Нийгмийн

“Сэмжид хужирт” сувиллаас цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргалаа

Өвөрхангай аймгийн “Сэмжид хужирт” сувилалд халдварын голомт үүсэн, хэд хэдэн аймагт тархаад байгаа билээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус сувиллаас мэдэгдэл гаргажээ.

“Сэмжид хужирт”-ын захирал Бямбасүрэн “Сэмжид хужирт” рашаан сувилал нь 2015 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа харьцангуй залуу хамт олон юм. Тус сувиллын ард том толгойтой дарга битгий хэл, хөрөнгө оруулагч компани ч байхгүй бөгөөд банкны зээл, ажилчдынхаа хүч хөдөлмөр, сувилуулагчдынхаа итгэл найдварын хүчээр дөнгөж өндийж буй байгууллага билээ.

Товчхондоо бид модоо хагалж, усаа зөөж, тоосгоо эвлүүлсээр өнөөдрийн түвшиндээ ирсэн. ЭМ-байгууллагад боловсролын яамнаас бусад бараг бүх яамнаас шалгалт орж ирдэг. Өгүүлбэрийнхээ заалт бүрийн эхнээс огтлоно, тайрна гэсэн хууль журмын “гал” дунд төрийн дарамтыг хангалттай амсаж яваа.

Ажилчидтайгаа хамтран жил бүр цалингаа 10% өсгөх зорилт тавьж 2020 оны эхэнд цалингаа 30% хүртэл нэмж цар тахлын хүнд хэцүү үеийг сөрж ажилласан. Аймгийн ИТХ-ын шийдвэрийг дагаж 2019 оноос ная гаруй сая төгрөгийн өртөг бүхий машин зээлээр авч бохир усаа 55км зөөвөрлөж байна. Үүнд жилдээ 40 орчим сая төгрөг зарцуулдаг.

deer болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Нөр их ажлынхаа хажуугаар ажилчид маань сувилуулагчиддаа орой бүр концерт тоглож олсон орлогоороо хоёр айлыг орох оронтой болгосон.

Хөлбөмбөгийн “Титэм хужирт” клубыг анхнаас нь байгуулалцаж, ивээн тэтгэлцэж улсын аварга шалгаруулах тэмцээнээс 6 медаль авахад нь хувь нэмрээ оруулжээ.

Энэ өвөл гэхэд орон нутгийн 500 гаруй иргэнийг 50% хямдралтай, тусламж хэрэгтэй 20 гаруй иргэнийг тус тус үнэгүй сувилж, постод гарч буй онцгой байдлын албан хаагчдыг гэр бараа, хоол хүнсээр хангах ажлыг тасралтгүй явуулж ирсэн.

Санаачилсан олон нийтийн ажил, хандив, тусламжуудаа нийгэмд сурталчилж магтуулах, төрд мэдүүлж шагнал горьдож яваагүй.

Цар тахлын үеийн нөхцөл байдлыг дүгнэж 2020 оны 11 сарын 12-ноос 60 хоногийн хугацаатай, 2021 оны 02-01-нээс 20 хоног үйл ажиллагаагаа зогсоож байсан. Үндсэндээ бид энэ өвөл 3 сар шахуу ажиллаагүй билээ.

АОК-ын шийдвэрийн дагуу орон нутгийн иргэддээ тодорхой хязгаартай үйлчилж байгаад Өвөрхангай аймгийн засаг даргын А/100 тоот захирамжийн дагуу Улаанбаатар хотоос ирэх сувилуулагчдаа PСR шинжилгээтэй, ногоон бүсээс ирэх сувилуулагчдаа хэвийн горимоор хүлээж авсан.

Улаанбаатар хотоос 2021 оны 03 сарын 05-наас 50 гаруй хүн хүлээн авч үйлчилсэн. УБ хотын иргэд PCR шинжилгээтэй байж 3 удаагийн хяналт шалгалтыг нэвтэрч ирдэг. Бид давхар шалгадаг.

Аймгийн онцгой комисс Улаанбаатар хотоос сувилуулагчид авахыг хориглосон хугацаа буюу гуравдугаар сарын 13-ны оройноос хойш ахиж Улаанбаатар хотын хүн хүлээж аваагүй. Гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотоос сувилуулагчид хүлээж авсан гээд байгаа нь Хужирт рашаан сувилал хаасны улмаас шилжиж ирсэн хоёр хүн юм. Тэдгээр хүмүүс гуравдугаар сарын 10-нд ирээд сувилуулж байсан. Шуурганаар шилжиж ирсэн 13 хүнээс хоёр хүний хариу эерэг гарсан.

Миний бие өөрөө 2021 оны гуравдугаар сарын 10-нд гэр бүлийн хамт PCR-ийн шинжилгээгээ өгөөд Хужирт суманд очсон. Надтай хамт очсон хүмүүсийн ихэнх нь хоёр удаагийн давтан PCR шинжилгээтэй байсан. Гадаа байшинд зарим нь, бусад нь нэг талдаа байрлаж бусад сувилуулагчидтай холилдохгүйгээр тусдаа хооллож байсан. Зарим хүмүүс нь эмчилгээ хийлгэсэн.

