Нийгмийн

Ш.Алтантуяа: Ковидоос болж 44 эх эндсэн

“Эх яагаад эндэв” Итгэмжит лавлагаа судалгааны үр дүнг танилцуулах "Эхийн эндэгдэл- Нийгмийн хүчин зүйл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болж эхийн эндэх шалтгаан нөхцөл, ковидын үеийн хүчин зүйлсийн талаар хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний танилцуулга хийсэн юм. Хэлэлцүүлгйн үеэр ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа хэлэхдээ:

ЭХИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛТДОО ХҮРСЭН Ч...

"Эхийн эндэгдлийн тоон үзүүлэлт бол улсын хөгжлийг харуулах маш чухал үзүүлэлт байдаг. Иймд Засгийн газраас эндэгдлийг бууруулахын тулд зорилт тавин ажилладаг. 2030 он гэхэд 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийг 25 хүртэл бууруулах төлөвлөгөөтэй байсан юм. Энэ зорилтдоо 2019 онд хүрч, давуулан биелүүлээд бүр 15 болгон бууруулж чадсан. Гэвч сүүлийн хоёр жилд буюу 2020 онд 21 тохиолдол, 2021 онд 67 тохиолдол гарсан. Ингэж өссөн нь ковидоос болсон бөгөөд энэ оны нас баралтын 44 нь ковидын шинжтэй гэж оношлогдож байгаа. Хавсарсан эмгэгийн шалтгаантай эндэгдлийг бууруулах боломжтой. Жирэмсэн эхчүүд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж, ковидын шинжтэй нас баралтыг бууруулах бүрэн боломжтой.

Мөн эхийн эндэгдэлд шууд болон шууд бус шалтгаан нөлөөлнө. Шууд эндэгдэлд эх барих үеийн эндэгдэл байдаг бол шууд бус нас баралтад хавсарсан суурь эмгэгийн хүндрэлээс болдог” гэлээ.

Харин эхийн эндэгдлийн талаар Эрүүл Мэндийн Яамнаас ямар ажил хийж байгааг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтохоос тодруулбал,

ЭХИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХЫН ТУЛД ЖИЛД НЭГ УДАА ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙГАА

Эхийн эндэгдэл аль засгийн газар нийгмийн хэмжил гол хэмжүүр байдаг юм. Тиймээс эндэгдлийн тоог яаж бууруулах вэ гэдэгт Эрүүл Мэндийн Яамны гол бодлого чиглэдэг.

Өмнө нь эхийн эндэгдлийг эрүүл мэндийн салбарт хамааруулж ярьдаг байсан. Одоо энэ хамаарал 51 хувьтай байгаа. Гэвч нийгмийн бусад хүчин зүйлс нөлөөлөөд байна. Эхийн эндэгдэл бүх нийтийн асуудал бөгөөд нөхөн үржихүйн боловсролыг маш сайн өгөх хэрэгтэй. Түүнээс гадна ажилгүй, оюутан эмэгтэйчүүд эхийн эндэгдэлд өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс Эрүүл мэндийн яамны зүгээс эрт илрүүлгийн шинжилгээг жилд нэг удаа хийж байгаа” гэлээ.

ЭХИЙН ЭНДЭГДЭЛД НӨЛӨӨЛӨХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛС

2016-2019 онд эндсэн эхийн 83.5% хяналтад орсон нь улсын хэмжээний нийт жирэмсэн эхийн хяналтад хамрагдалтын хувиас (89.0%) доогуур үзүүлэлттэй, мөн жирэмсний хожуу хугацаанд хяналтад ороод эндсэн эхийн эзлэх хувь бусад судалгааны жилүүдээс өссөн  байна. 2016-2019 онд эндсэн эхийн 83.5% жирэмсэн үеийн хавсарсан эмгэгтэй, 23.7% эмнэлэгт хэт хожуу хандаж, хүндэрч ирж тусламж авахад цаг алдсан, 13.4% жирэмсний хяналтад огт ороогүй, 18.5% жирэмсний хяналтад хожуу орсон, 12.4% амьдралын боломж тааруу, 12.4% жирэмслэлтийг шийдэх, эмнэлэгт хэвтэхийг зөвлөхөд татгалзсан, 8.2% архины хамааралтай, 7.2% ар гэрийн хайр халамж дутмаг, 6.2% жирэмсэн үеийн аюултай шинж тэмдэг илэрч байхад эмнэлэгт огт хандаагүй, 6.2% эмчийн зөвөлгөөг аваагүй, татгалзсан, 5.2% гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, 5.2% төвөөс алслагдсан, утасны сүлжээ тасарч, зөвөлгөө авах боломжгүй байв.

