Д.Ганжууржав: Бидний зөвшөөрөлгүй дүүгийн маань цогцост задлан шинжилгээ хийсэн

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энэрэл эмнэлгийн гадна коронавирусийн халдвар авсан иргэн Р эмнэлгийн тусламж авч чадалгүй хугацаа алдсанаас харамсалтайгаар амьсгал хураасан хэрэг өнгөрөгч долдугаар сарын 3-нд болсон.
Гэтэл хариуцлага алдсан салбарын мэргэжилтнүүд эрдэнэт хүний амийг хохироосныхоо дараа сүр даржин мэдээлэл хийсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлэв. Тодруулбал НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:
"Талийгаач Р орчин тааруу, орон сууцны зоорийн давхарт ажиллангаа амьдардаг байсан. Тэрбээр сүүлийн 10 хоног согтууруулах төрлийн ундаа хэрэглэж байсан нь амиа алдахад хүргэсэн байж болзошгүй” гэх зүйлсийг хэлсэн юм. Тодруулбал, тэрбээр эл мэдээллээрээ талийгаачийн үхэл эмнэлгийн ажилчдаас бус архидан согтуурсан өөрөөс нь болсон гэх агуулгаар ярьсан юм.

Талийгаач Р-ийн амиа алдсан хэргийн шалгалтын ажиллагаа өдгөө үргэлжилж буй бөгөөд одоогоор талийгаачийн ар гэрээс тухайн харамсалтай хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдлыг өгөөгүй тухай эх сурвалж хэллээ. Хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй. Бид хэргийн процесс хэрхэн өрнөж буй тухай талийгаачийн ах Д.Ганжууржавтай холбогдож ярилцлаа.

-ДҮҮ МААНЬ БУРХАН БҮТЭЭДЭГ УРАН БҮТЭЭЛЧ ХҮН БАЙСАН-
-Юуны өмнө нийт уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. НЭМГ-аас талийгаачийг байрны подвальд амьдардаг, сүүлийн 10 өдөр архи, согтууруулах ундаа уусан байсан гэх зүйлийг мэдэгдээд байгаа?
-Энэ бол өөрсдийгөө хамгаалах гэсэн оролдлого. Түүнээс биш миний дүү тэгж 10 хоног архи уух хүн биш. 10 өдөр эмнэлгээр явж байгаад ийм байдалд хүрлээ. Цагдаагийн байгууллагаас дүүгийн маань гэрт очиж үзлэг, шинжилгээ хийсэн.
Гэрээс нь зөвхөн коронавирусийн эсрэг эмчийн бичиж өгсөн эмийг олсон. Өөр зүйл олоогүй. Гэрт нь ороход маш цэвэрхэн байсан. Хэрэв сүүлийн 10 өдөр гэртээ архи, согтууруулах ундаа уусан бол мэдээж гэр нь бохир, наанадаж уусан архины шил, бөглөө олдоно шүү дээ.
-Талийгаач гэр бүлтэй байсан уу?
-Байгаа. Гэр бүл нь хөдөө Өмнөговь аймагт байгаа. Дүү маань гэртээ үлдээд ажлаа хийж байсан юм. Амьдарч байсан байр нь хоёр өрөө. Нэг өрөөндөө ажилладаг, нөгөөд нь амардаг байсан юм. Дүү маань бурхан бүтээдэг уран бүтээлч хүн байсан. Хэвлэлээр мэдээллээд байгаа шиг энгийн мужаан биш. Бурханч лам Г.Пүрэвбаттай хамтарч, алт гуулиар бурхан сийлдэг байсан. Гэтэл зүгээр л нэг архичин мэтээр дүүг маань дуудаж, мэдээлэл хийсэн.
-БИДНИЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ДҮҮГИЙН МИНЬ ЦОГЦОСТ ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН БАЙСАН-

-Та бүхний зүгээс талийгчийнхаа нэр хүндийг сэргээнэ хэмээн хэвлэлд ярьсан. Түүнчлэн задлан шинжилгээ хүртэл хийлгэнэ гэсэн байсан шүү дээ?
-Дүүгийн маань цогцост задлан хийсэн. Ажлын 14 хоногт дүгнэлт нь гарна гэж байсан. Тухайн дүгнэлтийг юу гэж ч гаргах юм. Коронавирустэй хүнд шүүхийн задлан шинжилгээ хийхгүй гэсэн журам байдаг. Гэтэл бидний зөвшөөрөлгүй дүүгийн цогцост задлан шинжилгээ хийсэн байсан. Энэ нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Яагаад энэ хүнээс өө хайгаад задлах дээрээ хүртэл тулна вэ.
-Тэгэхээр задлан хийх зөвшөөрлийг та бүхнээс асуугаагүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Миний хувьд задлан хийлгэхээс татгалзсан юм. Задлан хийдэг эмч нь ч мөн биднээс "Та нар задлан хийлгэхгүй гээд хэлээд өгөөч. Би гэр бүл, үр хүүхэдтэй хүн. Задлан хиймээргүй байна” гэж гуйсан . Гэтэл задалсны дараа "Дээрээс задал гэсэн тушаал ирээд байна” гэж хэлсэн юм билээ.
Одоо тэгээд ходоодноос нь согтууруулах ундаа олдсон ч байсан тэр нь хэнд ч хамаагүй. Хүний бие муудаад даралт ихсэхэд багахан архи уудаг. Магадгүй тэгсэн ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн үед эрүүл байсан.
-ДҮҮГИЙНХЭЭ ҮХЛИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭХГҮЙ-

-Дүүгээ амиа алдахаас өмнө хэзээ хамгийн сүүлд холбоо барьсан бэ?
-Зургаан өдрийн өмнө чатаар холбогдсон. Дүү маань коронавирус туссанаа мэдээд эмнэлгээр баахан явсан байна лээ. Эмчид үзүүлсэн бичиг, цээжний зураг хүртэл байсан. Тэгэхээр 10 өдөрт бие нь муудаад эмнэлгээр л явсан байгаа юм. Эмч нар нь хэвтүүлэхгүй, гэрээр эмчил гэж явуулснаас өнөөдөр ийм харамсалтай зүйл боллоо.
-Та бүхний зүгээс цаашид хэрхэх вэ?
-Ямар ч байсан дүүгийнхээ үхлийг нохой шиг үнэгүйдүүлэхгүй. Цаашид явсаар байх болно. Энэ ганц дүүгийн маань асуудал биш. Өөр хэний ч ар гэрт ийм харамсалтай зүйл тохиолдохыг би хүсэхгүй байна.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.















Эмнэлэг уул нь заавал зөвшөөрөл авдаг ш дээ.
Юу болов.
Хариуцах эзэнгүй замхараад мартуулаад дуусах вий, Шаарийбуу гуай шиг уйгагүй хичээж зүтгээрэй, монгол хүний амь нас ямар үнэтэйг илчлээрэй,