Юанийн ханш чангарч байгаа тул БНХАУ санхүүгийн байгууллагууд бэлэн хадгалах валютын хэмжээг нэмэгдүүлэв
Юанийн ханш удаан хугацаанд чангарч байгааг сааруулахын тулд БНХАУ санхүүгийн байгууллагууд заавал байлгах валютын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх болжээ. Энэ нь ханш чангаралтыг удаашруулахын тулд Бээжингээс сүүлийн үед авсан арга хэмжээнүүдээс хамгийн том алхам нь боллоо.
БНХАУ-ын Төв банк мягмар гарагт /2026.11.03/ мэдэгдэл гаргахдаа, арилжааны банкуудын валютын заавал байлгах нөөцийн харьцааг дөрвөн хувь байсныг хоёр хувиар нэмэгдүүлж, зургаан хувьд хүргэнэ гэжээ. Тус банк мэдээлэхдээ уг арга хэмжээ нь санхүүгийн байгууллагуудын валютын хөрвөх чадварын менежментийг сайжруулах зорилготой аж.Энэ зохицуулалт арваннэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ.
“Reuters” агентлаг албан ёсны мэдээлэлд үндэслэн хийсэн тооцоолсноор уг шийдвэрийн улмаас 24 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрвөх чадвар татагдах аж.
Төв банк ингэж мэдэгдэл хийсний дараа Хятадын зах зээл дэх юанийн ханш ам.долларын эсрэг 0.37 хувиар суларч, нэг ам.доллар 6.67 юань орчим арилжжээ. Энэ нь аравдугаар сарын 23-наас хойш үзэгдсэн хамгийн доод үзүүлэлт болсон юм. Мөн энэ нь тавдугаар сарын 15-наас хойш нэг өдөр үзэгдсэн хамгийн огцом уналт болжээ. Гадаад зах зээлд юанийн ханш ч мөн адил суларсан байна.
“MUFG” банканд БНХАУ-ын санхүүгийн зах зээлийн ахлах шинжээчээр ажилладаг Марко Сан энэ шийдвэрийн талаар “Төв банк юанийн ханш зах зээлийн нөлөөгөөр хэт хурдтай өсөж байгаад хариу арга хэмжээ авч байна” гэж хэлжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Банкны систем дэх ам.долларын хөрвөх чадварын тодорхой хэсгийг татах замаар юанийн ханшийн чангаралтыг удаашруулж, ханш нэг чиглэлд хөдөлнө гэсэн хүлээлт зах зээлд үүсэхээс сэргийлэхийг зорьж байна” гэсэн юм.
Юанийн ханш он гарснаас хойш ам.долларын эсрэг тав гаруй хувиар чангарч, 2022 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Ингэснээр Азийн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй валютуудын нэг болсон юм. БНХАУ-ын экспорт тогтвортой өсөж, гадаад худалдаанаас их хэмжээний ашиг олж, аж ахуйн нэгжүүд валютын орлогоо юаньд хөрвүүлэх нь нэмэгдсэн зэрэг хүчин зүйл ханш өсөхөд нөлөөлсөн байна.
БНХАУ-ын Төв банк 2023 оны есдүгээр сард валютын заавал байлгах нөөцийн харьцааг бууруулах шийдвэр гаргаж байсан юм. Тухайн үед юанийн ханш огцом суларч, хөрөнгө гадагшлах урсгал нэмэгдэж байгааг тогтоохын тулд ийм алхам хийжээ.
Харин энэ удаагийн арга хэмжээг зах зээлийн оролцогчид юанийн ханш өсөх чиг хандлагыг өөрчилнө гэж үзэхгүй байгаа юм. “ANZ” банкны Хятадын асуудал хариуцсан ахлах стратегич Жаопэн Син хэлэхдээ, уг шийдвэр зах зээлд үзүүлэх бодит нөлөөнөөс илүүтэй бэлгэ тэмдгийн ач холбогдолтой байж магадгүй. Компаниуд валютын орлогоо юаньд их хэмжээгээр хөрвүүлэх болсноор зах зээлд валютын нийлүүлэлт эрэлтээсээ давсан тэнцвэргүй байдал үүссэн гэж тэр хэлсэн байна. Валютын нөөцийн харьцааг нэмэгдүүлэх нь энэ илүүдэл нийлүүлэлтийг арилгахад хангалтгүй гэж тэр үзэж буйгаа илэрхийлжээ.
БНХАУ-ын Төв банк юанийн ханшийг тогтоон барихын тулд өөр алхам авсан байна. Тодруулбал мягмар гарагт /2026.11.03/ юанийн ам.доллартой харьцах өдрийн төв ханшийг хоёр дахь өдрөө дараалан сул тогтоож, нэг ам.долларыг 6.7150 юаньтай тэнцэнэ гэж үзжээ. Тус банк өдөр бүр юанийн ам.доллартой харьцах ханшийг тогтоож өгдөг.
Хятадын Төв банк энэ онд юанийн өдрийн ханшийг чиглүүлэх түвшнээ бага багаар чангаруулж байгаа ч зах зээлийн хүлээлтээс сул чангаруулж байгаа аж. Үүнээс харвал тус банк юанийн ханшийн өсөлтийг бүрэн зогсоох бус, харин хэт хурдтай нэмэгдэхээс сэргийлж, өсөлтийн хэмнэлийг нь зохицуулах бодлого баримталж байгааг харуулж байна гэж шинжээчид тайлбарлажээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.