Гадаад мэдээДЭЛХИЙ

"Radiohead"-ийн Том Йорк, Харри Стайлс нарын дотоод ертөнцөөр аялуулах чөлөөт хөөрөлдөөн

"Radiohead" хамтлагийн дуучин Том Йорк, артист Харри Стайлс нар Лондон хотноо уулзаж, "Rolling Stones" сэтгүүлийн "Musicians on Musicians" буланд зориулан хоорондоо ярилцжээ. Йорк, Стайлс нар уран бүтээлчийн дотоод ертөнцийнхөө талаар нэг их яриад байдаггүй. Тэгвэл тэд "Musicians on Musicians" буланд хүмүүст тэр бүр харуулаад байдаггүй талаа дэлгэн ярьжээ.


Харри Стайлс: -Бид анх Ром хотын нэгэн жижиг гудамжинд тааралдаж байсан шүү дээ. Тэр долоо хоногт та “The Smile”-тай Ромд тоглолт хийж байсан. Би яг тэр тоглолтыг л үзэх гэж явсан юм.

Том Йорк: -Тоглолт эхлэхээс өмнө таарсан бил үү?

Х.С -Тийм ээ, тоглолтоос өмнө. Нэг найз маань биднийг өмнө нь уулзаж байсан эсэхийг асуухад би үгүй гэж хариулсан юм. Тэгээд гудамжаар алхаж явтал таныг олж харлаа. Та “Acid” гэж бичсэн малгай өмсчихсөн байсан. Би “Хөөх, ямар гоё малгай вэ” гэж бодсон. Тэгээд сайн харсан хартал “Өө, энэ Том Йорк байна шүү дээ” гэж таньсан. Тэр үед би “A Moon Shaped Pool”-ыг (Radiohead хамтлагийн 2016 оны цомог) сонсож явсан юм. Тэгээд хөгжмөө зогсоогоод тантай мэндэлсэн.

Том Йорк -“Ноён Йорк оо”

Х.С -“Ноён Йорк оо, сайн байна уу” гэхэд та “Өө, сайн уу” гэж хариулсан.

Том Йорк -Үгүй ээ, би “Чи энэ гудамжинд юу хийгээд зогсож байгаа юм бэ, новш гэж?” (инээв) гэж асуусан.

Х.С -Тэгээд би тоглолтод дээр очоод, тантай жинхэнээсээ танилцсан даа.

Том Йорк -Чамайг Ромд амьдарч байсныг огт мэдээгүй юм байна лээ. Ёстой гайхсан шүү. Тэгээд чамайг гудамжаар ганцаараа алхаж явааг хараад бүр ч их гайхсан.

Х.С -Миний хувьд та бол уулзахаас үргэлж эмээдэг байсан хүмүүсийн нэг байсан.

Том Йорк -Тийм үү? Надад ч бас уулзахаас эмээдэг хүмүүсийн бүхэл бүтэн жагсаалт бий.

Х.С -Тийм шүү. (инээв) Харин тэр уулзалтын дараа би их тайвширснаа санадаг юм. “Хүмүүс чинь сайхан сэтгэлтэй, найрсаг байдаг юм байна шүү дээ” гэж бодсон.

Том Йорк -Чамайг гудамжаар зүгээр л алхаж явааг хараад би ч бас гайхсан. “Бие хамгаалагчид нь хаана байгаа юм бол?” гэж бодож байлаа. Би өөрөө бол зүгээр алхаад явж чадна гэдгээ мэднэ. Харин чамайг гудамжаар зүгээр л алхаад явж байна гэж огт төсөөлөөгүй юм. Өөрийнхөө хүслээр тэгж алхдаг уу?

Х.С -Анх хамтлагтаа байх үед зочид буудалд өнгөрүүлдэг амьдрал маань дөрвөн хананы дунд хоригдсон мэт санагддаг байсан. Харин гэртээ ирэхээрээ “Гадаа гарах ер аюултай юм байна” гэж боддог байлаа. Тэгтэл нэг удаа би их нийтэч найз охинтой болсон юм. Найз охин маань Лондонд ирэхэд нь би “Гурван өдөр гадагш гаралгүй гэр дотор хамт суувал намайг галзуу гэж бодох байх” гэж санагдсан. Тэгээд бид хаа сайгүй алхаж эхэлсэн. Ингээд л би “Гадуур чөлөөтэй явж болох юм байна шүү дээ” гэдгийг ойлгосон. Өмнөх айдас маань тэр үед л арилсан даа. Одоо бодоход энэ нь миний амьдралыг маш ихээр өөрчилсөн. Учир нь эргэн тойрныхоо ертөнцтэй холбоотой хэвээр байхын тулд хүмүүстэй хамт байж, амьдралыг нь ойроос мэдэрч байх хэрэгтэй юм билээ.

