Баримт: У.Хүрэлсүхийн тэргүүлж байсан цэргийн холбоо төрөөс тэтгэгдэж, ҮАБЗ-өөс хүртэл ₮15 саяыг авчээ
2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тэргүүнээрээ томилж байгуулагдсан “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага төрийн дөрвөн байгууллагаас нийт 51.7 сая төгрөг авчээ. Үүний 15 сая төгрөгийг 2025 оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “шийдвэрийн дагуу” шилжүүлсэн байна. Тус холбоог 2020 оноос хойш У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх асан Б.Энх-Амгалан удирдаж байна.
Нэг. "Монгол цэргийн нэгдсэн холбоо" НҮТББ У.Хүрэлсүхээс Б.Энх-Амгаланд шилжсэн түүх | холбооны одоогийн нөхцөл байдал

Монгол цэргийн нэгдсэн холбоо |2019-03-14|-нд үүсгэн байгуулагдсан. 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд Төрийн ордонд анхдугаар их хурлаа хийсэн байдаг. Уг хуралд 950 төлөөлөгч оролцож, Ерөнхий сайд, МАН-ын дарга байсан У.Хүрэлсүхийг холбооны тэргүүнээр 100 хувийн саналаар томилсон. Харин 2020 онд У.Хүрэлсүх дахин УИХ-д сонгогдсон учир холбоогоо багын найз Б.Энх-Амгаландаа шилжүүлсэн байна.
Б.Энх-Амгалангийн хувьд У.Хүрэлсүхийн багын найз төдийгүй Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь ахлах зөвлөх, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн. Тус холбоог |2020.10.27|-ноос өнөөдрийг хүртэл удирдаж, эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй буй.
"Монгол цэргийн нэгдсэн холбоо" НҮТББ-ын үндсэн чиглэл нь, Иргэд, залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах. Зорилгоо "эх оронч, үндэсний бахархалт үзлийг түгээх", тусгаар тогтнол, аюулгүй байдлын "оюуны дархлааг бэхжүүлэх", алба хаагч, ахмадын нийгмийн хамгааллыг сайжруулах гэж тодорхойлдог.
Өдгөө "Монгол цэргийн холбоо" 21 аймаг, есөн дүүрэгт төлөөлөлтэй, гадаадад хоёр салбартай, 100 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй болжээ.
Холбооны бүрэлдэхүүний тухайд Удирдах зөвлөлд 31, Хяналтын зөвлөлд таван гишүүн ажилладаг байна. Нээлттэй мэдээллээс хайж үзэхэд дараах албан тушаалтнуудын нэрс тодорхой байна.
- Ерөнхий нарийн бичгийн дарга: Дэслэгч генерал Ц.Тогоо,
- Ажлын албаны дарга: Ж.Ванчинсүрэн,
- Удирдах зөвлөлийн гишүүн: Ж.Бумнанжид,
- Удирдах зөвлөлийн гишүүн: Л.Алтангэрэл,
- Удирдах зөвлөлийн гишүүн: Хошууч генерал Я.Чойжамц,
- Удирдах зөвлөлийн гишүүн: Ж.Цогтсугар,
- Удирдах зөвлөлийн гишүүн: С.Баатаржав,
- Удирдах зөвлөлийн гишүүн: Ж.Батсайхан,
- Удирдах зөвлөлийн гишүүн: М.Ягаан.
Хоёр. "Монгол цэргийн нэгдсэн холбоо" НҮТББ төрийн мөнгөнөөс хумсалсан баримт: У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийг ҮАБЗ-д байх үед ₮15 саяыг, Хөвсгөлөөс ₮10 сая, Увсаас ₮18 сая...

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” НҮТББ-ын тэргүүнээр сонгогдсон даруйдаа У.Хүрэлсүх "Энэ холбоо бол улс төрөөс ангид байх ёстой гэдгийг хатуу хэлье. Аль нэг нам харгалзахгүйгээр эх орныхоо төлөө зүтгэе, ард түмнийхээ төлөө ажиллая гэсэн хүмүүс байгаа. Биднийг нэгтгэж байгаа ганц зүйл нь эх орон. Цэргүүд ганц л зүйлд үйлчилдэг. Монгол Улс, эх орон, ард түмний язгуур эрх ашиг. Үүнд үйлчилдэг илд нь та бид. Манай холбоо янз бүрийн улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй" хэмээн мэдэгдэж байж.
Нээлттэй мэдээллийн санд Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг зохион байгуулах төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулах гэх тендерт 2020 онд оролцоод хасагдсан, өөр тендер авч байгаагүй гэх түүхтэй.
Гэвч өнгөрсөн хугацаанд төсвөөс ₮51.7 сая төгрөг авсан байна. Энэ өртгийг зөвхөн ил буй мэдээллээр нэгтгэсэн болохыг энд дурдъя.

Шилэн дансаар олдсон мэдээлэл:
2025.02.11-нд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 10 сая төгрөг А/22 захирамжийн дагуу үйл ажиллагааны зардал гэх гүйлгээний утгаар,
2025.05.01-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 15 сая төгрөг Шийдвэрийн дагуу зардал гаргах тухай (01) гэх гүйлгээний утгаар,
2025.10.30-нд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас 8.7 сая төгрөг "Сургалт зохион байгуулах тухай зардал" гэх гүйлгээний утгатайгаар "Монгол цэргийн нэгдсэн холбоо" НҮТББ-ын дансанд шилжсэн байна.
Мөн 2020.08.06-нд Увс аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилт бүхий төрийн сангийн нөөц хөрөнгөөс “Монгол цэргийн нэгдсэн холбоо” НҮТББ руу 18 сая төгрөг шилжүүлсэн баримт ил болж байж. Энэ өртөг тухайн аймгийн төрийн албан хаагчдыг Дорнод-Халх голоор аялуулахад зарцуулагдаж байжээ.
Тухайн үед Увс аймгийн Засаг даргаар Д.Батсайхан ажиллаж байсан бөгөөд өөрийн захирамжаар эл мөнгийг гаргасан байна. Баримтыг доор хавсаргав.
Үүнээс гадна тус холбоо Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" аяны хүрээнд хилийн зурваст 16 сая мод тарих "Ногоон хэрэм-2" төсөлд Хил хамгаалах байгууллагатай хамтарсан байна.
Гурав. "Монгол цэргийн нэгдсэн холбоо"-ны зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон улстөрчид

