хэцүү. Учир нь халдвар өргөн цар хүрээтэй тархсан үед сэжигтэй тохиолдол болон шинжилгээнд хамрагдаагүй хүмүүсийг тоолох боломжгүй” гэж үзжээ.

Нэгдүгээр сарын сүүлчээр БНХАУ халдвар авсан хүмүүсийн тоог "барьж”, эмчилгээний туршилт хийхээр яаравчилж байв. Зарим өдөр тус улсад батлагдсан тохиолдлуудаас илүү олон сэжигтэй шинэ тохиолдол гарч байжээ.

Түүнчлэн дэгдэлтийн хамгийн оргил үед Уханы эрүүл мэндийн систем хэт их ачааллаж, доголдсон байна.

Зарим хүмүүс шинжилгээнд хамрагдахаасаа өмнө гэртээ нас барж байв. Учир нь эмнэлгүүд тэднийг хүлээн авах боломжгүй, ор хүрэлцээгүй байжээ. Тус улс коронавирусийн шинжилгээнд хамрагдахаас өмнө нас барсан хүмүүсийг хэзээ ч албан ёсны үхэлд тооцдоггүй байна.

Хүн бүрийг шинжилгээнд хамруулах боломжгүй тул эмнэлгүүд зарим сэжигтэй тохиолдлуудыг гэрт нь хүргүүлж байв. Аливаа улс оронд дэгдэлт гарсан үед тохиолдлын тоо болон нас баралтын тоог үнэн зөв, бүрэн гаргах бараг боломжгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: theguardian.com, thesun.co.uk

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button