Том Йорк -Тийм шүү, найз минь.

Х.С -Алхах нь уран бүтээлчдийн ертөнцийг харах өнцөгтэй холбоотой гэсэн нэг зүйл уншиж байсан юм. Энэ бол газартай ойр түвшинд явж байгаа болохоор машинтай явахдаа анзаардаггүй зүйлсээ уран бүтээлч олж хардаг гэсэн санаа.

Том Йорк -Алхах бас дуу бичихэд их тустай. Би “A Wolf at the Door” дуугаа бичихдээ амьдралынхаа үнэхээр хүнд үеийг туулж байсан юм. Тэгээд бороо орж байсан ч хамаагүй, хоёр өдөр хагас тасралтгүй алхсан. Гартаа тэмдэглэлийн дэвтэр барьчхаад бодогдсон бүхнээ бичиж явлаа. Эцэст нь сэтгэл санаа минь хамаагүй дээрдсэн. Гэхдээ зөвхөн алхах нь чухал биш. Замдаа хүмүүстэй таарах, тэднийг ажиглах нь ч бас их чухал. Хажуугаар чинь өнгөрч буй хүнийг хараад хаашаа явж байгаа бол, юу хийдэг бол гэж төсөөлөн бодох нэг төрлийн тоглоом болж өгдөг. Ийм зүйл нь хүнийг бодол, асуудлуудаас түр ч болов холдуулдаг. Үгүй бол хүн өөрийнхөө ертөнцөд төөрч, бодолдоо автахад амархан.

1995 онд R.E.M. хамтлагтай аялан тоглолт хийж байхад Майкл Стайп намайг тоглолтын хувцас солих өрөөндөө шигдэж суугаад, хаашаа ч гардаггүйг анзаарсан юм. Тэгээд намайг хүчээр ч хамаагүй гадагш дагуулж гардаг болсон. Тэр нэг удаа надад их хэрэгтэй зөвлөгөө өгсөн юм. “Чи тоохгүй байвал бусад хүн ч бас тоохгүй. Чи тэднийг анзаарахгүй байвал тэд чамайг анзаарахгүй” гэж хэлсэн. Энэ үнэхээр үнэн байсан шүү. Нэг удаа Стокхолмд хүн ихтэй клубт очоод Стайп надад “Одоо туршаад үз” гэж хэлсэн юм. Тэгээд үзэхэд хэн ч бидэн дээр ирээгүй.

Мэдээж заримдаа гадуур явж байх үедээ өөрийгөө эмзэг, хамгаалалтгүй мэт мэдрэх үе гарна. Таагүй зүйл тохиолдоно. Эсвэл “The Sun” сонин чиний зургийг хэт их нийтэлж эхэлнэ. Надад ийм зүйл тохиолдож байсан. Тиймээс энэ нь амархан шийдвэр биш. Гэхдээ нөгөө сонголтоос хамаагүй дээр. Амь насыг нь хөнөөнө гэж заналхийлсэн сүрдүүлэг авсныхаа дараа гэрээсээ гарахаа больж, үргэлж хамгаалалттай амьдардаг болсон хүмүүсийг би мэднэ. Тийм амьдралтай болохыг хэн ч хүсэхгүй шүү дээ.

Rolling Stone: Та хоёр уран бүтээлчийн хувьд өөрийн дассан орчин, тав тухтай бүсээсээ гарах хандлагатай юм шиг санагддаг. Та нарын уран бүтээлийн замналаас нэг ижил хэв маяг ажиглагддаг. Асар их амжилтад хүрсэн бүтээл гаргасныхаа дараа “За ийм зүйл дахиж гаргахгүй” гэдэг. Уран бүтээлээ давтахаас хэрхэн сэргийлдэг вэ?

