"Угаасан" мөнгөөрөө автомашин авсан гэх Х.Эрдэнэбилэг, Х.Цогзолмаа нарын шүүх хурал маргааш болно

ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар асан Х.Эрдэнэбилэг, ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа нарын хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тодруулбал, Х.Эрдэнэбилэг, Х.Цогзолмаа нар “Элэг нэгтэн”, “Сачу актив инвест” ХХК-иас авсан мөнгөнөөсөө садан төрлийн хүнийхээ нэр дээр “Мөнххада” ХХК-иас “Ланд круйзер-200” загварын автомашины урьдчилгаа төлбөрийг төлж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдоод байгаа аж.
Мөн Х.Эрдэнэбилэгийн өөрийн садан төрлийнхөө “Хоча трейд” ХХК-д давуу байдал олгож, 2019, 2020 онд 197 сая төгрөг шилжүүлсэн, найзынхаа “Өнөр од жаргал” гэх компанитай 2019-2021 онд гэрээлж, төсөвт 149 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.
Улмаар түүнд холбогдох хэргийн шүүх хурал маргааш БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-д болохоор товлогджээ.
Холбогдсон хэргийн зүйл ангийн тухайд Эрүүгийн хуулийн 22.1-2, 22.5-2.
22.1-2
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5-2
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
2.Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.