
20 гаруй жилийн өмнө буюу хамгийн сүүлд сонссон чимээгээрээ ертөнцийн анирыг төсөөлсөөр ирсэн нэгэн эмэгтэйг энэ удаагийн сурвалжилгаараа онцолж байна. Тэрбээр Монголын сонсголгүй эмэгтэйчүүдэд хийж бүтээж, хичээж зүтгэж байгаагаараа үлгэрлэж яваа нэгэн.
СҮҮЛИЙН АНИР...
"Би хүний гарын хөдөлгөөн, нүдний харцнаас бусдын яриаг ойлгодог. Харин өөрийнхөө хэлэхийг хүссэн зүйлээ дохионы хэлээр тэдэнд ойлгуулдаг хүн” гэж дохисноор бидний яриа эхэллээ. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн жилийн бодибилдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд сонсголгүй эмэгтэй анх удаа оролцсон бол энэ жилийнхэд дахин оролцоод тэргүүлсэн юм. Түүнийг Төмөрбарсын Долгорсүрэн гэдэг.
Тэрбээр бусдын л адил дуулж, бүжиглэх дуртай. Зарим хүмүүс түүнийг сонсохгүй юм чинь дуулж, бүжиглэж чадахгүй гэж боддог гэнэ. Энэ талаар “Хэдийгээр би сонсож чадахгүй ч хөгжмийн хэмнэл, чичирхийлэхийг арьсаараа мэдэрч чаддаг. Тиймээс би дохиогоор дуулах дуртай. Арьсанд маань мэдрэгдэх тэр чичирхийллийн хэмнэлээр бүжиглэх ч дуртай” гэв. Түүнийг сонсголтой байхад аав нь өдөр бүр “Ээж минь дээ” дууг дуулж өгдөг байсан гэнэ. Тиймээс олон жилийн өмнө сонссон дууныхаа ая, үгийг одоо ч тод санадаг аж. Мөн дуучин П.Адарсүрэнгийн дуунууд хүүхэд насанд нь олон сонсогдож, чихэнд нь хоногшжээ.
УРУУДАХ НЭГ ӨДӨР БАЙХАД ӨӨДЛӨХ ОЛОН ӨДӨР БИЙ
Тэрбээр “Бага байхад бөөр маань их өвддөг байсан юм л даа. Нэг өдөр өндөр халуураад, халуун буулгадаг хүчтэй тариа хийлгүүлсэн юм. Гэтэл тарианы сөрөг нөлөөнөөс болж би гэдэг хүн сонсголоо алдчихав. Тэгэхэд наймхан настай байлаа. Найзалдаг байсан хүүхдүүд маань хэлгүй, дүлий гэж шоолж, миний сэтгэлийг их өвтгөсөн. Гэхдээ одоо тэр явдалд эмзэглэдэггүй ээ. Хүний амьдрал баялаг шүү дээ. Уруудах нэг өдөр байхад өөдлөх олон өдөр угтаж байдаг” гэв.
Тиймдээ ч түүний хүүхдүүд анх ухаан орсон цагаасаа л аав, ээж хоёрыгоо хоорондоо дохиогоор харилцахыг хараад хүмүүс хоорондоо ялгаатай байдаг гэдгийг ойлгосон гэнэ. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ойлгож, хүндэлж харьцдаг тухай дурсаж "Миний хүүхэд насандаа авсан сэтгэлийн шархыг манай хүүхдүүд бусдад мэдрүүлэхгүй гэж бодохоор сэтгэл тэнэгэр байдаг” хэмээв.
Т.Долгорсүрэнгийн хүүхэд нас эрээнтэй бараантай байсан ч хүсэл мөрөөдлөөр дүүрэн байжээ. Бага байхдаа загвар өмсөгч болоод загварын тайзыг эзэгнэж алхахсан хэмээн мөрөөддөг байсан гэнэ. Нас биед хүрсэн ч загварын алхаагаар алхаж буй бүсгүйчүүдийг хараад багын мөрөөдөл нь сэдэрдэг байсан тухайгаа дурсав. Түүний багын мөрөөдөл загварын тайзнаа биелээгүй ч бодибилдингийн тайзнаа мисс болон алхсанаар биелэлээ олсон тухай дохиод "Би хүүхэд насны мөрөөдлөө нэг л өдөр бодитой болгочихсон” гээд инээмсэглэв.
ХИЧЭЭВЭЛ БҮТЭХГҮЙ ЗҮЙЛ ҮГҮЙ
Тэрээр эл спортоор тууштай хичээллэх болсон шалтгаанаа "Бэрхшээлийг даван туулах хүч, дусал ус, зүсэм талхны үнэ цэнг ойлгуулсан ганц зүйл бол бодигийн спорт” гэлээ. Түүнийг жил гарны өмнөөс эл спортыг сонирхож хичээллэж байтал хөл хорио тогтоож, бэлтгэл хийх заалууд хаагджээ. Иймээс таван литрийн усны хоёр саванд дүүрэн ус бариад өглөө оройдоо дасгалаа хийчихдэг байснаа дохиод "Бэлтгэл хийхгүй нэг өдөр ч байж чадахгүй юм билээ. Хүн дуртай зүйлдээ цаг заваа зарцуулсныхаа төлөө аз жаргал мэдэрнэ үү гэхээс зовохгүй. Ер нь хийе гэсэн хүн аргаа олдог гэж үг байдаг” хэмээв.

