УИХ-ын чуулган үргэлжилж байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороо хэлэлцсэнийг танилцууллаа. Уг хуулийн төсөлд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах асуудлыг тусгажээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Керосин гэж бүтээгдэхүүн онцгой татвартай болбол орон нутгийн нислэгийн үнэ нэмэгдэх үү. Керосин нь онгоцны түлш мөн биз дээ. Ховд аймагт бага оврын газрын тосны үйлдвэр барих ажил юу болсон бэ?
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Керосин, онгоцны түлш хоёр өөр стандарттай. Онгоцны тасалбарт нөлөөлөхгүй. Ховд аймгийн газрын тосны үйлдвэрийг барихаар нэг компани материалаа өгсөн. Тухайн компани бүх эрсдэлээ даагаад энэ үйлдвэрийг барих учиртай.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хуурамч шатахуун ихээр борлуулагддаг асуудлыг иргэд ярьдаг. Хуурамч шатахуунаас болоод иргэд аж ахуй нэгж хохирч, хуурамч болохыг нь лабораторийн дүгнэлтээр нолтлочихоод байхад албаныхан хуруугаа ч хөдлөхгүй байна. Уул уурхайн сайдаас асуухад хуурамч шатахуун гэдэг нь баримтаар нотлогдоод байхад үүн дээр салбар яам ямар нэгэн арга хэмжээ авах гэж оролдсон уу. Ийм завхрал гараад байхад яагаад дуугүй байгаад байгаа юм.
Уул уурхайн сайд Г.Ёндон: Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу УУХҮЯ-аас тусгай зөвшөөрлийг олгодог. Өнөөдрийн байдлаар долоон аж ахуй нэгжийн хугацаа дуусаагүй хүчин төгөлдөр байж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Монголд дөрвөн бүтээгдэхүүн дээр онцгой албан татвар авдаг. Нэгдүгээрт, бүх төрлийн согтууруулах ундаа, хоёрдугаарт, бүх төрлийн тамхи, гуравдугаарт, авто бензин дизелийн түлш, дөрөвдүгээрт суудлын авто машины татвар байдаг. Одоогоор дээрх жагсаалтад хоёр бүтээгдэхүүн нэмэхээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт нь газрын тосны бүтээгдэхүүний дайвар бүтээгдэхүүн, буюу энэ дотроо түлш, нефтийн хүнд фракц, нафта, алкилат, мөн керосин дээр авч байгаа. Онгоцны түлш онцгой албан татваргүй.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Саяхан ШӨХТГ шатахуунуудад шалгалт хийгээд хуурамч бензин байхгүй гэдэг дүгнэлт гаргаад байгаа нь ямар учиртай юм бэ. Үнэхээр чанаргүй бензин байгаа бол татвар тавиад хуульчилмаар юм биш үү.
Б.Пүрэвдорж: Мэргэжлийн хяналтын байгууллагуудын шалгалтаар шатахууны хуурамч, хуурамч биш эсэх нь гарахгүй. Яагаад гэвэл дизель түлшинд байх бүх элементүүд нь байдаг учир техникийн хувьд бүрэн нийцнэ. Хамгийн гол нь үйлдвэрлэж байгаа процесст л асуудал байгаа юм. Эрдэнэт, Замын-Үүд дэх хоёр үйлдвэр яг горимын дагуу үйлдвэрлэлээ хийдэг. Харин компаниуд том сисцернд ачих, тээвэрлэх замд холилдож өтгөн нь доошилж, ус нь дээшилж чанарт асуудал үүсдэг. Ингээд доор тунарч үлдсэн хүнд элементүүд машин тэрэг эвддэг. Тиймээс хуурамч шатахуун гэж яригдаад байгаа нь энэ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Газрын тосны дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар тавих шаардлага байгаа. Тонн тутамд 285 мянган төгрөгийн татвар тавьснаараа эдгээр дайвар бүтээгдэхүүнүүд орж ирэх нь багасах уу. Засгийн газраас квот тогтоож хязгаарлаж болохгүй юу. Монгол улс шатахууны үйлдвэргүй. Гэтэл бензин хийхэд ашигладаг дайвар бүтээгдэхүүнүүд хил гаалиар орж ирээд тодорхой үйлдвэрлэл явагдаад байгаа. Үйлдвэрийн бус аргаар нэрсэн бүтээгдэхүүнийг бид шатахуун гэж нэрлэж болохгүй. Шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зургаан жил хэрэглэлээ. Яагаад одоо болтол хэрэглэсээр байна вэ. Стандарт, хяналт хаана байна вэ.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Керосин болон хүнд пракцийн түлш нь дизел түлшний түүхий эд болоод байгаа юм. Дизель түлш 280 мянган төгрөгний онцгой албан татвартай. Яагаад керосин болон хүнд пракцийн түлшний орон зай байгаад байна вэ гэвэл онцгой албан татваргүй учраас тэр. Өөрөөр хэлбэл дизель түлшнээс өртгийн хувьд хямд болдог учраас үүнийг үйлдвэрүүд аваачиж шахаад байгаа. Шахах шахахдаа хүмүүс өөрийн хувийнхаа уурхайд хэзээ ч авдаггүй. Харин төрийн өмчийн компаниудад шахах тохиолдол байдаг. Хэрэв татвар тавьчихвал дизель түлштэй өрсөлдөх чадваргүй болчих юм байгаа юм. Дизель түлшнээс бага үнээр шахах боломж байхгүй болчихно. 2018 оноос А80, А92 автобензиний онцгой албан татварыг тэглэсэн. Үүнээс хойш нафта, алкилат гэдэг зүйлсийг оруулж ирэхээ больсон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.