
Манай улсын мөнхийн хөрш БНХАУ ядуурлыг нэгмөсөн арилгасан тухай мэдээлэл нийтлэгдэж, Ши Жиньпин даргын улс төрийн рейтинг дээшилсэн.
Ши Жиньпин: “Хэрэв та нар төрийн албанд ажиллавал мөнгө битгий бодож байгаарай. Хэрвээ баян чинээлэг болохыг хүсч байгаа бол өөр газар ажиллаад мөнгө хураагаарай. Төрийн алба бол төрийн л алба”.
“Хятадын Коммунист Нам ба хятадын ард түмний хамтын хүчин чармайлтын ачаар та бид ядуурлын эсрэг тэмцэлд бүрэн ялалт байгуулж чадлаа. Ядуурлыг бүс нутгийн хэмжээнд бүрэн даван туулж чадлаа” хэмээн Хятадын дарга Ши Жиньпин мэдэгдэж байв.
128 мянган тосгон, 832 хошуу нутаг гээд хөдөө орон нутгийн 98,99 сая оршин суугч ядуурлаас бүрмөсөн ангижирсан тухай яриа юм.
Өмнө нь, Хятад дахь Дэлхийн банкны захирал Мартин Райзер хэлэхдээ, Дэлхийн хэмжээнд ядуурлын түвшинг бууруулах кампанит ажлын дөрөвний гурвыг Хятад улс эзэлдэг гэж мэдэгдэж байв.
Дэлхийн банкны тайлан мэдээгээр, 2000 онд БНХАУ-д ядуурлын түвшин /тус улсын ядуурлын түвшнээс доогуур аж төрж буй хүн амын эзлэх хувь/ 49,8 хувь байсан бол 2019 онд 0,6 хувь болтлоо мэдэгдэхүйц хэмжээгээр эрс буурсан аж.
Ингээд, уншигч та бүхэнд Ши Жиньпин гэж чухам ямар хүн болохыг товч өгүүлье.
ХАР БАГААСАА ЗОВЛОН ҮЗСЭН ШИ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга – Ши Жиньпин.
Ши Жиньпин 1953 оны зургадугаар сарын 15-нд Бээжин хотод мэндэлжээ. Түүний эцэг Ши Жоншюн нь хятадын хувьсгалч, улс төрийн идэвхтэн, Хятад улсын удирдагчдын анхны үеийн төлөөлөгч байв. Гэвч, 1966 онд Мао Зэдуны эхлүүлсэн коммунист үзэл суртлыг хадгалж, хөрөнгөтнүүдийн үлдэгдлийг нийгмээс арчих зорилготой “Соёлын хувьсгал”-ын хэлмэгдүүлэлтийн шуурганд Ши Жиньпиний гэр бүл мөн өртжээ. Ингээд 1966 онд түүнийг 15 настай байхад нь эцэг нь хэлмэгдүүлэлтээр шоронд хоригдов. Эцэг нь 1966-1976 онуудад нийт арван жил шоронд хоригдсон юм.
Эцгийнх нь хэлмэгдүүлэлт хүүд нь ч нөлөөлөв. 1969 онд Ши Жиньпинийг Хятадын хамгийн ядуу мужийн нэг Шаньши мужийн Яньчуань тосгон руу хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх газар луу явуулж, цөлсөн байдаг. Тэнд бараг долоон жил хамгийн адгийн амьдралаар амь зууж байлаа. Агуйгаар гэр, тоосгоор ор, хувингаар жорлонгоо хийн амь зууж байж.
Бөөсөнд баригдсан хуучин хөнжил нөмрөн унтаж, хүнд хүчир гэсэн бүхий л ажлыг хийж, байнга ганцаардаж байсан тухайгаа Ши Жиньпин дурсан ярьдаг.
Сонин хэвлэлүүдээр, Ши Жиньпинг зовлон зүдгүүр туулсан он жилүүдийг хэрхэн даван туулж, тэсвэр тэвчээр гарган, жирийн хятад хүний амьдралыг харуулсан гэж магтан шагшиж, янз бүрийн нийтлэлүүд гарч байв. Энэ нь эцэстээ, Ши Жиньпиний нам улс төрд зүтгэх анхны алхамыг тавьсан ажээ. Ингээд тэрбээр 1971 онд намын гишүүнээр элсэв.
