Ц.Ариунгоо аравдугаар сарын 29-нд гэрээсээ гараад сураггүй болжээ

36 настай Цогтсайханы Ариунгоо 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 18:47 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Тэрбээр тухайн өдөр хүнтэй уулзахаар гарсан бөгөөд гар утсаа гэртээ үлдээсэн байна. Ар гэрийнхнийх нь мэдээлснээр, хяналтын 5-6 камерын бичлэгийг шалгахад гэрээсээ гараад зам гарч, “Олимп” хотхоны подвальд орж, буцаж гарч ирээд нэг хүнтэй уулзсан байна. Улмаар хоёр байрны дундуур явж, хашаа тулсан хэсэгт хүрчээ.
Тухайн хэсэгт хяналтын камер байгаагүй тул цааш хаашаа явсныг тогтоох боломжгүй болсон байна. Мөн хашааны цаана гурван давхар барилга баригдаж байгаа бөгөөд ар гэрийнхэн нь өнгөрсөн хугацаанд тухайн орчимд эрэн хайсан ч одоогоор олоогүй аж. Цагдаагийн байгууллагаас хашаа давсан байж болзошгүй гэх таамаг дэвшүүлжээ.
Ц.Ариунгоо нь хүчний байгууллагад ажилладаг бөгөөд гэрээсээ гарахдаа зурагт үзүүлсэн шар хээтэй ногоон куртик, хар өмд, цэргийн ногоон гутал өмсөж, цагаан маск болон цайвар ноолууран ороолт зүүсэн байжээ. Түүний өндөр 1.58 орчим метр, цайвар шар царайтай.
Тэрбээр “Эмералд” хотхонд амьдардаг бөгөөд “Олимп”, “Баянмонгол” хотхоны ойролцоо явсан байх магадлалтай тул тухайн орчимд таарсан, харсан хүн байвал холбогдох байгууллагад мэдээлэл өгөхийг ар гэрийнхэн нь хүсэж байна. Сураггүй алга болоод зургаа дахь хоногтоо эрэн хайж буй Ц.Ариунгоог харсан, тухайн өдрийн хөдөлгөөний талаар мэдээлэлтэй хүн байвал цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэнэ үү.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.