Ярилцлага

Kadr: Хэрэв брэндээ Кадр гэж нэрлээгүй бол хүнд үед бүдрээд, эргэж босохгүй

“Kadr” брэндийн үүсгэн байгуулагч, хувцас дизайнер Б.Энхбаатартай ярилцлаа.

-ОДОО ЭРГЭЭД ЗАДАРЧ, АССАН, ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛСЭН НЭГЭН БОЛЖ БАЙНА-

-Та хэдэн жилийн өмнөх ярилцлагадаа, уран бүтээл гаргахын тулд үргэлж судалгаа хийдэг талаараа ярьсан байсан. Одоо ямар нэгэн судалгаан дээр ажиллаж байна уу?

-Миний хамгийн сүүлд гаргасан “Basement”, “Grand Circus” коллекциуд европ хувцасны загварыг илүүтэй шингээсэн. Энэ хоёроос өмнөх коллекциуддаа үргэлж үндэсний хувцасны хэв загварыг тусгаж, өв соёлоо өвлүүлэн таниулахыг зорьдог байв. Тэр үед л холбогдох судалгаануудыг идэвхийлэн хийдэг байлаа. Зөвхөн монгол хувцас дээр бүх ухаан санаа төвлөрч, хувцас загвар гэдэг зүйлийг түүгээр л хардаг байж. Дэлхийн тавцанд монгол хувцсаар гарах гэж үзээд байсан байгаа юм.

Одоо бол үндэсний уламжлалаа хадгалж үлдэх нь зөв, гэхдээ яг загвар гэдэг өөр ойлголт юм байна гэж бодох болсон. Хүн тухайн цаг үе бүртээ суралцаж, хөгждөгийн  илрэл байх л даа. Иймд судалгааны сэдэв маань одоо дэлхийд юу болж байна вэ гэдэг рүү чиглэсэн. Ер нүүр будалт, сандал ширээ, барилга байгууламж гээд бүх л зүйл дээрх дэлхийн чиг хандлагыг сонирхож судлах болсон.

-Зөвхөн хувцсаар хязгаарлагдахгүй юу?

-Тийм.

-Үндэсний хувцас загварыг чухалчлан уран бүтээл хийж эхэлсэн нь хэзээ юм бэ?

-Би 2012 онд их сургуулиа төгсөөд, БНХАУ-д хувцас, загварын чиглэлээр нэг хэсэг ажилласан юм. Ингээд Монголдоо эргээд иртэл “Mongol Costumes” төвөөс хамтран ажиллах санал тавьсан. Тухайн үедээ Монголын хамгийн том загварын ордон байлаа. Гол нь дороо Үндэсний түүхэн хувцас судлалын академитэй, үүгээрээ жил бүр судалгаа хийж, ном товхимол хэвлүүлдэг байсан. Би саналыг хүлээн аваад ажиллаж эхлэхэд, яалт ч үгүй үндэсний хувцас судлах шаардлагатай болсон. Тэгээд яваандаа ийм агуу соёлтой ард түмэн байсан юм уу гэх бодол төрж, үндэсний хувцсаар огшдог, өмчирхдөг болсон. Биднийг ямар агуу түүхтэй ард түмэн бэ гэдгийг ерөөс дэлхийн бусад улс орнуудын хувцаснаас харж болно. Дайлаар мордсон газар бүртээ өөрсдийн өв соёлыг үлдээж, нутагшуулж явдаг байж. Үүнийг ойлгох тусам омголон бардам зан минь дарагдаж, өв соёлоо эрхэмлэдэг хүн болж хувирсан. Одоо эргээд задарч, ассан, шинийг эрэлхийлсэн нэгэн болж байна.

Image may contain: 2 people, people standing
Image may contain: 2 people, people standing

-Одоо “Mongol Costumes”-тэй хамтран ажилладаг хэвээр үү?

-Хэвээр, гэрээтэй ажилладаг.

-Үндэсний хувцсаар нэг хэсэг дагнаж уран бүтээл хийсэн нь танд юу өгөв?

