Нийгмийн

Б.Мөнхтөр: “Шийтгэл бол шийдэл биш” уриатайгаар нөлөөллийн ажлаа явуулж байна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дэлхий даяараа “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох” Олон улсын өдөр болгон тэмдэглээд 22 жил болсон байна. Манай улс энэ өдрийг 2006 оноос эхлэн жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ өдрийг угтан Чингэлтэй дүүргээс зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл авахаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Б. Мөнхтөртэй уулзаж товч ярилцсан юм.

-Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ямар утга учиртай өдөр вэ?

-Олон улсын хүрээнд жил бүрийн 04 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох” өдөр болгон тэмдэглэдэг.  Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, таслан зогсоохын төлөө эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нарт нөлөөллийн ажлуудыг хийдэг уламжлалт өдөр юм.

-Энэ өдрийг угтан Чингэлтэй дүүргээс ямар ажлуудыг хийж байна вэ?

-Чингэлтэй дүүрэг энэ өдрийг тэмдэглэдэг болоод 10 жил болж байна. Энэ өдрийг угтсан олон төрлийн нөлөөллийн ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн хамтран зохион байгуулж ирсэн. Энэ жил онцгой нөхцөл байдал тулгарсан тул бид цаг үетэйгээ уялдуулан цахим орчноор нөлөөллийн ажлыг явуулж байна. Тухайлбал: Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг сурталчилсан богино хэмжээний видео бичлэгийг хийж, эцэг эхчүүдэд сурталчлахаар бэлдэж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн баяр хөөр, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, дөрөвдүгээр сарын 30-ны өдөртэй холбоотой мэдээллийг агуулсан гэх мэтээр давхцаагүй 10 төрлийн постор хийж  чэйлэнж зарлан бусдад түгээх, нөлөөллийн ажил зохион байгуулж эхлээд байна. 

-Чингэлтэй дүүрэг олон жил энэ өдрийг угтсан арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Ямар үр дүнд хүрч байна вэ?

-Жил болгон тэмдэглэхдээ эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нарын хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаарх мэдлэг, мэдээлэл нэмэгдсэн. Ялангуяа хүүхдүүд маш сайн мэдээлэлтэй болж өөрсдийгөө хамгаалах мэдлэг, чадвартай болсон нь үр дүн гэж бодож байна. Бид жил болгон үйл ажиллагааны үр дүнгээ үнэлж, дараа жил ямар үйл ажиллагаа, ямар аргаар зохион байгуулахаа төлөвлөдөг. Тиймээс энэ өдрийг угтсан үйл ажиллагаа үр дүнтэй байдаг бөгөөд салбар салбарын төрийн байгууллагын уялдаа холбоо ч сайжирч байна.

-Энэ жил ямар уриатайгаар нөлөөллийн ажлаа явуулж байна вэ?

-Энэ жил бид “Шийтгэл бол шийдэл биш” уриатайгаар нөлөөллийн ажлаа явуулж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button