Утааг иргэдийн зуух, хэтэвч рүү чихэхээс ИЧ, ДАРГА НАР АА

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, тэр хэрээр Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдлээ. Хотын гаднаас дарсан гэрэл зургууд, гэрийн дээр хөлдөөсөн буузны хар тортог зэрэг олон нийтийн анхаарлыг татав.
Сүүлийн хоёр жилд коронавирусийн улмаас хөл хөдөлгөөн бага байсан болоод ч тэр үү, утааны асуудлыг сөхөж тавиагүй. Харин сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлсний дараахан улаанбаатарчууд “Агаарын бохирдол мэдэгдэхүйц багаслаа” гэж үзэх болсон. Агаарын чанарын индекс ч жилээс жилд асар өндөр бохирдолтой хэмээн заадаг байсан нь эерэг үзүүлэлттэй болж ирсэн.
Гэвч өнөө жил үнэртэх болон харагдах байдлын хувьд илтэд бохир байгаа нь анхаарал татаж байгаа. “Таван толгой түлш” компани хил хаагдсаны улмаас барьцалдуулагч бодисны нөөцгүй болсон гэх мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрч буй. Зарим хэвлэл зориулалтын барьцалдуулагчийн оронд гурил хийж байна гэсэн сурвалжилга бэлтгэсэн ч албаны хүмүүс үгүйсгэдэг.
Өөрөөр хэлбэл өмнөх жилүүдэд төдийлөн анхаарал татах хэмжээнд анзаарагдаагүй агаарын бохирдол энэ өвөл хөндүүр сэдэв болж буй нь сайжруулсан шахмал түлшний найрлагатай холбоотой байж мэднэ гэсэн таамаглалыг олон нийт дэвшүүлж эхэлжээ.
Гэвч ард түмний татварын мөнгөөр түлш үйлдвэрлэж, өндөр хариуцлагатай ажил гүйцэтгэж буй албаны хүмүүс бурууг өөрсдөөс биш бусдаас, ард түмнээс хайж буй нь шүүмжлүүштэй өнцөг.
Тухайлбал, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Иргэд ямар зуух хэрэглэж буйгаас агаарын бохирдол шалтгаалж байна” гэж тодруулга өгөв. Харин Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Шахмал түлшний үнэ хямд байгаа учраас иргэд хэт ихээр түлж байна” хэмээн хэвлэлд ярьжээ.
Нэг үгээр иргэд гэнэтхэн энэ өвөл шахмал түлшээ хэтэвчнийхээ пангаар худалдан авч, зуухныхаа амыг “хахтал” түлээ байгаагаас агаарын бохирдол нэмэгдэж буй бололтой. Энэ бол эргээд олон олон монгол хүний эрүүл мэндийн асуудал. Цаашлаад “Агаарын бохирдолтой тэмцэнэ” гэж ам гарсан төсвийн мөнгө зарцуулагчдын хариуцлагын асуудал билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэр хорооллынхон гаднаа хүртэл нүүрс түлээд байгаа юмуу хайшээ юм ккк
Яг үнэндээ яндангаа хүртэл хөөлж чадахаа байсан залхуу тэнэг оркууд, тийм болтол халамжилсан төр 2 уулаа буруутай.
Утаагүй зуух гэж уламжлалт зуухнуудыг булаах шахам хурааж аваад байсан. Тараасан зуухнууд нь яндантай байсан. Тэгээд л утаа их гарч байхгүй юу. Одоо айлуудын тарааж өгсөн утаагүй зуухныхаа янданг хурааж ав. Тэгвэл дээшээ утаа гарахгүй.
Захын гэр хороололоор яваад үз хүмүүсээ нүүрс түлдэг айл олон салхигүй үёд юу ч харагдахгүй утаа айлуулын яндангаас аймшгийн хар утаа гарч байдаг
Хөдөөнөөс дуртай нь нүүж ирээд гэр барьж хүссэнээ түлж байгаа цагт утаа буурахуу сансармаа гэр хороололоор явж үзээд иргэдтэй уулзаж хараад бичвэл яасан юм
Иргэдийн аргал түлш хөрзөнг худалдаж авч түлье.химийн бодистой цавуу, резийн ,хуванцар, полистиролтой өндгөн түлшээс дээр.аргал хөрзөнгийн утаа хүнийг гүн унтуулахгүй. Харин ч цочроож сэрээнэ.малын арьсаа элдэж нөмрөөд унтахад алдахгүй.дэлхийд нэхий хөнжил улам үнэд орно.нэхий хөнжилд бясаа амьдарч чадахгүй
Агаарын бохирдлын нарын бичгийн дарга алтанзул ажилтан эрдэнэбатыг шалга ткндерээр мөнгө иддэг санал тавьлаг
Хэлэх ярих үгээ цэгнэж чадахгүй, хаалт нээж хаадаг Засаг даргатай дарганцарууд Нийслэлийг самарч байна даа.. Чадвартай мэдлэгтэй хүн байхгүй юм уу?