Сонгуульдаж ханасан бол одоо ирж ажлаа хий, УИХ-ын гишүүд ээ
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжилж, энэ сарын 7-8-нд шилжих шөнийн 00.00 цагт хаагдлаа. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд үндсэн ажлаа үл хийж, тойрог тойрогтоо очиж сонгуульдсан гэхэд болно.
Ялангуяа МАН-аас сонгогдсон гишүүд. Бодлогоор хайрцаглагддаг МАН-ынхан У.Хүрэлсүхийнхээ сурталчилгааг хийж өгөхөөр хөдөө орон нутаг явцгаасан. Ганц УИХ-ын гишүүн Ц.Анандбазар л түр МАН-ын гишүүн биш болчхоод буйн хувиар сонгуульдаж чадсангүй. Бусдаар Л.Энх-Амгалангаас эхлээд Засгийн газрын гишүүд хүртэл үндсэн ажлаа хаяж, хөдөө очиж “фанат” болсон.
Харин АН-ын гишүүд нэр дэвшигч С.Эрдэнээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас сонгуульдах биш, ажилгүй гэдийсэн дүр зурагтай. АН хоёр хуваагдаж, Н.Алтанхуяг нэр дэвшихээр оролдсон талыг нь УИХ дахь гишүүд нь төлөөлж байв. “Та нар МАН-ынхан шиг нэр дэвшигчээ дэмжихгүй юм уу?” гэвэл “Бидэнд нэр дэвшигч байхгүй юм чинь” гэчхээд хээв нэг гадуур алхалж яваа сурагтай.
Одоо сурталчилгаа хаагдсан бол ирж ажлаа хийсэн нь дээр дээ. Ямар ч сонгууль болсон төрийн ажил тогтвортой л ажиллах ёстой. Тэд маань ч энэ янзаараа сонгуулийн дүн гарч, баяр хөөрөө тэмдэглэж дуусчхаад сая нэг ажлын байраа зорих шинжтэй.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ташуур өгье. Их хурлын гишүүдээ!!!