Цахилгаан 60 автобусны тендерийн маргааныг Сангийн яам эцэслэн шийдвэрлэнэ гэв

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд нийслэл хот энэ өвөл 156 автобус шинээр худалдан авахаар төлөвлөсний дунд цахилгаан автобус 60, хүүхдийн автобус 50, дунд оврын 46 автобус багтаж байна.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва 2027 оны төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 20-нд НИТХ-д өргөн барихаар төлөвлөсөн бөгөөд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг энэ өвөлдөө багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа ярьж буй.
Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудаас ашиглалтын хугацаа нь дууссан 64 тээврийн хэрэгслийг "тэтгэвэрт" нь гаргах шаардлагатай байгаа аж. Эхний ээлжид цахилгаан 60 автобусаа оруулж ирэхээр нийслэл тендер зарлаж, аравдугаар сарын 22-нд шалгаруулжээ.
Тендерт зургаан компани санал ирүүлснээс БНХАУ-ын "Yangzhou Yaxing Motor Coach Co., Ltd" компани шалгарч, ASIASTAR брэндийн автобус нийлүүлэхээр болсон ч "Моннис" группийн охин компани болох “Майнс Ап” ХХК маргаан үүсгээд байгаа аж.
Уг тендертэй холбоотой гомдлыг Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд асуудлыг 14 хоногийн хугацаанд шийдвэрлэснээр худалдан авах ажиллагааны дараагийн шат тодорхой болно гэдгийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Буяннэмэх хэллээ.
Шинээр худалдан авах автобуснуудыг хэзээ оруулж ирэн, хэдийгээр иргэдэд үйлчилж эхлэх талаар Нийтийн тээврийн газрын дарга Г.Билгүүнээс тодруулахад "Эхний худалдах, худалдан авах ажиллагаатай холбоотой тендерийн асуудал шийдвэрлэгдэхийг хүлээж байна" гэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.