-Ухаан суулгасан байх. Нэлээдгүй ном, зохиол ч уншсан. Тэгээд ирэхээр гарах үг, үйлдэл бүр маань эрэмбэ дараалалтай, цэгцтэй болсон. Мөн аливаа юманд хөнгөн хийсвэрээр, сэтгэлийн хөөрлөөр биш ухаан зарж, бодож тунгааж, ул суурьтай ханддаг болсон. Ер нь буруу алхам хийх цаг ч байхгүй, нас ч байхгүй.

-КАДР ГЭДЭГ НЭР НАМАЙГ БАГААС МААНЬ ТАМГАЛСАН-

-Түүнээс өмнөх өөрийгөө та омголон, бардам гэж тодорхойллоо. Ер нь хэр амбицтай залуу байв?

-Яг оюутан нас л даа. Омголон, хаашаа ч хөлбөрч мэдэх хийсгэлэн, өөрийгөө таньж мэдэхээр бэдэрч яваа нэг ертөнц. Тэр үед өөрийгөө фейшн дизайнер болно, гудамжаар алхахдаа хүн бүрийг эргүүлж харуулна, том том компанитай гэрээлж ажиллана гэхчлэн бодож байлаа. Кинон дээр гардаг шүү дээ, дизайнер гэж шилэн хоргон доторх алтан загас шиг суучхаад л хүмүүсийг загнаж, зааварчилдаг хүний тухай. Тэгж л төсөөлдөг байж. Гэтэл үнэндээ амьдрал дээр гарахаар зүгээр л өмдний шуумаг хасаад сууж байдаг оёдолчин л байгаа байхгүй юу. Хэрэв ажлын санал ирвэл эсгүүрчин болно. Бүх ажлын санал тавьсан хүмүүс өөрөө эсгэ л гэнэ, эсгэснээ үзүүлж оёдолчдоор оёулна. Кинон дээр гардаг шиг зөвхөн зурж, будаад суудаг ажил огт биш.

Image may contain: 1 person, standing

“Хятадад сураад ирсэн, Монголын хамгийн том загварын ордонгоос урилга авсан” гэх мэтээр л бардамнан бодож байж дээ. Гүйгээд очсон чинь, “Уучлаарай, чи загвар талдаа гайгүй л юм байна, гэхдээ үндэсний хувцасны талаар юу ч мэддэггүй юм байна” гэж хэлүүлэх шиг л болсон. Тэгээд нээрэн үнэхээр хэн ч биш юм байна гэдгээ ойлгосон доо.

-Кадр гэж нэрийг ашиглаад хэр удаж байна вэ?

-Таван жил болж байна.

-Ямар утгатай юм бол?

-Утга, агуулга гэх зүйл байхгүй. Намайг багаас л гэр бүл, найз мөхөд маань Кадр гэж дууддаг байсан. Сургуулийн эрхлэгч хүртэл Энхбаатар гэхээр танихгүй мөртөө Кадр гэхээр “Аан, нөгөө хувцасны хүү юу” гэж таньдаг байв. Энэ нэр тэгж намайг тамгалсан.

Дизайнер хүн бүрт уран бүтээлийн нэр байдаг. Хэрэв би уран бүтээлийн нэрээ Кадр биш, өөр нэрээр нэрлэчихсэн бол, хэцүү цаг үе тохиолдоход мөрөөдлөө хаячих байсан. Хүнд бүдрээд босож чадахгүй үе таардаг. Харин миний өөрийн нэр байгаа бол босоод ирнэ. Тэгэхгүй бол нэрээ хогийн сав руу чулуудчихаж байгаа хэрэг. Иймд хэзээ ч унана, босно гэх зүйлгүй, үргэлж урагшилж амьдрахын тулд Кадр нэрээ авсан.

-УРАН БҮТЭЭЛЧ ХҮН ОГТ ЗОГСОХ ЁСГҮЙ-

-Өөрийнхөө хамгийн том санхүүжилтээр гэрээлж хийсэн, даацтай уран бүтээл гэвэл алийг нэрлэх вэ?

