ТОДРУУЛГА: Хүүгийнх нь 7 жилийн өмнөх зургийг сошиалд тавьж, хандив гуйжээ

Сошиал орчинд хуурамч хаягтай этгээд иргэн Б.Мягмарсүрэнгийн хүүгийн долоон жилийн өмнөх зургийг байршуулж, хандив гуйсан байна. Тухайн постыг тавьсан Б.Учрал гэх хаягтай хэрэглэгч нь “Ядарч яваа ээж надад туслаач” хэмээгээд, дансны болон утасны дугаараа бичсэн байжээ.
Энэ талаар Б.Мягмарсүрэнгээс товч тодрууллаа.
-Та өмнө нь хандив хүсэж байсан уу?
-Долоон жилийн өмнө миний хүү гэнэтхэн хүзүүнээс доош мэдээгүй болсон. Мөн тухайн үед аав нь нас барж, бидний амьдралд хүнд үе тохиож байлаа. Энэ үед хүүгээ эмчлүүлэхээр хандив цуглуулж байсан. Харин тэр долоон жилийн өмнөх зургийг яаж ч юм олоод, цахим орчинд байршуулсан байхыг хараад их гайхсан.
-Пост тавьсан хүнтэй холбогдсон уу?
-Бичсэн утасны дугаар нь ашиглалтад байхгүй байсан. Харин Фэйсбүүк хаяг руу нь чат бичтэл хариу өгөөгүй. Удалгүй энэ постоо устгасан байсан.
-Таны хүүгийн зургийг ашиглаж байгааг та хэрхэн мэдсэн бэ?
-Манай найз энэ постын дор намайг мэншион хийхэд нь мэдсэн. Үүнд итгэж, данс руу нь мөнгөө шилжүүлсэн цөөнгүй хүмүүс байгаа юм билээ. Ийм учраас хүмүүст хандивын агуулгатай постуудыг сайн нягталж байгаарай гэж хэлмээр санагдаж байна.
Г.САНСАРМАА














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.