Том Йорк -Хүссэн ч хүсээгүй би нэг уран бүтээлээ давтаж чадахгүй. Нэгэнт хийсэн зүйлээ дахин яг адилхан хийж чадахгүй. Жишээ нь, “Everything in Its Right Place” дууг биччихээд “За, одоо дахиад нэг ийм дуу бичье” гэж бодох уу. Ямар ч утгагүй. Тэгж болдоггүй юм. Би оролдож үзсэн.

Нэгэнт амжилтад хүрсэн бүтээлтэй болчихвол адил уран бүтээл гаргах асар их дарамт ирдэг. Чамд ч ийм мэдрэмж төрдөг байх. Эсвэл одоо мэдэрч байгаа ч юм бил үү. Ямар ч байсан ирээдүйд заавал тулгарна. Гэхдээ тийм замаар явбал хаашаа ч хүрэхгүй. Яагаад гэвэл энэ нь бусдын захиалгаар уран бүтээл хийхтэй адил.

Х.С -“Яг тэр зургийг дахиад зур” гэсэн үг л дээ.

Том Йорк -Тийм ээ. Арилжааны урлагийн нэг хэлбэр учраас хүмүүс амжилттай болсон зүйлээ дахин хийхийг үргэлж шаардана.

Х.С -Энэ их сонирхолтой мөчлөг гэж би боддог. Хүний амьдрал, туулсан зүйлсийн ямар нэг талыг, эмзэг байдал ч юм уу, хүн байхын мөн чанарт оршдог мэдрэмжийг шингээж чадсанаар хүмүүсийн сэтгэлд хүрсэн уран бүтээл бүтээдэг. Гэтэл тэр бүтээл амжилтад хүрмэгц өөрийн гэсэн амьдралтай болж, анхныхаа утгаас ч давсан зүйл болон хувирдаг. Үүнээс үүсэх бүх зүйл уран бүтээлчийн амьдралыг бодит мэдрэмж, хүний энгийн туршлагаас улам холдуулдаг.

Том Йорк -Тийм ээ. Хиймэл болгочихдог.

Х.С -Тийм шүү. Тэгэхээр гол асуудал нь уран бүтээл хийх үедээ энэ бүхнийг хэрхэн хаалттай байлгаж, хүний амьдралын тухай хөгжим бүтээсээр байх вэ гэдэг юм. Би студид өнгөрүүлдэг цаг, аялан тоглолт, энэ бүхнийг дагалддаг гял цал зүйлсийн тухай л хөгжим хийдэг байсан бол...

Том Йорк -Чиний хувьд л гял цал харагддаг байх, найз минь. Бусад бүх хүнд тийм биш шүү.

Х.С -Ямар ч байсан энэ сэдэв надад огт сонирхолгүй. Тийм болохоор бусдад ч сонирхолтой байна гэж бодохгүй байна.

Жишээ нь, таны уран бүтээлээс надад хамгийн их таалагддаг зүйлсийн нэг бол хүмүүс таныг бараг бурхан мэт хүндэтгэдэг хэр нь та амьдралын бартаа, хатуу ширүүн бодит байдлыг ажигласаар байдаг явдал. Миний бодлоор таны бүтээлүүдийн хамгийн гайхалтай тал нь энэ. Хүмүүс таныг биширч, шүтэн хүндэтгэдэг болсон ч та амьдралын хамгийн энгийн, нүдэнд нэг их өртдөггүй нарийн ширийн зүйлсийг анзаарсаар байдаг.

Том Йорк -Ийм байгаагийн нэг шалтгаан нь их хэцүү сургамж авсан явдалтай холбоотой гэж боддог. “Kid A”, “Amnesiac” цомгуудын үеэр, түүнээс ч өмнө шинэ зүйл хийх болгондоо би маш их зовдог байсан. Юу хийж байгаа вэ гэдгээ өөртөө тайлбарладаг байлаа. Нэг төрлийн галзуурал шиг зүйл. Тэр бодлоосоо гарч чаддаггүй байсан. Хийж буй зүйлээ ямар нэг байдлаар зөвтгөх ёстой мэт санагддаг байв. Уучлалт гуйх гэсэндээ биш, харин оюун ухаан, логик үндэслэлээр тайлбарлаж, зөвтгөх гэж хичээдэг байсан юм.