-Надад шоу контентийн, загварын коллекцийн гээд олон янзын хамтарч ажиллах санал ирж байсан. Тэдгээрээс “Яг түүн шиг” шоунд ажилласнаа хамгийн зөв шийдвэр болж гэж хардаг. Энэ шоуны нэгдүгээр улиралд нь ганц жүжигчин Э.Энхзол дээр ажилласан юм. Э.Энхзол өөрөө өндөр стандарттай хүн учраас Боловсрол ТВ-ээс томилсон хүмүүс шаардлагад нь нийцэхгүй байсан. Иймд надтай тусгайлан уулзаж, хамтрах болсон. Дараа нь гуравдугаар улирал эхлэхэд продюсер нь хэлсэн, “Бид сайжруулмаар байна. Э.Энхзол яалт ч үгүй ялгарч байсан. Хамтарч ажиллаач” гэж. Ингээд гуравдугаар улирлыг нь бүтэн дааж авч ажилласан. Энэ бол үргэлжилсэн том уран бүтээлийн ажил л даа. Хамгийн гол нь энгийн, өдөр тутмын биш тайзны, галзуу энтертайнмент салбар тул сонирхолтой. Бас Монголын ард түмнийг зурагтынх нь ард суулгаад стрессээс нь салгаж байгаа гэхээр бүр ч их таалагдсан.

-Сүүлийн үед та урлаг, соёлын залуу уран бүтээлчдийн хамгийн эрэлттэй дизайнер болж. Юу үүнд нөлөөлсөн бол?

-Миний зогсолтгүй хөдөлмөрлөж байгаа нь л бусдад харагдсан байх. Зарим уран бүтээлчид нэг их хүчтэй гарч ирээд нам жим болчихдог, мартагдчихдаг шүү дээ. Ерөөс зогсох ёсгүй юм. Тэгж гэмээ нь хүмүүсийн чихэнд сонсогдсоор байна, хамтарч ажиллах санал ч байнга ирнэ. Хүний чихэнд дуулдахаа байвал мартагдаж байна, юм хийхгүй байна л гэсэн үг шүү дээ. Надад амралтын байдалтай, зогсонги амьдрал маш уйтгартай санагддаг. Үргэлж олон хүнтэй бужигнаж, ажил ярьж суух дуртай. Одоогийн энэ хорио цээртэй өдрүүд ч нэг их таатай биш байна.

Image may contain: 2 people

-Одоо та тодорхой байр сууринд хүрлээ, зогсолтгүй хөгжсөөр ч явна гэж харлаа. Та хэр бардамнаж байна. Эсвэл эсрэгээрээ бардам зан нь дарагдаж байна уу?

-Би бардах ёстой зүйл дээрээ л барддаг. Бардах ёсгүй зүйл дээрээ өөрийгөө дарж чаддаг ухаантай байх ёстой. Чадах, мэдэх зүйл дээрээ хэний ч өмнө бардам байж, өөрийнхөө хаанчлалыг тогтоож чадна. Харин тэнэглэх үедээ “Болохгүй, энэ хүний хажууд ийм зүйл ярьж болохгүй” гэхчлэн өөрийгөө цензурдэнэ.

-Ихэвчлэн ямар үед цензурддэг юм?

-Миний зарим найз нар гадаадын орнуудад сурч боловсроод, тэдний соёлыг өөртөө тээгээд хүрээд ирдэг. Би гадаадын соёлын талаар ерөнхий утгаар нь мэдэж байгаа ч биеэр үзээгүй хүн хол л байгаа байхгүй юу. Тиймээс дэргэд нь адилхан царайлах гээд савсаганаж гүйх утгагүй. Гадаадад сураад ирсэн найзуудаасаа хааяа ичдэг.

-КАДР БРЭНД МӨНГӨН ДЭЭР БИШ УРАН БҮТЭЭЛ ДЭЭР БОССОН-

-Та бусад дизайнеруудтайгаа хэр хамтарч ажилладаг бол. Уран бүтээлч хүмүүст бие даах, ганцаар хаанчлал тогтоох амбиц хүчтэй байдаг?

