Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: "Дөрвөн хананы дунд хүүхдийн эрх зөрчигддөг учраас хашаа, байшинд амьдрахаар шийдсэн"

Хоёр хоногийн өмнө нэгэн залуу гэр бүл өөрсдийн тохижуулсан хашаа, байшингийн зургаа фэйсбүүкийн "Хашаандаа сайхан амьдаръя" группт хуваалцжээ. Тэд шинэ орон сууцаа зарж, худалдан авсан хашаа байшингаа ийн тохижуулсан байна. Энэ тухайгаа цахим хуудсанд нийтлэсэн нь олон мянган хүнд хүрч, үлгэрлээд байгаа юм.

Бид Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд өөрсдийн гэсэн буйдхан хашаандаа амьдарч буй Б.Одсүрэнгийнд очин, дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Тэдний хашааны гоёмсог төмөр хүрэн хаалга нээгдэхэд том, том цонхтой шаргал байшин, хүүхдийн савлуур, модон саравч урдаас угтав. Энэ бол Б.Одсүрэн зун, намаржин барьсан "Хаант өргөө" нь. Хашаан доторх бүхий л зүйлсийн загвар дизайныг гэргий Э.Гандолгор нь гаргаж, бяцхан үрс болох О.Буян-Өлзий, О.Дүүрэнбаяр нартаа зориулан бүтээжээ.

1990-ээд оны залуу гэр бүлүүдийн төлөөлөл болсон тэдний шинээр захиалсан байр хэдхэн сарын дараа ашиглалтад орох байв. Гэсэн ч хашаа, байшинд амьдрахаар шийдэн, байраа зараад энд иржээ. Хашаандаа анх ирэхэд товгор, ташуу газар дээр байрласан хуучин модон байшин, хажуулдаж унах шахсан жорлон угтсан гэнэ.

Уяач, танил ахаасаа хашаа авсандаа бэлгэшээн, өөрсдийн өргөөг босгох ажилдаа ханцуй шамлан оржээ.

Хашаан доторх байшин, саравч, төмөр хаалга, ариун цэврийн өрөө, хүүхдийн савлуур гээд энэ бүхнийг гэрийн эзэн Б.Одсүрэн өөрийн гараар урласан гэнэ.

Өөрсдийн гараар хүслийн байшингаа сүндэрлүүлж, хашаагаа тохижуулан, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдарч буй хостой ярилцлаа.

-Өнөө цагт олонх гэр бүл хотын төвд, байранд амьдрахыг чухалчлах болсон. Та хоёр байраа худалдан, гэр хороололд хүслийн байшангаа барин, амьдарч буй нь сонирхол татаж байна. Энэ шийдвэрийг яагаад гаргасан бэ?

-

Шинэ байранд захиалга өгөхийн тулд хамаг юмаа зарж, эрвийн дэрвийхээрээ цуглуулан байж бэлэн мөнгөөр авсан. Ашиглалтад орохыг нь хүлээх зуураа түрээсийн нэг өрөө байранд жил амьдрав. Тэгэхэд хүүхдүүдийн маань эрх ноцтой зөрчигдөж байгааг анзаарсан юм. Зурагтаа булаацалдана, хоорондоо тоглоод гүйлдэхэд л дээд, доод давхрын айл, хөршүүд орж ирнэ, паар нүднэ. Гэрээсээ гарахад цахилгаан шат эрсдэлтэй. Дөрвөн хананы дунд бачуурмаар санагддаг байв. Тиймээс "Бүтэхгүй юм байна, шинээр орох байраа зараад гэр хороололд өөрсдийн орон зайг бүрдүүлж амьдаръя" гэж шийдлээ.

Эхнэр, хоёр хүүгээ дөрвөн хананы дунд амьдруулахыг хүсээгүй. Амьдрах хашаагаа хайсан ч боломжийн газар олдохгүй удсан. Нэг бол хашаа нь гоё, эсвэл байшин нь гоё тийм газрууд таараад байв.

-Байшингаа барихад хэр хугацаа зарцуулсан бэ?

-Хашаагаа 2021 оны зургадугаар сард авч, газраа тэгшлэн, хуучин байшин, жорлон зэргийг нураагаад наадмын дараагаас байшингаа барьж эхэлсэн юм. Наймдугаар сард байшингаа бариад дотоод засал руугаа орж, есдүгээр сарын дундуур байрны найраа хүүгийнхээ сэвлэг үргээх ёслолтой хамт тэмдэглэсэн.

