Нийгэм мэдээ

Нийслэлийн 19 байршилд 18690 өрхийн цахилгааныг хязгаарлаад байна

Үерийн нөхцөл байдлаас шалтгаалсан цахилгаан эрчим хүчний хэрэглээ, гол усны үерийн түвшин, автозам гүүрэн гарцуудын хөдөлгөөн хязгаарлалт зэрэг мэдээллийг хүргэж байна.

-4,800 гаруй ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна-

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 08.00 цагийн байдлаар нийслэлийн ХУД, СХД, СБД, БЗД, БГД, ЧД-ийн 18 байршилд Нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,800 гаруй  ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэж байна. Үерийн ус хальсан байршлуудад 80 мянга орчим шуудай, 900 м3 элсийг 300 орчим машин механизмаар хайрга, шороо буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэжээ.

108 барилга, байгууламжийн зоорийн усыг соруулж байгаа бөгөөд Баянзүрх дүүрэгт ус соруулах шаардлагатай 27 барилга, байгууламж байна.

-33421 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна-

Цахилгаан хязгаарлалтын тухайд шуурхай ажиллагааны хүрээнд өглөөний 06 цагийн байдлаар хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 401 дэд өртөөнд холбогдсон 18690 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байдалтай байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 7 дугаар сарын 5-наас 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд нийт 1094 дэд өртөө, 52071 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн цахилгаан хүчдэлээс тасалж, 694 дэд өртөө, 33421 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна.

Цаашдаа ус татарч, аюулгүй байдал нь хангагдсан байршлуудыг хүчдэлд залгахад бэлэн байдалд ажиллаж байна. Одоогийн байдлаар хүчдэлээс салгагдсан байршлуудыг тоймловол Сэлбэ, Улиастай, Дунд голын ай сав газрууд байна. Цаашдаа Туул голын ойр орчим нь эрсдэлтэй байдалд байна.

Томоохон хүрээний таслалтуудын байршил,

  1. ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Хандгайт, Санзай, Хуурай мухар, Гүнт, Шадивлингийн зарим, Салхитын зарим хэсгээр;
  2. БЗД-ийн 43-р хороо Натур, С-Оутлетс, 10, 23-р хороо Улиастай голын ай сав дагуу, 34-р хороо Шархад, Эрдэнэтолгой орчмоор;
  3. СБД-ийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Коёото 32-35-р байр орчмоор;
  4. ХУД-ийн 3-р хороо Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон, 4-р хороо Ирээдүй хороолол орчмоор;
  5. СХД-ийн 9-р хороо Малчины гудамжууд, 26-р хороо Баянбулагийн гудамжууд орчмоор.

УБЦТС ТӨХК нь нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд 7 дугаар сарын 6-ны 20 цагаас 7 дугаар сарын 7-ны 08 цаг хүртэлх ээлжинд 201 ажилтан, 8 механизм, 33 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

-Голуудын усны үерийн түвшин аюултай хэмжээнд хүрсэн ч 5-8 см-ээр буурчээ-

Долоодугаар сарын 7-ны 08:00 цагийн байдлаар Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна. Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 20 цагаас хойш 28 см буурч, үерийн түвшинг 45 см давлаа.

Туул гол өмнөх өдрийн 20 цагаас хойш 8 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй үерлэж байна.  Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин дахин нэмэгдэж, 270 см болох магадлалтай байна. Өнөөдрийн байдлаар албаныхан Туул голыг дээд хэсгээр нь сэтлэх, эвдэрсэн үерийн далангуудыг хүчитгэх, усанд автсан орон сууцнуудыг хэвийн болгож цэвэрлэгээ ариутгалыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Дөрвөн байршилд автозам, гүүрийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаасан хэвээр байна-

11 автозам болон зарим хотхон усанд автсан тул байдал тогтворжих хүртэл хугацаанд:

  • БЗД-ийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” худалдааны төв хүртэлх Нарны зам,
  • ХУД-ийн 3 дугаар хороо Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамж,
  • Парисын гудамж /S’Outlet/
  • Алтай хотхон орчим болон урд талын хоёр гүүрийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаагаад байна.

11 байршилд гудамж, зам, таван 5 нүхэн гарц усанд автсан бөгөөд Нарны замыг Р.Гандийн замтай холбосон түр замыг сэтэлж, гурван байршилд Дунд голын гольдролыг өргөсгөн, урсацыг сайжруулснаар эрсдэл буурчээ.

-100 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ-

ЧД-ийн 53, СБД-ийн 52 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай айл өрх ЧД-т 90 гаруй, СБД-т 17, СХД-т 20 байна. Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голын усны түвшний өөрчлөлтийг тогтмол хэмжиж, хянаж байна.

Туул голын усны түвшин нэмэгдсэн учир том оврын 100 автомашинаар элс, хайрга татан, Хан-Хилс, Ривер гарден орчмын газарт 250 урт метр даланг нөхөн сэргээх бэлтгэлээ хангажээ.

Үерийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.6 тэрбум төгрөг зарцуулжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Элбэгдорж Цахиа
Элбэгдорж Цахиа
7 сар 7, 2023 12:27

Пахиад гурван өдөр хүчтэйхэн аадар асгаад өгөөсэй. Тэгвэл хууль бусаар дуртай газраа ирж суурвшсан хулгаяуудыг урсгаад арчаа д өгөхөд нэн тустай даа.

Холбоотой мэдээ

Back to top button