О.Баяраа: Нүүрс ачиж яваа бидэнд алдах эрх байхгүй, тэнгэрийг дээрээ ачсан мэт л бодогддог

Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн замд нийт 14 мянга орчим жолооч тээвэр хийж буй бөгөөд тэдний төлөөлөл болгож, “Икс эм Си” ХХК-ийн жолооч О.Баяраатай ярилцлаа. Тэрбээр нүүрс тээврийн жолоочоор 13 жил ажиллаж байгаа аж.
-ХАЯА ХЯЗГААР НЬ МЭДЭГДЭХГҮЙ ГОВИЙН ӨГЛӨӨ САЙХАН-
- Анх хэрхэн нүүрс тээврийн жолооч болж байв?
Би дуу хөгжмийн багш мэргэжилтэй. Гэвч техникийн хобби маань жолоо мушгихад хөтөлж, анх 1998 онд тээврийн тэрэг барьснаас хойш өдгөө 20 гаран жил өнгөрчээ. Харин нүүрс тээврийн жолоочоор 13, 14 жил ажилласан байна. Эхлээд “Тахидаг хайрхан” гэдэг компанийг таван цагаан гэр, арван цагаан тэрэгтэй байхад л ажиллаж байсан бол одоо “Икс Эм Си” компанид харьяалагдаж байгаа. Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат хүн, гэр бүл маань нутагтаа байдаг.
-Тээврийн жолоочийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Хаяа хязгаар нь харагдахгүй говийн өглөө сайхан шүү дээ. Миний ажил нүүрсээ ачуулахаас л эхэлж байгаа юм. Нүүрсний тээвэрлэлт хийнэ гэдэг их олон зүйлээс хамааралтай. Хил, гаалийн мэргэжлийн хяналт, тагнуулын байгууллага гээд олон шалгалтаар орно. Дараалал бага бол шуурхай гарчихна, зарим үед бол ачилтаа хийлгэх гэж хэд хонох үе ч бий. Ихэнхдээ шуурхайхан гарчихна аа.
-Ачилтын үед ямар хүндрэл бэрхшээл гарч байна вэ?
Гайгүй ээ. Хамгийн гол нь хил гаалиар нэвтрэхэд хугацаа шаардах нь бий. Тээврийн жолооч нарын амьдрал машин дотор л өрнөнө шүү дээ. Өнгөрсөн жил тус чиглэлд 120 км-ийн дугаарлалт үүсч байхад бид долоо найм хонож л байлаа. Хоол ундаа машиндаа хийж идээд, тэргээ манаад л хононо. Өөрөө өөрсдөдөө анхаарал тавьж, тэвшиндээ аль болох тохилог орчин бий болгоод л явдаг. Энэ бүхэнд юундаа ч зовох вэ дээ. Энэ ажлыг хийе л гэж сонгосон болохоор хичээж л байна.

-ЗАСМАЛ ЗАМ ОДООГИЙН ЗАЛУУСЫГ БОЛ ЭРХЛҮҮЛЖ БАЙНА-
- Компанийн хувьд ажилчдадаа хэр анхаарч байна?
Манай компани чинь ёстой дажгүй топ шүү дээ. Гаалийн шалгуураар 1-т гарч ирлээ. Эрдэнэсийн шалгуураар бас 1-т байна. Гашуун Сухайт дээр 1-т, Монгол тээвэр нэгтгэл дээр ч 1-т, ер нь бүх үзүүлэлт нь сайн байдаг. Бид ч хичээж ажилладаг юм. Тэр хичээл зүтгэлийнхээ хүчээр “Онц тээвэрчин” цолыг авч байлаа. Авто тээврийн 90 жилийн ой болж Тавантолгойд анх удаа тээвэрчдийн баяр тэмдэглэж байхад компанийнхаа анхны “Онц тээвэрчин” болсон. Бас манай компанийн н.Отгон-Эрдэнэ гэдэг Хөвсгөлийн залуу уран жолоодлогоор тэргүүлж байлаа шүү дээ.
-Сурган хүмүүжүүлэгч, багш байсан хүн Гашуунсухайтын авто зам дээр явж байхдаа онц тээвэрчин цол авч дээ?
Тэгэлгүй яах вэ, 100 гаруй тонн нүүрс ачаад явж байгаа үед анхаарал сэрэмж алдах эрх бидэнд байхгүй. Тэнгэрийг дээрээ ачсан юм шиг л бодогдоно. Их л болгоомжтой явах учиртай. 2008 онд бид чинь Тавантолгойгоос 100, 120 тонн ачаатай 243 км дан шороогоор явж байж Гашуунсухайтын боомт ордог байлаа. Дугуй дэлбэрээд л, машин эвдрээд техник гэдэг чинь хэцүү шүү дээ. Түүний дэргэд засмал орж ирэхэд бидэнд бол гайхамшиг л байлаа. Одоо бол сайхан шүү. Энэ засмал зам одоогийн залуусыг бараг л эрхлүүлж байгаа. -Замын эвдрэл гэмтэл хэр байна?
Зундаа говьд их хална, 40-50 хэм хүрнэ. Тэгэхээр нөгөө асфальтын утгыг алдагдуулна. Нөхөөд, янзлаад байхад л эвдрээд байна. 2017, 2018 оны зун, намрыг бид яаж өнгөрөөж байсан гэж бодно. Бөөн нүх, нүх гэдэг чинь цаг хугацаа, техникийн дайсан байдаг юм. Замаа зассангүй энэ тэр гээд асуудал их гардаг байсан. Харин 2019 оноос зам их сайхан болсон. Өнгөрсөн жилээс л манай Гашуунсухайтын зам гангарч байна даа.

