Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Модны үнэ нэмэгдээгүй ч борлуулалт эрс багасжээ

Дотооддоо үйлдвэр эрхэлдэггүй улсын зовлон хил хаалттай үед өрнөдөг. БНХАУ-ын хил хаагдаж, манай улс руу орж ирэх бараа бүтээгдэхүүнүүд хилийн цаана таг гацав. Энэ хугацаанд улсын маань эдийн засаг савлаж, зарим жижиг хэрэглэгдэхүүнүүд тасалдсан. Үүний нэг нь шуудай. Сүүлийн өдрүүдэд “Шуудай тасалдсан учраас модны үнэ өслөө” гэсэн мэдээлэл цахим орчинд гараад байв. Иймд манай сурвалжлах баг модны худалдаа эрхлэгчдээс модны үнэ өссөн эсэх, шуудайн хомстол бий юу гэх агуулгаар энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.


САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮНЭ БУУРСАН УЧРААС МОД АВАХ НЬ БАГАССАН


Модны худалдаа эрхлээд дөрвөн жил болж буй дамлаж худалддаг иргэн Б.Анхбат хэлэхдээ, "Би шуудайлчихсан модыг бөөний төвөөс ачиж ирээд гэр хорооллын айл өрхүүдтэй ойр цэгт борлуулдаг” хэмээв. Тэрбээр "Хоёр жилийн өмнөөс шуудайтай модны үнэ өссөн. Одоогоор 7000 төгрөгөөр борлуулж байгаа” гэлээ. Энэ үнээр зараад хоёр жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд үнээ огт нэмээгүй гэсэн юм. Харин өнгөрсөн жил Засгийн газраас сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдруулж худалдаалах шийдвэр гарсан бөгөөд тэр үеэс хойш модны худалдан авалт буурсан хэмээв. Мөн тэрбээр "Хоёр түлээний аль хямдыг нь л авахыг бодно шүү дээ, тэр үед иргэдийн худалдан авалт нь эрс багасгасан. Энэ жил ч мөн ялгаагүй мод авах иргэд цөөхөн байна” гэлээ.

Б.Анхбат модны наймаагаа хийгээд өдрийн хоолны мөнгөнөөсөө жаахан илүүг олдог байсан бол энэ жил орлого нь хумигдаж, мөнгөө илүүчилж чадахгүй өдрийн хоолоо хямд төсөр байдлаар зохицуулдаг болсон тухайгаа бидэнд ярив.


-МОДНЫ ҮНЭ УГААСАА Л 7000 ТӨГРӨГ БАЙСАН-


Б.Анхбатаас түлээний мод худалдан авч буй иргэн "Манай гэр бүлийн хувьд модны хэрэглээ ихтэй. Учир нь сайжруулсан шахмал түлш маань долоо хоногтоо хүрдэггүй юм” гэлээ. Үүнийхээ учрыг хэлэхдээ "Манайх гэрт амьдардаг. Дулаалга маань хуучирсан учраас илч муутай байх шиг байна лээ. Уг нь давхар хучлагатай л даа. Гаднаасаа дулаалгатай байшинд амьдардаг айлын хэрэглээнд бол таарах л байх” гэлээ.

Тэднийх долоо хоногт зургаан шуудай сайжруулсан шахмал түлш нормынхоо дагуу авч хэрэглэдэг. Гэхдээ дулаалга муутай гэрт амьдардаг учраас энэ нь долоо хоногтоо хүрэлцдэггүй аж. Тэрбээр "Бид гэрийнхээ ойр орчмын бүх л цэгээс дамлан зарахдаа 7000 мянган төгрөгөөр нэг шуудай мод авдаг. Өнгөрсөн жил ч бас ийм үнэтэй байсан” гэв. Үүнээс гадна "Мод хурдан шатаж дуусдаг учраас манайх долоо хоногт гурван шуудай мод хэрэглэдэг. Үүнд 21 мянган төгрөг явчихдаг учраас модны үнэ үнэтэй санагддаг” хэмээн ярилаа.


Мод дамлан авч борлуулдаг Б.Анхбат "Модны үнэ нэмэгдээгүй” хэмээн ярьсан бол худалдан авч буй иргэн ч мөн адил "Үнэ нь нэмэгдээгүй, өнгөрсөн жилийн авдаг байсан үнээрээ л авч байна” гэсэн юм. Тэгвэл дамлан борлуулагчдад модыг бөөний үнээр худалдаалдаг Цайз захын модны тасгийнхан "Модны үнэ нэмэгдээгүй, зөвхөн шуудайн үнэ нэмэгдсэн” хэмээв. Ингэхдээ "Бидний авдаг мод олдоц ховор байгаа ч үнэ нь нэмэгдээгүй. Харин шуудай хил хаалттай байгаагаас үүдэн тасалдаад байгаа. Олдоц муу учраас 350 төгрөгөөр авдаг байсан шуудайн үнэ 1000 төгрөг болж өссөн” гэлээ.


-ШУУДАЙН ҮНЭ НЭМЭГДСЭН Ч МОДНЫ ҮНЭЭ НЭМЭЭГҮЙ-


Үүнээс гадна бөөний төвийнхөн шуудайн үнэ огцом гурав дахин нэмэгдсэн явдлыг нэг удаагийн шинжтэй үнийн өсөлт хэмээн харж байгаа ураас шуудайтай модны үнээ нэмэхгүй байгаа тухай дурдсан юм. Ингэхдээ "Бид өөрсдийн ашгаасаа шуудайн үнээ хасаж борлуулдаг. Нэг шуудай модны бөөний үнэ энэ жил 5000 төгрөгөөр худалдаалж байна. Өнгөрсөн жил ч мөн ийм л үнэтэй байсан” гэлээ.

Харин үнээ нэмэхгүй өөрсдийн ашгаасаа шуудайн мөнгөө гаргаж борлуулж байхад цахим орчинд "Шуудайн үнэ нэмэгдсэнээс үүдэн модны үнэ тэнгэрт хадлаа” гэх мэдээллүүд гарсан тухайд сэтгэл дундуур байгаа аж.

Тиймээс "Шуудайн үнэ нэмэгдсэн учраас модны үнэ нэмэгджээ гэх худал мэдээлэл явсанд ихэд эмзэглэсэн. Маргаашаас нь модны борлуулалт ч эрс муудчихлаа. Бид чинь үнэтэй цөөн мод зарж байснаас хямдхан үнээр олныг зарчихъя л гэж боддог юм. Сүүлийн гурав хоногт ашиг олж чадсангүй” гэлээ.

Мөн модоо дотоодоосоо авч, тээвэрлүүлэхэд шатахууны үнэ өссөн учраас бага зэрэг үнэтэй ирж байгаа. Гэхдээ модны маань авдаг үнэ өсөөгүй хэмээв. Гэсэн ч энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлш хямд зарагдаж байгаа учраас мод үнэтэй байвал борлуулалт эрс буурна. Тийм учраас модныхоо үнийг нэмж чадахгүй байгаа хэмээн бидэнд ярьсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button