УЛС ТӨР

ТЭДНИЙ ХУУЛЬ: Жолооч нарт ашигтай ч төрийг шинэ бүтцүүдээр данхайлгаж, хувийн хэвшлүүдийг “боомилно”

Өнгөрсөн долоо хоногийн тренд сэдвүүдийн нэг Жолоочийн хариуцлагын тухай хууль байв. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын өргөн барьсан тус хуулийн төсөлд эерэг агуулга бий ч шүүмжлүүштэй өнцгүүд бас байгаа юм.

Олон нийтэд энэ хуулийн төсөл батлагдвал хувийн даатгалын компаниуд үйл ажиллагаагаа зогсооно гэсэн ойлголт очсон. Нөгөө талд хуулийн төслийг эсэргүүцэх чиглэлд даатгалын компаниудаас ихээхэн лобби хийж, хэд хэдэн УИХ-ын гишүүн ч сөрөг чиглэлээс дуугарч эхлээд байгаа билээ.

ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ТӨРД ИЙМ ШИНЭ БҮТЦҮҮД БИЙ БОЛНО

Энэ хуулийн төслийн бүтэн нэр нь “Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга”. Үүнд даатгалын үйлчилгээ үзүүлэх хувийн компаниудын үйл ажиллагааг хориглох заалт тусаагүй нь анхаарал татна. Харин төрд “Хариуцлагын даатгалын баталгаат сан” болон “Хариуцлагын даатгалын корпорац” гэсэн шинэ бүтцүүдийг байгуулахаар төлөвлөсөн нь маргаан дагуулж буй.

Хуулийн  3.1.14-д “Хариуцлагын даатгалын корпораци гэж автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан.

Харин 8.2-д “Хариуцлагын даатгалын баталгааны загвар, хэрэглэх журмыг Үндэсний зөвлөл батална” гэж тусгажээ. Иймд Үндэсний зөвлөл гэх бас нэгэн бүтэц ажиллах шаардлагатай болж байгаа юм.

Үндэсний зөвлөл нь Хариуцлагын даатгалын сангийн зарцуулалтад хяналт тавих аж.

САН БОЛОН КОРПОРАЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХЯНАЛТ ТАВИНА

Түүнчлэн Хариуцлагын даатгалын корпорац нь гүйцэтгэх удирдлагатай байна.

Үүнийг 27.3-т нарийвчлан тодорхойлсон байх бөгөөд санхүү, эдийн засгийн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай хүнийг корпорацын Гүйцэтгэх захирлаар томилно гэж заажээ.

Ерөнхийлөн дүгнэхэд, энэ хуулийн төслийг дагаад:

•           Дахин нэг төрийн сан байгуулагдах

•           Дахин нэг корпорац хэлбэртэй төрийн институт бий болох

•           Үүнийг дагаад Үндэсний зөвлөл гэх бүтэц гарч, ажиллах

•           Корпорацын Гүйцэтгэх захирал хэмээх субъектэд даатгалын санг “атгах” эрх мэдлүүд төвлөрөх нөхцөлүүд үүсэхээр байна.

Онцлоход, корпорацын жил бүрийн тайлан, зарцуулалтад хяналт тавих хийгээд үйл ажиллагааных нь үндсэн дүрмийг батлах ажлыг Үндэсний зөвлөл хийх аж.

ЖОЛООЧ НАРЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ Ч ТӨР ХУВИЙН ХЭВШЛҮҮДЭЭ “БООМИЛНО”

Хуулиар жолооч бүрийг Хариуцлагын даатгалын корпорацитай гэрээ байгуулахыг хүчээр тулгаж буй. Тэр бүү хэл 4-р зүйлээр, даатгалын гэрээ байгуулаагүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар тусгасан байгаа юм.

Үүгээр жолооч Хариуцлагын даатгалын корпорац гэх төрийн бүтцэд болон хувийн даатгалын компанийн аль нэгийг сонгох бололцоогүй болж байна. Харин аль, алиных нь үйлчилгээг авах боломжтой эсэх тал дээр ямар нэг заалт тусгаагүй.

Энэ нь нэг үгээр тээврийн хэрэгслийн даатгалын салбарт төр монополь тогтоож, хувийн хэвшлүүдийг хүссэн хүсээгүй зах зээлээс шахан гаргах далд агуулга үүсгэж байгаа юм.

