УЛС ТӨР

ХЭРЭГ: “Тавантолгой” ХК-ийг тойрсон УЛСТӨРЖИЛТ ба ДӨРВӨН ТӨРЛИЙН Эрүүгийн хэргийн шалгах процесс хэрхэн өрнөж байгаа вэ

Өмнөговь аймаг 51 хувь,“Ажнай” Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй хувьцаа эзэмшигчид 49 хувийг нь эзэмшдэг  “Таван толгой” хувьцаат компанийг тойрсон асуудал сүүлийн жилүүдэд олны анхаарлыг татах болсон. Жил бүр хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаг, эдийн засгийн үзүүлэлтүүд нь байнгын өсөлттэй, татвар төлөлтөөрөө тэргүүлэгч, орон нутагт ажлын байр бий болгогч ГЯЛГАР компани яагаад хууль, хяналтынхны хараанд оров гэдэг асуудал анхаарал татдаг.

Эдүгээ “Тавантолгой” хувьцаат компанид хамаарах ДӨРВӨН асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Эдгээрийг танилцуулвал,

НЭГ: Р.СЭДДОРЖ, Г.ШҮРЭНХИШИГ НАРТ ХАМААРАХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЖЭЭ

“Таван толгой” ХК-ийн захирал Р.Сэддорж, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нар “Номин даатгал” ХХК-аас урамшуулал нэрээр их хэмжээний мөнгө авсан  гэх хэргийг 2019.03.04-ний өдөр прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-2.1, 18.6-1, 22.4-1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын шүүхээс 2020.03.04-ний өдөр прокурорт буцаасан байна. Ингэснээр нэмэлт мөрдөн байцаалтад шилжжээ.

Р.Сэддорж, Г.Шүрэнхишиг нарыг ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлчлэлийг танилцуулбал,

17.4-2.1: Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан,

18.6.1: Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.4-1: Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ХОЁР: УУРХАЙН ТАЛБАЙГААС 3078 МАШИН НҮҮРС ГАРСАН ГЭХ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА

-“Таван толгой” ХК-ийн удирдлагууд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажилтнуудаа шалтгаангүйгээр амрааж, тэр хооронд  уурхайн ашиглалтын талбайгаас 3078 машин нүүрсийг Хятад руу гаргаж, тус улсын Хуалан Тань Жин гэх компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Нийслэлийн прокурорын газарт хамаарч байгаа уг хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлчлэлийг танилцуулвал,

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ГУРАВ: ХУУЛААГҮЙ ХӨРСНИЙ ТӨЛБӨР АВСАН ГЭХ АСУУДЛААР ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

“Таван толгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд хийгдээгүй ажлын төлбөр буюу хуулаагүй хөрсний төлбөр гэж их хэмжээний мөнгийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр дамжуулан хувьдаа завшсан гэх  асуудалд хэрэг бүртгэлийн үйл ажиллагааг явуулж байгаа аж.

ДӨРӨВ: 268.3 ТОНН НҮҮРС АЛГА БОЛСОН ГЭХ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЭГҮЙ

“Таван толгой” ХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 мянган тонн нүүрс олборлож, 60 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж, НПГ-т 2020.04.10-ны өдөр шилжүүлсэн байдаг.

Уг хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээгүй бөгөөд НПГ-аас хэргийг хянаж үзээд, нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаасан байна.

ДҮГНЭЛТ: Дээрх нэгтгэсэн мэдээллээс харахад орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн удирдлагуудад хэд хэдэн Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ хэргүүдийг эцэслэн шийдээгүй байна. Одоогоор хоёр хэрэгт нь яллах дүгнэлт үйлдсэн ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй. Нэг хэргийг бүртгэл нээх эсэх дээр нь хяналт хийгдэж байгаа бол алдарт 268 тонн нүүрс алга болсон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдээгүй байна.


ХОЁР ТАЛТ ТОДРУУЛГА: ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮ, УЛСТӨРИЙН ӨШӨӨ АВАЛТ УУ

Уг хэрэг улстөрийн өнцгөөсөө Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүн Л.Энхболд, нөгөө талд тус аймгийн АН-ын хороо“Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын тэмцэл шиг харагддаг нь нууц биш.Түүх сөхвөөс Л.Энхболд гишүүн оюутан ахуй цагтаа Д.Бат-Эрдэнийн жолоочоор ажиллаж явсан бөгөөд Тавантолгойн хувьцааг түүнээс үнэгүй шахам авч, өгөөжийг нь хэдэн тэрбум болгон хүртсэн гэгддэг.

Гэвч бодит байдал дээр санхүүгийн гялгар үзүүлэлттэй “Тавантолгой” ХК-ийг ид нүүрс олборлолтынх нь үеэр үйл ажиллагааг нь зогсоож, цаашлаад эх адаггүй шалгалтаар дарж, хэвийн байдалд нь нөлөөлсөн нь харамсалтай. Тиймээс ч бид хэргийн явцыг мэдээлээд өнгөрөх төдийд ажиллалгүй хоёр талаас тодруулга авч, нэгтгэн нийтлэв.