УЛС ТӨРИЙН ТОГООНД ЧАНАГДСАН ШИ
1970-аад оны эхээр намын бусад албан тушаалтнуудын хүүхдүүдийг гэртээ буцаж ирэхийг нь зөвшөөрснөөр, Ши Жиньпин ч 1974 онд нутагтаа эргэн ирэв. Түүний эцэг нь шоронд хоригдож байсан ч, Ши Жиньпин 1974 онд Хятадын Коммунист Намын албан ёсны гишүүн болсноор түүний улс төрийнх нь замнал эхэлсэн түүхтэй.
1975 онд Бээжингийн нэр хүндтэй Чинхуа Их Сургуулийн хими-технологийн факультетэд элсэн орж, 1979 онд төгсөв.
1976 онд Мао Зэдуний дэглэм нуран унаснаар Ши Жиньпиний гэр бүлээс авахуулаад хэлмэгдүүлэлтэнд өртсөн олон олон гэр бүлүүд амар тайван амьдралын замтайгаа учран золгосон юм. Учир нь, төрийн тэргүүнээр Дэн Сяопин ажиллаж байлаа. Чухам яг тэр үед эцэг нь шоронгоос суллагдаж, Дэн Сяопингийн удирдлаган дор улс орны удирдагчдын хоёр дахь үеийн хамгийн дээд улс төрийн багт орж, улс төрийн ажлаа сэргээлээ. Ши Жиньпиний эцэг Ши Жоншюн нь Коммунист Намын удирдагчаар томилогдож, сүүлд нь хэсэг хугацаанд Гуандун мужийн захирагчаар ажилласан байна.
Ши Жиньпин 2007 онд Шанхай хотын намын даргаар томилогдов. Төд удалгүй Хятадын коммунист намын байнгын хороонд сонгогдон ажиллаж, 2008 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд ерөнхийлөгч боллоо. 2012 онд Хятадын Коммунист Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга болсноор тэрбээр Хятадын хамгийн дээд албан тушаалтан болж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга буюу тус улсын төрийн тэргүүн нь болсон юм.
Ши Жиньпин нь 1999-2002 онуудад Фүжянь мужийн захирагчаар ажиллаж байлаа. 2007 онд Шанхай хотын намын хорооны даргаар ч томилогдон ажиллав.
2013 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Хятадын Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар хятадын даргаар сонгогдсон билээ.
2017 оны аравдугаар сарын 23-нд БНХАУ-ын Коммунист Намын XIX хурлын үеэр Ши Жиньпин нь Хятадын Коммунист Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.
Ши Жиньпиний хамгийн гол дэвшүүлсэн үзэл санаа бол түүний дотоод бодлого болох “Хятад мөрөөдөл” хэмээх үзэл юм.
“Хятад мөрөөдөл” гэх нэр томъёог анх 2012 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Бээжин хотноо байрлах Хятадын Үндэсний Музейн “Дахин сэргэлтийн зам”гэх үзэсгэлэнг үзэж танилцах үеэрээ гаргаж ирсэн байдаг. “Хятад мөрөөдөл” гэх үгний утга агуулга, мөн чанар нь хятад үндэстнээ сэргээн мандуулж, харьцангуй хөгжингүй нийгмийг бий болгох зорилготой.
Ши Жиньпиний дэвшүүлсэн энэ “Хятад мөрөөдөл” нь үндсэн хоёр төрлөөр 100-гийн тоонд хүрснээр биелэх учиртай. Тодруулж хэлбэл, Хятадын Коммунист Намын 100-н жилийн ойгоор буюу энэ 2021 онд харьцангуй чинээлэг нийгмийг бий болгох явдал. Нөгөөтэйгүүр, БНХАУ үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор буюу 2049 онд бүрэн хөгжсөн үндэстнийг бий болгох шинэчлэлийн зорилгод хүрэх явдал.
Тэрбээр Хятадын даргаар томилогдсоныхоо дараа төрийн өмчийг хувьчлах эдийн засгийн сайтар боловсруулсан бодлого хэрэгжүүлэн, улмаар газар сайгүй шинэ сэтгэлгээ бүхнийг нэвтрүүлж байсан нь одоо хэр нь үр дүнгээ өгсөөр байгаа юм.