Эцэст нь үүнээс гарах хэрэгтэйгээ ойлгосон. Студиэс гараад зүгээр л алхах хэрэгтэй байлаа. Жишээлбэл, Корнуоллын эрэг хавийн хадаар би их алхдаг байсан. Тэгээд нэг зүйлийг ойлгосон юм. Энэ бүгд үнэндээ энд ч хамаагүй шүү дээ, найз минь. Чамд хэцүү байгааг хэн ч тоохгүй. Хэцүү байна гээд шаналаад сууж байгаа бол боль. Өөр зүйл хий. Жишээ нь бүжиглэ. Бас хүүхэдтэй болсны дараа энэ төрлийн уран бүтээлээ үргэлжлүүлэн хийх эсэхээ шийдэхэд нэг зүйл чухал. Тэр ажилдаа дуртай байх ёстой. Хийж буй зүйлдээ дуртай байхын үндэс нь бүтээл бүрээ цоо шинээр эхлүүлэхэд оршдог. Юу сурсан байна, түүнийгээ мартах шаардлагатай.

Дуу бичих гэдэг өөрөө их хачирхалтай зүйл. Би “Ivor Novello” шагнал гардуулах ёслолд очихдоо нэг зүйлийг ойлгосон юм. Би дуу зохиогчидтой нэг их нийлдэггүй ч өөрөө тэдний нэг юм байна гэдгээ ухаарсан. Ер нь дуу зохиох гэдэг их гэнэн, зөн совиндоо тулгуурласан ажил. Хэтэрхий тооцоотой, нарийн хандаж болохгүй. Мэдээж шаргуу ажиллаж болно. Гэхдээ хамгийн сайн болсон бүтээлүүд зүгээр л аяндаа төрдөг. Яагаад ингэдэг гэдгийг би өөрөө ч мэддэггүй. Ийм л байдаг юм байна гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрт чинь таалагдсан зүйл бүрэлдэж эхэлбэл барьж аваад тавьж болохгүй. Жишээ нь, “Pyramid Song” гэхэд л гурван аккордыг дахин дахин тоглож, нэг л үгийг давтсан дуу. Гэтэл энэ яг ямар учиртай дуу юм бэ. Өөрт чинь таалагдаж байвал бусад хүнд таалагдах эсэх нь нэг их чухал биш.

Х.С -Тэгвэл амжилтыг дагалдаж ирдэг өөрийгөө хангалтгүй мэт мэдрэх, энэ амжилтыг хүртэх эрхгүй гэж санагдах үзэгдэл ч үүнтэй холбоотой юм болов уу гэж би үргэлж боддог байсан.

Том Йорк -Чамд ч бас тийм мэдрэмж төрдөг үү?

Х.С -Уран бүтээлийг ийм байдлаар хийж байх үедээ тухайн бүтээлийг үнэхээр өөрөө гаргаагүй мэт санагддаг. Тэгээд хүмүүс “Та ийм бүтээл хийсэн байна. Тэгэхээр та ийм хүн юм байна” гэж хэлэхэд “Би уран бүтээлийг гавьяаг өөртөө хамаатуулж чадахгүй. Зүгээр л надад тохиолдсон зүйл” гэж бодогддог. Таны хэлснээр хамгийн сайн бүтээлүүд ихэвчлэн өөрөө л төрдөг шүү дээ.

Миний хувьд хамгийн их таалагддаг, онцгой санагддаг бүтээлүүд бол бичиж дууссаныхаа дараа эргээд сонсохдоо өөрийнхөө тухай ямар нэг шинэ зүйлийг олж мэддэг бүтээлүүд байдаг. Өөрөөр хэлбэл, “Одоо би ийм утга илэрхийлнэ” гэж урьдчилан шийдэж, бичихээс илүү бичсэн зүйлээ сонсох явцдаа өөрөө ч мэдэлгүй ямар нэг зүйлийг илэрхийлчихсэн байснаа ойлгодог.

Зургийн эх сурвалж: Getty Images

Том Йорк -Тийм ээ. Бичих үедээ өөрөө ч анзаараагүй байж болно. Бичлэгээ хийж, дууны бүх хэсгийг эвлүүлж дууссан байж л гэнэт “Өө, новш гэж, би чинь яг энийг л илэрхийлэх гээд юм байна шүү дээ” гэж ойлгох үе бий.