Найз нөхөд, ах дүү гэдэг үнэхээр түшиг тулгууртай хүмүүс байдгийг байшингаа барьж байх үед их мэдэрлээ. Тэд маань бүгд өөрсдийн чадах бүхнээрээ тусалсан. Ах дүү нар, найз нөхөд гээд энэ байшинг минь барихад хөлс, сэтгэлээ дуслуулж оролцсон. Тэдэндээ маш их баярлаж байгаа. Ах маань хөдөөнөөс хоолны мах шөл зөөхийн зэрэгцээ барилгын өрлөгө, хана таазыг хийлцсэн. Намайг болон миний гэр бүлийг хайрладагт маш ихээр баярлаж явдаг. Харин өөрөө хийж чадахгүй ганц хоёр зүйлсээ мэргэжлийн хүнээр хийлгэсэн.

-Танайхтай адил байдлаар хашаа байшинд амьдрахыг хүсдэг хүмүүс байгаа байх. Байшин барихад юуг анхаарах хэрэгтэй вэ, өртөг нь хэд орчимд багтав?

-Байшингийн төсвийг маш нарийн гаргах хэрэгтэй. Бүтэц, өрөө болгоныг детальчилж бодох чухал. Яг мөнгөн дүнг хэлэхэд одоо цагт их оновчгүй санагдаж байна. Учир нь барилгын материалын үнэ маш их нэмэгдэж, тогтворгүй байгаа шүү дээ. Манай төсвийн хувьд 100 орчим сая төгрөгөнд боссон. Хамгийн гол нь жижиг зүйлсийнхээ тооцоог маш сайн бодож гаргах хэрэгтэй.

-“Хашаандаа сайхан амьдаръя" группд байшингийнхаа талаарх мэдээллийг та оруулсан юм билээ.

-“Хашаандаа сайхан амьдаръя" группийн гишүүдийн оруулсан зураг, мэдээллүүдийг хардаг байсан. “Яасан гоё юм бэ” гээд л харна. "Ингэж эрх чөлөөтэй амьдрах юм сан" гэж хааяахан мөрөөддөг байлаа. Группд зар тавьбал олон хүнд хүрнэ гэж бодоогүй. Хувиараа юм хийдэг хүний зангаар ганц нэг саравчны захиалга орж ирэх болов уу гэж бодсон юм.

-Гэр хороололд утаа, тортог ихтэй гэж хүмүүс халгаах нь бий. Танай гэр бүлийн хувьд энэ асуудалд хэрхэн хандсан бэ?

-Гэр хороолол гээд нэг л баалаад, утаатай гээд л байдаг. Гэвч үнэндээ Улаанбаатар чинь нэг л хонхор хэсэг шүү дээ. Уулын энгэр хэсгээр биш л бол ялгаагүй утаатай агаар амьсгалдаг. Байранд байхдаа цонхоо онгойлговол, гэр хороололтой ялгаагүй. Гэхдээ байрны цонхоор агаар амьсгалах, гэрээс гараад хашаандаа агаар амьсгалах хоёр шал өөр мэдрэмж төрүүлнэ.

Мөн тэрбээр "20, 30 жил зээл төлж сэтгэл хангалуун бус амьдарч байснаас хашаа байшинд сэтгэл амар амьдарсан нь дээр" гэж онцлов. Харин түүний эхнэр Э.Гандолгороос гэр хороололд нүүж ирснээр гэр бүлийн уур амьсгалд хэрхэн нөлөөлж байгаа талаар яриуллаа.

-Та хоёрын туулийн зорилго бол хүүхдүүдээ дураар нь тоглуулж, эрүүл өсгөх юм байна. Гэр хороолол хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Байранд амьдардаг байхад хананд хүрвэл хажуу айлынх, шал доод айлынх гээд агаар нь л манайх байсан. Худалдаж авсан байрандаа хүссэнээрээ байх боломж хомс. Гэр хороололд ирснээр хүүхдүүд маань их ажилласаг болсон шүү. Хөдөлмөрт суралцаж, өөрсдийгөө сургаж байна. Манай долоон настай хүү аавыгаа байшингийн шал цутгаж байхад "Хэдүүлээ ордон шиг байшинтай болно оо" гээд л өдөржингөө ус авдаг байсан. “Миний хүү жаахан юм чинь ус авах хэрэггүй” гэхээр өөрөө гүйгээд дуртай, сэтгэлтэй хандаад байсан. Энэ мэт өөрийн хандлагаа илүү харуулж байна.