-Тийм шүү, уран бүтээлч хүмүүс бие даахын төлөө шатаж тэмүүлдэг. Гэхдээ бид нарын хувьд цөөхүүлхнээ байхгүй юу. Ийм байж хувь хувьдаа амбицалж суух нь утгагүй. Баг болдоггүй, базагдаж чаддаггүй зантай, бид. Бид нар багаар л ажиллах хэрэгтэй, тус тусдаа орилоод гарч ирэхгүй. Энийг ойлгох хүн ч ховор байдаг. Миний хувьд ардаа баг бүрдүүлж, үргэлж багаар ажилладаг.

-Таны багт одоо хэдэн хүн байна?

-Оёдол хариуцсан найм, зураг авалт дээр хоёр. Бичлэгэн дээр хоёр, модель найм гэхчлэн хорь гаран хүн болж байна. Уран бүтээл бүр дээр бүгдийг нь ажиллуулахгүй л дээ. Жишээ нь моделиудаа тухайн загварын утга санаа, агуулгаас шалтгаалан хоорондоо ярилцаж, сонгож ажиллуулдаг.

-Гэрээ хийж, цалинжуулдаг юм уу?

-Янз, янз. Заримдаа зүгээр бүтээлч ажил гэх үүднээс Кадр нэрийн дор биш, чөлөөт хэлбэрээр хамтарч уран бүтээл хийх нь ч бий.

-Ажлын байр бий юу?

-Байгаа.

-Эдгээрийг асууж буй шалтгаан нь, Кадр гэсэн ганц хувь уран бүтээлч ажиллаад байна уу, эсвэл үүний цаана ажил олгогч, аж ахуйн нэгж байна уу гэдгийг сонирхох гэсэн юм?

-Аж, ахуйн нэгж маягаар гэж ойлгоно. Кадр брэнд болон Кадр дизайнер гэж хоёр тусдаа ойлголт. Хувь дизайнерийнхаа хувьд бусад брэндүүдтэй ч хамтарч ажиллах боломжтой.

-Санхүүгийн баталгаатай байдал бас нэг сонин сэдэв. Хувцас загварын тогтмол орлогогүй, эрсдэл үүсэж мэдэх салбар гэж ойлгодог. Та санхүүгийн эх үүсвэрээ хаанаас олж байна?

-Ерөөсөө яг өөрийгөө зарж л олж байна. Гэхдээ Кадр гэдэг нэрийг ингэж тамгалж чадаж байгаа нь өөрөө аз жаргал. Кадрын хувцсыг авахад дурладаг хүмүүс бий болчихсон. Хэрэв нэрээ л тамгалж чадвал мөнгө асуудал биш. Гадаадад ч гэсэн адилхан. Зөвхөн нэр, нэрийг зарж л мөнгө олно. Цулгай цагаан цамцан дээр ганц лого байхад л тэр ямар ч өндөр үнэд хүрч мэднэ. Ингэж л санхүүгийн эрх чөлөөнд хүрдэг.

-Кадр гэдэг уран бүтээлчид мөнгө, ашиг орлого хэр чухал ач холбогдолтой юм?

-Хүн мөнгөний араас яваад ирэхээр л санаа нь өөрчлөгдөөд, зорилго нь тэс өөр болчихдог. Би мөнгөний төлөө огт ажилладаггүй. Хэрвээ юм хийсэн бол ороод ирдэг л байхгүй юу. Хүмүүс “Ямар ч мөнгөгүй юм чинь яаж юм хийх болж байна” гэдэг. Кадр брэнд мөнгөн дээр босоогүй, уран бүтээл дээр боссон. Жижигхэн урланд хаалгаа гаднаас нь түгжээд нэг захиалгаа оёод суудаг байсан Кадрын омголон, дайчин зан энэ хүртэл аваачсан. Хэрэв би ажлаа мөнгө гэж харсан бол энд тэндээс хөрөнгө оруулалт хайгаад, төсөл бичээд явж байгаа. Ингэвэл би биш болчихно. Би дотроосоо “юм” гаргаж, тэр нь бусдад таашаагдаж, түүгээр өөрөө хөглөгдөж амьдарч байгаа юм. Масст зориулж хувцас үйлдвэрлээд эхэлсэн бол би өнөөдөр зүгээр л мөнгөтэй хэрнээ хэн ч биш болж хувирах байсан биз.