Гэхдээ энэ нь тэнгэрээс ямар нэг санаа бууж ирдэг, эсвэл дээд хүчний оролцоо гэсэн үг биш. Хүн өөрөө ажилдаа ирж, хичээх хэрэгтэй. Заримдаа өөртөө эргэлзэх мэдрэмж хэдэн сараар ч үргэлжилсэн тэвчиж сурах шаардлагатай. “Студид минь ийм олон тоног төхөөрөмж байхад би ямар зүйл дээр ашиглахаа ч бодож олж чадахгүй байна” гэж шаналах үе ч бий. Гэхдээ нэг өдөр тэмдэглэлийн дэвтрээ нээгээд үзэхэд тэндээс нэг л мөр нүдэнд тусдаг. Тэр мөр чамайг цааш нь хөтөлнө. Хамгийн гол нь чи ажил дээрээ ирсэн, оролдсоор байгаа гэдэгт л учир нь бий. Яагаад гэвэл огт оролдохгүй, юу ч хийхгүй байх нь хамаагүй амархан.

Х.С -Нэг хүн надад энэ процессыг серфингтэй зүйрлэж тайлбарлаж байсан. Серфингийн тавцан дээр босож зогсож сурахын тулд үргэлж дасгал хийх хэрэгтэй. Гэхдээ заримдаа давлагаа огт ирэхгүй. Харин давлагаа ирэхэд хангалттай бэлтгэл хийгээгүй бол давлагааг ашиглаж чадахгүй. Тийм учраас давлагаа ирэхэд амжилттай серф хийхийн тулд өмнө нь бэлтгэсэн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бэлэн байдал болон боломж хоёр нийлж байж л үр дүн гардаг.

Том Йорк -Тийм ээ, ядаж л бэлэн болсон байх хэрэгтэй. Харин би серфинг хийдэг байсан бол хэзээ ч бэлэн болохгүй байх. Хадан дээр зогсчхоод “Новш гэж” гээд байж байх биз. (инээв)

Х.С -Сүүлийн үед миний уран бүтээлд хандах хандлага их өөрчлөгдсөн. Өмнө нь урлагийг хөдөлмөр, хичээл зүтгэлтэй шууд холбож ойлгодог байлаа. Уран бүтээл хийж байна гэдгээ зөвтгөхийн тулд студид хэдэн сараар сууж ажиллах ёстой мэт санагддаг байсан.

Том Йорк -Энэ бол өөртөө эргэлзэж байгаагийн л илрэл. Надад ч бас тийм үе бий. Заримдаа студид ажиллах үнэхээр сайхан байдаг. Гэхдээ заримдаа хийх ёстой учраас л хийдэг. Бусдаас хоцрохгүй байх, эсвэл өөрийгөө хэн гэдгээ бусдад дахин дахин батлах хэрэгтэй мэт санагддаг учраас тэр.

Х.С -Энэ хоёрын дундах тэнцвэрийг олох үнэхээр хэцүү гэж боддог. Тоглолтын үеэр ч надад ийм мэдрэмж төрдөг. Бүх зүйл тайван, өөрийнхөө хэмнэлд орж, урсгалаараа явж “Ямар амархан юм бэ. Бүх зүйл болж бүтэж байна. Ямар сайхан юм бэ” гэж бодох тэр мөч хамгийн сайхан. Харин дараа нь гэнэт “Хэтэрхий амархан байна. Би хангалттай хичээж байгаа бил үү” гэж бодож эхэлдэг. Урсгалаараа, чөлөөтэй өрнөж байгаа үед тоглолт маань хамгийн сайн болдог гэж би боддог. Гэхдээ нөгөө талаас “Ийм амархан байх ёсгүй шүү дээ” гэсэн бодол толгойд эргэлдээд байдаг.

Том Йорк -Тэгж санагдах нь маш хэвийн зүйл. “Radiohead”-ийн тоглолтын үеэр бид заримдаа “Бид нр үнэхээр мундаг байна! гэж боддог. Гэвч яг тэр мөчид хэн нэг нь алдаа гаргадаг. Алдаа үргэлж л гардаг. Ямар нэгэн алдаа гараагүй нэг ч тохиолдол байхгүй.