Л.ЭНХБОЛД: БИ Р.СЭДДОРЖИД АЖЛАА ӨГӨӨД, АСУУДЛАА ЗҮЙ ЁСООР НЬ ШАЛГУУЛ Л ГЭЖ ХЭЛСЭН

/УИХ-ын гишүүн/

-Та сүүлийн жилүүдэд орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн асуудлыг ихээр сөхөж ярих ярих болсон. Одоо энэ компанид 4-7 үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ компанитай холбогдсон өмнөх түүхээ харсан ч тэр, танд хэт хувийн өш хонзонгийн сэдлээр уг асуудалд ханддаг тал бий юу?

-Тийм зүйл огт огт байхгүй. Би бол Өмнөговь аймгийн ард түмнийг төлөөлж, УИХ-д сонгогдсон гишүүн. “Тавантолгой” компанийн 51 хувийг Өмнөговь аймаг ИТХ-аараа дамжуулан эзэмшдэг. Тэгэхээр аймгийн ард түмний өмч гэсэн үг. Аймгийнхаа ард түмний өмчийг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд хамгаалах үүрэгтэй.Энэ үүргийнхээ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас давж олборлосон 268.3 тонн нүүрсний асуудлыг хөндсөн. Өнөөдрийн ханшаар энэ нүүрс 65 тэрбумын өртөгтэй. Энэ мөнгө орон нутгийн “Тавантолгой”-д орсон бол миний хувьд ААН-тэй маргаан үүсгэхгүй байсан. Харамсалтай нь, Сангийн яамнаас шалгаснаар энэ мөнгө тус компанид ороогүй. Тэгэхээр хэн нэгэн гуравдагч этгээд тус мөнгийг авсан болж таарч байгаа юм. Үүний учрыг олоод өгөөч ээ л гэж хөөцөлдөж байгаа. Учир нь, энэ мөнгийг ямар хулгайч авсныг тогтоо. Тэр хулгайч нь Дорж, Дондог байна уу,, надад хамаагүй. Гол нь эзнийг нь ол гэсэн шаардлага л тавьж байгаа.

-“Тавантолгой” компанийн удирдлагууд дээр 4-7 асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэж ойлгогдсон. Эдгээр шалгуулах хүсэлтийг анхлан хэн гаргасан юм?

-Засгийн газраас  байгуулагдсан ажлын хэсэг “Тавантолгой” ХК-ийг шалгасан. Шалгалтын явцад хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр хэд хэдэн асуудлаар шалгуулахаар ХЗДХ-ийн сайдад саналаа хүргүүлсэн. Энэ дагуу л шалгагдаж байгаа. Түүнээс биш Л.Энхболд гэдэг хүн баахан асуудлаар “Тавантолгой”-г шалгуулаад, ухуулаад байгаа зүйл алга. Миний бие ганцхан 268.3 тонн нүүрсний үнэ “Тавантолгой” руу ороогүй асуудлыг шалгуулах хүсэлтийг АТГ-д  гаргасан байдаг.

-Та “Тавантолгой” ХК-ийг ашигтай ажилладаг учраас Гүйцэтгэх удирдлагыг нь авч, мөнгөний эрх мэдэлтэй болох гээд байгаа юм биш үү?

-Огт тийм зүйл байхгүй. Би тэр хүнийг томилох эрхгүй. Компанийн ТУЗ томилдог. ТУЗ-дөөс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд санал оруулж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар давхар оруулж,  томилгоог хийдэг.

-Та ТУЗ-ийг өөрийн хүнээрээ удирдуулсан юм биш үү?

-Үгүй. Тэнд  нэг ч миний гэх тодотголтой хүн байхгүй. ТУЗ-ийн даргыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч хийдэг. МАН-ын гишүүн байдаг. Журмаараа ч орон нутгийн өмчөө төлөөлж орох ёстой юм.

-Та Р.Сэддорж захирлыг ажлаа өгөхгүй бол амьтан болгоно гэж сүрдүүлсэн нь үнэн үү?

-Наадах чинь гүтгэлэг. Би нэг л удаа уулзсан. Чи залуу хүн. Томчуудын гар хөл болж байгаад хэрэгт орох вий. Ажлаа өгөөд, асуудлаа зүй ёсоор нь шалгуул л гэж хэлсэн. Болгоомжтой, хянамгай  бай л гэж хэлээд өнгөрсөн.