Image may contain: 1 person, outdoor

-ХУВЦАСЛАЛТАД ГОЛ, ТУСЛАХ, МАСС ДҮР ГЭЖ БИЙ-

-Уран бүтээлч хүнд гишгүүлэх үе олон таардаг. Таны хувьд хэр олон удаа нурж байв?

-Яг мэдэхгүй, бодохоор төдийлөн орж ирэх зүйл алга. Зүгээр хүнд, хэцүү үе бол цөөнгүй л тохиолдож байсан. Шантрах, залхах, сэтгэлээр унах. “Би ер нь юу хийгээд байгаа юм бэ” гээд уйлах ч үе байна. Гэхдээ би тэр бүрийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй л юм болов уу даа.

-Хувцас загвар зохион бүтээгч хүн өөрөө юу өмсөж байгаа нь сонин. Таны хувцаслалт хувь уран бүтээлчийн хөгжлөөс шалтгаалж хэр өөрчлөгдөж байна?

-Миний хувцаслалт үргэлж өөрчлөгддөг. Үргэлж энгийн, нэгэн хэвийн хувцаслана гэдэг маш уйтгартай. Нэг өдөр тун энгийн хувцаслах үе ч байна, айхтар ганган хээнцэр явах нь ч байна. Хувцас гэдэг өөрөө амжилтад хүрэхэд маш том нөлөө үзүүлдэг. Чи төсөөлөөд үзээрэй. Хүн өглөө ердийнхөөсөө арай ганган, арай аятайхан хувцас өмсөөд гэрээс гарлаа. Толинд байн байн хармаар санагдаж, харах бүртээ өөртөө сэтгэл ханадаг. Яг тэр мэдрэмжтэйгээ хотыг гудамж руу гарахад итгэл дүүрэн, харц дээгүүр алхдаг. Ийм харц, алхааны цаана айдас гэдэг зүйл байдаггүй юм. Тиймээс амжилт гаргах үндэс болдог, амжилттай хүн бүрийн ард хувцаслалт нь нуугдаж байдаг. Энэ нь хэт гангалана гэсэн ойлголт биш. Өөртөө тохирсон жаахан дэвштилт л гаргана гэсэн үг.

-Хувцаслалт гэдэг мөн л нэг урлаг. Гэхдээ өдөр тутмын хэрэглээ учраас урлаг гэж харах хүн ховор. Та тайлбарлаач, яагаад хувцаслалт урлаг юм бэ?

-Би үүнийг хэрэглээний урлаг гэж боддог. Зөв хувцаслалт яг л кино шиг гол, туслах, масс дүртэй. Гол дүр нь хамгийн анхаарал татахуйц, нүдэнд өртөхүйц хувцас нь. Харин үүнийг тодотгож байгаа нь туслах дүр гэхчлэн. Жишээ нь тод өнгийн хүрэм өмслөө гэхэд энэ нь гол дүр болж, тодотгож буй бараан өнгийн өмд нь туслах дүр болно. Ингэж найруулга хийгддэг учраас яах ч аргагүй урлаг мөн.

-Хөрөг зураачид зургаа зурахын өмнө эхлээд тухайн хүнээ танихын тулд судалдаг, олон удаа уулзаж ярилцдаг. Та хүний юуг нь мэдэрч байж хувь сүнслэг байдалтай нь нийцүүлж хувцсаа урладаг вэ?

