НИЙГЭМ

МХЕГ: Дур мэдэн үйл ажиллагаа явуулсан нь осол гарах үндэслэл болсон

Тавдугаар сарын 23-ны 23:10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон. Ажилтан Б энэ өдөр өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байсан аж. 

Өнөөдөр МХЕГ-аас “Пентатерра” ХХК нь ийн ашиглалтьн тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтэд дэлгэлээ. 

Тодруулбал, эл талбайд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалтыг хийхэд туслан гүйцэтгэгч “Цог өндөр-Арвижих” ХХК нь 2018 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан, Нарангийн голын энгийн хамгаалалтын бүсэд хөрс хуулж, овоолго үүсгэн, эргэлтийн усан сан байгуулсан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, уурхайн хөрс хуулалтын гадаад овоолгыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн гадна байрлуулсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллаагүй, ус болон газар ашиглах гэрээг холбогдох байгууллагатай байгуулаагүй, уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав, тэмдэг тавиулаагүй зэрэг зөрчил илэрсэн тул Улсын байцаагчийн актаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үйл ажиллагааг нь зогсоосон.

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр МХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг тус компанийн талбайд хяналт шалгалтаар очиход үйл ажиллагаагаа зогссон байсан ба уурхайн хананы дагуу хагарал үүссэн байгааг илрүүлж уг компанид 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, Мэргэжлийн хяналтын газарт биелэлтийг ирүүлсний дараа үйл ажиллагаагаа эхлүүлэхийг уг зөвлөмжид даалгасан.

Уг зөвлөмжид ашиглалтын явцад гулсалт, нуралт гарах хандлага илэрвэл тухай хэсэг дэх бүх төрлийн үйл ажиллагааг зогсоох, нурж болох саравч ирмэгийг буулгаж аюулгүй ажиллагааг хангах болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллах тухай тодорхой зааж өгсөн боловч тусгай зөвшөөрөл эзэмшигч дур мэдэн үйл ажиллагааг эхлүүлсэн нь осол гарах нөхцөл болсон гэж урьдчилсан байдлаар үзэж байна.

“Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна.

Осол болсон ил уурхайн 21587 м2  талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосуудыг татан авчирч ажиллуулж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр  осолдсон техникийн байршлыг тогтоогоод байна. 

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button