За, жолооч болгон Хариуцлагын даатгалын корпорацтай гэрээ хийлээ гэж бодъё. Харин ингэснээр учирсан гэмтэл, хохирлоо нөхөн төлүүлэх чиглэлд арай таатай нөхцөл, боломжуудыг эдлэхээр харагдаж буй.

Хураамжийн хувьд:

  • “А” ангиллын автотээврийн хэрэгсэлд 12,500 төгрөг
  • “B” ангиллын автотээврийн хэрэгсэлд 33,000 төгрөг
  • “C” ангиллын автотээврийн хэрэгсэлд 42,500 төгрөг
  • “D” ангиллын автотээврийн хэрэгсэлд 53,000 төгрөг
  • “Механизм” ангиллын автотээврийн хэрэгсэлд 12,500 төгрөг байхаар туссан нь хувийн хэвшлүүдийн санал болгодог өртгөөс доогуур дүн юм.

Мөн Шуурхай алба гэх бүтэц ажиллах бөгөөд тэд учирсан гэмтэл, хохирлын хэмжээг шуурхай үнэлэх үүрэг хүлээх аж.

ЭЕРЭГ БА СӨРӨГ АГУУЛГУУД

Замын хөдөлгөөнд оролцоно гэдэг өөрөө багагүй эрсдэлтэй үйл ажиллагаа. Ямар ч санамсаргүй тохиолдол гарч, жолоочид амь нас хийгээд эд хөрөнгийн хохирол учирч болзошгүй байдаг. Энэ үүднээсээ төр жолооч нарын даатгалын системийг сан байгуулах хэлбэрээр, хуулиар зохицуулах гэж байгаа нь нэг талдаа зөв агуулга. Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг ЭМДС-гаар шийдэж өгдөгтэй агаар нэг.

Гэвч нөгөө талдаа “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр, данхгар төрд дахин нэг сан байгуулж, хэд хэдэн институт бий болгох нь нэлээд зарлагатай. Үйл ажиллагаа нь жигдэртэл асуудалтай. Дахиад л мөнгө идэх, нөлөөнд авдах, хувь этгээд дураар захиран зарцуулах эрсдэлүүд дагаад үүснэ. Ийм гашуун туршлага бидэнд бий.

Энэ үүднээс хөндлөнгийн хяналт тавих Үндэсний зөвлөл байгуулахаар тусгасан бололтой.

Мөн олон жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн даатгалын салбарын хувийн хэвшлүүдийг төр шууд боомилж байгаа нь ардчиллын зарчмаас ухарсан, ихээхэн коммунист үйлдэл гэж харагдах.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хувьдаа даатгалын компанитай УИХ-ын гишүүн Т.Доржхандаас эхлээд л Байнгын хорооны хуралдаан дээр эсрэг байр суурь илэрхийлсэн эл үес хууль санаачлагч Т.Аюурсайхан нар өөр дээрээ ихээхэн гал авахаар байна.

Нөгөө талаар даатгалын бизнес эрхлэгчид ер санхүүгийн салбарт хөлөө олсон, бизнесийн бүлэглэлд холбоо сүлбээтэй, хүч нөлөөтэй улс байдаг. Иймд сүүлийн үес тэдний зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийгээд сошиал орчинд сөрөг пи-ар ажиллагаа явуулж эхлээд байгааг онцлууштай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
11 сар 9, 2021 08:55

ЖОЛООЧ НАРЫН ДААТГАЛААР ХӨЛЖИГСӨД ОДОО БОЛНО. ДААТГАЛЫН МӨНГӨӨР ТАРХИ УГААХ АЭРЭГГҮЙ ТӨЛБӨРТ НИЙТЛЭЭ БИЧИГЧ ТА ТҮМНЭЭ БОД.

zochin
zochin
11 сар 9, 2021 09:09

jolooch nart ch ashiggui baij medeh um shuu, turiin danhar butets hund surtal, ar uvriin haalga, avligaliig l tsetsegluulne, akt taviulah nuhun tulburuu hurdan avahdaa 10 huviig ni ugdug jishig ch enuuhend bolno, za tegeed guij guvshih, hool undand oruulah geed l huvurch ugnu biz ee

Холбоотой мэдээ

Back to top button