Хоёр удаа заланд тоглосны нэг нь амралтын өдөр таарсан. Гэхдээ сургуулийн хаалгаар бус заалны гадна хаалгаар орж орон нутгийн хүнтэй хавьтал үүсгээгүй. Тухайн үед спорт зал төлбөртэй үйлчилж байсан болно. Ямар ч уралдаан тэмцээн болоогүй. Амьд 15 гэрч бий.

Улмаар 2021 оны гуравдугаар сарын 13-ны УОК-ын шийдвэр, АОК-ын чиглэлийн дагуу гуравдугаар сарын 15-ны өглөө бүх хүмүүсээ аваад Улаанбаатар хот руу буцсан болно. УБ хотод ирээд өгсөн манай ихэнх хүмүүсийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан ба өчигдөр шинжилгээ өгсөн зарим хүний хариу хүлээгдэж байна. Эрсдэлтэй байхыг үгүйсгэх арга алга.

Манай гэр бүлийн 18-нд өгсөн хариунууд сөрөг гарсан.

Өвчин хэлж ирэхгүй хийсэж ирнэ. Сэмжид хужирт рашаан сувиллаас эхэлж илэрсэн болохоос халдвар хаанаас анх тархсаныг одоогоор хэн ч тогтоогоогүй. Санаатай, санаагүй ам дамжсан мэдээлэл газар авч түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал мэдээгээр улс орон даяар цацаж, нийгэмд үзэн ядагдах хандлагатай байна. Ажилчид руу, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд рүү чиглэсэн ялгаварлан гадуурхалт ил далд мэдрэгдсээр байна.

Зарим албаны хүмүүс биднээс тайлбар авахгүйгээр сонссоноороо мэдэгдэл хийж буй нь нийгэмд ташаа мэдээлэл тарахад хүргэлээ. Төрийн байгууллага нь 400 хүнд хуурамч шинжилгээ бичиж өгөөд орон нутаг руу тараачихсан энэ тохиолдолд бид хэнд итгэж найдах юм бэ.

Төр удирдаж буй дарга нар нь үй олноороо маскгүй тэврэлдэж буйгаа ТВ-ээр сурталчилж байхад бид иргэдэд халдвар хамгааллын дэглэм сахиулахад амаргүй байлаа. Бидэнд дотоод алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй ээ. Буруугаа бусад руу чихэх бодол ч алга.

Энэ завхралын эцсийн тусгал болж хамт олноороо яллуулж буйдаа үнэхээр харамсаж байна. Рашаан сувилалд тангаргаа өргөсөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага.

Орон нутаг, улс орон даяар нөхцөл байдал хүндэрвэл Сэмжид хужир рашаан сувилал нь “ор дэлгэх”-ээр орон нутгийн нөөцөд авагдсан байсан.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагадаа талархъя.

Бидний нөхцөл байдлыг ойлгож цар тахлын хүнд үеийг даван туулахад сэтгэлийн дэм өгч буй иргэд, сувилуулагчид, хамтран ажилладаг байгууллагууддаа баярлалаа.

Өнөөдрийг хүртэл манай байгууллага нэг ч реклам хийж үзээгүй, захирлын хувьд би ажлынхаа талаар хувийн аккаунтдаа ганц ч удаа бичиж үзээгүй билээ.

Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас сүүлийн жил гаруй хугацаанд зайнаас ажлаа удирдсан “алдаа” бий. Албан байгууллага бүрд зовлон, жаргал бий. Шуурганаар салсан дээврээ янзалж, иргэн хүн шиг зээлээ төлж, цалингаа авч цаашид амьдрах ёстой. Хөлсөө дуслуулан зүтгэх хамт олныхоо улаан гарнаас өөр “аргүй” жирийн нэг сувиллыг ойлгохыг хичээгээрэй. Цалин, татвар, зээлийнхээ ард гарчихаад сар бүр баярлаж байдаг дөч гаруйхан хүнтэй хамт олон юм шүү.

Энэ жил бид цалингаа нэмж, хамт олноороо орон сууцтай болох зорилт тавьж урам зориг дүүрэн байлаа. Манайх даргын нуруун дээр бус ажилчдынхаа нуруун дээр явдаг газар аа.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж бүх хүмүүсээс уучлалт гуйя” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Хэнэггүй Увс күмүүсийн гайгаар 27 хүн корона туссан нь үнэн ш дээ. Танай сувилалын ажилтан ажилчид бүгдээрээ Увс күмүүс, ямар ч хариуцлагагүй ажилладаг юм билээ. Өөрсдийгөө өмөөрөөд байх шаардлагагүй шүү.

Back to top button