Сурвалжилга, Нийтлэл

Өвөлдөө утаанд “дарлуулдаг” нийслэлчүүдийг зун нь ХӨРСНИЙ БОХИРДОЛ заналхийлсээр байна

Хавар иржээ. Нийслэлчүүдийн хувьд утаа, униарны асуудлаас салж, уушги дүүрэн амьсгалах цаг нь. Гэвч дулааны улирлыг дагаад утааны дайтай асуудал болоод удаж буй хөрсний бохирдол нийслэлийн оршин суугчдын эрүүл мэндэд заналхийлнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй мянган айл нүхэн жорлонтой. Тэдний 80 гаруй хувь нь зориулалтын дагуу баригдаагүй, битүүмжлэгдээгүй. Үүнээс гадна 140 мянга гаруй муу усны нүх, хуримтлагдсан хог хаягдал нийлээд гэр хорооллын хөрсийг органик бохирдолд оруулдаг. Судалгаанд авсан дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн тоо баримт бий.

Дээрх нь органик бохирдлын жишээ. Харин химийн бохирдол гэдэг илүү аюултай эрсдэл зэрэгцэн газар авсаар буй. Үүнд нефть, шатах тослох материал, арьс ширний үйлдвэрийн хог хаягдал зэрэг хорт бодисуудын тухай яригддаг. Хар тугалга, хром, цайрын бохирдол Нийслэлийн зарим хэсгийн хөрсийг бохирдуулсаар буй нь судалгаагаар батлагддаг. Тухайлбал, “Да Хүрээ” автомашин худалдааны төвийн хойд тал, “Наран туул” худалдааны төвийн хойд хаалга, Гандангийн зүүн урд талын гэр хороолол тэргүүтэй найман газрын хөрснөөс дээж аван шинжилсэн. Ингэхэд хар тугалга хүлцэх дээд хэмжээнээс 1.02-1.5 дахин их, хүнцэл 2.5 дахин их гарсан байдаг.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2016 онд, Нийслэлийн есөн дүүрэг дэх суурьшмал газруудын хөрсөнд хийсэн шинжилгээ хийхэд 48.1 хувь нь дунд болон их хэмжээний бохирдолтой гэж гарчээ.

-ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27, “НИЙСЛЭЛИЙН ХӨРС ХАМГААЛАХ ӨДӨР”-

2015 оны үеэс хөрсний бохирдол чиглэсэн дорвитой судалгаанууд хийгдэж, нүдэнд харагдах тоо баримтууд цугларч, иргэд хийгээд төрийн өндөр албан тушаалтнуудын анхаарлыг татаж эхэлсэн. Ингэсээр 2017 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уг асуудлыг хэлэлцсэн. Үүгээр “Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах” тухай 03/03 дугаарт зөвлөмж гарсан байдаг. Өнөөг хүртэл бодит үр дүн төдийлөн харагдахгүй байна.

Гэхдээ холбогдох эрх бүхий албан тушаалтнууд гараа хумхин, зүгээр суусангүй. Ялангуяа НИТХ-ын зүгээс хөрсний бохирдлыг бууруулах тал дээр хэлэлцүүлэг зохиож, үүгээр гарсан зөвлөмжийг хүргүүлэхээс эхлээд үүнд чиглэсэн тусгай ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27 бол “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр”. 2017 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор жил бүрийн энэ өдрийг ийн тэмдэглэхээр тогтсон билээ. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд НИТХ-аас авч хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг товч тоймловол:

  • Нийслэлийн хэмжээнд анх удаа “Хотын шийдэл – Хөрсний бохирдол” нэртэй төр, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл бүхий гурван талт хэлэлцүүлэг зохион байгуулж, үүнээс гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн
  • 2018 оны “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр”-өөр “Хөрсөө хамгаалъя” нэртэй өдөрлөгийг санаачлан зохион байгуулсан. Үүнд эрдэмтэн судлаачдын төлөөлөл болох 50 гаруй байгууллага, эко үйлдвэрлэгчид оролцсон ба Ялалтын талбайд 600 гаруй иргэн энэ талаарх мэдлэг, мэдээллийг хүлээн авсан
  • “Хөрс ба Амьдрал” гэрэл зургийн уралдааныг олон нийтийн дунд нээлттэй зарлаж, 20 гаруй гэрэл зурагчдын 80 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд хүргэсэн
  • “Хөрсний бохирдлыг бууруулах – Шийдэл” нэртэй төсөл, бүтээлийн уралдаан зарласан. Энэхүү уралдаанд ирсэн эрдэмтдийн санал, санаачлагыг тусган “Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Эдгээрээс хамгийн онцлууштай нь, НИТХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 187 дугаар тогтоолоор “Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах чиглэлээр урт, богино, дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан явдал.

-Т.БАТЦОГТ: Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд бодлогын баримт бичиг гаргаж, нэгж байгуулах шаардлагатай -

Гарт баригдаж, нүдэнд харагдахгүйгээр иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр буй хөрсний бохирдлын асуудлаар НИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Т.Батцогттой ярилцлаа. Тэрбээр сүүлийн жилүүдэд нийслэлийн хөрсний бохирдлын асуудалд анхааран, олон нийт болоод төр захиргааны байгууллагуудын хэмжээнд ажиллаж яваа нэгэн юм.


-Улаанбаатар хотын хөрсний бохирдол агаарын бохирдолтой дүйцэх хэмжээнд хор нөлөө үзүүлэх болсоор удлаа. Та энэ чиглэлд идэвхтэй ажилладаг төлөөлөгчийнхөө хувиар хор нөлөөг нь бодитоор тайлбарлаж өгнө үү?

-Бид өнөөдөр агаарын бохирдол ямар хор уршигтай талаар хангалттай мэддэг болсон. Угтаа нүүрсний утаанд агуулагддаг хүнд металууд хийсээд арилах биш, эргээд хөрсөн дээрээ буудаг. Хавар болохоор хий байдлаар агаарт дэгддэг. Ингээд харвал Улаанбаатар хотын хөрсний бохирдлын асуудал утааны дайтай, түүнээс ч хор уршигтай хэмжээнд очсон нь үнэн.

Энэ асуудал дээр шинжлэх ухааны академи тэргүүтэй хувь, хувьсгалын олон эрдэмтэд судалгаа хийж, тоон статистик гаргасан. Нийслэлийн зарим хэсэгт нийт хөрсний 80-90 хувь нь нянгийн бохирдолтой болсон. Нянгийн бохирдлын хувьд, нэмж бохирдуулахгүй л бол 3-5 жилийн дотор өөрөө сэргэчихдэг. Харин металын бохирдол гэдэг хэдэн зуун жилийн тухай асуудал.  Жишээ татахад, нэг автомашины хуучин тосыг солиход 3-5 литр муу тос гардаг ба үүнийг байгальд хор хөнөөлгүй байдлаар устгах зохицуулалт манай улсад байдаггүй. Засварын газрууд муу тосоо хурааж байгаад л гуу, жалга руу урсгачихдаг. Ингээд тэр газрын хөрс хэдэн зуун жилийн турш дахин сэргэхгүйгээр бохирдож байна гэсэн үг.

-Хор нөлөө нь ийм тодорхой байхад яагаад Нийслэлээс яг тусгайлан анхаарч үздэггүй юм? 

-2017 оны нэгдүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр хөрсний бохирдлын асуудлыг хэлэлцсэн байдаг. Улмаар Улаанбаатар хотын хөрс, ус эрсдэлт нөхцөлд ороод буйг зөвшөөрөн баталж, энэ чиглэлд онцгой горимд шилжин ажиллах тушаал шийдвэр гаргасан. Гэвч өнөө хэр ямар ч үр дүн алга.

Бид асуудлаа олоод харчихсан. Эрдэмтэдтэйгээ хамтран ажиллаж, хангалттай түвшинд судалсан. Гагцхүү манай улсад үүнд чиглэсэн бодлогын баримт бичиг байдаггүй. “2020 онд ийм зүйлс хийнэ, 2021 онд ийм үр дүнд хүрсэн байна” гэсэн төлөвлөгөө бүхий дунд болон урт хугацааны бодлого алга.