Түүнийг тууштай бөгөөд амжилттай хичээллэхэд нь Gold's gym фитнессийн хамт олон нөлөөлсөн талаар дурдав. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлж үйлчилдгээс гадна харилцаа сайтай, аль болох анхаарал хандуулж, бүхий л нөөц бололцоогоороо дэмждэг аж. Харин түүний бэлтгэлийг П.Төрмөнх багш нь гардаж хийлгэдэг. Монгол улсад эл спортод гүн орсон сонсголгүй хоёр хүн байдгийн нэг нь түүний багш. Т.Долгорсүрэн хэлэхдээ, "Надад шантармаар үе их олон гарч байсан. Тэр болгонд намайг сэтгэл санаагаар дэмжиж, бэлтгэлд минь илүү их анхаарлаа хандуулдаг багш маань байгаагүй бол би өнөөдөр амжилт гаргахааргүй байсан гэж боддог. Хааяа бэлтгэлээр шахахад нь уйлчихна. Дараа нь түүнийхээ ард гарч чадсандаа баярлаж, урамшина. Багшид маань хэн нэгэн тэр эрдмийг заагаагүй ээ. Өөрөө л хийж, хөдөлмөрлөөд ойлгосон зүйлээ заана. Ер нь юманд их элдэвтэй, нямбай, няхуур хүн. Өөрийнхөө ажилладаг салбартаа хоёр ч удаа тэргүүний ажилтан болж шагнуулж байсан” хэмээн бахдан ярив.
БУРХНЫ БЭЛЭГ
Түүнийг бэлтгэлээ юунд ч санаа зовохгүй хийх, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь түүний хань хамгийн ихээр дэмжиж, бүхий л талаар нь тусалдаг гэнэ. Тэрбээр ханийнхаа талаар "Намайг хамгийн ихээр дэмждэг хүн бол миний нөхөр. Тэр минь хаа хол Сиэтл хотоос үргэлж холбогдож, фитнессээ сайн хийгээрэй, хүүхдүүдээ ингээрэй гээд л мөнгө явуулдаг юм. Түүнээс Монголд зөвхөн халамжийн мөнгөөрөө фитнесст явна гэдэг боломжгүй. Үргэлж сэтгэлийг минь амар амгалан байлгадаг ханьдаа талархаж явдаг юм. Бурхнаас ирсэн хамгийн том бэлэг бол миний хань” гэлээ.
Тэрбээр амьдралдаа хэмжээлшгүй их аз жаргалыг олон удаа мэдэрч байсан ч хамгийн жаргалтай мөчийнхөө талаар бидэнд хуваалцахдаа “Амьдрал баялаг шүү дээ. Би гурван сайхан үртэй. Тэднийгээ тээж, төрүүлэх мөч миний хувьд барьж чадахааргүй их жаргал мэдрүүлсэн” гэв.
Т.Долгорсүрэн нөхөртэйгөө ханилаад 20 жил болж байгаа бөгөөд нөхөр нь анхны харцаар түүнд дурлаж байсныг дурсах дуртай гэнэ. Түүний нөхөр Б.Амарзаяа Америкийн Сиэтл хотод барилга дээр ажил хийдэг аж. Энэ талаар "Бид уулзаагүй бараг 10 жил болж байгаа учраас маш их санаж байна. Ханиасаа хол байхаар санана гэдэг зовлонтой байдаг юм байна. Бид чинь залуу хүмүүс учраас бусдын л адил ипотекийн зээлтэй. Байрныхаа зээлийг дуусгаад удахгүй Монголдоо ирнэ” гэлээ.
Түүнийг түшиж тулах хань, тусалж дэмждэг багш нь байхад бүхнийг чадах юм шиг санагддаг гэнэ. Тийм учраас Монголын олон мянган сонсголын бэрхшээлтэй иргэдээ төлөөлж, Дэлхийн тавцанд өрсөлдөх том хүсэл тээж явдаг тухайгаа хуваалцсан юм.
www.eguur.mn редакцын зүгээс түүний гэр бүлд нь аз жаргал, спортын үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэн ерөөе.





















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр сайхан яриа байна шүү, дайчин бүсгүй, ярилцсан сэтгүүлчид амжилт. Ажил үйлс нь бүтэмжтэй байг ээ
Үнэхээр сайхан яриа байна шүү, дайчин бүсгүй, ярилцсан сэтгүүлчид амжилт. Ажил үйлс нь бүтэмжтэй байг ээ
sonsoxgvi bn gedeg berxsheel boshee xodolmorloxgv bx n berxsheel. xarin ene emegeid berxsheel bdgv busdin l adil bvr zarimar n ilvv ym bn6 sain saixnig xvsiy
Энэ яриаг олон сарын өмнө уншиж байв. Өнөөдөр сүрэг киног сонсголгүй иргэдэд үнэгүй бас тусгай байдлаар үзүүлсэн юм. бидний онцлогийг хүндэтгэж байгаа уран бүтээлчдэд талархмаар санагдаад гэнэт хайж хайж олоод уншчихлаа. Бусдын буруугаас болж сонсголоо алдсан учраас сэтгэлд нэг бул байх. сонсголгүй иргэний яриаг дамжуулж, бусадтай л адилхан хүн гэдгийг олонд таниулсан танай ХҮНЛЭГ САЙТАР АЙМАР БАЯРЛАЛАА