-Сэтгэл зүйтэй нь нэгдэнэ. Би дизайнер хүнийг сэтгэлзүйч байх ёстой гэж боддог. Нэг хүн ирээд, “Би өөрийгөө өөрчилмөөр байна” гэлээ. Тэгтэл ихэнх дизайнер тэр хүний биш, өөрийнхөө ертөнцөөр ханддаг. Хэчнээн үүнийг өмс гэж зөвлөсөн ч хувь хүний өөрийнх нь биш тул яаж харагдаж байгаа бол гэсэн айдастай байх болно. Дизайнер тэр хүний сэтгэл дотор нуугдаж байгаа тэр өнгө, тэр силуэтт хэлбэрийг олж, татаж гаргаж ирээд загвартаа тусгах ёстой. Түүн дээр нь өөрийнхөө жаахан элемэнтийг л нэмэхэд болоод явчихна. Гэтэл манай дизайнерууд, “Энийг л ав, энэ хамгийн гоё нь” гэдэг. Өмсөөд зохилоо ч тэр хүний өөрийнх нь ертөнц биш байгаад байна шүү дээ. Би үйлчлүүлэгчтэйгээ харилцахдаа соронзлогдож, холбогдож ярилцах дуртай. Ингэж гэмээ нь нуугдаж буй өнцгийг нь олж мэдэрдэг.

Image may contain: 2 people, people standing

-ОДОО ХЭН Ч БИШ Л БАЙНА, ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД-

-Та өөрийгөө тав, магадгүй арван жилийн дараа ямар хэмжээнд хүрснээр төсөөлж байна?

-Би өөрийгөө Монголын загварын ертөнцийн хаан болсноор төсөөлдөг. Эхний ээлжинд. Ер нь том зорилготой хүн л том алхана. Арав гэхгүй, хорин хэдэн жилийн дараа гэхэд өөрийнхөө нэрийг Монголын загварын ертөнцөд тамгална. Загвар гэхээр л Кадр санаанд нь буудаг болгохыг хичээнэ.

Гэхдээ миний өмнө алхаж байгаа маш олон мундаг дизайнерууд байна, бүгд таньдаг. Харин би суралцаж байна. Үнэхээр алаад өгмөөр байна. Одоо хэн ч биш л байна, яг үнэнийг хэлэхэд. Гол нь зогсож л болохгүй.

Надад нэг давуу тал байгаа нь, би эрэгтэй. Ихэнх дизайнерууд эмэгтэй хүмүүс байдаг, тэгээд гэр бүл, үр хүүхдэдээ уран бүтээлээс илүү цаг гаргах болдог. Надад тийм зүйд алга, харин залуу нас, цаг зав байна. Гэр бүлтэй болоогүй байгаа дээрээ маш их зүйл хиймээр байна.

-Таны зүүн гарын долоовор хурууны үзүүрт сорви байна. Хүүхэд байхдаа оёдлын машины зүүн дор оруулаад, нэвт хатгуулчихсан гэж дуулсан. Миний бодлоор та үүнийгээ тамга гэж ойлгодог байх?

-Бүх юм цаанаасаа учир, утгатай юм гэдгийг л энэ харуулах шиг болдог. Би энэ сорвины талаар нэг их боддоггүй, тухайн үед өвдөж байснаа ч санадаггүй байсан юм. Манай ээж их юм оёдог хүн байлаа. Нэг удаа оёдлын машинаар оёдол хийж байхад нь би гараа зүүн дор нь оруулчихсан гэсэн. Нэвт оёод, хурууны хумс унаж байсан. Одоо бодоход учиртай юм байна л гэж ойлгогддог. Энэ тамга. Тэгээд, тамга бол тамга шүү дээ. Хэзээ ч арилахгүй, бүх гэрээ контракт үүгээр эцэслэн баталгааждаг. Надад яг тийм утгаар ирсэн тамга байх, энэ сорви.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинnn
Зочинnn
2020-04-03 08:05

amjilt

Болд
Болд
2020-04-03 13:54

Сагсуу новш вэ чи. ХУЦ.

Зөочин
Зөочин
2020-04-03 21:37

Ээ гэгээн минь

Зөочин
Зөочин
2020-04-03 21:38

Ээ гэгээн минь

Зочин
Зочин
2020-04-04 10:06

Ойлгохгүй бас миний худ�##�даж авч өмсөх хувцас биш байна гэхдээ амжилт

Холбоотой мэдээ

Back to top button