УДШ: Хүн амины хэргээр 10 жил хорих ял авсан Э-г аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэн цагаатгажээ
Улсын дээд шүүх 2026 оны аравдугаар сарын 14-нд Хэнтий аймагт хүн амины хэрэгт холбогдон 10 жилийн хорих ял авсан Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг цагаатгажээ.
Хэрэгт авагдсан баримтаар Э нь 2024 оны арваннэгдүгээр сарын 30-нд Б-тэй маргалдах үеэрээ түүний цээжний зүүн хэсэгт хутгалж, амь насыг нь хохироосон байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Э-г хүн амины хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ял оноосон байв.
Харин Э өөрийгөө Б-ийн хууль бус халдлагын эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж маргажээ. Учир нь Б түүнийг хоёр өдөр зодож, гар утсыг нь булаан зууханд шатаан, хоолойг нь боомилсон гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Э-ийн биед нийт 21 тооны хөхрөлт, няцралт илэрчээ. Улсын дээд шүүхээс Б халдлагаа үргэлжлүүлэх бодит аюул занал учруулж байсан бөгөөд Э хутгатай байгаагаа анхааруулсан ч Б ойртон ирсэн тул өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэсэн байна.
Иймд түүний үйлдлийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамааруулан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахаар шийдвэрлэжээ. Мөн Э-г нэн даруй хорих байгууллагаас суллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасан байна. Э нь уг хэрэгт холбогдон нийт 547 хоног цагдан хоригджээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.