Ши Жиньпин дарга геополитикийн талбарт Дэлхий нийтэд Хятад улсыг маш идэвхитэй сурталчилан таниулсаар ирсэн нэр төртэй удирдагч гэгддэг. Санхүүгийн болон банкны дэд бүтцийн шинэчлэлээс авахуулаад Өмнөд Хятадын тэнгисийн нутаг дэвсгэрийн маргаантай байгаа асуудлуудыг шийдэхэд нөлөөлсөн гол хүн гэдгээрээ мөн алдартай.
ХОЛЛИВУДЫН КИНО ҮЗЭХ ДУРТАЙ ШИ
Ши Жиньпинийг хөлбөмбөг сонирхдог гэлцдэг. Бас, Буддын шашны бие хамгаалах урлагаар хичээллэдэг, ялангуяа, биеийн дотоод хүчний “Чигүн” дасгалаар хичээллэдэг ч гэлцдэг. Оросын сонгодог уран зохиолыг амтархан уншдаг гэдгээ нэг бус удаа ярьсан байдаг. Ялангуяа, Фёдор Михайлович Достоевский, Лев Николаевич Толстой, Михаил Александрович Шолоховын уран бүтээлүүдийг шимтэн уншдаг нэгэн.
Англи хэлийг гаргууд сайн мэддэг бөгөөд Холливудын кинонуудыг үзэх дуртай. Тэдгээрийн дотроос хамгийн үзэх дуртай, сэтгэлд нь хоногшин үлдсэн кино бол Холливудын алдарт жүжигчин Том Хэнксийн гол дүрийг нь бүтээсэн “Байлдагч Райаныг аварсан нь” кино. Нэгэн америкийн дипломатчтай уулзах үеэрээ, сайн муу үйлийн хоорондох ялгаа, эцэст нь сайн үйл бүхэн ялан дийлж төгсдөг, үнэ цэнийг өгүүлсэн кинонуудад дуртай гэдгээ хуучилсан байдаг.
ДЭЛХИЙН ХҮНЭЭР ТОДОРСОН ШИ
Ши Жиньпин нь, “Forbes”, “Time” гэх нэртэй сонин сэтгүүлийн Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийг тодруулдаг жагсаалтад зүй ёсоор бичигддэг. Энэ оны “Forbes” сэтгүүлийн Дэлхийн хамгийн алдартай хүнээр мөн тодорч жагсаалтыг тэргүүлсэн нь өнгөрсөн таван жилийн турш Дэлхийн хамгийн нөлөөтэй арван хүний нэгээр тооцогдсон хэвээр байна.
Ши Жиньпин нь улс төрд хөл тавьсан цагаасаа хойш хэдэн арван жилийн турш тасралтгүйгээр авлига, хээл хахуулийн хэрэгт нэг ч удаа нэр нь холбогдож байгаагүй жинхэнэ нэр “цэвэр” улс төрч гэдгээрээ алдартай гэж сонин хэвлэлээр түүнийг магтан шагшдаг. Хэвлэл мэдээллийнхэн ч Ши Жиньпинийг ухаалаг, зоригтой, тууштай, тэнцвэртэй, алсын хараатай улс төрч гэж тодорхойлдог. Дэлхий ч мөн адил түүнийг нухацтай, чамбай улс төрч хэмээн үнэлдэг.
ХОЁР ЭХНЭРИЙН НҮҮР ҮЗСЭН ШИ
1980-аад оны эхний хагаст Ши Жиньпин Их Британид суух Хятадын Элчин Сайдын охин Кө Линлинтэй гэрлэж байв. Америкийн дипломатчдын хэлснээр, хосууд Бээжин хотоос баруун зүгт орших Нанша алдартай дүүрэгт амьдарч байсан гэнэ. Гэвч, сүүлд Кө Линлин нь Англи улсад амьдрахаар хятадыг орхин явсан байна.