Х.С -Хамтлагтайгаа хөгжим хийх, ганцаараа уран бүтээл хийх хэр ялгаатай байдаг бэ. Хамтлагаараа ажиллах үед гардаг санал зөрөлдөөн, зөрчилдөөнөөс шинэ зүйл гарч ирэх нь танд таалагддаг уу. Эсвэл “Ийм санаа байна, үүнийг өөрийнхөөрөө эхнээс нь дуустал нь хийж үзье” гэсэн байдлаар ажиллах дуртай юу. Мэдээж аль аль нь таалагддаг.

Том Йорк -Аль аль нь таалагдана. Энэ сэдэвтэй холбоотой нэг сонин түүх бий. “Kid A “цомгийн дараа би Найжелд “Надад ийм олон санаа байна. Зөвхөн чамтай хамт хиймээр байна. Бусдыг оролцуулах нь утгагүй санагдаад байна” гэж хэлж байснаа санадаг. Тэр үе хүртэл ганцаараа ажиллана гэдэг миний хувьд огт төсөөлж байгаагүй зүйл байсан.

Одоо бодоход бид нэг нэгнээ танин мэджээ. Бид бүгд нэг нэгнийхээ хөгжмийн авьяасын давуу болон сул талыг сайн мэднэ. Тиймээс бие биеэ нөхөж ажилладаг. Гэхдээ бид хамтдаа нэлээд удаан хугацаанд ажилласангүй, студи руугаа цуг орсонгүй. Тийм болохоор одоо хамт ажиллавал ямар байхыг хэлж мэдэхгүй юм.

Харин “The Smile” хамтлагийн хувьд огт өөр. Жонни үргэлж шинэ санаа гаргаж ирдэг. Скиннер миний мэдэх хамгийн хурдтай ажилладаг хүн. Чи сайн мэдэх байх түүнд ямар ч зүйл санал болгосон дор нь хариу үйлдэл үзүүлж чаддаг. Харин би тэр хоёрын дунд “За, та хоёр энийг бичээд аваач. Би яг юу болоод байгааг ойлгохгүй байна” гэж хэлдэг.

Студи дэх дурсамжтай мөч бол минь яагаад сайн болсон гэдгийг ойлгохгүй байгаа хэр нь гайхалтай бүтээл төрөх үеүүд байдаг. Зүгээр л микрофоноо барьж аваад дуулна. Дараа нь бичлэгээ сонсоод “Энийг хэн дуулсан юм бэ. Би мөн гэж үү?” хэмээн гайхдаг. Тэгээд л “Тийм ээ, бид нар л байна” гэж ойлгоно. Ийм мэдрэмжийг бусад хүмүүстэй хамт ажиллаж байж л авч чадна.

Х.С -Өөрийн нэрээр уран бүтээл гаргаж, хүмүүст хүргэх нь илүү хэцүү санагддаг уу?

Том Йорк -Аль аль нь эмзэглэл дагуулдаг. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, чамд ямар байдгийг мэдэхгүй юм. Харин би цомгоо дуусгасныхаа дараа тайван суугаад сонсож, сэтгэл хангалуун мэдрэмж төрөхгүй чадахгүй бол цацахгүй. Тиймээс хамгийн хэцүү үе нь

Х.С -Уран бүтээлүүдээ бичиж байх үе үү?

Том Йорк -Тийм ээ. Новшийн дууны үгээ дуусгах гэж суух үе. Хамгийн хэцүү нь тэр. Ер нь үг бичнэ гэдэг өөрөө хэцүү шүү дээ. Дууны үгийг яаж бичих ёстой юм бэ?

Х.С -Миний хувьд хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл нь дуу бичих цорын ганц арга барил гэж байдаггүйд л оршдог. “Эхлээд үг бичээд, дараа нь ая хийж тааруулна” гэх мэт тогтсон байдлаар хэзээ ч ажиллаж байгаагүй. Сайн бүтээл гарахын өмнөх хэдэн долоо хоног, заримдаа хоёр сар орчим “Ямар ч санаа алга. Юу ч бодогдохгүй байна. Бүх зүйл дуусчихлаа” гэх мэдрэмж төрдөг. Гэтэл гэнэт нэг зүйл биччихээд “Энэ үнэхээр таалагдаж байна шүү. Гэхдээ яагаад гэдгийг нь мэдэхгүй юм” гэж бодно.