-ОСЛЫГ БУУРУУЛЪЯ ГЭВЭЛ ЖОЛООЧ НАРЫН ӨӨРСДИЙН ХАРИУЦЛАГА, УХАМСАР ЧУХАЛ-
-Замын арчилгаа, тордолгоо жолооч нарт маань ашиг тусаа өгч байгаа л юм байна?
Тэгэлгүй яах вэ. Урьд өмнө яадаг байсан гэж санана. Шороон зам дээр тэнгэрт нар харагдахгүй, нар чинь шороон дундаас зэс зоос шиг л харагддаг байлаа. Харин энэ замын буянд тийм зүйл байхгүй болсон. Өнгөрсөн жил би “Гашуунсухайт автозам” компанийн сургалтан дээр ачаатай талдаа зогсоол олон барих хэрэгтэй гэж санал бодлоо хэлж байсны үр дүнд энэ зогсоолын ажил аятайхан болсон шүү. Ялангуяа ачаатай талд дугуй хагарах тохиолдол их байдаг. Тэр дугуй чинь 1.200.000 төгрөг шүү дээ. Тэгэхэд бид цалин 1.200.000 төгрөг авдаг тэгэхээр 1.200.000 төгрөг шатаачихаар юу болох вэ. Эхнэртээ ч хэлэх хэцүү, компанидаа ч хэлэх үггүй болж, зам дээр тамхиа татаад л суудаг байв даа. Зам дээр яваа хүн чинь дан ганц ар гэрийнхээ амьдралыг авч яваа юм биш, Монгол Улсын эдийн засгийн голыг авч явдаг юм.
-Одоо замаар явж байхад, шалганаар нэвтрэх үед ямар нэг хүндрэл бэрхшээл гарч байна уу?
Юу байх юм бэ. Зам дагуу зогсоолын асуудлаа шийдчихлээ, хажууд нь бие засах газар нь байна, хогоо хаях хогийн савийг нь бэлдчихлээ. Энэ чинь биднийг хүндэлж, хүн явж байгаа гэдгийг ойлгоод хийж байгаа болохоор бид ч бас хүндэтгэлтэй хандаж байгаа хэрэг шүү.
-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн санаачилгаар ЦЕГ, Юнител ХХК-тай хамтран “Бид нэг амьтай шүү” аяныг хэрэгжүүлж байна. Аяны тухайд ямар бодолтой байна вэ?
Тээвэрт явдаг жолооч нар маань нээрээ л амь нэгтэй хүмүүс юм. Ялангуяа коронавирусийн дэгдэлттэй энэ үед бидэн рүү чиглэсэн энэ ажлыг зохион байгуулж буйд талархаж байна. Мөн ослын тоог бууруулъя гэвэл жолооч нарын өөрсдийнх нь хариуцлага, ухамсар маш чухал юм. Тиймээс аян хэрэгжсэнээр олон эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
Сур: Баярлалаа, таны алтан шар зам өлзийтэй байх болтугай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.