Ингээд 1987 оноос Ши Жиньпин хоёр дахь удаагаа гэрлэв. Энэ удаад 1962 онд мэндэлсэн хятадын алдартай дуучин бүсгүй Пэн Лиюаньтай гэр бүл болж, амьдралаа дахин шинээр эхлүүлсэн аж. Түүний хоёр дахь эхнэр Пэн Лиюань бол БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн чуулгын тэргүүн асан, хошууч-генерал цолтой эмэгтэй бөгөөд байнга л тайлан тоглолтоор улс орноо тойрон аялдаг байв. Эхнэр Пэн Лиюань нь ардын дуу дуулдаг, олонд алдартай бас царай зүс сайтай дуучин бүсгүй. Ши Жиньпин, Пэн Лиюань нарын дундаас 1992 онд охин мэндэлсэн юм. Түүнийг Ши Минзэ гэдэг. Айлын ганц охин. Зарим нэг эх сурвалжийн мэдээллээр охин нь Харвардын Их Сургуульд өөр нэрээр сурдаг гэсэн албан бус мэдээлэл бий.
“МӨНГӨЛӨГ” ШИ ДАРГА
Ши Жиньпиний төрсөн эгч нар нь Канад болон Австралид, харин ах нь Хонконгод амьдардаг гэсэн мэдээлэл ч бас бий.
“Блүүмберг” /Bloomberg/ агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпиний гэр бүл бизнес эрхэлдэг, харин тэдний ойрын хамаатнууд нь нэлээд баян чинээлэг гэнэ. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олж авсан мэдээллээр бол, Ши Жиньпиний ойрын төрөл садангууд нь газрын ховор элемент олборлодог 18 хувийн шууд бус хөрөнгө оруулалттай компанид 376 сая америк доллараар үнэлэгдэх хувьцаа эзэмшдэг ажээ. “Jiangxi Rare Earth” гэх энэ компанийн хөрөнгийн үнэлгээ нь 1,73 тэрбум америк доллараар үнэлэгддэг. Үүнээс гадна, “Хиконикс Драйв Техноложи” гэх олон нийтийн технологийн компанид мөн 20,2 сая америк долларын хөрөнгө оруулалт хийсэн ч гэлцдэг.
Ши Жиньпинтэй ойр дотно ажиллаж, нөхөрлөж байсан хүмүүсийн ярьснаар бол, түүний гол зан чанар бол маш хүмүүжилтэй, аливаа шийдвэр гаргахдаа уян хатан ханддаг, маш тэсвэр хатуужилтай, шударга гэж үнэлдэг. Сингапурын “эцэг” гэгддэг сайд Ли Куан Ю, Ши Жиньпинийг Нельсон Манделатай адилтган зүйрлэж, Ши Жиньпин бол “сэтгэл санааны хувьд маш тогтвортой, өөрийн үзэл бодол, шийдвэрээ бусдын нөлөөнд авталгүйгээр гаргаж чаддаг” гэж шагшин магтсан байдаг юм.
Хятадын дарга Ши Жиньпиний тухай товчхон өгүүлэхэд ийм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоёр эхнэрийн бүх юмыг үзсэн эр байх шүү
Хөрөнгөгүй ядуу айлын хүүхэд ядуу сэтгэлгээтэй байх нь аргагүй. Баячуудынхаа хөрөнгийг хурааж бүх хүн адил тэгш байх соци�##�ист үзлийг баримтладаг энэ эр хөрөнгөтнүүдээ хавчиж эхэлсэн бодлого явуулж байгаа. Агуйгаар гэр тоосгоор ор хувингаар жорлон хийж өссөн хүн баячуудыг үзэн яддаг биз
Baychuud gej hezeech bdui dandaa luivarchid bdag ym
Наадах чинь харин оносон үг үү бна!
Baychuud gej hezeech bdui dandaa luivarchid bdag ym
үнэхээр хятад орныг дэлхийд нэгд оруулж байгаа агуу хүн дээ эхнэр чгэсэн хятад эмэгтэйчүүдийг манлайлж байна даа
Энэ цагт л Монголыг эзэлж аваасай. 2040 оноос өмнө
2049 онд хөгжингүй хятад орон байгуулах Хятад Мөрөөдөлөө зарлаж, түүндээ хүрэхийн тулд шаргуу ажиллаж байна. Манайхан юу бодогдож бна? Монгол мөрөөдөл гэж байна уу? Азийн хүлэг улс 2050 -г засаж янзлаад Монгол Мөрөөдөлөө бүтээцгээе
ЮУН МУУХАЙ ХЭЛДЭГ ХОЁР ЭХНЭРИЙН НҮҮР ҮЗЭЭД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ХАХА