Ийм таалагдсан санаа янз бүрийн байдлаар төрдөг. Заримдаа ганц мөр үг орж ирнэ. Заримдаа төгөлдөр хуур дээр тоглосон хэсэг, эсвэл ая нь бүрэн тодроогүй, амандаа аялсан аялгуу санаанд орно. Тэгээд л тэр аялгуутай сайхан зохицож байгаа гурван үг дээр үндэслээд дуугаа бүтээж эхэлдэг.

Том Йорк -Миний бодлоор дуу бичих хамгийн зөв арга нь энэ. Цөөн хэдэн үг олж аваад үндэс болгох. Яагаад хамгийн зөв арга гэдгийг нь өөрөө ч сайн ойлгохгүй байдаг. Ингэж ажиллах амаргүй ч гэсэн хамгийн сэтгэл хөдөлгөм арга барил. Тэр хэдхэн үгийн цаана юу байгааг ойлгож, дутуу хэсгүүдийг нь нөхөх гэж хэдэн долоо хоног зарцуулах хэрэг гарна.

Х.С -Ялангуяа хамгийн сайн бүтээлүүдийн хувьд санаагаа товч, цэгцтэй илэрхийлэх нь бүр ч хэцүү байдаг гэж боддог. Би ая нь таалагдсан дууныхаа үгийг хэтэрхий урт бичсэн байдгаа анзаарсан. Эхэндээ их олон бадаг, олон мөр бичнэ. Дараа нь эргэж хараад “Энэ гурван бадгийг аваад, хамгийн тохирсон мөрүүдийг нь сонгоод бадаг болговол хэлэх гэсэн санаа нь илүү хүчтэй болох юм байна” гэж боддог. Бүхнийг нэг бүрчлэн тайлбарлахаас илүү ингэх нь үр дүнтэй.

Том Йорк -Үнэнийг хэлэхэд, микрофоны өмнө шууд л чөлөөтэй дуулж, бүтээл болгож чаддаг хүмүүст үргэлж атаархдаг. Миний хип-хоп шүтээнүүд бүгд л фрийстайл хийдэг хүмүүс. Тэдэн шиг сэтгэдэг тархитай болохыг хүсдэг.

Х.С -Би “Karma Police” дууны клипийг үзэж байснаа санадаг юм. Үзээд “Ямар гайхалтай юм бэ” гэж бодож байлаа. Таны дуунуудыг сонсоход анх сонссон тэр мэдрэмж, сэтгэгдэл нь сэтгэлд хоногшиж үлддэг. Тан шиг олон янзын арга барилаар, ийм өндөр түвшинд тогтвортой уран бүтээл хийдэг хүнийг харах нь асар их урам өгдөг. Би “Radiohead”-ийн “Codex”, “True Love Waits” зэрэг дуунд үргэлж татагддаг байсан. Харин “Everything in Its Right Place” бол миний хувьд хамгийн онцгой нь.

Том Йорк -“Everything in Its Right Place” бол миний дуу бичиж чадахгүй болсон үеийн хариу үйлдэл байсан юм. Бид тэр үед тавилгагүй, хоосон байшинд амьдарч байлаа. Тэнд нэг том төгөлдөр хуур, нэг гудас л байсан. Тэр байшинд нүүж орсон даруйдаа хийсэн хамгийн анхны зүйл минь энэ дуу. “OK Computer” цомгийг гаргаснаасаа хойш би өөрийгөө төөрсөн мэт мэдэрч байсан юм. Тэр дуу нэг төрлийн тарни шиг байсан. “За одоо нэг дуу бичье” гэж огт бодоогүй. Зүгээр л хоосон байшинд төгөлдөр хуур тоглох үнэхээр сайхан байсан. Тэр үед надад ганц л CD байлаа. Тэр нь минималист хөгжмийн зохиолч Арво Пяртын бүтээлүүдийг багтаасан CD. Өөр юу ч байгаагүй. Тухайн үед өвөл байсан тул үргэлж л цас шуурдаг байлаа. Тэр үед энэ дууны хэсгээ дахин дахин тоглож, өөрийгөө тайвшруулдаг байснаа санадаг. Үнэхээр сайхан байсан.

