М.Онон: Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан. Үүнийг нотлох камерын бичлэг, холбогдох баримт бий
"10 саяын" гэх бичлэгт нэр холбогдоод буй Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон өнөөдөр БГД-ийн цагдаагийн хэлтсийн гадаа 11.30 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
Тэрбээр "Намайг Мөнхтэгшийн Онон гэдэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын даргын албан үүргийг гүйцэтгэдэг.
2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олон нийтийн цахим сүлжээнд “madina.dina08” гэх Instagram хаягаар төмөр замын удирдах албан тушаалтантай холбоотой, 10 сая төгрөгийн мөнгөн гүйлгээний тухай агуулга бүхий дүрс бичлэг, мэдээлэл нийтлэгдсэн.
Улмаар өнөөдөр буюу 11 дүгээр сарын 02-ны өдөр уг мэдээллийг зарим цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрчимтэй түгээж, миний овог нэр, гэрэл зураг, албан тушаалыг тухайн үйл явдалтай холбон нийтэлж, зориуд санаатайгаар гүтгэн доромжилж байгаад харамсаж байна. Юуны өмнө, цахим орчинд тархсан уг мэдээлэлд намайг холбон дурдсан нь үндэслэлгүй бөгөөд тухайн үйл явдалд би оролцоогүй гэдгээ албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Тухайн үйл явдал болсон гэх цаг хугацаанд миний бие гэр бүлийнхээ хамт амарч байсан. Үүнийг нотлох камерын бичлэг болон бусад холбогдох баримт байгаа болно. Мөн анх уг мэдээллийг нийтэлсэн иргэн дараагийн тайлбартаа хамт байсан хүн өөрийгөө төмөр замын дарга гэж танилцуулсан боловч үнэн хэрэгтээ төмөр замын дарга биш байсан тухай мэдэгдсэн байна. Цахим орчинд, өөрийн хаяг, хуудсаараа дамжуулан МЭДЭГДЭЛ байршуулсан байгааг та бүхэн бас харсан байх.
Гэтэл уг мэдээллийн үнэн зөвийг нягтлалгүй, бодит нөхцөл байдлыг тодруулаагүй атлаа миний нэр, гэрэл зураг, албан тушаалыг ашиглан олон нийтэд түгээж байгаа нь миний гэр бүл, ах дүүсийн дунд нэр хүнд, салбар болон ажлын орчинд ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудал нь зөвхөн миний хувийн нэр төрд хамаарч хязгаарлагдахгүй төмөр замын салбарт ажиллаж буй олон мянган инженер, техникийн ажилтан, алба хаагч залуучууд, салбарын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж, зориуд санаатайгаар салбараар нь оволгоод харлуулж, гүтгэж доромжилж байгаад харамсаж байна.
Хувийн зүгээс өнөөдөр миний нэр төр, алдар хүндэд халдсан гэж үзэж буй эдгээр үйлдлийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар холбогдох хүсэлт, гомдлоо гаргасан. Цагдаагийн байгууллагаас дээрх мэдээллийг нягталж үзээд, тодорхой мэдээлэл тайлбар өгөх байх. Мөн миний бие Монгол Улсын Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ хамгаалуулах, үндэслэлгүй мэдээллийг няцаалгах, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ хэрэгжүүлэх төлөвлөж байна.
Би иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус үйл ажиллагаа, олон нийтийн мэдэх эрхийг хүндэтгэдэг. Гэхдээ мэдээлэх эрх чөлөө нь бусдын нэр төр, алдар хүндэд үндэслэлгүйгээр халдах эрх биш гэж бодож байна. Миний нэр, зургийг холбон түгээсэн мэдээллийн үнэн зөвийг нягталж, үндэслэлгүй мэдээлэлдээ залруулга хийхийг холбогдох цахим хуудас, хэвлэл мэдээллийн байгууллагууд, нэр бүхий сайтуудаас баримт нотолгоотой, үнэн зөв мэдээллийг залруулан нийтэлж өгөхийг хүсэж байна.
Миний бие маргааш буюу 2026.11.03-нд 11:30 цагаас Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн үүдэнд өөрийн биеэр мэдээлэл өгөх болно" хэмээсэн байна.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.