Р.СЭДДОРЖ: Л.ЭНХБОЛД ГИШҮҮН НАМАЙГ “АЖЛАА ӨГӨХГҮЙ БОЛ АМЬТАН БОЛГОНО” ГЭЖ СҮРДҮҮЛДЭГ

/“Тавантолгой” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал/

 -Танд хамаарах хэргүүд шалгагдаад нэлээд удлаа. Процесс нь хэрхэн өрнөж байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд манай компанийг 12 удаа 13 байгууллага хамтарч шалгасан. Одоогоор шалгалтын явц хараахан дуусаагүй байна. Миний хувьд гэрчийн мэдүүлэг өгөөд явж байгаа.

-Яллагдагчаар нийт таван хүнийг татсан гэгдэж байгаа. Та үүн дээр бодит хариулт өгөөч?

-Тийм зүйл одоохондоо алга.

-“Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн Тавантолгойн асуудлаар холбогдон шалгагдсан уу?

-Холбогдуулан шалгаагүй. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ бол манай компанийн 22 мянган хувьцаа эзэмшигчдийн нэг.

-Танай компанийг ашигтай нүүрсээ сорчлоод олборлочихсон учраас хувьцаа эзэмшигчид зарах асуудлыг хөндөж эхэлсэн гэгдээд нэлээд удлаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-“Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчид компанийг зарах асуудлаар огт яриагүй. Улстөрийн зорилгоор биднийг ингэж ярьж байгаа болов уу. Энэ компани өөрөө Өмнөговь аймгийн ард түмний өмч. Би аймгийн ИТХ-д төлөөлөгч. Ард түмний өмчийг хэн ч дураараа зарна гэж дуугарах боломжгүй юм.

-Та Өмнөговь аймгийн АН-ын дарга. Энэ утгаараа “Таван толгой” компанийг намдаа их хэмжээний мөнгө босгож өгдөг гэж яригддаг. Ер нь танай санхүүгийн хяналт хэр сайн бэ?

-Манай санхүү нээлттэй, ил тод явагддаг. Бид нүүрсээ өөрсдөө зарж, компаниа нээлттэй хөтөлдөг. Нүүрсний үнэ ханшийг дэлхийн зах зээл тогтоож өгдөг. Амнаасаа нүүрсээ зардаг онцлогтой уурхайн хувиар худалдааны чөлөөт өрсөлдөөн дунд л үйл ажиллагаа явуулдаг.

-Танай компанийг зогсоож, эдийн засгийн хувьд өчнөөн эрсдэлд оруулан шалгаж байхад та бүхэн яагаад чимээгүй байдаг юм. Хувьцаа эзэмшигчид тань ч дууграагүй нь цаагуураа улс төр гэхээсээ илүү буруутай үйлдэлтэй гэж харагдсан?

-Бид шалгах хугацаанд тодорхой байдлаар дуугарч болохгүй гэсэн хуулийн байгууллагынхны өгсөн чиглэлийг хүндэтгээд чимээгүй явж ирлээ.  2017 оны наймдугаар сард  компанийн үйл ажиллагааг зогсоож байгаад л шалгасан. Эдийн засгийн асар өндөр хохирол амссан ч бид төрөө хүндэтгээд өнөөг хүртэл юм дууграагүй. Хамгийн гол нь, энэ компанийг улстөртэй хольж хутгаж, хэвлэлүүдээр гөвөх болсон. Зорилго нь, гүйцэтгэх захирлыг солих. Би компанийн ТУЗ-ийн гишүүдийн 66 хувийн саналаар сонгогдсон. Мэдээж муу ажилласан бол намайг ажлаас чөлөөлчих л байсан.  Аав минь хилийн цэрэгт, ээж минь мэргэжлийн хяналт чиглэлд насаараа ажилласан. Надад хулгай хийчих, буруу гишгэчих суурь хүмүүжил байхгүй. Төрөө хүндэтгээд тэвчээртэй хүлээж байна. Яр

-“Таван толгой” компани Өмнөговь аймгийн ард түмний өмчөөс гадна хувийн хэвшлийн хувьцаа эзэмшигчидтэй. Нийтлэг эрх ашгаа хараад энэ муудалцаад байгаа хоёр тал нь ойлголцолд хүрч болдоггүй юм уу?

-Уулзаж үзсэн. Л.Энхболд гишүүн намайг “Ажлаа өгөхгүй бол амьтан болгоно” гэж сүрдүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-05-01 15:00

Монголын улс төрчид, элдэв шатны дарга нөр бүгд Хулгай хийх суурь хүмүүжилгүй, гэхдээ л Тэдний дундаас Элбэгдорж, Эрдэнэ, Баяр, Мие Энхболд, Сайханбилэг, Баярцогт, Махан толгой Эрдэнэбат, Бадамжунай, Намбар Энхбаяр гэх мэт луйварчид төрсөн

zochin
zochin
2020-06-23 07:05

Oilgomjtoi Ajnai Baterdene gej xulgaichiin edej uusan asuudal shuudee,Sain shalgaarai,Ene ulas d xuuli baidagiig xaruulaad og xuuliinxan.

Холбоотой мэдээ

Back to top button