Мэдээж хүүхдүүд маань чөлөөтэй өсөж торниж байгаад хань бид хоёр сэтгэл хангалуун байгаа.

-Цаашид орчин нөхцөлд нь хэрхэн анхаарах төлөвлөгөөтэй байна вэ?

-Цаашид хүүхдүүдийнхээ өрөөний цонхон дор зүлэг ургуулж, тэдэндээ сагсан бөмбөгийн талбай хийж өгөхөөр төлөвлөсөн.

-Ойрхон хамрагдаж болох сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр байна вэ?

-Манайхаас ганцхан гудамжны цаана хүүхдүүдийн маань сургууль, цэцэрлэг байдаг. Сурах орчинд нь санаа зовох зүйл байхгүй.

-Хашаа байшинд амьдрахад орон сууцанд байхаас илүү ажил ихтэй, хүндрэлтэй талууд байдаг шүү дээ?

-Бид өмнө нь айлын хашаа дамжин амьдарч үзсэн. Тиймээс миний хувьд хашаанд амьдармааргүй мэдрэмж анх төрөөд байв. "Хашаанд амьдрах хэцүү биш үү" гэж нөхрөөсөө асуухад “Хань нь чамдаа байр шиг байшин барьж өгнө өө” гэж амласан юм. Тэгээд л нөхөртөө итгэж, урмаар тэтгээд, хамт хашаа байшингийн тохижилтын загвар, зураг төслөө гаргасан. Энэ бол бидний хамтдаа мөрөөдөж төсөөлж гаргасан мөрөөдлийн байшин.

Мэдээж орон сууцанд амьдарвал цэвэрхэн, тухтай. Гэхдээ хашаа, байшинд ч гэсэн тухтай, цэвэрхэн амьдарч болно. Хоёр хүүхдээ агаарт гаргаад хашаанд амьдраад иртэл санаа зовох асуудал багасаад их тэнүүн болсон.

-Гэр доторх зарим нэг шийдлүүд нь онцгой юм. Яагаад мохоо хана, галлагааны тусдаа өрөө хийсэн бэ?

-Гэрийн ханаа мохоо байхаар шийдсэн. Учир нь хоёр хүү хөөцөлдөж гүйхдээ өнцөгтэй байвал мөргөж мэднэ. Тэднийхээ эрүүл, аюулгүй байдал талаас нь бодож мохоо шийдэл гаргасан.

Манайх угаалгын өрөөтэй, бохирын шугамаа соруулдаг, нөөцийн ус, бойлууртай. Гадаах ариун цэврийн өрөөг ч мөн жорлон бус "Гэрийн минь нэг өрөө" гэж бодоод хамгийн тухтай шийдлийг сонгосон. Тиймээс эко буюу соруулдаг ариун цэврийн өрөө гаргаж, шилэн цонхтой байлгасан. Харин түлшээр болон цахилгаанаар халдаг зуухыг сонгосон нь өдөртөө сайжруулсан түлшээрээ галлаад оройдоо цахилгаанаар халаадаг. Дан тогоор халаана гэвэл цахилгаанд хэмнэлтгүй шүү дээ.

Мөн галлагааны өрөөг тусад нь хийснээр утаа тортог гэрт орохоос хамгаалсан.

"Орон сууцанд амьдрахаас илүү гэр хороололд сайхан амьдрал байна" гэж залуу хос дуу нэгтэйгээр, сэтгэл хангалуун хэлсэн юм. Мөн "Үр хүүхдийнхээ эрх чөлөөтэй өсөх орчныг дөрвөн ханаар бүү хязгаарлаасай" гэж үеийн залуустаа захисныг нь уламжилъя.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

yamar goy hos ve amjilt ta buhend

Зочин
Зочин

mongol ahui yamar goyiig haruulj baigaad bayrlalaa

Зочин
Зочин

hicheel zutgeltei baina gedeg iim goy

Зочин
Зочин

Хүүхдүүддээ хайртай хүмүүс байна.

Зочин
Зочин

Өвлийн хүйтэнд гарч баана. Нэг л тухгүй тохьгүй дээ. Дотроо 0 той бол болж бн аа.

Холбоотой мэдээ

Back to top button