Хөрсний бохирдлын хор нөлөө нь төдийлөн хүний нүдэнд ил биш болхоор төр болоод олон нийтэд анхааралд өртдөггүй юм байна л даа, тэгхээр өнгөрсөн хугацаанд бид энэ асуудлыг хөндөн олон нийтэд чиглэсэн нэлээдгүй арга хэмжээнүүдийг өрнүүллээ. Одоо төр хөрс хамгааллын асуудалд бодлогын хэмжээнд анхаарах шаардлагатай гэж үзэн ажиллаж байна.

-Таны хувьд нэн тэргүүнд ямар арга хэмжээг авч, ажиллах хэрэгтэй гэж харж байна?

Уг нь нэмж бохирдуулахгүй л бол хөрс байгалийнхаа жамаар өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг эд. Иймд хөрсийг одоо байгаагаас нь нэмж бохирдуулахгүй байх чиглэлд ажиллах нь зөв. Голын ай саваас 500 метрийн радиус дотор ямар нэг үйлдвэрлэл, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж болохгүй гэхчлэн хуульчилж өгөх ёстой.

Өнөөдөр Хан-Уул дүүрэгт бохир усаа Туул гол руу урсгадаг арьс, ширний үйлдвэрүүд ажилласаар л байна. Тэднийг суурьшмал бүсээс гаргаж, нүүлгэх ёстой. Энэ бүх ажил төрийн хууль, дүрмээр зохицуулагдахаас өөр аргагүй. Нэн тэргүүнд замбараагүй олон авто засварын газруудыг хяналтад авах хэрэгтэй.

Эмнэлгийн хог хаягдлыг нарийн тусгаарлаж устгадгийн адил автомашины сольсон тос, аккумулятор, хэрэглэсэн баттерей зэргийг тусгай журмаар устгадаг болох ёстой зэрэг хөрс бохирдуулж буй эх үүсвэрүүдийг төрөөс бодлогын хэмжээнд зохицуулах шаардлагатай.

-НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас “Хөрс хамгаалах урт, богино хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна?

-Тийм ээ. 2019 оны арванэгдүгээр сард байгуулагдсан ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. 2017 оноос хойш Нийслэлийн хөрсний бохирдлын асуудлыг хөндөн, холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллаж буйн хувьд тодорхой асуудлуудыг шийдвэрлэж үр дүнтэй ажиллахыг зорьж байна.

Цаашид Нийслэлийн “Хөрсний бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах” ажил нь хэн нэгэн албан тушаалтнаас үл хамааран хууль эрх зүй, бодлогын хүрээнд зохицуулагдаад явж байдаг чиглэл рүү оруулахаар зорьж байна. Үүний эхлэл бол энэхүү урт, богино хугацааны бодлогын баримт бичиг боловсруулан батлуулах гэж харж байгаа.

Бид “Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах” бодлогын баримт бичиг нь богино хугацаанд бодит хэмжигдэхүйц үр дүнд хүрэх, төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах, үүрэг хариуцлагыг тодорхой тусгасан байх зэрэг жижиг гэлтгүй асуудал дээр анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна.


Хөрсний бохирдлын асуудлаар сүүлийн жилүүдэд дагнаж ажилласан НИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч ингэж ярилаа. Иргэдийн оролцоо гэхээс илүүтэй төрийн бодлого, том хэмжээний дэд бүтцийг шинэчлэлт, зохион байгуулалт шаардлагатай нь үүгээр харагдана.

Өвөл агаарын бохирдлыг арай ядан хүлцэж тэвчээд, зун нь хөрсний бохирдолтой шууд золгодог Нийслэлчүүдийн жилээс жилд тогтсон хэмнэлийг өөрчлөх цаг нэгэнт болсон. Жил улирах тусам нэг монгол хүний эрүүл мэнд дордсоор буй гэдгийг санууштай. Улаанбаатар оршин суугчдадаа ээлтэй, элэгтэй хот болох цаг удахгүй гэж найдна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button