ЭМЭГТЭЙЧҮҮД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАНГАЛТГҮЙ ХАМРАГДАЖ БАЙНА

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн суурь өвчнийг эрт оношлон эрүүлжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй. Жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт илрүүлэн, жирэмслэлтээ үргэлжлүүлэн тээж чадах эсэхийг зөв үнэлэх арга барилд жирэмсний хяналтыг хариуцан ажилладаг дотрын эмч нарыг сургаж, ур чадварыг тасралтгүй сайжруулах хэрэгтэй. 2016-2019 онд эмнэлэгт эндсэн эхийн багагүй хувь нь биеийн байдал хүнд, маш хүнд үед эмнэлэгт хандсан нь иргэд жирэмсэн үеийн аюултай шинж тэмдэг, эмнэлгийн тусламж хайх мэдлэг сул байгааг харуулж байна. Иргэдэд жирэмсэн, төрөх, төрсний дараах үед илрэх аюултай шинж тэмдгийг ойлгуулах, эмнэлгийн тусламж хайх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сурталчилгааг тасралтгүй хийжиргэдийн мэдлэг, хандлага, дадлыг өөрчлөх. Амьжиргааны түвшин доогуур нийгмийн эмзэг хэсгийн хүн амыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд жигд хамруулан хүчирхийлэлд өртөгсдөд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, үр дүнтэй дэмжлэг үзүүлэх. Зорилтот бүлгийн, өндөр эрсдэлтэй, өртөмтгий бүлгийн эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хангалтгүй хамрагдаж байна.

Иймд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 2-оос доошгүй удаа хамруулан, шинжилгээ хийж, эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт илрүүлэн, эмчлэх, ахимаг насны, өндөр эрсдэлтэй, өртөмтгий бүлгийн эмэгтэйчүүдийг гэр бүл төлөвлөлт (ГБТ)-д хамруулж, жирэмслэхэд эсрэг заалттай үед жирэмслэлтээс сэргийлэх арга (ЖСА) сонгуулах нь зүйтэй юм. Нөгөөтэйгүүр, жирэмсэн, төрөх, төрсний дараах үед илрэх аюултай шинжийн талаарх сургалт, сурталчилгааг тасралтгүй хийснээриргэдийн мэдлэг, хандлага өөрчлөгдөж эмнэлгийн тусламжийг эрт хайх болно. Хувь хүн, гэр бүлийн гишүүд өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах талаарх мэдлэг, зан үйлийг төлөвшүүлэх ажлыг хүн амын бүлэг бүрийн онцлогт тохирсон хэлбэрээр эрчимтэй явуулах нь зүйтэй юм. Жирэмсэн эхийн гэр бүлийн гишүүд, эрүүл мэндийн байгууллага, олон нийтийн байгууллагын хамтын үйл ажиллагааг сайжруулсанаар сэргийлж болох эндэгдлийг бууруулж чадах үндэс суурь нь болно. |нэмсэн|

-ЭХИЙН ЭНДЭГДЭЛ ХАРИЛЦАН УЯЛДААТАЙ АЖИЛЛАЖ ҮР ДҮНД ХҮРНЭ-

Эх хүн хүүхэд төрүүлснээс хойш 2-3 жилийн дараа, 20-35 насандаа жирэмсэлж хүүхэд төрүүлэх нь эх, хүүхдийн биеийн байдалд эерэгээр нөлөөлдөг болохыг ойлгон төрөлт хоорондын зайгаа зөв зохицуулж, гэр бүлээ зөв төлөвлөх. Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлээс сэргийлж жирэмслэхээс өмнө, жирэмсний эхний саруудад эмчийн үзлэгт хамрагдан өвчин эмгэгийг эрт илрүүлж, эмчлүүлэх нь эх, хүүхэд эндэхээс сэргийлнэ. Эхийн эндэгдлийг бууруулахад бүх байгууллагын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, хамт олон, иргэд харилцан уялдаатай ажиллаж байж тодорхой үр дүнд хүрнэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

67 ehiin amiig burelgechiheed arisaa hamgaalj hudlaa hutshaa boli. Uvchnii tuuh kamer zergiig hohirogchiin ar gert uzuulsen uu. Amniihaa zorgoor hudlaa tailbarladgiig chini medne shuu.

Холбоотой мэдээ

Back to top button