Ковидын хууль: Гишүүдийн дэмжээгүй саналыг спикер хамгаалж, байнгын хороонд шилжүүллээ
Өнөөдөр /2021.12.28/ УИХ-ын чуулганы хуралдаан 16.00 цагаас эхэллээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Эхний асуудлыг хэлэлцэж дууссаны дараа “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.
АБГББХ-ноос тус хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй нэг саналын томъёолод оруулж ирсэн нь 2-р зүйлийг хасах. 2-р зүйлийг хассанаар ковидын хууль дахь 7.2 дахь хэсэг хүчингүй болох юм.
Харин энэ нь коронавируст халдварын үед, шаардлагатай төсвийг Засгийн газар баталж, зохицуулалт хийх боломжийг нээсэн хуулийн заалт. Иймд тус саналын томъёоллыг дэмжиж, нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 2-р зүйлийг хасчихвал төсөв батлах эрх эргээд зөвхөн УИХ-д хадгалагдана гэсэн үг юм.
Ийн санал хураалт явуулахад гишүүдийн 70 гаруй хувь дэмжсэнгүй.
Ингэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар “Би энэ заалтыг цар тахал эхэлж байх үед өөрөө оруулсан. Харин Үндсэн хуульд "Төсөв батлах эрх зөвхөн УИХ-д хадгалагдана” гэж заасан байдаг. Одоо цар тахлын үетэй дасан зохицох шаардлага тулгарч байгаа тул Үндсэн хууль зөрчсөн энэ заалтыг хассан нь зөв. Иймд санал хураалт явуулсан ч үүнийг дахин анхаарч үз гэж АБГББХ-ны дарга Б.Баттөмөрт даалгая. Үндсэн хууль зөрчиж буй тухай дүгнэлт гаргуул” гэлээ.
Ингээд тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.