Тэрбум мод, тэр хэмжээний нүх болон үлдэх вий

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс “Монгол улс 2030 он гэхэд тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөсөн” хэмээн зарласан нь өнгөрсөн оны намар юм.
Есөн жилийн дотор тэрбум мод тарина. Ойн тухай хуульд нийцүүлэн харахад энэ нь жилдээ 100 сая мод тарьж ургуулна гэсэн үг. Нөгөө талаас тэрбум мод шинжлэх ухаанчаар тооцоолоход 40 мянган хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлнэ. Гэтэл манай улсын тарьмал модны тал хувь нь “үхчихдэг” гэх нэгэн таагүй статистик мэдээлэл бий. Ирээдүй нь бүрхэг энэ хөтөлбөрт төлөвлөсөн хугацаанд нийтдээ 4.3 их наяд төгрөг зарцуулахаар тооцоолсон. Мэдээж энд тэр их модыг хэн, хэн бий болгох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Гэхдээ бараг шийдэгдчихсэн. Анх "Эрдэнэт үйлдвэр" 100 сая, "Эрдэнэс Тавантолгой" 176 сая мод тарьж ургуулна гэдгээ амлаж, бусдыгаа ийш уриалсан байдаг. Чухамдаа эл компаниуд нөхөн сэргээлтийн асуудалд хэрхэн яаж хандаж, анхаарч ирсэн нь тодорхой харагдвал, амласан их тоонд итгэж эсвэл үл итгэж болох нигууртай. Манай улсын цөлжилт, хуурайшилт, экосистемийн тэнцвэрт бус байдлын дийлэнх шалтгаан нь уул уурхай ашиглалтын талбайд нөхөн сэргээлт хийдэггүйгээс үүдэлтэй.
Намрын тариалалтын үеэр нээлтээ хийсэн Тэрбум мод хөдөлгөөн идэр есийн хүйтэн өдрүүдэд ч хоногшуулах алхмуудаа хийсээр урин хавартай золгож, бужигнаж эхлэв.
Иргэд, ААН, төрийн болон төрийн бус байгууллагууд гэх мэтээр оролцоо талаас нь харвал тус хөтөлбөр аль хэдийн хэрэгжээд эхэлчихлээ. Орон сууцны оршин суугчид хүртэл "Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд оролцоно" хэмээн нийтийн талбайгаа булаацалдаж, иргэд "Тэрбум мод" нэрээр бусдыг залилж, энхийг сахиулагчид хүртэл хаана ч билээ хэдэн мод суулгаж харагдав.
Үндэсний хэмжээнд хэрэгжиж, дэлхийн индрээс зарлачихсан энэ ажлыг тойруулан гоочилсны учир юу вэ гэхээр МОД ТАРИНА гэдэг ойлголттой холбоотой. Мод тарина гэдэг нь нүх ухаж, үр суулган чигжиж манаад, хувин ус хийчхээд явчихдаг ажил биш юм. Тарьсан модыг 1-2 жил уйгагүй арчилж, мэргэжлийн түвшинд шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн бөөцийлсний эцэст мод болох эсэх хувь заяа нь тодорхой болдог. Зөвхөн суулгаад орхичихгүй, суурьшлын бүсэд тарьсан бол хашаа, хайсаар хамгаалж гадны нөлөөнөөс хамгаална.
Нөгөө талаас энд эргэн тойрон оршин суугаа иргэдийн экологийн боловсрол маш чухал нөлөөтэй. Өргөн уудам газар нутагтай монгол оронд тэрбум мод тарих нь газар нутаг, оролцоо, зохион байгуулалтын хувьд боломжтой ч энэ их ажлын үндэс суурь нь ойн мэргэжилтэн, судлаач гээд боловсон хүчний асуудал юм. Тэрбум мод тарих ажилд ШУА-ийн эрдэмтдийн баг хамтран ажиллахыг мэдэгдсэн. Гэвч эл багийн хүрэлцээ, мэргэжлийн болон аргазүйн тусламж ямархуу байдлаар хүрч байгаа нь тодорхой бус.
Мод тарьж ургуулна гэдэг нэг удаа сургалтад сууж, гарын авлага ашиглаад хийчихдэг ажил биш. Тухайн газрын хөрсний бүтэц, салхины чиг урсгал, бүс нутгийн уур амьсгалын онцлог, зонхилон амьдарч буй хорхой шавьж, ан амьтан гээд маш олон хүчин зүйлсийг тооцоолж, нөхцөл байдалд зохицон амьдрах модыг сонгож тарьдаг. Модны бэлдсэн нүхэнд хийх орц хүртэл тухайн газар нутгийнхаа онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Дээрээс өгсөн чиглэлээр байгууллагууд заасан газар төлөвлөсөн тоогоороо хэчнээн ч мод суулгасан ч эргээд үүнийгээ арчлах, тордох, бордох, нөөц усалгаа, дулаалга, хамгаалалтыг хийхгүй л бол тэрбум модноос тэр хэмжээний нүх л үлдэх эрсдэл маш өндөр.
Тэгэхээр Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дотоодын мод үржүүлгийн газруудын нөөц бололцоо, мэргэжлийн ойчид, боловсон хүчний чадавхид суурилан технологийн оновчтой шийдэл, инновацид ач холбогдол өгч зөв, сайн менежментээр оновчтой зохион байгуулахгүй бол ТЭРБУМ модны нүх ухсан муу жишээтэй орон болох вий.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн үг нэг их ажил хийсэн нэр зүүх гэсэн нөхдүүдээс болж