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт гурван аймаг, нэг дүүрэгт зохион байгуулагдсан байна. Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид, ахмадууд, хүүхдүүд, оюутан залуус, эмэгтэйчүүд, энхийг сахиулагчид зэрэг нийгмийн бүхий л давхаргыг хамарсан 400 гаруй ажлыг зохион байгуулсан гэж бичигджээ.
Томоохон чуулга, уулзалтад очсон улстөрчдийг нэрлэвэл,
2019.05.03-нд Орхонд болсон "Мянган мөрдэстөн" чуулганд Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Ерөнхийлөгчийн зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцжээ.
2020.12.14-нд холбоо хандив гардуулах арга хэмжээ зохион байгуулсан. Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцжээ.
2022.02.28-нд "Тэрбум мод" аяны хүрээнд хилийн зурваст 16 сая мод тарих "Ногоон хэрэм-2"төсөлд Хил хамгаалах байгууллагатай хамтарч гарын үсэг зурах үед ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Дэслэгч генерал Ц.Тогоо нар оролцсон байна.
2025.09.07-нд Өвөрхангайд болсон чуулганыг "Ерөнхийлөгчийн ивээл дор", холбооны санаачилгаар зохион байгуулжээ. Чуулганд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба нар оролцсон.
2026.05.15-нд Налайхад болсон "Бид эх орны цэргүүд" чуулганыг Батлан хамгаалах яам, Жанжин штаб, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулжээ. Чуулганд Д.Батлут, дэслэгч генерал С.Ганбямба, Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр, Ц.Тогоо нар оролцсон.
2026.09.25-нд “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт болоход дэслэгч генерал С.Ганбямба, дэслэгч генерал Ц.Тогоо нар оролцсон байна.
Дөрөв. Х.Нямбаатарын дэлгэсэн баримт буюу Нийслэлээс 1000 м.кв газар авч, бариулж буй 23 давхар барилга
Холбооны асуудал 2021 оны дөрөвдүгээр сард улс төрийн маргааны сэдэв болсон. Тэр үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөвдүгээр сарын 19-нд МАН-ыг тараах үндэслэл бүрдсэн гэсэн захирамж гаргахдаа энэ холбоог үндэслэлийн нэг болгосон. Захирамжид бичсэнээр У.Хүрэлсүх “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг өөрөө тэргүүлж, намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулжээ. Мөн “цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна” гэж дүгнэсэн байдаг.
Маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 20-нд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө холбоог “улс төрөөс шууд хамааралтай буюу Монгол Ардын намын дарга ахлаад явж байна” гэв. Тэрбээр “Дүрэмдээ бол Монгол Цэргийн нэгдсэн холбоог Ерөнхий сайд ахлан ажиллах заалттай” хэмээж байжээ.
Өдгөө энэ холбоо дахин сэдэв болж, хэвлэлийн хуудаснаа бичигдэх болсон шалтгаан нь Хотын дарга асан Х.Нямбаатар дуугарсных байлаа. Тэрбээр "Хан-Уул дүүргийн 15-р хороо, Энхтайваны гүүрний зүүн талд 23 давхар том тауэр босож байна. "Монгол цэргийн нэгдсэн холбоо"-ны албан контор гэж намайг ажиллаж байхад баталж өгч байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр том цэргийн холбоос ТББ нэрээр удирдаж байгаа. Нэг нь "Монгол цэргийн нэгдсэн холбоо", нөгөө нь "Монгол цэргийн холбоо". Нэгдсэн холбоог нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч удирддаг бол Монгол цэргийн холбоог Д.Батлут удирддаг. Хувийн арми байгуулж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийнхээ эрсэг хөдөлгөх гэж байна уу. Чөлөөндөө гарсан офицер, бага дарга нарыг эгнээндээ нэгтгэсэн, 21 аймаг, 330 суманд бүгдэд төлөөлөлтэй" хэмээн лайвдаа дурдсан.
Тэгвэл үүнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут " 23 давхар тауэрийн талаарх мэдээлэл надад байхгүй. Х.Нямбаатар хилийн дээс алхчхаад эх оронгүй юм шиг аашлахаа боль. Янз бүрийн худал мэдээлэл яриад суух юм. Юун хувийн арми. Улсынхаа армийг ч тэжээж, бүрэн дүүрэн чадахгүй байгаа. Зүүд мөрөөдлөө ярьдаг юм уу, тэр хүн. Миний хувьд өөр нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд ажилладаг нь үнэн. Хаана ч нуухгүй. Нийгмийн сайн сайхны төлөө, үндэсний аюулгүй байдал, эх оронч үзлийг төлөвшүүлэхийн төлөө олон чухал арга хэмжээнүүдийг ард иргэдийнхээ үүсгэл санаачилга нэгдэлтэйгээр ажилладаг" хэмээн үгүйсгэсэн байдаг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
улс орныг сүйрүүлэх холбоо бна , хууль зөрчсөнг татан буулгах хэрэгтэй.........новш
Эрүү өвдөг нь ниылсэн өвгөд холбоо байгуулаад хэдэн төгрөг л хусна. Хүрэлсүхэд үйлчилллээ юу