Наадамчид хог хаягдлаа ангилж хаяхад суралцаж байна

Төв цэнгэлдэх хүрээлэн наадамчин олны хөлд дарагдан бум бужигнаж, түм түжигнэсээр байна. Тэдний дунд өмнөө ногоон өнгөтэй хогийн савнууд эгнүүлэн тавьсан залуус хогоо ангилан хаяж сурахыг бусдад уриалж, ангилаж хаяж чадаж байгаа хүмүүст чихэр, даавуун тор бэлэглэж байв. Хоггүй наадахыг уриалж буй тэдгээр залуустай бил товчхон ярилцсан юм.
"Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье" нэртэй тэдний асарт ороход ааруул, чихрээр идээ зассан байх бөгөөд хогоо ангилан хаясан хүүхдүүдийг урамшуулж байлаа.

Зохион байгуулагч Н.Баясгаланчимэг:
-2017 оноос эхлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх энэ үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн юм. Өдгөө ажил хэрэг болоод хоёр жил өнгөрч байна.
Урд болон энэ жилийн наадмаар энэхүү үйл ажиллагаагаа сурталчлаад Төв цэнгэлдэхээ бүтэн тойронгоо цагаан хоолой ашиглан наадамчин түмэндээ хоггүй наадахыг уриалж байгаа. Ангилан хаях хогийн савнууд дээр сайн дурын хүмүүсээ байрлуулаад олон нийтэд тайлбар хүргэж байна. Биднийг дэмжиж “Талх чихэр” ХХК-аас “Ухаалаг хэрэглээ” гэсэн 500 даавуун тор өгсөн, хогоо зөв ангилан хаяж байгаа хүмүүст ухаалаг байлаа хэмээн энэ тороо өгч байгаа. Юнитэл группээс эдгээр ангилсан тайлбартай ногоон хогийн савнуудыг өгсөн.
Тасралтгүй хоёр жил уг үйл ажиллагааг явуулахад хүмүүсийн хандлага маш сайжирсан харагдаж байгаа. Бага насны хүүхдүүд ангилан хаях савыг хараад тайлбарыг нь уншиж байгаад хогоо зөв хогийн сав руу хийж чадаж буй нь бахархмаар хөөрхөн. Хогоо ангилаад хогийн саванд хаясан хүүхдүүдийг урамшуулаад чихэр өгч байна. Хүүхдүүд орж ирээд чихрээ авчхаад, чихэрнийхээ цаасыг ангилаад хаяж байгаа юм.
Наадмын үйл ажиллагаа өнөөдрөөд дуусна. Ерөнхий үйл ажиллагаа маань цаашид тасралтгүй үргэлжлэх юм гэлээ.
Ангилсан тайлбартай хогийн савнуудын дэргэд зогсч, наадамчдад хогоо ангилан хаяж сурахыг уриалж буй дадлагажигч оюутан М.Норжмаа ийн ярив:
-Сайн дурын залуучуудын төлөөлөл 20 гаруй хүн наадмын үйл ажиллагаанд дайчлагдан ажиллаж байна. Хог хаягдал байгаль орчинд сөрөг нөлөөтэй учраас ийм аянд нэгдэж буй нь цагаа зөв боловсон өнгөрүүлж буй нэг хэлбэр. Хогоо зориулалтын саванд нь ангилан хаяж сурахыг уриалж байгаагаараа онцлог. Нэг хогийн сав руу бүгдийг нь хийх биш, ангилж хаяснаар эдийн засгийн эргэлтэд оруулах давуу талтай.

М.ТЭНГИС
Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.