“Адууны асрамжийн газар”: Машинд дайруулсан морины амийг авран, эмчилж байна

“22-ын товчоо”-ны ойролцоо нэгэн адуу машинд дайруулсан байна. Амийг нь аврах юм сан, яах вэ” гэж хүмүүс сандарч, санаа зовж буйгаа сошиалд илэрхийлснийг Тэрэлжид байрлах “Адууны асрамжийн газар”-ыг байгуулсан Б.Наранбадрах олж харжээ. Улмаар тэрбээр тухайн морины амийг авран, эмчилж байна. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Машинд дайруулсан морийг одоо хаана эмчилж байгаа вэ. “Адууны асрамжийн газар”-таа аваачсан уу?
-Өчигдөр ирж амийг нь аварсан даруйдаа “Адууны асрамжийн газар”-т аваачих бодол уг нь байлаа. Азаар морины хөлийг гаргууд эмчилдэг Молор-Эрдэнэ гэдэг залуу бидэнтэй холбогдсон. Өлзийтөд аваачин, эмчилье гэхээр зөвшөөрч, тэнд одоо эмчилж байна. Тэрэлж рүү аваачхаар цаг алдах гээд байсан тул ойрыг нь бодолцлоо.
-Рентген зургийг авхуулсан гэсэн. Бие нь гайгүй юу?
-Одоо овоо тэнхэрч байна. Өчигдөр Өлзийтөд аваачингуутаа рентген зургийг нь авхууллаа. Урд хөлнийх нь богтос яс хугарч зөрсөн, хойд хөлнийх нь шаант яс хугарч үйрсэн онош гарсан. Урд хөлийг нь чиг барьж боосон. Хойд хөлийг нь хадах шаардлагатай гэж Молор-Эрдэнэ эмч хэлсэн.
-Эзэн нь холбогдсон уу?
-Холбогдоогүй. Бид эзнийг нь хайж байна. Машинд дайруулсан сарваа тамгагүй. Өлзийтөд аваачхаасаа өмнө цагдаад бүртгүүлсэн.
-Ер нь “Адууны асрамжийн газар”-т бэртсэн, өвчинтэй хэчнээн морийг эмчилж байгаа вэ?

-Манайх мэргэжлийн эмчтэй. Одоо манай “Адууны асрамжийн газар”-т бэртсэн, өвчинтэй дөрвөн морийг эмчилж байна.
Адуунд хайртай Б.Наранбадрах бойноос адууний амь аварч, “Адууны асрамжийн газар” байгуулсан талаарх сурвалжилга бэлтгэж байсныг ЭНД дарж уншина уу.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдгэрээд хөл дээрээ боссоны дараа л эзэн нь гарч ирэх байхдаа.