Rolling Stone: Харри, чи саяхан Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд хийсэн томоохон цуврал тоглолтуудаа дуусгалаа. Сүүлийн тоглолтын үеэр чамайг нулимс дуслуулж байгааг хараад үзэгчид ихэд сэтгэл хөдөлсөн. Та хоёрын хувьд тайзан дээр сэтгэл хөдлөлөө ил гаргах ямар байдаг вэ?

Х.С -Миний хувьд студид уран бүтээл хийх явцынхаа ихэнх хугацаанд өөр хүн энэ дууг сонсоно гэдгийг бодохгүй байхыг хичээдэг. Харин “Би амьдралынхаа энэ үед юу сонсмоор байна вэ. Юу хиймээр, юу хэлмээр, ямар бүтээл туурвимаар байна вэ” гэдэгт л анхаардаг. Бусад хүмүүс энэ дууг сонсоно гэдгийг арай хожуу ойлгодог. Амьд тоглолт бол эсрэгээрээ. Тоглолт хийж байх үедээ хүмүүс чиний хөгжмийг сонсож, дуугаар дамжуулан чамтай холбогдож байгааг бүрэн хүлээн зөвшөөрдөг.

Лондонд болсон тоглолтуудын төгсгөлд төрсөн тэр сэтгэл хөдлөл нь олон хүний дэмжлэг энэ бүх тоглолтоор дамжин нэг цэгт хүрснийг гэнэт ойлгосонтой холбоотой гэж боддог. Хүмүүсээс “Бид чиний дууг сонсох гэж ирсэн” гэсэн мэдрэмж авсандаа биш. Харин “Бид чиний хийж байгаа зүйлд итгэдэг учраас энд ирсэн” гэж мэдэрсэн. Тийм учраас л тэр үед сэтгэл их хөдөлсөн байх.

Том Йорк -Бас өөрийгөө зориулах хэрэгтэй болдог. Тайзан дээр тоглох хүнийг нээлттэй болгодог. Олон хүний өмнө өөрийгөө бүрэн ил гаргаж байгаа хэрэг. Урьд нь надад энэ хэцүү санагддаг байсан. Одоо бол нэг их санаа зовохоо больсон. Гэхдээ тайзан дээр хүн их нээлттэй болдог.

Х.С -Уран бүтээл дээр ажиллаж байх үед ихэнхдээ бусдын хүлээлтийг аль болох цааш тавьж, шинээр эхэлж байгаа мэт сэтгэлгээгээ хадгалахыг хичээдэг шүү дээ. Бүхнийг шинээр эхэлж байгаа тэр мэдрэмж рүүгээ буцахыг үргэлж хүсдэг. Харин тайзан дээрх мөчид бүхнийг тавьж явуулаад, өөрийгөө нээж, гаднаас ирж байгаа бүхнийг хүлээн авах боломж гардаг. Тэр үед мэдэрдэг зүйл бол өдөр тутамдаа байнга мэдрээд байдаггүй, асар хүчтэй сэтгэл хөдлөл юм.

Том Йорк -Өнгөрсөн жил Мадридад “Radiohead”-ийн эргэн ирсний дараах анхны тоглолтоо хийхэд нэг сонин зүйл тохиолдсон. Бид анх удаа үзэгчдийн дундуур алхаж тайзан дээр гарахаар болсон юм. Өмнө нь хэзээ ч тэгж байгаагүй. Тайзан дээр гарахын өмнө бүгд бэлтгэлээ базааж зогслоо. Олон жил өнгөрсний дараа анх удаа хамтдаа тайзан дээр гарах гэж байгаа мөч. Бид бие биедээ “За, тайван бай. Өөрсдийгөө барь” гэж байлаа. Учир нь би уйлчих гээд байсан юм. Бүр нэг ч нот тоглож амжаагүй байхад л сэтгэл хөдөлсөн. Маш олон жилийн турш тэр мэдрэмжийг мэдрээгүй учраас. Тэгээд үзэгчдийн дундуур алхаад бид бүгд “Үнэхээр итгэмээргүй юм” гэж байлаа.

Х.С -Ингээд бид яриагаа эхэлсэн сэдэв рүүгээ буцаж ирлээ. Алхах, уран бүтээлчийн ертөнцийг харах өнцөг.

Эх сурвалж: Rolling Stones

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button